Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор Дэлхийн байгаль орчны   боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгийг урьж, тогтвортой хөгжлийн боловсролын тухай болон хэрэгжүүлж буй төслийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

 

-“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Одоогоор хоёр дахь шатны төсөл хэрэгжиж байна. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-“Тогтвортой хөгжлийн боловсрол-1” төсөл 2015-2018 оны хооронд амжилттай хэрэгжиж дууссан. Харин хоёр дахь төсөл 2019 оноос энэ оныг дуустал хэрэгжих юм. Энэхүү төсөл нь БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн агентлагийн удирдлагатайгаар хоёр түвшинд хэрэгжиж буйгаараа онцлог. Үндэсний түвшнийх нь боловсролын хүрээлэн тогтвортой хөгжлийн боловсролын түшиц байгууллагаар ажиллаж, үндэсний хэмжээний институц байгууллагын салбар дундын болон салбар хоорондын уялдаа холбоог хангаж, цаашид энэхүү тогтвортой хөгжлийн боловсролын цөмд нь байж, хэрэгжих гол үндэсний хэмжээний баримт бичиг, хүний нөөцийг бүрдүүлж, чадавхийг бэхжүүлэх хүрээнд ажилладаг. Харин манай Байгаль орчны мэдээлэл сургалтын төв нь төрийн бус байгууллага. Бид зургаан аймаг, хоёр дүүргийн 30 сургууль дээр Тогтвортой хөгжлийн боловсрол нэгж байгууллага дээр буухаараа өдөр тутмын сургалт үйл ажиллагаатай нь хэрхэн  уялдах вэ, тогтвортой хөгжлийн боловсрол тухайн сургууль дээр хэрэгжснээр юугаараа өөр, давуу байдлыг бүрдүүлэх боломжтой вэ гэсэн загварыг бий болгохыг зорьж ажиллалаа.

-Сургуулиудыг хэрхэн ямар аргачлалаар сонгосон бэ?

-Манай төслийн зорилго нь бүх түвшин дэх хүний чадавхийг бэхжүүлэх. Үүний нэг гол зорилтот бүлэг нь орон нутагт хүрч ажиллах. Төслийг хэрэгжүүлэгчид ярилцаж байгаад ногоон хөгжлийн бодлогоо баталчихсан орон нутгуудыг сонгосон. Өөрөөр хэлбэл, нэгэнт бодлогоо баталчихсан учраас цаашид энэ чиглэлийн загвар үйл ажиллагаанд хамтран ажиллах боломжтой гэж үзсэн. Энэхүү сонголтоо хийчихээд тухай орон нутгийнхаа мэргэжлийн байгууллагуудтай хамтраад сургуулиа сонгон шалгаруулсан. Гэхдээ эдгээр сургуулийг сонгоход хамгийн чухал шалгуур нь тухайн сургууль нь үндэсний хэмжээний загвар болж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх, хамт олноороо ажиллая гэсэн нэг шийдвэрт хүрсэн байх. Хоёрдугаарт, бид хоёрхон жилийн хугацаанд загвар, жишиг бий болгох гэж байгаа учир өмнө нь тодорхой хэмжээнд ижил төстэй ажлуудад оролцож, манлайллыг бий болгож байсан суурьтай сургуулиудыг сонгоно гэсэн шалгуур байв.

-Хамгийн холоос ямар сургууль сонгогдсон бэ. Төсөл хэрэгжүүлсний үр дүн хэр гарч байна?

-Кембрижийн хөтөлбөртэй “Шинэ эхлэл”, олон хүүхдийн төлөөлөлтэй цогцолбор сургууль, аймгийн төвийн, сумын төвийн, сумаас алслагдсан сургууль гээд өөр, өөрийн онцлогтой сургууль бүрийн төлөөлөл манай төсөл хөтөлбөрт хамрагдсан. Жишээлбэл, хамгийн олон хүүхэдтэй буюу 6000 хүүхэдтэй “Эрдмийн өргөө” цогцолбор, хамгийн цөөн хүүхэдтэй Хэнтий аймгийн Галшар сумын 180 гаруй хүүхэдтэй сургууль дээр ч төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Мөн хамгийн хол буюу Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийг онцолж болно. Энэхүү сургууль нь олон ястны хүүхдүүд сурдаг онцлогтой. Бид эдгээр сургуульд төслөө хэрэгжүүлэхдээ газарзүйн байрлал, амьжиргааны түвшин, тухайн орон нутгийн, хүн амынх нь онцлогт тулгуурлан төслөө хэрэгжүүлсэн. Зарим аймгийн төвийн сургууль хотын төвийнхөөс ч их хүүхэдтэй байна. Тэдгээр сургуулийн нэг давуу тал нь хүний нөөц сайтай. 6000 гаруй хүүхэдтэй сургуулийн багш ажилчид нь нийлээд 200 гаруй хүн байх жишээтэй. Харин сумын сургуулийн давуу тал нь орон нутгийн удирдлага, эцэг эхчүүдийн оролцоо их. Бид яг төсөл эхэлж байх үеийн эхлэх түвшингийн үнэлгээг хийсэн. Тогтвортой хөгжлийн хамгийн гол зүйл нь бүхлээрээ, хамтдаа бүх зүйлийг өөрчлөхийн тулд ажиллах. Тиймээс бид ганцхан сургалтын хөтөлбөрт нь тогтвортой хөгжлийн боловсролын асуудлуудыг тусгах өөр. Эндээс сургууль өөрөө орчноо бүрдүүлж чадсан юм уу гэдэг асуулт гарна. Сургуулийн хонгилоор явахад л тэр орчин байх ёстой. Сургуулийн багш нар нь мөн тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголт, чадвартай, цаашлаад мэдлэг нь  хандлага болсон байх учиртай. Мөн тэрхүү багш, сурагчдын хичээл зүтгэл, сургалтаас олж авч буй мэдлэг, бүрдүүлэх гээд хүсээд байгаа орчин нөхцлийг орон нутаг ойлгож, хамтарч ажиллаж байна уу гэдэг чинь харилцан түншлэлийн асуудал. Өөрөөр хэлбэл хүүхэд сургуулийн хашаанаас гарахад өөр нөхцөл угтах юм бол өнөөх төсөл, хүлээлт маань үр дүнгүй, бодит бус сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс сургуулийн засаглал, удирдлагын оролцоо энэхүү төсөл хөтөлбөрт их чухал. Жишээлбэл, сургуульд хэдэн принтер байна вэ, анги бүхэн нэг принтертэй гэж бодоход түүнээс гарч буй хортой хог хаягдлыг хэрхэн устгаж байна вэ зэрэг бидний, удирдлагуудын төдийлэн тоодоггүй, жижиг мэт харагддаг асуудлыг бүх зүйлдээ уусгаж, ингэхдээ бүгд хамтдаа шийдэлд хүрч, зөв гаргалгаагаар шийдэх нь тогтвортой хөгжлийн зарчмуудын нэг юм. 

-Та төслийн тухай нэг сургууль дээр жишээ авч яриач?

-Булган аймгийн Хялганат тосгоны сургууль төсөлд хамрагдсан. Тэд эхлээд өөрсдөө бүхэлдээ ажиллаж чадаж байна уу гэсэн үнэлгээгээ анх удаа хийгээд, хамгийн доогуур үнэлгээтэй асуудлуудаа олж тогтоосон. Энэ нь тухайн сургуульд түншлэлийн асуудал сул байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёр дахь сул гарсан үзүүлэлт нь аргазүйн хувьд сургалт үйл ажиллагааг бодит орчинд нь зохион байгуулах дээр сурагчид сэтгэл дундуур байгааг тогтоосон. Үүнийг нь бид жижиг төслийн аргачлалаар дэмжиж өгсөн юм. Бага хэмжээний санхүүжилтээр энэхүү асуудлыг шийдвэрлэж чадах юм бол дараа нь түүнтэй адил асуудал тулгарлаа гэхэд өнөөх аргачлалаараа шийдээд, тогтвортой хөгжлөө хадгалж чадна гэсэн үг. Ингээд тус сургууль маань төслийн хүрээнд орж ирсэн багахан төсвөөрөө зуны сургалтын төв байгуулах шийдэлд хүрсэн. Энэ нь нутгийн онцлог, орчинтойгоо ч агуулгын хувьд нийцсэн. Учир нь Хялганат өөрөө байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт байршилтай. Ингээд сургалтыг орчинд нь явуулахаар шийдэж, газар авч, байшин барьж эхлэхэд сумын засаг дарга, аймгийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөллүүд чин сэтгэлээсээ тусалж, дэмжлэг үзүүлж эхэлсэн. Ингээд 50 гаруй хүүхдийг хүлээж авч, сургалт явуулах байшинтай болсон. Энэ жишгээр Хөвсгөлийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль хүүхдийн зуслан байгуулсан. Тэд хуучны байшинг орон нутгаасаа актлуулж аваад дүнзээр нь найман шовгор, хоолны заалтай “Хөдөлмөр” зуслангийн бүтээн байгуулалтыг хийж чадсан. Мөн 2 га  талбай аваад хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг болсон. Үүнээс гадна зуслангийн харуул нь малтай учир хүүхдүүд малчныдаа очиж туслах, өөрсдийн гараар сүү цагаан идээгээ боловсруулахаас эхлээд орчиндоо тохирсон сургалтуудыг хийж эхэлсэн нь сайшаалтай. Эргээд харахад эдгээр 30 сургууль бүгд өөрийн онцлогт тохирсон, гэрэл гэгээ, үр өгөөжтэй ажлуудыг хийсэн байна.

-Техник, технологийн хувьсал хамгийн ихээр нөлөөлж буй салбар нь боловсрол. Үүнийг бид сүүлийн жилүүдэд илүүтэй их мэдрэх шиг боллоо?

-Энэ цагт иргэн хаана амьдарч, хэдэн төгрөгийн орлого олж буйгаас үл хамаараад хэн байхаасаа илүү хүн байх боловсрол илүү чухал юм байна. Тогтвортой хөгжлийн жолоодогч нь боловсрол юм. Тогтвортой хөгжил нь юу юм, тэр нь яагаад чухал вэ, түүнд би хэрхэн хувь нэмэр оруулах ёстой вэ гэдэг нь боловсролын арга, аргачлалаар дамжаад хүнд хүрч байна. Хүнд хүрнэ гэдэг нь мэдээлэл нь мэдлэг болох, мэдлэг нь чадвар болох, чадвар нь хандлага болох, хандлага нь дадал хэвшил болж байж үр дүнгээ өгнө.  Хүн байх боловсролыг эзэмшинэ гэдэг нь тухайн амьдарч байгаа орчин нөхцлийнхөө байгалийн, орон нутгийн онцлогийг нь хүндэтгэх, хамтарч ажиллаж, амьдарч сурахыг дэлхий нийтээрээ шаардаж байна гэсэн үг. Үүний цаана амьтай ч бай, амьгүй ч бай аливааг хүндэтгэх, хайрлах, мэдрэх нь тогтвортой хөгжлийн цөмд байх ёстой чухал боловсрол. Үүнийг хэрэгжүүлэх арга технологи нь өөрийнхөө ойр орчинд байгаа зүйлийг өөрчлөх, түүний нэг хэсэг болж манлайлахаас эхлэх юм. Тогтвортой хөгжлийг бид 100 давхар байшингаар, хурдны төмөр замаар яриагүй. Тогтвортой хөгжил гэдэг сэтгэл амар, сайн сайхан амьдрах орчин нөхцлөө л өөрсдөдөө бүрдүүлэх юм. 

-2015 онд тогтвортой хөгжлийн 17 зорилт гарсан. Энэ үеэс боловсролын салбарын тогтвортой хөгжлийн асуудал яригдах болсон. Үр дүн нь хэр байгаа бол?

-Энэхүү зорилтууд гарсан үеэс л боловсролд чиглэсэн том, том баримт бичгүүд гарсан. Энэ нь тогтвортой хөгжилд хүрэх гэж байгаа л бол мэдлэг мэдээлэл, шинжлэх ухааны бүхий л асуудлууд нь өөрөө боловсролын гол хурдасгуур, хөдөлгүүрээр дамжина гэсэн ойлголт. Тэгэхээр бид дараагийн 15 жилийн боловсролоо хэрхэн харж байна вэ, түүнд юуг чухалчлах вэ гэдэг хөтөлбөрүүд гараад, зэрэгцээд хөгжиж байна гэсэн үг. Тиймээс дэлхий нийтээрээ боловсрол, сургалтын байгууллагууд болон багш нарыг чадавхижуулах үйл ажиллагаа нь цаг үетэйгээ хөл нийлүүлээд явж байна гэж ойлгож болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 98 (7083)