Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

-Ш. Монтескье гэдэг хүний талаар та бүхэн сонссон байх.  Алдартай эрдэмтэн, судлаач, хуульч, гүн ухаантан хүн.  Ш.Монтескье эрх мэдэл гэдэг зүйлийг судлаад ер нь эрх мэдэл гэдэг зүйл үнэхээр том агуулгатай зүйл юм байна.  Үүнийг нэг хүн, нэг нам, нэг институци хэрэгжүүлж болохгүй.  Тэгвэл хараа хяналтгүйгээр эрх мэдлийг хэрэгжүүлж дарангуйлал үүсэх юм байна.  Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалтыг гурав хуваах ёстой юм байна гэж үзсэн.  Ингээд хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж гурван эрх мэдэл бий болсон.  Энэ хуваарилалт зөв байж, зөв хэрэгжиж чадвал төрийн эрх мэдэл тэнцвэртэйгээр хэрэгжих юм байна гэж үзсэн.  

Манай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд саяны хэлсэн эрх мэдлүүд хэрхэн тусгагдсан талаар дурдъя.  Төрийн засгийн бүрэн эрх гэдэг ойлголт байхгүй.  Их бүдэг бадаг.   Энэ бүрэн эрхийг их олон зүйл заалтуудаас ургуулан бодож гаргаж ирэх болдог.  Ард түмэн төрийн эрхийн цорын ганц эх сурвалж мөн, энэ эрхийг өөртөө байнга хадгална гэдэг үг бас Үндсэн хуульд байдаггүй. Их сулхан заалт байгаа нь “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт юм.  Тэр бол төр засгийн бүрэн эрхийг томьёолсон заалт болж чадахгүй.  Мэдэлд байна л гэсэн үгтэй.  Гэтэл эх сурвалж нь хэн юм, үүнийг өөртөө хэн хадгалах юм.  Энэ эрх байнга хадгалагдах уу энэ бүхэн тодорхой биш.  Манай одоогийн Үндсэн хуульд энэ заалт байхгүй.  Аливаа ардчилсан улсын Үндсэн хуульд байдаг гол зарчим нь манай Үндсэн хуульд байхгүй байна.  Тэгэхээр сайн Үндсэн хууль болж чадаагүй байгаа байхгүй юу.   Тэгэхээр аливаа зүйлийн суурийг зөв тавих хэрэгтэй.  Байшингаар бол хундаамыг зөв цутгаж байж, тэр байшин ганхахгүй газар хөдлөлтөд тэсвэртэй байна шүү дээ.  Хэн нэгэн хүн ороод хөдөлгөөд эхлэхэд нурчихдаггүй тийм байх хэрэгтэй.  Тэгэхээр манай Үндсэн хууль харамсалтай нь үндэс сууриа зөв тавиагүй дутуу учраас учир дутагдалтай байна.

Хоёрдугаарт, Ш. Монтескье бол  эрх мэдлийг хуваарилахдаа харьцангуй бие даасан тэнцвэртэй, бие биеэ хянах чадвартай байхаар зохицуулсан.  Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэдгийг дахин хэлье.  Гэтэл өнөөдөр манай Үндсэн хуульд  УИХ буюу хууль тогтоох байгууллага бол төрийн эрх барих дээд байгууллага юм гээд заачихсан. Ш. Монтескье-гийн онолоор бол дээд байгууллага гэж байхгүй. Зөвхөн хууль тогтоох, зөвхөн хэрэгжүүлэх, зөвхөн шүүх байгууллага байна.  Тэр нь нэг нэгнийхээ дээр гарч болохгүй гэж заасан.  Гэтэл Үндсэн хуульд дээд гээд тодорхойлчихоор Хууль тогтоох байгууллага нь бүхний дээр юм шиг аашилдаг болчихсон.  Засгийн газраа ч загнадаг, үүрэг даалгавар өгдөг.  Өөрөө ч зөвхөн хууль тогтоох биш шүүх эрх мэдлийг хэрэгжүүлээд явчихдаг.  Үндсэн хуульд тэгээд бичсэн юм чинь.  Одоогийн парламентын гишүүн, түрүүчийн парламентын гишүүн гээд ямар нэгэн хүнд алдаа өгч чадахгүй.  Энэ нь өөрөө Үндсэн хуулийн алдааг бий болгож байна.  Үүнийг яаралтай засахгүйгээр шударга ёс тогтохгүй.  Энэ парламент өөрөө хяналтад орохгүй. 

Тэгэхээр АНУ-ын Үндсэн хууль яагаад сайн болсон гэхээр тухайн үед баталж байсан хүмүүс нь ардчилсан зарчмын онолуудыг сайн хэрэгжүүлж чадсан байна.  Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалжуудаа заасан байна.  Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагуудыг зааж, мөн тэднийг яаж давраахгүй барих вэ гэдгээ ч сайн зааж өгчээ.  АНУ-ын Үндсэн хуулийг баталж байсан хүмүүс юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр “Ард түмнээс сонгогдсон парламент хүссэн хүсээгүй хамгийн хүчтэй нь байдаг. Үүнийг Засгийн газар хянаж чаддаггүй, шүүх нь бас хянахад хэцүү байдаг.  Тэгэхээр парламентыг хэн хянах вэ гэхээр мэдээж ард түмэн хянана.   Гэхдээ ард түмэн хянана гэдэг бас харьцангуй, амархан биш.  Тэгэхээр  парламентаа хоёр хуваагаад хоёр танхим  байгуулаад нэг нэгний хянана.  Ингэж байж, хоёр танхимтай парламент нэг нэгнийгээ хянаж байж хууль тогтоох байгууллага хяналтад орно” гэж үзсэн.  

Манайд өнөөдөр ганцхан танхимтай парламент байгаа учраас тэрийг хэн ч хянаж чадахгүй байна. Хянах боломжгүй.  Тэгэхээр өнөөдөр парламентын гишүүдийг загнахаасаа өмнө Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.  Хоёр танхимтай болгох хэрэгтэй.  Нэгийг нь намын жагсаалтаар сонгодог, намууд улс төрийн амлалт авч түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг байх хэрэгтэй.  Ард түмэн сонголтоо хийж, 50+1 олонхийн суудал өгч, тэр нам дангаараа Засгийн газраа байгуулдаг байх хэрэгтэй.  Нөгөө цөөнх нь Засгийн газарт орох гэж улайрахгүйгээр хяналтаа тавьдаг байх нь чухал. Ерөөсө ардчиллын амин сүнс бол хяналт, хяналтгүй ардчилал гэж байхгүй.  Хяналт алдагдах л юм бол дарангуйлал, эмх замбараагүй байдал болно.  Тэгэхээр парламентын хоёр танхимаа байгуулж, нэгийн нь можаритор, нөгөөхийг нь пропорцианаль хэлбэрээр байгуулах хэрэгтэй.  Тэгээд бие биеэ хянадаг ийм эрүүл саруул тогтолцоо чухал байна.   Ингэснээр парламент хяналттай болж, хууль тогтоох ажиллагаа зөвхөн хууль тогтоох дээр төвлөрдөг.  Нэг танхим нь хууль баталлаа гэхэд нөгөө танхим нь түүнийг  муу болсон бол буцаадаг, сайн болсон бол батлаад явуулдаг.  Алдааг нь засдаг байх хэрэгтэй.  Ер нь хууль тогтоох ажил тийм ч хурдан явдаггүй.  Харамсалтай нь манайх өнгөрсөн 30 жилд нэг хоёр хоногийн дотор л хууль баталчхаад байгаа.  Маш богино хугацаанд болгосон мах, гурил, будаа ямар байдаг билээ, түүхий байдаг.  Түүхий гурил, түүхий мах, түүхий будаа идэж болохгүй биз дээ.  Түүнтэй адил манай хуулиуд их түүхий болж байна.   Тэгэхээр парламентын хяналт гэдэг зүйл байхгүй учраас харамсалтай нь манайд алдаа дутагдал их гарч байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn