Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

 

Танихгүй хүн анх харвал их л дотно юм шиг, эсвэл ихэмсэг өөртөө итгэлтэй гэмээр нэгэн бүсгүй өнөөдөр Чех улсад очсон хүмүүст юу хэрэгтэй, яавал илүү зохистой талаар өөрийн мэдсэн сурсан бүхнээ хуваалцаж байна. Ярилцаад суухад өөрөө өөрийгөө зөвөөр бүтээж, өөрийгөө дайчилж чаддаг гэдэг нь мэдрэгдэх энгийн нэгэн эмэгтэй. Энэ хүн гадаад дахь амьдралыг мэдэхгүй нэгэнд ойлгуулж, хүний газар хөл тавьсан нэгэнд өөрийн мэдсэн бүхнээ хуваалцаж байна.

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний монгол” буландаа Чех улсад оршин суудаг Г.Оюунцэцэгийг Монголд ирсэн үеэр нь урьж ярилцлаа.

-Таны Чех улсад очиж байсан үеэс ярилцлагаа эхэлье?

-Би 2000 оны үеэр дөрвөн настай хүүхэдтэйгээ Чех улсад гэрээт ажилтнаар очиж байсан юм. Тухайн үедээ машины үйлдвэрт хүрдний гадна талыг оёдог байлаа. Дараа нь өөр үйлдвэрүүдэд очиж ажилласан. 4-5 жил үйлдвэрт ажилласны дараа яагаад монголчууд ийм ажил хийдэг юм бол гэсэн бодол төрсөн. Бусад орны ажил хийж буй иргэд бизнес эхлүүлээд болж байхыг харсан учраас хувийн бизнесээ эхлүүлье гэж шийдсэн. Ингэхийн тулд Европын стандартын түвшинд хүрэх, хэлийг нь сурах ёстой гэсэн шаардлагатай тулгарсан. Тиймээс бизнес арга талаас чиглүүлж, хэл заах хүн хэрэгтэй болсон. Эдгээрийг сурч байж л бизнесээ ажиллуулах боломжтой юм байна гэдгийг ойлгож, өөрийн ресторанаа нээсэн. 

-Чехэд очсон эхний жилээс л хэлний асуудалтай тулгарч байжээ?

-Орос сургууль төгссөн болохоор хэл сурахад тийм төвөгтэй байгаагүй ч чех хэлийг сурахад багагүй хугацаа зарцуулсан. Гэхдээ чех хэл орос хэлтэй нэлээд төстэй, орос үг их ашигладаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс хамт явсан найзуудаас түрүүлээд чех хэлийг сурчихсан нь давуу тал болсон. Эхэндээ бол хэлийг нь мэдэхгүй, хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байсан үе бий. Хэл сайн биш болохоор хуулийг нь мэдэхгүй буруу зөрүү зүйл хийх асуудалтай ч тулгарч байсан. Тиймээс хэлийг нь хамгийн түрүүнд сайн суръя гэж бодон, өдөр бүр давтаж эхэлсэн. 

-Чех хэлийг сурсны дараа монголчууддаа орчуулга хийдэг байв уу?

-Хэлээ овоо сураад өөрийгөө сорих ч гэх юм уу, жижиг хэмжээний орчуулга хийж эхэлсэн. Орчуулга хийж байсан минь ч зөвдөж, бизнесээ эхлүүлье гэж шийдэн нөхөртэйгөө хамтран монгол ресторанаа нээсэн юм. Хувийн бизнестэй болчихоор завгүй болдог юм билээ. Эрүүл мэндээр хохирч, гэр бүлдээ зарцуулах цаг ч багасдаг. Тиймээс ресторанаа 3-4 жил ажиллуулж байгаад хаасан. Тухайн үед дэлхий даяар эдийн засгийн хямрал ч үүссэн байлаа. Зарим нэг Монголчуудыг эх орон луу нь буцаах, өөр арга хэмжээ авах зүйлүүд их болсон үе юм. Тэгэхээр нь өмнө хийж болоод байсан орчуулгын ажлаа хийтэл тийм ч сайн амжилтад хүрээгүй. Гэхдээ л би орчуулгын ажлаа үргэлжлүүлэн хийсээр өнөөдрийг хүрсэн.

-Дэлхийн дахинд хямрал үүссэн үе гэхээр 2009, 2010 он байх. Энэ үеийг хэрхэн даван туулав?

-Хямрал ихтэй болохоор богино хугацааны визтэй иргэдийг шууд буцаасан. Зөвхөн урт хугацааны визтэй иргэдийг үлдээсэн. Хямрал болчихсон учраас яавал оновчтой байх вэ гэж бодож эрэл хайгуул хийж эхэлсэн. Зааж сургах хүн байхгүй болохоор мэдэхгүй чадахгүй зүйлс их тулгарсан. Юу ч гэсэн уламжлал болсон ажлыг хийхгүй гэсэн бодолтойгоор ном ихээр уншиж эхэлсэн. Үүнийхээ ач тусаар өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, хүмүүст хэрэгцээтэй мэдээллийг хүргэж, орчуулгаа үргэлжлүүлэн хийж байх шийдвэрт хүрсэн. Энэ хүртэлх хугацаанд багагүй бэрхшээлүүд байсан ч өөртөө бас туршлага, сургамж авч чадсан. Энэ нь юу байсан гэхээр, “Хүн мөнгөгүй болоод ирэхээр улам их хүчирхэг болж, илүү сурч, хөдөлмөрлөж, хүрээллээ сольдог” гэдгийг ойлгосон.

-Орчуулгын ажил хийнэ гэдэг нэг талаараа хүмүүсийн амьдралыг сонсож байна гэсэн үг. Энэ үеүдэд монголчуудад ямар асуудал илүү тохиолддог гэж харсан бэ?

-Хэл мэдэхгүй байдлаасаа болоод ааш зангийн ялгаа бий болдог. Монгол, Чех гэдэг хоёр орны хүмүүсийн өсөж орчны ялгаа өөр байдаг. Үүнээс үүдэн дасан зохицох хугацаа удаан байдаг юм байна гэж ажиглагдсан. Мөн ажил хийхдээ сайн ч хэлний асуудлаас болоод үйлчилгээ муу авдаг. Хэчнээн сайн орчуулагч байлаа ч гэсэн эмч дээр очоод яг ямар зүйл өвдөж байгаа талаар сайн орчуулж чадахгүй нөхцөлүүд үүсдэг. Анагаахын мэргэжил төгсөөгүй хүмүүс болохоор юуг хэрхэн зөв хэлэхээ мэддэггүй. Мөн шүдний асуудал их тулгардаг. Жишээлбэл, Монголд байшин болгоны дор шүдний эмнэлэг байгаа. Эмнэлэг рүү нь ороод аль шүд гэдгээ хэлээд л янзлуулж болно. Харин энд бол монголчуудыг бүртгэх дургүй. Учир нь хэлний асуудлаас болоод аль шүд өвдөж байгаагаа хэлж чаддаггүй. Мөн шүдний эмчийн хүрэлцээ муу байдаг.  

-Чех улсад одоо ойролцоогоор хэчнээн монголчууд байна. Тэдгээр хүмүүст голчлон ямар мэдээлэл хүргэхийг зорьж ажилладаг вэ?

-Сүүлийн жилүүдэд Чех улсад ирэх Монгол иргэдийн тоо улам өсөж байна. Энэ нь Чех Монголын харилцаа илүү сайн болж төсөлт хөтөлбөрүүд ихээр хэрэгждэг болсны илрэл болов уу гэж харж байгаа. Сүүлийн тоогоор гэхэд 11000 иргэн ажиллаж байна гэсэн мэдээллийг Чех улсаас гаргасан байна лээ. Амар амгалан, тайван улс болохоор энд ирсэн иргэд ч гэр бүлээ авч ирэх тохиолдол нэмэгдсэн. Харин миний хувьд Чех улсад амьдарч байгаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх талаасаа орой болгон LIVE хийдэг. LIVE-т тухайн өдөр болсон мэдээ мэдээлэл багтахаас илүүтэй, шинээр гарсан хууль тогтоомжийг танилцуулах, хийж болохгүй зүйлийг хэлж өгдөг.  

-Олон жил Чех улсад амьдарсан хүний хувьд эх орондоо ирэхдээ хэрэгжүүлж болох олон санаануудыг өвөртлөөд ирсэн байх даа?

-Чехээс ирээд Монголд хэрэгжүүлж болох олон санаанууд байдаг. Гэхдээ би түүнийг хэрэгжүүлэхээс илүүтэй өөр нэгэн хэрэгжүүлбэл илүү зохистой гэж боддог. Тиймдээ ч орой болгоныхоо LIVE-аар хүмүүст хандан зочид буудлыг ингэж цэвэрлэдэг юм байна. Цэвэрлэгч ийм байдаг. Дарга нар ингэж ажилладаг юм байна гэдгийг сайн ойлгуулахыг хичээдэг. Европчуудын ажил хэрэгч байдлыг тухайн иргэд сайн сураад Монголдоо хэрэгжүүлээсэй л гэж хүсдэг. Учир нь нүдээрээ харж, гараараа бариад үзсэн хүмүүс ажил хийхдээ өөрөөр сэтгэж, хэрхэн чанартай хийх талаас нь бодож эхэлдэг юм билээ. Мөн Чехэд байгаа хүмүүс бэлэнчилдэггүй. Өөрсдөө хийхийг эрмэлздэг болчихдог. Үүгээр юуг илэрхийлэх гээд байна гэвэл үйлдвэрүүд баригдвал барууны орнуудад ажил хийж байсан хүмүүс чанартай зүйлийг хийхийн төлөө ажиллах чин эрмэлзэл бий гэдгийг ойлгож болно.

-11 мянган иргэн оршин сууж, ажил хөдөлмөр хийж байгаа болохоор амьдрахад нэлээд таатай бололтой. Үр хүүхдээ аваачиж, гэр бүлээрээ амьдрахад ямар байдаг юм бэ?

-Виз мэдүүлж байгаа иргэн хөдөлмөрийн гэрээ байгуулж зургаан сар ажиллах ёстой. Үүний дараа үр хүүхдээ авч ирж болно гэж заасан байдаг. Үүний дагуу тухайн иргэн хүүхдээ авч ирээд үнэгүй цэцэрлэг сургуульд сурган, ажил хөдөлмөрөө хийхийн зэрэгцээ өсгөөд явах боломжтой байдаг нь давуу тал болдог. 

-Ажил хийхээр очсон иргэд Чехээр ярьдаг байвал илүү давуу талтай биз...?

-Мэдээж очсон хүн бүхэн чех хэлтэй байдаггүй. Гэхдээ тэдэнд ямар нэгэн байдлаар ажил олддог. Гэхдээ голдуу хүнд хүчир ажлууд л байдаг. Харин англи юм уу, чех, оросоор ярьдаг хүмүүс биед амар ажлыг олоод хийчихдэг. Тэгэхээр хэл нь хүнтэй ойлголцохоос эхлээд амар ажил олоход ч их хэрэг болдог.Чех хэлээр ярьдаггүй хүмүүс л сарын 800-1000 еврогийн цалин авдаг. Харин хэлтэй бол түүнээс дээгүүр цалин авах боломж бий. Мөн том машины жолооч хийж чадвал 2000 гаруй еврог ч авах боломжтой. Ингэхийн тулд мөн л ямар нэгэн хэлээр чөлөөтэй биш юм гэхэд ойлголцдог байх ёстой болдог. Гэхдээ байр нь үнэтэй талдаа.

-Зөвхөн Чех гэхгүйгээр өөр улс руу ажил хийхээр явж байгаа хүмүүс ямар алдаа дутагдал гаргах магадлалтай байдаг вэ?

-Цалин хөлснөөс эхлээд судалгааг сайн хийх хэрэгтэй. Мөн өөрсдийгөө бэлдэх шаардлагатай. Энэ нь тухайн явах гэж байгаа орныхоо хэлийг бага ч болов мэддэг болчих хэрэгтэй. Орчин үед "YOU TUBE"-ээс эхлүүлээд онлайн сургалтууд их байна. Тиймээс бага ч болов хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Залуус ажил хийхээр хилийн дээс алхаж байна. Энэ нь төрөл бүрийн зүйлээс шалтгаалж байгаа. Үүнийг та юу гэж үзэх вэ?

-Залуу хүмүүс хилийн дээс алхаж, шинэ содон зүйлстэй танилцах хэрэгтэй. Гэхдээ хилийн дээс алхаж шинэ зүйл үзнэ гэхээсээ илүүтэй ажил хийхийг зорьдог болсон байна. Үүний нэг жишээ нь, солонгос руу ажлын виз ихээр мэдүүлж байна. Залуу үе бол гадаадад хар ажил хийхээсээ илүүтэй шинэ бизнесийн санаа олж ирээд эх орондоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс бусдаар монгол хэцүү байна гэдэг ойлголт учир дутагдалтай юм. Хэрэв хүн бүхэн мөнгөний төлөө гадаад руу яваад байвал үлдэх хүнгүй болно. Тиймээс Монголдоо хэрэгжүүлж болох санааг очсон газраасаа мэдэж аваад эх орондоо хэрэгжүүлбэл илүү үр өгөөжтэй гэж боддог.

-Манай улс Чехтэй хамтын ажиллагаагаа нэлээд өргөжүүлж байгаа. Үүний нэг жишээ нь оюутнууд сүүлийн үед олноор сурч байгаа гэж дуулсан?

-Энэ жилээс эхлэн жил бүр оюутан солилцоогоор 60 хүүхэд Чехэд сургахаар боллоо. Энэ нь залуу боловсон хүчнээ гадаадад бэлтгэхээс гадна, тэдний ажил амьдралыг дээшлүүлэхэд ихээхэн тус нэмэртэй гэж харж байна. Үүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь хоёр улсын харилцаа өргөжиж байгаагийн тод жишээ болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 107 (7092)