Ч.ГАНТУЛГА

 

С.Жаргалсайханы зохиол "Шөнө дундын бүжиг" жүжгийн гурав дахь хувилбар найруулагч М.Батболдын ур ухаанаар үзэгчдийн хүртээл болж байна. Тус бүтээлийн онцлох хоёр дүрийг танилцуулъя.

 

Хавх буюу Т.Сэргэлэн

УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэн энэ удаад тус жүжгийн Хавхын дүрээр үзэгчидтэй уулзаад байна. Тэрбээр жүжгийн турш хүйтэн хөндий, хатуу харгис хүн шиг мөртлөө дур булаам, сэтгэл татам төрхөөрөө үзэгчдийг талцуулж байв. Хавх бол цэнгээний газрын эзэн. Тэрбээр Шубирагийн хөлс хүч, бие сэтгэлийг зоргоороо ашигладаг нэгэн. Түүнийг нь мэдэхгүй бүсгүй хайр сэтгэл, хамтын амьдралд тэмүүлнэ. Тэр үнэхээр Шубираг хайрлах болов уу. Жүжигчин Т.Сэргэлэнгийн хувьд “Анна Каренина” жүжгийн  Вронскийн дүрд тоглож, хэр авьяастай уран бүтээлч болохоо харуулсан. Энэ удаад ч Хавхын дүрээр тайзны жүжигт өөрийн шинэ карьер, өөр төрхийг харуулж чадсан юм. Тэрбээр 2014 онд СУИС-ийг төгсжээ. УДЭТ-д оросноосоо хойш “Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тэнгэрийн хүү”, “Анна Каренина” зэрэг 10 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд байгаа билээ.

 

Дудра буюу С.Батзориг

“Шөнө дундын бүжиг” жүжигт дандаа театрын акулууд тоглох болов уу гэсэн бодлыг эвдсэн нэг сонголт нь Дудрагийн дүр байв. Найруулагч яагаад тус дүрд жүжигчин С.Батзоригийг сонгосон юм бол гэдгийг асуултын тэмдэг хэвээр үлдээе. Дудра бол энэ жүжгийн гол зангилаа болсон дүрийн нэг. Тэр үзэсгэлэнт бүжигчин Шубирад дурладаг. Дурлал түүнийг юу ч хийхэд бэлэн болгосныг нүдний харц, хоолойн өнгө, үйл хөдлөлөөс нь мэдэрч болохоор. С.Батзориг “Дудраагийн дүр дээр ажиллаж байгаадаа баяртай байна. М.Батболд найруулагчтай ажиллаж үзэхсэн гэсэн хүслээ ийнхүү биелүүллээ. Миний дүр хамгийн сул дорой, эрх мэдэл багатай ч  жүжгийн төгсгөлд гол дүрийн таван жүжигчнээс өөрийн зорилго, хүслээ биелүүлж байгаа нь онцлог” гэсэн юм. Жүжигчин С.Батзоригийн хувьд 2011 онд СУИС-ийг төгсөж, 2012 оноос “Х-ТҮЦ” продакшнд ажиллаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)