Б.БЯМБАЖАРГАЛ
Тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн хурандаа цол олгож эхэлсэн замналын талаар Монголын тагнуулын байгууллагын хурандаа нарын холбооны тэргүүн Г.Цэрэнпунцагтай ярилцав.
-Тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн хурандаа цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой ирэх онд тохиох юм байна. Иймд та цэргийн энэ хүндтэй цолны үүсэл, замналын талаар товч ярих уу?
-Цэргийн хурандаа бол дэлхийн цол юм. Монголын цэргийн байгууллагуудын албан хаагчдын хувьд 1936 оноос цэргийн дүрэмт хувцас, цэргийн алдар цолыг албан ёсоор хэрэглэж эхэлсэн байдаг. Тэр үед БНМАУ-д маршал Г.Дэмидээр удирдуулсан Батлан хамгаалах яам, маршал Х.Чойбалсангаар удирдуулсан Дотоод явдлын яам гэсэн төрийн захиргааны цэргийн хоёр том яам байсан. Батлан хамгаалах яамны алба хаагчид 1936 оны гуравдугаар сараас, Дотоод явдлын яамны алба хаагчид 1936 оны долдугаар сараас цэргийн цолонд шилжжээ. Миний бие Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1979 оны долдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Улсыг аюулаас хамгаалах байгууллагад анх офицероор томилогдон ажилд орж байлаа. Гэтэл 1936 оны долдугаар сарын 16-ны энэ өдөр Дотоод явдлын яамны сайд маршал Х.Чойбалсангийн тушаалаар Дотоод явдлын яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын алба хаагчдад анх цэргийн цол олгосон огноотой таарч байсан. Дотоод явдлын яам, харьяа салбар нэгжүүдийн алба хаагчид цэргийн цол тэмдэг, дүрэмт шилжин “БНМАУ-ын Дотоод явдлын яам ба түүний хязгаарын ангийн хувьсгалт цэргийн командлах ба захирах тушаалтны алдар цолтны тогтоол, дүрэм”-ийг баталжээ. Тухайн дүрмээр отоод явдлын яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын алба хаагчдын цолны дэсийг Нэгдүгээр комиссар, Хоёрдугаар комиссар, Гуравдугаар комиссар, Тохинуулагч, Энхжүүлэгч, Хичээнгүй, Хамгаалагч, Хүмүүжүүлэгч гэсэн байдлаар зүйлчилж, Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын удирдах албан тушаалтанд цэргийн Тохинуулагч цол олгож эхэлсэн нь цэргийн хурандаа цолтой дүйцүүлж байжээ. 1936-1940 онд Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын салбар, нэгжүүдийг удирдаж байсан 12 албан тушаалтанд цэргийн Тохинуулагч цол олгосон бөгөөд тэд улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байжээ. Харамсалтай нь, тэдгээр Тохинуулагчдын дийлэнх нь улс төрийн хилс хэрэгт холбогдон хэлмэгдсэн гашуун түүх байдаг.
-Тагнуулын байгууллагын алба хаагчдын цэргийн цолны замнал 1936 оны долдугаар сарын 16-наас эхэлсэн гэж үзэх үндэстэй байхад цэргийн Хурандаа цолны үүслийг өдрийг яагаад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэдэг юм бэ?
-Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын алба хаагчид 1940-1944 онд Орос цэргийн цолыг хэрэглэж байсан байдаг. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор цэргийн дүрэм, цолыг шинэчилж, МАХЦ-ын нийт дарга нарыг офицер гэж нэрлээд одоогийн цэргийн цолонд шилжсэн юм. Энэхүү тогтоолыг үндэслэн Дотоод явдлын яамны сайдын 1944 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Алдар цол шагнах тухай тушаалаар Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын дарга, орлогч сайд Б.Дүйнхэржав, Гадаад тагнуулын эрхэлсэн орлогч сайд Б.Дордог, Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын нэгдүгээр хэлтсийн дарга Ж.Намжил нарт цэргийн хурандаа цол олгожээ. Тэгэхээр тэр үеийн Улсыг аюулаас сахиж хамгаалахын одоогийн Тагнуулын байгууллагын алба хаагчдад 1936 оны долдугаар сарын 6-ны өдрөөс цэргийн Тохинуулагч, 1944 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс цэргийн Хурандаа цолыг олгож эхэлсэн байгааз. Ийм учраас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр монголын Тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн Хурандаа цол олгож эхэлсний 79 жилийн ой тохиож буй хэрэг. Хурандаа Б.Дүйнхэржав хожим цэргийн генерал цолтон болсон тул Тагнуулын байгууллагын анхны хурандаа бол Дотоод явдлын яамны гадаад тагнуулын эрхэлсэн орлогч сайд Б.Дордог гэж үзээд бид 2022 онд байгууллагынхаа 100 жилийн ойгоор түүний алдрыг тэмдэглэсэн.
Б.Дордог бол бүрэн эрхт Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд үнэлж баршгүй гавьяа байгуулж, үүрэг гүйцэтгэж тагнуулын байгууллагын түүхэнд нэрээ тодоор тамгалсан Монгол тагнуулч юм.
Нэгэн сонирхолтой мэдээ хэлэхэд Монгол Улсад цэргийн генерал цолыг 1944 онд бий болгож 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарахад тэнд ДЯЯ-ны сайд Шагдаржав хошууч генерал болсон. Тэрээр генерал цолтон болсныхоо маргааш дөрөвдүгээр сарын 29-ны өдөр 116 тоот тушаалаа гарган дээрх гурван хурандаа цолтон төрөн гарсан байдаг. Булган сүүлтэй байна уу?
-Тийм байна. Гэвч тагнуулын үйл ажиллагаа нууц байдаг учраас тагнуулчийн гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг төдийлөн мэддэггүй. Тэр ч үүднээсээ Тагнуулын байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд сайнгүй байх шиг санагддаг?
-Үе үеийн тагнуулчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж эх орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах үүргийг амжилттай биелүүлж ирснийг түүх гэрчилнэ. Манай холбооны зүгээс хурандаа нарын улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн гавьяаг таниулан сурталчлах зорилгын хүрээнд “Монголын тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгож ирсэн түүхэн замнал” онол, практикийн бага хурлыг зохион байгуулж анхны хурандаа нарын амьдрал, түүхэн замналын судлагаа, илтгэлийг хэлэлцэн эмхэтгэл гаргасан байгаа. Тухайлбал, “Монголын тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгож ирсэн түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал дээр ТЕГ-ын Тусгай архивын орлогч дарга, Түүхийн ухааны доктор, хошууч Б.Эрдэнэбилэг Монголын тагнуулын байгууллагын анхны хурандаа Б.Дордогийн улс орныхоо үндэсний аюулгүй байдлын талаар гүйцэтгэж байсан үүргийн талаар сонирхолтой илтгэл тавьсан. Анхны хурандаа Б.Дордогийн Дотоод явдлын яамны гадаад тагнуул эрхэлсэн орлогч сайд, гадаад тагнуулын газрын даргаар ажилласан жилүүд нь дэлхийн II дайны төгсгөл өрнөсөн, Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, бататгах, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах түүхэн цаг үе байлаа. Энэ үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж хэд хэдэн чухал үйл явдалд оройлон оролцсоныг тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, 1945 оны зургадугаар сарын 26-ны өдрийн Дотоод явдлын яамны сайдын 227 тоот тушаалаар хязгаарын зургадугаар отрядын харьяа газар гүйцэтгэх буюу байлдааны үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт отряд буюу тусгай суманг тус отрядын цэргүүдээр байгуулахыг зааж хурандаа Б.Дордогт захируулахаар тушаажээ. Ийн ЗХУ, БНМАУ-ын Засгийн газруудаас Японы эсрэг чөлөөлөх дайн зарлах бэлтгэл ажил юуны өмнө Монгол Ардын Хувьсгалт цэргийн жанжин штаб, Дотоод явдлын яамны шугамаар 1945 оны долдугаар сарын сүүлчээр нэн нууц хийгдэж эхэлсэн байгаа юм. Энэ мэт дайны үеийн нөхцөл байдалд зохицуулан авч байсан зохион байгуулалтын арга хэмжээнүүд нь тухайн үеийн тагнуул, эсэргүүцэн тагнах үйл ажиллагааг сайжруулахад үндсэн чухал нөхцлийг бүрдүүлж байв. Энэ мэт түүний эх орныхоо төлөө гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг дурдвал маш их чухал баримтууд бий.
-Ирэх жил 80 жилийн тэгш ой тохионо. Ойн бэлтгэл ажил хэр явж байна вэ?
-Хурандаа цол олгож эхэлсний 79 жилийн ойн хүрээнд Хурандаа нарын дунд ТЕГ-ын дарга асан Монгол Улсын гавьяат хуульч, шатрын спортын мастер Ж.Энхнасангийн нэрэмжит шатрын тэмцээнийг амжилттай явуулж аваргаа шалгарууллаа. 2024 онд Тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн Хурандаа цол олгож эхэлсний 80 жилийн ой тохиох тул бид тэр үеэр үе үеийн тагнуулч хурандаа нарынхаа амьдрал, үйл ажиллагааг алдаршуулан мөнхжүүлэх, эх оронч дайчин уламжлал, үйлсийг нь залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар нэлээд өргөн хүрээтэй тодорхой ажил, арга хэмжээ зохиохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 87 (7072)