Б.БЯМБАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор "Степпелинк Холдинг" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал, "Степпе Арена" компанийн захирал Ц.Одонтуяаг урьж ярилцлаа.
"Степпе Арена" олон улсад Монголыг сурталчилна
Блиц
Боловсрол:
♦ КТМС-ийг Маркетинг, Санхүүгийн менежментээр төгссөн.
♦ Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй
Ажлын туршлага
♦ "Чоно" группт Маркетинг судалгааны менежер
♦ "Гангар Холдинг" компанийн Маркетингийн менежер
♦ "Степпелинк" компанид Бизнес хөгжлийн менежер
♦ "Степпелинк" компани, ESAN төслийн удирдагч
♦ "Степпелинк Холдинг" компани, Бизнес Хөгжлийн Газрын захирал
♦ "Степпелинк Холдинг" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал, Степпе Арена компанийн захирал
"Степпе Арена" бол одоогоор олимпын стандартад нийцсэн Монгол Улсад байгаа цор ганц спортын байгууламж юм. Тиймээс тив, дэлхий, олон улсын чанартай спортын тэмцээнүүд "Степпе Арена"-д зохион байгуулагдаж байна.
Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард UNC спортын 15 холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бол гуравдугаар сард 18 насны Хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн, насанд хүрэгчдийн Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хүлээн авч амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-ын алдартай уран гулгагчид үзүүлэн тоглолт хийж, тогтмол тэшүүрээр хичээллэдэг 50 хүүхдэд үнэ төлбөргүй мастеркласс хичээлд хамрагдах боломжийг олголоо. Үзэгчдийн сэтгэгдэл өндөр түвшинд байж үзэсгэлэнтэй, сэтгэл сэргээсэн тоглолтыг үзүүлж чадсан. Түүнчлэн зөвхөн спортоор хязгаарлагдалгүй төрөл бүрийн эвент, экспо, урлаг, соёлын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг зорин ажиллаж байна. Ирэх зургадугаар сард Жудо бөхийн их дуулга тэмцээнийг ордондоо хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Степпе Арена"-д болно. Энэ тэмцээнд урьдчилсан байдлаар дэлхийн 60 гаруй орноос тамирчид, тэмцээний баг бүрэлдэхүүн ирэх мэдээлэл байна. Тэгэхээр "Степпе Арена"-гийн бүтээн байгуулалт хийгдсэнээр гадаадад манай улс дэлхийд өөрсдийгөө сурталчлах, олон улстай эн зэрэгцээ түвшинд гэдгээ таниулах төдийгүй дотооддоо спортоо хөгжүүлэх олон боломж нээгдсэн гэж үзэж болно. Жишээлбэл, Хоккейн IV Дивизоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход олон улсаас ирсэн төлөөлөгч, спортын баг, тамирчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх стандарттай Арена үнэхээр байдагт эргэлзэж байсан, I Дивизоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ч өндөр зохион байгуулалттай болсныг онцлон баяр хүргэж байсан. Тэгэхээр "Степпе Арена" бол зөвхөн спортын байгууламж биш Монгол Улсыг олон улсад сурталчлах жуулчдыг татах аяллын бүтээгдэхүүн болсон гэж хэлж болно. Энэ үүднээсээ аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилгыг тээж “Хархорум” хөгжмийн фестивалийг уламжлал болгон зохион байгуулж байгаа. "Степпе Арена" байгуулагдсанаас хойш 100 гаруй үйл ажиллагааг бие даан болон хамтран зохион байгуулж нэг сая гаруй хүнд үйлчилсэн байна.
Сайжруулалтыг тогтмол хийх шаардлагатай
Олон нийтийн дунд аливаа шинэ байгууллага, үйлчилгээний газрыг анх нээгдэхдээ гоё, шинэлэг, тав тухтай байсан ч удалгүй үйлчилгээ, орчин нөхцөл муудчихдаг гэсэн шүүмжлэл, сэтгэгдэл байдаг. Энэ бол тогтмол сайжруулалт, стандартын мөрдлөг, хяналттай нягт холбоотой. Манай "Степпе Арена" тив, дэлхийн олон тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахын тулд үргэлж сайжруулалт хийж менежментээ боловсронгуй, оновчтой байлгахад анхаарч ажилладаг. Энэ нь тухайн байгууллага, үйлчилгээний газрын урт удаан тогтвортой амжилттай явахын үндэс болдог. Бид 2021 оны есдүгээр сард үүдээ нээснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон тэмцээн, үзэсгэлэн, экспо, тоглолтыг зохион байгуулж туршлагажсан хэдий ч тэмцээн бүрийн өмнө, аливаа нэг үйл ажиллагаа бүрийн өмнө сайжруулалт заавал хийдэг. Ялангуяа олон улсын тэмцээнийг зохион байгуулах эрх авсан тохиолдолд тэмцээний өмнө зохион байгуулагч комиссын зүгээс стандарт, цэвэрлэгээ, үйлчилгээ, аюулгүй байдлыг маш нарийн шалгадаг.
Байгууллагууд өөрсдөө үлгэр жишээ болж үзэгчдийн соёлоо тогтоодог, түгээдэг байх хэрэгтэй
Үзэгчид харьцангуй соёлтой болсон. "Степпе Арена"-гийн хувьд үзэгчид өөрсдөө соёлыг бүтээхэд анхаарч ажилладаг. Ганц л жишээ татахад, бид өөрсдөө цэвэрлэгээ, үйлчилгээний нарийн стандартыг мөрдөж, цэвэрлэгээний жижиг хэрэгсэл, алхам бүрт ашиглалтын зааврыг тодорхой тусгаж, ажилласнаар үйлчлүүлэгч, үзэгчид хүртэл ариун цэврийн өрөөг соёлтой, цэвэрхэн ашиглаад гардаг болсон. Одоо ямар ч том эвент, үйл ажиллагааны дараах ариун цэврийн өрөө болон анхны эвент, тэмцээнээ зохион байгуулсны дараах ариун цэврийн өрөөний байдлын дүр зураг асар өөрчлөгдсөн. Хүн ямар орчинд байгаагаас шалтгаалан түүнтэй зохицуулан биеэ авч явдагтай адил үзвэр, үйлчилгээний орчин цэвэр, цэмцгэр, нарийн зохион байгуулалттай, эерэг, дулаан уур амьсгалтай байхад үйлчлүүлэгч маш зөв, соёлтой, сэтгэл ханамжтай үйлчлүүлдэг. Үйлчилгээний байгууллага өөрсдөө үлгэр жишээ болж үзэгчдийн соёлыг тогтоох хэрэгтэй. Энэ бол манай менежмент, үйл ажиллагаандаа мөрддөг стандартын зөвхөн нэг жишээ юм. Тэгэхээр үйлчилгээ, үзвэрийн байгууллагууд өөрсдөө үйлчлүүлэгчдийнхээ соёлыг тогтоодог болох хэрэгтэй. Мөн Степпе Арена товлосон цагтаа эхэлдэг. Үүнийг үзэгчид мэддэг болсон. Хамгийн чухал менежмент буюу товлосон цагтаа үйл ажиллагаа нь эхэлдэг, үзэгчид нь цагаасаа өмнө ирээд суудлаа эзлээд тухалсан байдаг тэр үнэт соёлыг Монголд тогтоох, түгээхээр хичээн ажиллаж байна.
Ашиглалтын зардалд тарифын хөнгөлөлт олговол том дэмжлэг болно
Спортын хэд хэдэн холбоодууд болон байгууламжууд Монголд бий. "Степпе Арена" нь нээлтээ хийсэн цагаасаа Монголын Спортын холбоодуудтай хамтран ажиллаж байгаа. Ингээд нэг жил гаруйн хугацаанд хамтран ажиллахад төрөөс спортын холбоодоо дэмжин ажиллах шаардлагатай харагддаг. Зарим холбоо 3-5 хүний цөөн бүрэлдэхүүнтэй ажилладгаас үйл ажиллагаа нь хумигдмал байдаг. "Степпе Арена" бол хувийн байгууллага боловч спортын холбоодоо дэмжиж ажилладаг. Улсынхаа спортын хөгжилд хувь нэмрээ өөрсдийн боломжоор оруулахын тулд бэлтгэлийн цагийг гаргаж өгч байгаа.
Цахилгаан, ашиглалтын зардал асар өндөр байдаг учраас зардлаа нөхөхийн тулд эвент, арга хэмжээг тасралтгүй хүлээн авч, зохион байгуулдаг. "Степпе Арена" үргэлж мөсөн шалтай байх боломжтой боловч ашиглалтын зардал өндөр гардаг учраас шалаа сольж, олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Олон нийтийн дунд тэшүүрээр гулгах нь харьцангуй бага бөгөөд ихэнх үйлчлүүлэгчид анхлан гулгагчид байдаг. Тиймээс зөвхөн тэшүүрийн гулгалт ажиллуулах нь санхүүгийн хувьд маш их хүндрэлтэй. Түүнчлэн олон улсад спортын холбоодууд бэлтгэл хийхдээ төлбөр төлдөг бол манай холбоодуудад санхүүгийн бололцоо тааруу. Шорт трек, тэшүүр, уран гулгалт, хоккейн тамирчид манайд хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй нөхцлөөр бэлтгэл хийдэг. Тиймээс тог цахилгаан, ашиглалтын зардалд тарифын хөнгөлөлт үзүүлбэл бидний хувьд том дэмжлэг болно. Энэ нь дам утгаараа манайд бэлтгэл хийж буй спортын тамирчдад үзүүлж буй хөнгөлөлт гэсэн үг юм.
"Степпе Арена" байгуулагдсанаар хоккейн хөгжил нэг шат ахисан
"Степпе Арена" үүд хаалгаа нээсэн цагаасаа Монголын Хоккейн холбоотой хамтран ажиллаж манайд бэлтгэл, сургуулилт, Үндэсний лигийн тэмцээнээ хийсээр ирлээ. Монголын Хоккейн спортын хөгжилд "Степпе Арена" том хувь нэмэр оруулж нэг шат ахихад нь дэмжлэг болсон гэж харж байна. Өмнө нь гадаа хүйтэнд, өглөө болон оройн цагаар бэлтгэлээ хийдэг байсан бол одоо "Степпе Арена"-д хүссэн цагтаа ирээд бэлтгэлээ хийх боломжтой. Хоккейн тамирчдын бэлтгэл сургуулилтыг харах бүртээ тамирчдын дайчин, хичээнгүй чанарыг харж тэднээр бахархдаг. Бүх тамирчид ардаа гэр бүлтэй, бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар ажил хийдэг, цалин, хангамж тааруу. Энэ хүндрэл, бэрхшээлийг мэддэг учраас бид өөрсдийн бүх бололцоогоор тусалж хамтран ажилладаг. Тухайлбал, Монгол Улсад анх удаа шайбтай хоккейн IV Дивизоны Дэлхийн аварга шалгаруулах хоккейн тэмцээн "Степпе Арена"-д зохион байгуулагдсан. Нийт дөрвөн орны тамирчид оролцсоноос манай тамирчид мөнгөн медаль хүртэж ирэх жил ДАШТ-д дахин орох эрхээ баталгаажууллаа. 11 жилийн дараа ДАШТ-д оролцож медаль хүртсэн нь Хоккейн спорт үсрэнгүй хурдтайгаар хөгжиж байгааг илтгэнэ. Тэгэхээр энэ үйл явдлаас тамирчдаа бэлтгэл хийх шаардлагатай бүх нөхцөл, хэрэгслээр хангаж чадвал монголчуудыг гомдоохооргүй амжилт үзүүлэх чадвартайг харж болох юм. Холбогдох яам, Спортын хороо, төр засгийн зүгээс спортын холбоодуудыг дэмжиж ахисан түвшинд хичээллүүлэх шаардлагатай байна. Манайд ирж байгаа олон улсын тамирчдыг харахад зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулдаг. Тэдний нийгмийн болон гэр бүл, бусад санхүүгийн асуудал нь бүгд шийдэгдсэн байдаг. Хоол зүйч, сэтгэл зүйч, эмч зэрэг бүх шаардлагатай мэргэжилтнүүд багт ажилладаг. Нэгдсэн спортын менежменттэй байх жишээтэй. Спортын менежментийг хөгжүүлснээр манай баг, тамирчид илүү том амжилтад хүрч чадна.
Инновац бол бизнесийн үнэт зүйл
"Степпе Арена" дөрвөн улирлын, олон төрлийн зориулалт бүхий шалтай. Үүнийг хэрхэн ашиглаж ямар төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах нь тухайн байгууллагын талбайн менежментийн асуудал юм. Олон улсад ч маш олон төрлийн шоу, арга хэмжээ, спорт, урлагийн наадмыг зохион байгуулдаг. Манай байгууллага анх талбайн менежментээр мэргэшээгүй байсан. "Степпе Арена" спорт, урлаг хосолсон том техник, технологийн бүтэц бүхий асар том байгууламж учраас үүнийг ажиллуулах нь бидний хувьд цоо шинэ даалгавар байсан. Хэрхэн үр ашигтай, техникийн саатал, гэмтэл багатайгаар үйл ажиллагаа явуулах вэ гэдэгт анхандаа барьц алдах үе байсан. Тиймээс бид Олон улсын “Venue management association”-ийн гишүүн болж АНУ-ын UNC Аренагийн төлөөлөгчөөс сургалт авч байлаа. Тэднээс олон үр дүнтэй зохион байгуулалтын аргуудыг суралцсан. Ажилчдаа чадавхжуулах нь байгууллагын төлөвлөлт, гүйцэтгэл үр дүнтэй болоход том нөлөө үзүүлдэг. Инновац бол бизнесийн үнэт зүйл. Манай компани бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаандаа шинэлэг технологи, инновацийг нэвтрүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, спортын салбарт хувь нэмрээ оруулдаг үндэсний тэргүүлэгч компани болж, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болохын тулд хичээн ажиллаж байна.
Төлөвлөлт, менежмент бол урт хугацааны тогтвортой амжилтын гол үндэс
Байгууллагуудын гаргаж буй нийтлэг алдааг харахад төлөвлөгөө хийчихээд эргэж түүнийхээ гүйцэтгэлийг хянаж, байнгын сайжруулалт хийхгүй байснаараа алддаг. Тухайлбал, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргаж үйл ажиллагаагаа явуулахдаа сайжруулалтыг тогтмол хийж байх ёстой. Юун дээр алдсан бэ, алдаанаасаа хэрхэн суралцах вэ, үүнийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай. Үүнийг хийдэггүйгээс өнөө цагийн бизнесийн хурдтай, ширүүн өрсөлдөөнд ялагдах сул талыг бий болгодог. Мөн алдааг ажилтнаасаа биш процессоос хайх нь чухал. Удирдлагуудын хувьд эрх мэдлийг хэт өөрсдөдөө төвлөрүүлээд байдаг нь учир дутагдалтай гэж боддог.
Байгууллагын алсын харааг хэрхэн тодорхойлсноос үйл ажиллагааны зорилго, менежментийн бодлого тодорхойлогдоно. Зөвхөн мөнгөн ашгийн төлөө ажилладаг, төлөвлөлтгүй явдаг байгууллагуудын үйл ажиллагаа урт хугацаанд бизнесийн орон зайд үлдэж чаддаггүй. Бизнесийг модоор төсөөлбөл алсын хараа бол модны үндэс. Тэндээс бизнесийн бодлого, төлөвлөлтийн дагуу гүйцэтгэлийн мөчрүүд урган гарч үүнийгээ эргэн дүгнэх замаар бизнесийн зорилгодоо хүрдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 91 (7076)