Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад “Даадаа групп” ХХК-ын ерөнхий захирал Б.Дашцэрэнг урьж ярилцлаа.

 

Мал эмнэлгийн салбар “хөл” байхгүй болчихлоо

Блиц:

БОЛОВСРОЛ

♦ Завхан аймгийн МБУГС-тай Дэвшил сургууль

♦ МУИС-д Экологич, байгаль хамгаалагч,

♦ ҮТИС-ийг Бизнесийн удирдлагаар төгссөн

АЖЛЫН ТУРШЛАГА

♦ 2013 оноос "Даадаа групп" ХХК-ны Ерөнхий захирал

♦ 2011-2013 он “Зэмүүн” ХХК-д

туслах ажилтан, менежер, Гүйцэтгэх захирал

♦ 2020 оноос Даян дэлхийн мишээл ТББ-ын Гүйцэтгэх захирал

Сонгуульт албан тушаал:

♦ 2005-2007 он Завхан аймгийн Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Хүүхдийн байгууллагын салбар ХОБУЗ-ын тэргүүн

♦ 2007-2009 он Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Хүүхдийн байгууллагын тэргүүн

♦ 2008-2010 он МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс Хяналтын зөвлөлийн гишүүн

♦ 2011 он Монголын Залуучуудын холбооны Ерөнхийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

-Манай байгууллага 2013 онд үүсгэн байгуулагдсан одоогоор 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос группын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэрээт харуул хамгаалалт, мах махан бүтээгдэхүүний  экспорт, мөн барилга угсралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бизнесийн салбарт ажиллаад энэ салбарыг ойлгох хэмжээнд хүртлээ 10 гаруй жил сайн, муу олон зүйлийг үзэж туулж, саад бэрхшээлүүдийг ч даван сөрсөөр өнөөдрийг хүрсэн байна.  Манай компани Монгол Улсынхаа татвар, нийгмийн даатгалын санд жилдээ 350 орчим сая төгрөг төлдөг. Ажлын ачаалал ихтэй үедээ 120 хүн ажилладаг, бичил аж ахуй нэгж юм.

Өнгөрсөн хугацаанд өөрсдөөс шалтгаалсан, дотоодын болон гадны шалтгаант гэсэн гурван том хүндрэлийг даван туулсан байна. 2015 онд Засгийн газар өөрчлөгдөж зарим том төслүүд улс төрийн хамаарлаас шалтгаалан зогсонги байдалд орж дотоодын  компаниудын хувьд тодорхой хэмжээний эдийн засгийн хямрал бий болсон. Үүний дараа аж ахуйн нэгжийн дотоодын нэг хувьсал манайд гарч байлаа. Түүнийгээ зөв зүйтэй гаргалгаагаар давж гарсан. Гурав дахь том хүндрэл бол мэдээж цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан. Ийнхүү 10 жилийн хугацаанд дээрх гурван том хүндрэлийг туулсан байна.

Монгол Улс дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Япон, Иран, БНХАУ улс руу экспортолж байна. Манай гол худалдан авагч бол БНХАУ. Махны асуудал дээр ноцтой зүйлс яригддаг. Гэвч тэр бол цөөхөн хэдэн хүний гаргаж байгаа хариуцлагагүй үйлдлээс шалтгаалдаг. Цөөнхийн хариуцлагагүй үйлдлээс болж нийт компаниудыг, тэнд ажиллаж буй мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг үгүйсгэж харлуулж болохгүй. Харамсалтай нь аль ч салбарт энэ  тохиолдол их байна. Монголд мах махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа 185 орчим аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрийн 15-20 компани гадагшаа экспорт хийх зөвшөөрөлтэй буюу бодлогын гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани анх хятад компаниудад малчдын гар дээрээс мах худалдаж авч бэлтгэн нийлүүлэлт хийх брокерын хэлбэрээр ажиллаж байсан бол сүүлийн хоёр жил зарим нэг аж ахуйн нэгжтэй хамтраад экспорт хийж үзсэн. Экспортод гаргах махны нөөц бололцоо, үйлдвэрийн хүчин чадал, дотоодын нөөц гээд асуудлууд мэдээж бий. Үүн дээр салбарын зохицуулалт хийх шаардлага бас бий. Жишээлбэл, гадагш экспорт хийх зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгжүүд нь бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, тухайн зөвшөөрлийг улсаас тодорхой шаардлага хангасан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үнэгүй олгодог боловч зарим этгээдүүд давуу эрхээр авсан тохиолдол гарч байсан. Мөн санхүүгийн хувьд худалдан авах чадвар өөр байдаг. Жишээ нь 40 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолж гаргана гэж тооцсон байлаа гэхэд тэдгээрийн дийлэнх хувийг нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Хятадын  хөрөнгө оруулалттай компаниуд экспортолдог. Яагаад гэвэл Хятадын талд худалдан авагч байгаа. Мөн Хятадын талаас аттестатчлал хийдэг учраас манай тал компаниудаа санал болгосон ч үйлдвэрийн хүчин чадал, дотоод зохион байгуулалт ариутгал зэрэг янз бүрийн жижигхэн нөхцөл байдлаас хамаараад Монгол компаниуд цөөхөн ордог. Монгол компаниудаас гэвэл “Мах импекс” ч юм уу олон жилийн түүхтэй монополь компани орж, тэднийгээ дагаж бид үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд ажиллаж байна.

Ер нь дулааны аргаар боловсруулсан мах экспортолно гэдэг инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг зүйл дэлхий дээр ганц Монгол Улсад байгаа байх. Хятад улс Хүнсний аюулгүй байдлын тухай маш том хуультай. Хятад улсын хилээр бараа бүтээгдэхүүн импортлож буй компаниуд нь Засгийн газраасаа олгосон зөвшөөрөл, квотын хүрээнд өндөр хяналтан дор  гадаад улсаас мах болон хүнсний бүтээгдэхүүнээ хилээрээ нэвтрүүлдэг. Хоёрдугаарт, манайд малын гоц халдварт өвчин их гардаг. Энэ вакцинжуулалттай л холбоотой. Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллага гэж олон улсын байгууллага бий. Энэ байгууллагад манай улсаас жил бүр малаа эрүүл гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр хүсэлт илгээдэг юм. Манайх хүсэлтээ өгөөд шийдвэрлэхийг нь хүлээж байх явцад Монгол Улсын аль нэг аймаг, орон нутагт шүлхий ч юм уу ямар нэг малын гоц халдварт өвчин гарчихдаг. Ингэхээр Монгол Улсыг бүхэлд нь эрүүл бүс гэж зарлаж болдоггүй. Тийм учраас манай гол худалдан авагч Хятад улс мах авахдаа адууны махнаас бусад төрлийн малын махыг заавал дулааны боловсруулалт хийхийг шаарддаг, энэ нь малын гоц халдварт өвчний вирусийг нь л идэвхгүй байдалд оруулж байгаа хэлбэр юм. Энэ аргаар боловсруулсан махыг худалдан авагч тал дахин боловсруулж хэрэглэдэг учраас үнийн хувьд бусад улсын ижил түвшиний экспортын  махнаас харьцангуй бага тогтоогддог.

Мөн малын гоц халдварт өвчин малаас хүнд, хүнээс малд халддаг. Үүнийг ярихад вакцинжуулалтыг заавал ярих шаардлагатай. Улс бол тендер зарлаад аль нэг улсаас вакцинаа аваад хийж байна. Ингэж ханган нийлүүлэлтийг нь сайн хийж чадсан ч малчны хотонд очоод мал эмнэлгийн салбар нь "хөл" байхгүй болчихсон. Малын эмч нар хөдөө орон нутагт ажиллахаа больчихсон. Мэдээж аймаг сум бүрт мал эмнэлгийн тасаг байгаа. Гэвч ачаалал ихтэй эсвэл өөр бусад ямар нэг шалтгаанаар вакцинаа малчдад өгөөд өөрсдөө тариарай гээд явуулдаг. Малчин түүнийг нь малын эмнэл зүйн стандартынх нь дагуу тарьж байна уу үгүй юу гэдэг эргэлзээтэй.

Нөгөө талаар үнэхээр 180 төрлийн эмийн ургамлыг бид малын махаараа дамжуулж иддэг гэдгээ баталгаажуулъя гэвэл өнөөдөр малын тоонд бус чанарт анхаарах зайлшгүй шаардлага тулгарсан.

 

Арьс шир экспортлохыг хориглосон тогтоолыг эргэж харах шаардлагатай

-Малын махнаас гадна экспорт хийх ёстой зүйлүүдийн нэг бол яах аргагүй арьс шир. Харамсалтай нь Засгийн газар 300 дугаар тогтоол батлаад арьс ширний экспортыг хориглочихсон. Үүнээс болоод арьс ширээ гаргаж чадахгүй гацаанд орсон. Нөгөө талаар Монголын уламжлалт байдлаар төхөөрсөн малын  арьс, шир заавал эсгэгдэж, гэмтэх тохиолдол гардаг. Тэрийг манай улсын үйлдвэрүүдэд ашиглаж байгаа технологиор боловсруулах ямар ч боломж байхгүй. Нэг ёсондоо Хятад улс манай хаягдалыг үнэ хүргэж авч байсан бол одоо зарим нэг хүмүүсийн буруу мэдээллээс болоод экспорт зогссон. Жил болгон техникийн зохицуулалт хийж байж хэдэн малын арьс ширээ гаргадаг. Манайх арьс ширний экспортыг хориглоод хязгаарлалт тавиад эхлэнгүүт Хятадын худалдан авагч аж ахуй нэгжүүд “Танайх арьс ширээ хагас боловсруулалт хийсний дараа манайх худалдаж авна” гээд зөрүүлээд нэмэлт шаардлага тавиад эхэлсэн. Аргагүй ч  үгүй биз дээрх тогтоолоос болж манай улсад үйл ажиллагаа явуулж байсан Хятадын хөрөнгө оруулалттай арьс ширний ААН-үүдийн бараа бүтээгдэхүүн Эмээлтэд гэхэд л  8-9 тэрбум төгрөгийн хөрөнгө гацсан. Үүнээс болж нэхий өлөн 100 төгрөгийн үнэтэй болж унасан. Тэгэхээр энэ бол хувийн хэвшил төрийн байгууллага хоёрын хоорондын уялдаа холбоо муугийнх. Мөн өнөөдрийн багахан ашгаа бодож нийтээрээ ирээдүйд олж болох өндөр боломжийг хаасан цөөн тооны хүмүүсийн буруу үйлдлээс болсон хэрэг. Мөн бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс амьдралын гүн рүү орж асуудлыг судалж үзэхгүй байгаагийн гол хор уршиг энэ юм.

Бид өнөөдөр бэлчээрийн даац хэцүү боллоо цөлжилт их байна, элсний шуурга, эко системийн эвдрэл гэж ярьж байна. Энэ бас л төр засгийн буруу шийдвэртэй холбоотой. Тоог чухалчилсан дэмжлэг их байдаг. Хэдийгээр малаа өсгөөд мянгат малчин болох нь тухайн хүний эрхийн асуудал. Гэвч мянгат малчин болчих юмсан  гэдэг хүний сэтгэлгээ  түүн дээр дөрөөлсөн улс төрчдийн нэвтрүүлсэн урамшуулалт системүүд байна. Жишээ нь, ноос ноолуурын урамшуулал.    Ноолуурын урамшууллаас болж ямаа маш их өсөж байна. Ямаа бол бэлчээрийг маш их талхалдаг, өвсийг үндсээр нь зулгааж иддэг. Тэгэхээр заавал 1000 малтай болох гэж зорих бус 300 малыг зөв зүйтэй маллаад 1000 малын хэмжээний ашиг шимийг хүртэх боломж бий.

Мал, малчин гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг, өв соёлын дархлаа юм. Гэхдээ малчдаа дэмжиж байна гээд буруу шийдвэр гаргаад байж болмооргүй. Ковидын үед аж ахуйн нэгжүүд бүх нөөцөө улсад өгч, дэмжиж ажилласан. Эргээд биднийг эх оронч сэтгэлээр ажилласаар байтал одоо татвар, нийгмийн даатгалын өр үүсээд хуримтлагдаад ирлээ. Ингээд ковидоос шалтгаалсан хямралаас гарч амжаагүй байтал хууль хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь данс хаана, данс хаасны дараа шүүхийн шийдвэр рүү шилжүүлнэ гэдэг асуудлыг ярьж байна. Ковидын үед ажлын байрыг хадгал, ажилчдаа бод эргээд дэмжинэ гэж байсан ч  бодит дэмжлэг байхгүй, хичнээн аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Аливаа зүйлийг салбарынх нь хүн асуудлаа мэдэж шийддэг байвал яваандаа учрах хор хохирол нь бага баймаар санагддаг. Алдаатай шийдвэр гаргаж 10 удаа засаж, цаг хугацаа, татвар төлөгчдийн мөнгийг үрэхийнхээ оронд маш сайн судалгаатай, бодитой шийдвэрийг нэг удаа гаргах юм бол эдийн засагт хэрэгтэй. Бидний төлж байгаа энэ татварын мөнгө хэрэгцээ, шаардлагатай зүйлдээ очихгүй, хий дэмий  үрэгдээд байгаад сэтгэл эмзэглэж явдаг.

 

Компанийн хууль монополь группуудыг дэмждэг

-Хувийн хэвшилд ажиллаж байгаа бид Татварын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуультай нүүр тулдаг. Үүн дээр Зөрчлийн хууль нэмэгдлээ. Уг нь татвар болон нийгмийн даатгалын байцаагч нар аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үүрэгтэй байсан. Татварын тайлангаа ийм хугацаанд ингэж тайлагнах ёстой шүү гэж зааж зөвлөдөг байлаа. Гэтэл Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш шууд утгаараа хэрэг бүртгэлийн ажил хийдэг, орлого татан төвлөрүүлэх, зөвлөн дэмжих үндсэн чиглэл нь байхгүй болчихсон.

Зөрчлийн хуулиар юм л бол торгоно, хаана, бооно гэдэг болсон. Ингээд компаниуд икс тайлан өгдөг ч юм уу эдийн засгийн далд хэлбэр рүү шилжих нэг нөхцөл бүрдэж байна. Бүх зүйлийг Зөрчлийн хуулиар далайлган торгоод байх нь хэр зөв бэ гэдгийг бас эргэж харах хэрэгтэй. Компанийн тухай хууль бол монополь түвшнийхэнд л зориулсан хууль гэж санагддаг. IPO хийх, хувьцаа тараах эзэмших, зарах, борлуулах гэх мэт "том" юм ярьдаг компаниудад хамаардаг. Гэтэл манайд компанийн засаглал тийм сайн хөгжиж байгаа билүү? Нийгмийн даатгалын хууль бас учир дутагдалтай. Монгол Улс дөрвөн 10-ын татвар гэж сүрхий том татвартай. Гэтэл буцаан олголт нь шударга явагддаг уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Энэ мэтээр татвар, нийгмийн даатгалын хуулиуд жирийн аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байгаа.

Мөн Тендерийн буюу орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдаж авах хууль байна. Бас л том, монополь компанид давуу эрх олгочихсон. Дөнгөж байгуулагдсан аж ахуйн нэгж тодорхой шаардлагуудаа хангаад, мэргэжилтэй боловсон хүчиндээ тулгуурлаад тендерт ороод ашгаараа босох ямар нэгэн боломж байхгүй. Жишээ нь тендерийнхээ зөвлөмж дээр “Сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын дунджийг харгалзана” гээд заачихсан. Нэг талаар дээр дурдсанчлан улсын хөрөнгөөр хийж байгаа, татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа учраас зохих шаардлага байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаас аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих юм гэдэг нь тодорхой биш.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)