Д.ДАРАМБАЗАР

Киргизстаны Бишкек хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнийн сүүлийн өдөр "Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга 65 кг-д алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг, шигшээ барилдаанд 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсч байсан эзэн орны Алибек Осмоновыг ялсанаар алтан медалийн тавцанд зогссон юм.
Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахь удаагаа алтан медаль зүүж байгаа юм. Үүнээс өмнө 2022 оны зургадугаар сард Алматыд Болат Турлыханов, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад "Загреб Опен"-д түрүүлсэн. Харин Монголын багийн сүүлийн барилдааныг 92 кг-ын жинд "U23" насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн ААШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг хийж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр үдээс өмнө нь шөвгийн наймд Казахстаны Абдиманап Байгенжеевийг, хагас шигшээд БНХАУ-ын Жумабай Аергенийг ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Мириани Майсуразед 1:6-гаар ялагдаж үзүүрлэсэн юм. Ийнхүү Монголын бөхчүүд Бишкекийн дэвжээнээс найман медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлэв.

Эх сурвалж: www.zms.mn