Д.ОЮУНЧИМЭГ
“Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл” энэ жил анх удаа зуны зуслангийн сургалтыг Баянзүрх дүүргийн скаутын холбоотой хамтран зохион байгуулах аж. Энэ талаар тус нэгдлийн үүсгэн байгуулагч Б.Оюунболдтой ярилцлаа.
-Танай нэгдэл ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Зуны сургалт хийх болсон шалтгаан юу вэ?
-Анх 2017 онд “Хялбар хими” сургалтын төвийг байгуулсан юм. Манай төвд доктор, профессор багш нар хичээл ордог байсан. Гурван жилийн хугацаанд өндөр амжилттай ажилласан. Манай сургалтын төвд хамрагдсан хүүхдүүдийн сурлагад ахиц гарч эцэг эхчүүд бидэнд баярласнаа илэрхийлсэн. Цар тахлын үеэр танхимын сургалтаа зогсоож онлайнаар үргэлжүүлэхээр болсон. Гэхдээ теле хичээлээс өөр арга барилаар химийн бодлого бодох арга зүйг заасан нь амжилттай болсон юм. Ингээд манай онлайн сургалтад зөвхөн хүүхдүүд биш багш нар ч хамрагдсан.
Надад зөвхөн хими гэлтгүй физик, математикийн хавсарсан сургалт зохион байгуулах саналыг хүмүүс тавьж эхэлсэн. Тиймээс л Монгол улсын гавьяат, зөвлөх, Улсын багш нарын олимпиадын аварга 120 гаруй багшийг нэгтгэн хамтран байгуулсан сургалт, судалгааны “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл”-ийг байгуулсан юм. Манайх МУИС, МУБИС, ХААИС болон “Эхлэл” бүрэн дунд сургууль дээр танхимын сургалтыг зохион байгуулдаг. Энэ жил анх удаа “SUMMER MATH+SCOUT CAMP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн зун гурван удаа дөрөв, тавдугаар ангийн 20, 20 хүүхдэд сургалт зохион байгуулсан. Ингэхдээ сонголтоор бус төлбөр төлсөн хүүхдийг хамруулсан юм. Сургалтын дараа эцэг, эхчүүд хүүхдэд нь өгөөжтэй, үр дүнтэй байна. Тиймээс сургалтаа үргэлжлүүлээч гэсэн санал тавьсан учраас зөвхөн хагас, бүтэнсайнд хичээллэдэг жилийн хөтөлбөр боловсруулан ажиллаж эхэлсэн. Манай сургалтад хүссэн хүүхэд бүр хамрагдах боломжтой. Хамгийн гол нь хүүхэд хаана сурч байгаагаас үл хамааран улсын сайн багш нараас мэдлэгийг нь хүртэх боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго юм.
-Тэгвэл хотод зохион байгуулж байсан сургалтыг зуных болгосон гэсэн үг үү. Танай сургалт хаана явдаг байсан бэ?
-Тиймээ, манайх дөрвөн салбараар дамжуулан сургалт явуулсан. Манай сургалтын төвүүдийг улсын математикийн олимпиадын дархан аварга дөрвөн багш маань удирддаг. Нэгдүгээр салбар МУБИС дээр Б.Сандагдорж, Б.Баяржаргал багшийн удирдлагаар, хоёрдугаар салбар А.Энхжаргал багш удирдан Баянгол дүүрэгт байрлах “Эхлэл” бүрэн дунд сургууль дээр явуулж байна. Харин гуравдугаар салбар ХААИС дээр Н.Дайвий-Од багш удирдаж байгаа. Дөрөвдүгээр салбарыг МУИС дээр Д.Бат-Орших багш удирдан сургалт явуулдаг.
Зуны сургалтын зохион байгуулалт нь ХААИС-ийн салбарыг хотод үлдээгээд бусад гурван салбараа хөдөө эрүүл цэвэр агаарт математик, англи хэлний хичээлийг скаутын хөтөлбөртэй хослуулан сонирхолтой байдлаар хийхийг зорьсон. Хүүхдийн сэтгэл зүйг бас анхаарах зайлшгүй шаардлагатай. Хичээл амарсан гэж бодож байгаа хүүхдийг хичээл хий гэвэл хүүхдийн сэтгэл зүй хүлээж авахгүй. Тэгэхээр хүүхэд хүчээр суугаад, яваад байгаа мэт боловч ямарч үр дүн гарахгүй. Тиймээс бид хөгжилтэй, үр бүтээлтэй суралцаж, өөрийгөө нээж, олон зүйлийг танин мэдэх боломж олгож байгаа юм.
-Зуны сургалтад хамрагдахад шалгуур бий юу. Хөтөлбөрийн онцлогоос дурдаж болох уу?
-Бид сургалтаа ямар нэг шалгуур тавьж явуулдаггүй. Тиймээс энэ удаад ч мөн шалгуур тавихгүй. Харин 8-16 насны хүүхдүүдийг хамруулна. Зуны хөтөлбөр маань математикийн хичээлийн хоцрогдолыг арилгахаас гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулахад чиглэсэн. Мэдээж үүнтэй зэрэгцэн оюун ухаан, сэтгэл зүй, бие мах бодийг хөгжүүлэх, амьдрах урлагт суралцах, сэтгэхүй хөгжүүлэх боломжтой. Мөн өөрийгөө илэрхийлэх чадварт суралцахаас гадна уйдах завгүй, утасны хэрэглээгүй 10 хоногийг үдэх юм.
Түүнчлэн үндсэн хичээлүүдээс гадна Монгол ахуйтай танилцаж орой бүр тогтмол цагт ном уншина. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд эергээр нөлөөлдөг бөгөөд ном унших зуршлыг бүтээх болно. Мөн уншсан номын сэтгэгдлээ нөхөдтэйгөө хуваалцсанаар өөрийгөө нээж, нийтийн дунд үзэл бодлоо илэрхийлж сурахад туслах юм. Хамгийн гол нь салбартаа манлайлагчдын сургалтын арга зүй, туршлагаас суралцах нь хүүхдүүдэд маш том боломж. Учир нь сургалт, хөтөлбөрийн амин сүнс нь багш байдаг. Бид салбартаа тэргүүлэгч багш нарын хичээлд суух боломжийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгохыг зорьж байна. Нөгөөтэйгүүр боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор Улсын тэргүүний багш нарын сургалтыг хүүхэд бүрт хүргэхээр ажиллаж байна.
-Зуны сургалтын байршил нь хаана билээ. Хөдөө гэхээр хүүхдэд тав тухгүй байх вий гээд эцэг, эхчүүд бас болгоомжтой хандах байх?
-Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын ерөнхий боловсролын сургуулийн байранд зохион байгуулагдана. Эдгээр сумдын сургуулийн хичээлийн болон дотуур байр тав тухтай, 00, душтэй шинээр ашиглалтад орсон тохилог орчинтой. Хүүхдүүд сургуулийн дотуур байранд байрлана. Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тус тусдаа байрлах бөгөөд өрөөндөө 3-4-үүлээ байх юм. Тухайн сургуулиудын биеийн тамирын заал нь стандартын шаардлага бүрэн хангасан зэрэг орчин, нөхцөл нийслэлийн орон сууцнаас дутахгүй гэж бодож байна. Тиймээс хөдөө ч гэсэн хүүхэд зутрахгүй гэдгийг хэлмээр байна.
-Сургалтын төлбөр хэд вэ. Нэг ээлжинд хэдэн хүүхэд хамрагдах вэ?
-Сургалтын төлбөр 800 мянган төгрөг. Нэг ээлжиндээ 200 хүүхэд хамрагдах боломжтой. 16 сурагч тутмыг нэг скаутын багш, нэг математикийн багш, нэг англи хэлний багш хариуцна. Мэргэжлийн эмч 24 цагийн турш байрлаж ажиллана. Мөн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой комисс албан ёсоор таны хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг давхар хариуцаж ажиллана. Түүнчлэн мэргэжлийн тогооч, эрүүл ахуйчид ажиллана. Өдрийн таван удаагийн хоолоор үйлчилнэ.
Скаутын холбооноос хүүхдүүдэд жигдрэх дүрэмт хувцас өгнө. Мөн сургалтад ашиглагдах гарын авлага, тараах материалаар хангана. Түвшин тогтоох нарийвчилсан МS1, МS2, МS3 шалгалтыг авч тухайн түвшинд таарсан сургалтыг явуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотоос товлосон цэгээс хүүхдүүдээ зориулалтын автобусаар зорчуулна.
-Хэрэв танай сургалтад нэг гэр бүлийн хүүхдүүд хамрагдах болвол хөнгөлөлт, урамшуулал бий юу?
-Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдлээс зохион байгуулдаг танхимын сургалтад 10 хувь хөнгөлөлттэй үнээр үргэлжлүүлэн суралцах боломжтой. Мөн зуны сургалтын тухайд нэг гэр бүлийн хоёр хүүхэд хамрагдах болвол бид 720 мянган төгрөг, найз нөхөд, ах дүүгийн гурваас дээш хүүхэд хамрагдвал 700 мянган төгрөгөөр хамруулах боломжтой. Манай сургалтын эхний ээлж энэ сарын 15-наас эхэлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)