Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Хүний амьдралд тохиож буй гэрэл гэгээтэй, сайхан бүхэн магадгүй хувь заяа, төөрөг тавилантай салшгүй холбоотой байх гэж энэ удаагийн нийтлэлийн баатар онцолж байсан юм. Хүн гэдэг бурхны зурсан төөргийн дагуу явах ёстой замаараа алхаж, учрах ёстой нэгэнтэй таарч, хийх ёстой ажилтайгаа нүүр тулдаг ч байж болох.  Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний салбарын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Долгорын Хишигмаа энэ л замналаар амьдарсан нэгэн юм. Ажлын дүрэмт хувцас, хамгаалалтын малгайгаа өмсөөд, хүнд нөхцөлд, галын шугаманд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан түүний залуу нас, хийж бүтээх хүсэл эрмэлзэл нь Дулааны гуравдугаар цахилгаан станц хэмээх том айлын 40 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Анх 19 настай жаахан охин тус байгууллагын босгоор алхахдаа амьдралынхаа хором, мөч бүрийг эрчим хүчний салбарт зориулж, энэ салбараас төрсөн анхны эмэгтэй гавьяат болно гэж  төсөөлж байгаагүй нь лавтай. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний салбарын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Дулааны гуравдугаар цахилгаан станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналтын инженер  Д.Хишигмааг урьсан юм.

 

Багш болох мөрөөдөлтэй, таван онцын эзэн

 

Д.Хишигмаа Баянхонгор аймгийн Хүрээ-Марал суманд таван хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Бага насаа төрөлх сумандаа өнгөрүүлсэн бөгөөд зургаадугаар ангидаа хот руу шилжиж, Нийслэлийн 75 дугаар сургуульд ахлах ангиа дүүргэсэн байна. Түүний аав балчир насанд нь бурхны оронд одсон учир Д.Хишигмаа ээжийнхээ гар дээр хүмүүжиж, ээжийнхээ захиас сургаалийн хүчинд өдий зэрэгтэй амьдарч байгаагаа онцолж байсан юм. Түүний ээж Очирын Долгор ханиа алдсанаас хойш таван хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгож, хүнлэг, хөдөлмөрч болгон өсгөсөн байна. Тэрбээр хүүхдүүддээ ажил хөдөлмөрийн амт, үр шимиийг мэдрүүлж, үнэнч шударга, зөв хүн болгож хүмүүжүүлсэн тухай бага охин Д.Хишигмаа нь ярьж байв. Хэдийгээр баян айлын хүүхдүүд шиг тансаг амьдралаар өсөөгүй ч ээж болон ах, эгч нарынхаа хүчинд хайр, энэрлээр дуталгүй хүн болсон байна. Эгчийнхээ багадсан формоор гангарч, үсээ хоёр салаа сүлжиж, ихэвчлэн хөвгүүдтэй найзалж өссөн Д.Хишигмаа багаасаа их сэргэлэн, цовоо охин байсан гэнэ. Сурлагаараа ч үеийн найзуудаа манлайлж, таван онцын эзэн болж явсан тэрбээр тоо физикийн хичээлдээ илүү сонирхолтой байв. Түүний чин хүсэл нь физикийн багш болох байлаа. Тиймээс ч аравдугаар ангиа төгсөөд ганцхан сургуульд конкурс өгсөн нь МУБИС. Шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа орно гэсэн бат итгэлтэй байсан охин физикийн ангийн хаалгаар гишгэхэд 0.38 балл оноо л дутсан гэдэг. Хүссэн ангидаа орж чадаагүйдээ шаралхаад багш болох хүслээ тэр дор нь унтрааж орхив. Ийнхүү ямар сургуульд орохоо мэдэхгүй явж байх үед нь Эрчим хүчний яаман дээр ажилчин бэлтгэхээр ЗХУ руу хүүхдүүд явуулж буй тухай сонссон байна. Ийнхүү Д.Хишигмаа ЗХУ руу хүлгийн жолоо залжээ. Тэрбээр нэг жил Волгоград хотын Эрчим хүчний сургалтын төвд реле хамгаалалтын монтёр мэргэжил эзэмшээд, 19 настай, залуухан ажилтан эх орондоо эргэж ирсэн түүхтэй.

 

19 настай зуухан цехийн машинист

 

Д.Хишигмаа ЗХУ-д суралцаж байхдаа шилдэг оюутнуудын нэг байжээ. Андрей багш нь түүнийг үргэлж урамшуулна. Шавь нь ч итгэлийг нь алдахгүйн төлөө заасан бүхнийг нь хичээнгүйлэн сурна. Багш нь нэг удаа түүнийг дуудаад “Би энэ релег задлаад буцаад эвлүүлнэ. Чи яг надтай адилхан задлаад, эвлүүлж чадвал дадлагын хоёр сарын цалинг чинь 65 рубль болгоё” гэжээ. Тухайн үед дадлагын цалин 15 рубль байсан аж. Гэтэл Д.Хишигмаа багшийнхаа задалсан релег нэг хараад л яг адилхан эвлүүлчихсэн гэдэг. Ингээд үеийнхнээсээ илүү буюу 65 рублийн степэндтэй, додигор оюутан болж. Энэ мөнгөөрөө хамгийн түрүүнд ЗХУ-д мода болоод байсан магнитофон авсан гэнэ. Ингээд хайртай дуучин Алла Пугачёвагийн дууг цангинуулсаар эх орондоо иржээ. Залуухан боловсон хүчин Дулааны гуравдугаар цахилгаан станцад хуваарилагдсан байна. Гэвч өөрийнх нь үндсэн мэргэжлээр орон тоо олдсонгүй. Тухайн үед тус станцын боловсон хүчнээр н.Халтар гэх хүн ажиллаж байв. Д.Хишигмаа түүнээс “Ахаа би энд л ажилд ормоор байна. Ямар ч ажил өгсөн би хийж чадна” гэж учирлахад Зуухан цеийн ашиглалтын инженер н.Арцад гэдэг хүнийг дуудаж, “Танай цехэд энэ хүүхдэд хийчихээр ажил байна уу” гэхэд дөнгөж 19 настай, 55 кг жинтэй, 160 см өндөр туяхан охиныг харсан мастер нь голонгуй “Энэ охин манай цехэд ажиллаж чадахгүй л болов уу, ганц хаалга дийлэхгүй хүнээр юу хийлгэх билээ” гэсэн гэдэг.

Гэвч Д.Хишигмаа хийж чадна гэсэн амлалт өгснөөр ийнхүү 1982 онд Дулааны гуравдугаар цахилгаан станцын хамгийн хүнд нөхцөлтэй зуухан цехэд машинистаар орсон байна. Түүний үндсэн үүрэг нь зуухны галалгааг зогсоохгүй, зөв удирдах үүрэгтэй. Тухайн үед мэргэжил эзэмшсэн хүн ажилгүй байхаас ичдэг үе байсан тул, Д.Хишигмаа хэцүү ч гэлээ ажилтай болсондоо туйлын их баярласан гэдэг. Ингээд түүнийг Б.Дүүрэнбаяр гэдэг ажилтанд шавь оруулжээ. Энэ хугацаанд Д.Хишигмаа 14 хоногийн сургалтад хамрагдаж, ажлын дөртэй болсон байна. Тэрбээр энэ тухай “ДЦС-III гэх айлтай холбогдсон минь миний явах ёстой зам, хийх ёстой ажил байсан гэж боддог. Би энд л ажиллаж, энэ хамт олонтой нөхөрлөх хувьтай байжээ. Өнөөдрийг хүртэл хүн ардынхаа тав тухтай амьдралын манаанд зогсож, эрчим хүчээр таслахгүй хангаж буйгаараа бахархдаг. Анх залуухан, жаахан охин станцын босгоор алхсан ч ажлаа хүнд, хэцүү байна гэж шантарч байсангүй. Харин ч надад илтгэл хүлээлгэж ажилд авсан хүмүүсийн урмыг хугалахгүй юмсан гэж хичээдэг байсан. Одоо ч энэ хүсэл минь хэвээр. Намайг харж, надаас үлгэр дуурайлал авч байгаа залуу үеийн ажилчдынхаа итгэлийг алдах ёсгүй” гэсэн юм.

 

Сайшаалын үнэмлэх, 75 төгрөгөөр шагнуулав

2015 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болжээ.

Д.Хишигмааг анх сургуулиа төгсөөд ирэхэд Дулааны гуравдугаар цахилгаан станц 148 мВт хүчин чадалтай байжээ. Харин өдгөө өргөтгөл хийж, 198 мВт хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Анх 1982 онд түүнийг дунд даралтын зуухан цехийн машинистаар ороход тус цехэд н.Цолмандах гэсэн ганцхан эмэгтэй машинист байсан гэдэг. Гадаад төрхөөсөө л эршүүд, шударга зантай түүнээс сурсан зүйл их гэж Д.Хишигмаа ярьж байсан юм. Зуухан цех гэдэг станцын хамгийн хүнд цехийн нэг. Тиймээс тэр бүр эмэгтэй хүн авдаггүй, авсан ч тэсэж үлдэх нь ховор. Шит нь зуухныхаа хажууд байрладаг, их халуун нөхцөлд ажилладаг юм байна. Д.Хишигмаагийн хувьд н.Цолмандах эгчээсээ үлгэр дууриалал авч,  нууцхан өрсөлдөж, өөрийгөө хурцалдаг байжээ. Ийнхүү жил гаруйхан ажлаад сайн ажилласан хэмээн сайшаалын үнэмлэх, 75 төгрөгөөр шагнуулж байсан гэнэ. Залуу ажилчны хувьд энэ нь хамгийн том урам болсон гэдэг. Шагналын мөнгөнөөсөө нэг төгрөг ч үрэлгүй ээждээ аваачиж өгөхөд ижий нь охиноороо бахархаж, баярлаж байсан тухай сайхан дурсамжаа хүүрнэж байсан юм. Д.Хишигмаа ханьтайгаа учирч, өрх тусгаарлах хүртлээ ийнхүү цалингаа ээждээ өгдөг байв. Түүний хань нь мөн л цахилгаан станцал ажилладаг, инженер хүн. Тэд хоёр сайхан хүүхдийн аав, ээж болсон юм. Өдгөө хүүхдүүд нь өөр, өөрийн салбарт амжилттай ажиллаж, амьдарч явна. 1989 оны үед Шарын голын нүүрсний олборлолт багассан тул зуухаа бангануурын нүүрсээр галлах болжээ. Нүүрс солигдсон учир дасан зохицотлоо эрсдэл өндөр байсан гэдэг. Байнга тэсэрч, дэлбэрэхээс эхлээд хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байсан ажээ. Харин Д.Хишигмаа 1992 оноос  ахлах машинист болж, алба дэвшсэн байна. Энэ албанд очсоноор ажил, үүргийн хувьд илүү хариуцлагатай болж өргөжсөн гэнэ. Учир нь ахлах машинист цехийн бүх тоног төхөөрөмжтэй харилцаж, ажиллуулахаас гадна бүх хүнийг орлох шаардлагатай болдог аж. Тиймээс илүү их хичээж, уншиж, өөрийгөө хөгжүүлж байсан гэв.  1990-ээд оны энэ үед тус цехэд ихэвчлэн эрэгтэй ажилчид л ирдэг байв. Тэдгээр нь цэргээс халагдсан, эсвэл хэцүү нэртээс суллагдсан залуус байсан гэнэ. Энэ нь тухайн хүмүүсийг хүнд цехэд ажиллуулж, хүмүүжүүлэх төрийн бодлого байсан болов уу гэж боддог тухайгаа Д.Хишигмаа ярьж байв. Дөнгөж 30 хүрэх гэж буй залуухан эмэгтэйн хувьд эрчүүдийн харцыг булаах нь тодорхой. Гэвч нүүр өгөхгүй болохоор нь айлгах, шоглох нь энүүхэнд байж. Гэвч энэ саад бэрхшээл ч түүнийг дуртай ажлаас нь холдуулж чадаагүй ажээ.

 

Станцын нэвтэрхий толь

Ажлын хамт олонтойгоо.

Дулааны гуравдугаар цахилгаан станц нь 1968 онд анх байгуулагдаж, цахилгаан эрчим хүчийг түгээж эхэлсэн юм. Эрчим хүчний системийн бусад байгууллагуудтай харьцуулахад ДЦС-III нь төвийн бүсийн нэгдсэн системийн цахилгаан эрчим хүчний 16.1 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 31 хувийг, үйлдвэрийн технологийн уурын хэрэгцээний 51 хувийг дангаараа нийлүүлж байгаа юм. Одоогоор тус станц 1001 инженер, техникийн ажилтныг ажлын байраар хангажээ. Харин эдгээр ажилтнуудын аюулгүй байдлыг Дотоод хяналтын хэлтэс хариуцдаг бөгөөд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналтын инженерээр нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Д.Хишигмаа ажиллаж байгаа юм. Тэрбээр 2016 оноос энэ албан тушаалд очжээ. Тэрбээр ажлын байрны аюулгүй байдлын тухай заавар зөвлөгөө өгөхөөс гадна ажилчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалтыг танхим, цахим,  хэлбэрээр зохион байгуулж, байнгын эргэлт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг цаг алдалгүй засаж залруулах үүрэгтэй юм байна. Үүнийхээ дагуу өөрийн санаачилгаар “Хамгаалах хэрэгсэл, эрсдлийг үзүүлэн таниулах танхим”-ыг 2020 онд байгуулжээ. Тэрбээр энэ тухайгаа “Станцын нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй байдал их чухал. Одоогоор манай ажилчид 17 нэр төрлийн хувцас өмсөж байна. Анх намайг орж ирэхэд 19 төрлийн хамгаалах хэрэгсэл хэрэглэж байсан бол энэ тоог 47 болгож нэмэгдүүллээ. Байгууллагын үнэт зүйл бол ажилчид шүү дээ. Хүний эрүүл мэндийг хамгаалж байж тухайн байгууллагын ажлын байрны тогтвортой байдал бий болно” гэсэн юм. Д.Хишигмаагийн хувьд энэхүү 41 жилийн хугацаанд станцын бүхий л албан тушаалд ажиллаж үзсэн туршлагатай албан хаагч юм. Алба бүрээс тодорхой хэмжээний мэдлэг, туршлагыг хуримтлуулсаар станцынхаа бүхий л үйл ажиллагааг 10 хуруу шигээ мэддэг, нэвтэрхий толь болтлоо ээнэгшсэн байна. Тиймээс ч залуу үеийн ажилчид түүнээс үлгэр дуурайлал авч, суралцаж, заавар зөвлөгөөг нь харамгүй сонсдог ажээ. Энэ хугацаандаа гарын шавь нараа ч бэлдсэн бөгөөд түүний залгамж халаа болсон шавь нар нь өдгөө багшийнхаа нэрийг өндөрт өргөж, станц бүрт амжилттай ажиллаж явна. Д.Хишигмаа энэ хугацаанд зөвхөн ажлаа хийгээд суухыг урьтал болгосонгүй. Өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийнхээ дагуу мэдлэгээ тэлж, оройгоор их сургууль дүүргэжээ.

 

Дөрөв дэх үетэйгээ ажиллаж байна

Д.Хишигмаа “Би эрчим хүчний салбарт машинистаас гавьяат болтлоо ажиллахдаа өөрийн сайндаа энэ зэрэгт хүрсэн гэж бодож явсангүй. Намайг тосч авч, зааж сургасан гуравдугаар цахилгаан станцын үе, үеийн ахмадууд, ажилчдын хүч гэж боддог. 1982 оноос хойш 41 жил ажиллахдаа дөрвөн үеийг элээсэн байна. Энэ станц бол миний амьдралын хамгийн том орон зай. Алхах ёстой хамгийн зөв харгуй байж дээ гэж боддог. Өглөө ажилдаа ирж, үдэш тарах бүртээ галын дөл өөдөө гэж хийж буй ажилдаа сүсэглэдэг юм шүү” гэв. Үнэхээр гурван ээлжээр ажиллаж, тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэж буй станцын ажил амар биш. Ялангуяа эмэгтэй хүнд ахадсан ажил. Гэвч хүсэл сэтгэл, хичээл зүтгэл байхад мэргэжлийнхээ оргилд хүрч болдгийн хамгийн тод жишээ бол Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигмаа билээ. Түүний энэхүү хөдөлмөрийг төр үнэлж, 2015 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасан юм. Энэ салбараас төрсөн анхны эмэгтэй гавьяат тэрбээр “Би гавьяат цол авах болсноо өмнөх өдөр нь л мэдсэн. Тухайн үед их сандарч байж билээ. Аз болж цагаан сараар өмсөхөөр хийлгэсэн дээл минь байж таарсан.

Ерөнхийлөгчөөс шагналаа авах мөчид өөрийн эрхгүй хоолой чичирч, нүдэнд нулимс цийлгэнэж байсан. Тэр үед ээж минь байсан бол сайхан даа гэж бодогдсон. Миний хувьд төрийн дээд хүндлэлийг хүртсэн нь ээжийн минь чин шударга байж, ажлаа чин сэтгэлээсээ хийж, хөдөлмөрч болгож өсгөсний гавьяа гэж боддог. Би бүхий л амьдралаа станцын хөгжлийн төлөө зориулахдаа ямар шударга амьдарсан юм бэ. Эд баялаг, эрх мэдлийн төлөө шунаж явсангүй. Хийсэн ажлынхаа цалингаар л өөрийнхөө амьдралыг болгож ирсэн. Хэн нэгэнд буруу санаж, муу бодож байсангүй. Миний сайн яваа, ажил үйлс минь бүтэмжтэй, үр хүүхэд эрүүл энх байгаа нь станцын ажилтай холбоотой гэж галынхаа дөлөнд залбирч, бэлгэшээдэг. Ээж минь тэр үед охиноо тэнгэрээс хараад баярласан байх” гэсэн юм. Үнэхээр амьдрал гэдэг чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн хүнд алгаа дэлгэж, сайн сайхан бүхнээ харамгүй өгдөг ажээ.  Сурч мэдсэн мэргэжил гэдэг хүний нэг насны гангараа болж, насан туршид нь чимж явдгийг энэ удаагийн нийтлэлийн баатар Д.Хишигмаа өөрийн амьдралаараа нотолж яваа нэгэн. Дулааны гуравдугаар цахилгаан станцын босгоор яг л 19 настайдаа  алхаж байсан шигээ өнөөдөр ч түүний эрч хүч, чин сэтгэлийн гал бөхөж амжаагүй, дүрэлзсээр байна.   

Өөрийн санаачлагаар “Хамгаалах хэрэгсэл, эрсдлийг үзүүлэн таниулах танхим”-ыг 2020 онд байгуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)