Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

“3ууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ХААИС-ийн багш, доктор Ч.Хуланг урьж, ярилцлаа. Тэрбээр “Монгол болон Америкийн уугалуудын домог зүйн харьцуулсан судалгаа” нэг сэдэвт ажлаар МУИС-д профессор С.Дуламын удирдлагаар докторын зэрэг хамгаалсан юм. 

 

Уугуул хүмүүсийн домог зүй  ямар талаараа адилхан юм гэдгийг тусгасан

Блиц: 
Чимидциеэгийн Хулан

Мэргэжил: 
Монгол хэл, уран зохиолын багш, судлаач, англи хэлний орчуулагч

Судалгааны чиглэл: 
Монгол утга соёл, аман түүх, Англи хэл заах арга зүй
 
Докторын ажлын сэдэв: Монгол болон Америкийн уугалуудын домог зүйн харьцуулсан судалгаа

-Социализмын үед ОХУ-тай ах дүүгийн холбоотой хэмээн нэрлэгдсэн ч бид соёлын колончилолд оршиж байсан. Энэ үед зөвхөн аман зохиолын төрөл зүйл гэдэг явцуу хүрээнд домгийн судалгаа хийсэн байдаг. Харин 1990 он гарснаар монголчуудын танин мэдэхүйд цоо шинэ  үе эхэлсэн. Аливааг олон талаас нь харсан, хөгжлийг шинэ үзэл хандлагаар тодорхойлсон, технологийн хувьсал хурдан ийм цаг үе иржээ.  Домог зүй бол хүн төрөлхтний сэтгэлгээний анхдагч хэлбэр учраас ямар ч өөрчлөлт дунд өөрийнхөө мөн чанарыг авч үлдэж чадсан. Нийгэм, хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачид домог зүйн онцлогийг олон талаас нь судалдаг.

Би судалгааны ажлаа 2005-2012 он хүртэл хийсэн. Монгол домог зүйг судалсан  багш нар, эрдэмтэн, судлаачдын судалгаан дээр үндэслэн Америкийн уугуулуудын домог зүйн харьцуулсан судалгаа хийсэн нь харин анхдагч гэж хэлж болно. Судалгаандаа Америкийн уугуулууд Ази тивээс нүүдэллэсэн нүүдэлчид юм уу  гэдгийг батлахаас илүүтэй энэ хоёр угсаатны домог ямар талаараа адилхан юм гэдгийг судлан тодорхойлох оролдлого хийсэн. Яг үнэндээ монгол болон Америкийн уугуулууд хоёрыг домог зүйгээс өөр зүйлээр харьцуулан судална гэхэд тун төвөгтэй. Ингэхдээ үндсэн шинжээ хадгалж байдаг ертөнцийн үзэл, нар сар, од эрхэс, хүний үүслийн  домогтой харьцуулсан. Монгол домог уугуул шинжээ илүү хадгалсан онцлогтой, хэсэг бусаг, тасархай энгийн өгүүлэмжтэй байдаг. Харин Америкийн уугуулуудын домогт эрч хүч, итгэл үнэмшил, өвөг дээдийн сүр хүч, захиас гэх үзэл хүчтэй шингэсэн.

Мөн домгийг онцлог болгож буй нь тоо, өнгө, зүг чигийн бэлгэдэл байсан. Үүний үндсэн шинж нь монголчуудын дунд хадгалагдаж буйг С.Дулам багш судалсан байдаг. Уугуул болох тусмаа адилхан болох нь ойлгомжтой. Гэхдээ судалгаагаар Америкийн уугуулуудын домог зүйд бэлгэдэл  гэсэн элемент ажиглагдаж байсан нь их сонирхолтой. Уугуулууд өвөг дээдсийн сургаал, заасан зам, домог өөрөө хүч чадалтай гэж уугуулууд итгэж байсан нь их онцлогтой. Мөн домгийн дүрүүд нь адилхан байсан нь хамгийн сонирхолтой байсан.

 

Соёлоо технологийн дэвшил, шинжлэх ухааны ололттой нэгтгэж  хөгжүүлэх хэрэгтэй

 

-Даяарчлалын энэ үед уугуул соёл нь юу юм бэ гэдгийг харах зүйл бага болж, нийтийн соёлд уусах хандлага ажиглагдаж байна. Энэ цаг мөчид,  цаашдаа ч монгол угсаатан  оршин тогтнохын тулд өөрсдийн үүх түүхээ сайн судлах хэрэгтэй.  Үүний уг язгуурт нь домог зүйн судалгаа оршиж байгаа юм. Монгол угсаатан хэр удаан оршин тогтнох нь энэ судалгааны цаад мөн чанарт оршиж байгаа. Бид хэдий чинээ ондоошлоо алдана, тэр хэрээрээ өөр угсаатанд уусах  магадлалтай. Аливаа үндэстнийг булаан эзэлж, дарангуйлахын тулд соёлыг нь судалдаг. Тухайн улсын өнгөрсөн түүх, ирээдүйн хүсэл мөрөөдлийг нь судалж,  түүний өөрсдийнх нь  эсрэг ашиглаж байсан түүх бий.   

Соёлын гол  цөмд нь домог байдаг. Монгол хүн ямар байсан, ирээдүйд ямар байхыг домог зүйн судалгаа харуулах боломжтой. Хэдий өнгөрснийг судалж байгаа юм шиг боловч  ирээдүйг  илэрхийлж байгаа зүйл юм. Өвөг дээдсийнхээ олон мянган жил оршиж ирсэн нутагт монгол хүмүүс амьдарч байгаа. Нэг талаасаа барууны соёлтой ертөнцөд бид бүдүүлэг, зэрлэг, нүүдэлчид мэт харагдаж байсан ч өөрийнхөө монгол нутгийн газар шороон дээр дөрвөн улиралдаа дасан зохицсон, өвөрмөц, хаана ч давтагдашгүй соёлыг бүтээн бий болгосон ард түмэн. Энэ соёлын дор хөгжил дэвшил, баяр баясгалан, жаргал зовлон бүгдийг мэдэрч өнөөг хүртэлх түүхээ бүтээсэн.

Өнөөдөр даяарчлалын эрин. Манай залуу үеийнхэнд уугуул гэсэн юм болгон нь гологдох хандлага ажиглагдаж байна. Бусдын соёлыг хэт шүтэж, тэр нь туйлын сайхан санагдах болсон. Бусад соёлын үүднээс авч үзэхэд бидний  соёл ямар вэ гэдгийг залуучууд маань тогтож харах хэрэгтэй. Угсаатан болгон өөрийн гэсэн соёлтой. Энэ нь ард түмнийхээ амьдралын утга учрыг илэрхийлээд цаашдын итгэл урам зоригийг өгч байгаа учраас бүгд үнэ цэнтэй.

 

Ертөнцийг үзэх үзэл байхгүй бол соёл оршин тогтнох боломжгүй

 

-Монголд өөр орноос хүн ирэхэд Америкийн нэг хотоос ялгарахгүй бол монгол соёл, Монгол Улс байхгүй болж байна гэсэн үг. Тиймээс хүүхэд, залуучуудад гэр бүлийн хүрээнд хэл, соёлоо хайрлах, үзэл төлөвшүүлэх хэрэгтэй. Монголд төрж өссөн, монгол аав ээжтэй хүүхэд англиар үг хэлж, хэлд орно гэдэг сайшаах зүйл биш юм. Тэл хэлний асуудал хурцаар тавигдаж байна. Тэл хэлийг зэрэгцүүлж сурч чаддаг байх хэрэгтэй. Эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшсэн, монгол соёлоо үнэлдэг, хөгжлийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг иргэн Монгол Улсын эзэн нь байна. Эх хэл маань олон гадаад хэл сурах үүд хаалга юм. Үүнийг манай бичгийн мэргэд цаг үеийн туршид хэлсээр ирсэн. Монгол хүн дэлхийн хаана ч ажиллаж, амьдарч болно. Гэхдээ зүрх сэтгэлд нь эх орон нь  уяатай байхын тулд соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Соёлын язгуурт нь домог зүй байдаг. Домог зүй нь сэтгэлгээ юм.  Харин сэтгэлгээ нь ертөнцийг үзэх үзэл. Хэрэв ертөнцийг үзэх үзэл байхгүй бол соёл оршин тогтнох боломжгүй.

Тиймээс хүүхдийн танин мэдэхүйд уугуул соёлоороо яаж харилцаж хандах ёстойг суулгах нь чухал. Үүний тулд аав ээжүүд үр хүүхдүүддээ уламжлалт соёлынхоо талаар ярьж өгдөг байх хэрэгтэй. Би яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэж бодсон л доо. Эмээ дээрээ өссөн учраас эмээ маань хуучны дурсамж, үлгэр  домгийг ярьж өгдөг байсан учраас би сонирхлоо дагаж МУИС-ийн монгол хэлний ангийг сонгож, судлаач болъё гэж бодсон хэрэг. Хүүхэд ямар мэргэжилтэй болох, юуг сонирхож судлахад өссөн орчин, бага насны хүсэл мөрөөдөл чухал. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга их өөрчлөгдөж байгаа өнөө үед  технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн домог, үлгэрийн дүрүүдтэй хүүхэлдэйн киног бага насны хүүхдүүдэд үзүүлбэл уламжлалаа мэддэг, эх хэл соёлдоо хайртай иргэн төлөвших үндэс суурь тавигдана.

 

Домог зүйг судалснаар өөрсдийгөө ойлгоно

 

-Хэлийг домогтой холбоно гэдэг нь домгийн элементүүд хэл дотроо явж байна гэсэн үг. Хэл бол соёлоо тээж явдаг зүйл. Домог зүйн сэтгэлгээний нэг онцлог нь нийлэг сэтгэлгээ. Хүүхдүүд хэлд орохдоо яг тэр сэтгэлгээний ул мөрийг дамждаг. Домгийг өнгөрсөн зүйл бидэнд ямар хэрэгтэй юм бэ гэж бодож болохгүй. Учир нь хүн төрөлхтний оюун ухаанд баларлаг сэтгэхүйн ул мөр  оршиж байдаг. Мөн хүн төрөлхтний домогт алс хэт, ирээдүйг зөгнөсөн байдаг. Хүүхэд анх хэлд орохдоо ярьж байгаа зүйл, үйлдлүүд нь домгийн сэтгэлгээтэй таардаг. Жишээлбэл, хүүхэд нүдээ гараараа таглаад намайг олоорой гэдэг. Хүүхдийн гэнэн сэтгэлгээ нь хүн төрөлхтний домгийн сэтгэлгээний эхлэл үе байдаг. Мөн бид дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай гэдэг шүү дээ. Үүнийг толгой холбосон яруу найргийн энгийн нэгэн мөр гэж үзэхээс илүүтэйгээр домгийн сэтгэлгээний ул мөр гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эртний хүний нийлэг сэтгэлгээгээр хүн, байгаль хоёрыг ялган салгаж  үздэггүй байсан тэр цаг үеийн дурсамж, ул мөр хэлээр илэрхийлэгдэж буй нь энэ юм.  Иймд домгийн сэтгэлгээний ул мөр бидэнд өдөр тутамд явж байгаа. Монгол домог зүйн онцлог өргөн дэлгэр тархсан. Хэлэндээ хүртэл баримт нь байгаа учраас бид суралцах боломжтой. Өнөөдрийн үүднээс домог зүйг балар эртний ойлгомжгүй гэж бодохоос илүүтэйгээр бидний сэтгэлгээний ул мөр явж байна гэдгийг харвал их сонирхолтой. Домог зүйг судалснаар өөрсдийгөө илүү ойлгох боломжтой.

 

Домог зүй гэх ертөнцөд алмазан шигтгээ шиг гялалзсан  зүйл их байна

 

-Би МУИС-ийн монгол хэлний ангид ороод С.Дулам багшийн аман зохиол, бэлгэдэл зүйн сонгон хичээлийг судалж үзсэн. Тухайн үед багш маань монгол бэлгэдэл зүй сэдвээр судалгааныхаа ажлыг хийж байсан. Одоо ч судалгаагаа хийж байгаа. С.Дулам багш “Дэл уулын хадны бичиг”-ийг судалж бүжгэн жүжиг хийсэн. Үүнээс харахад хадны бичгийг домог зүйн болоод бэлгэдэл зүйн үүднээс судлахаар соёлын инновац болох жишээтэй. Тэгэхээр домог зүйг урлаг руу хөгжүүлэх боломжой. Холливудын киног давж гарсан кино хийнэ гэвэл хэцүү. Харин монгол хүний дотоод сэтгэл, домог зүй, бэлгэдэлийг харуулсан уран бүтээл хийвэл хүн төрөлхтний сонорыг мялааж, сонирхлыг татсан уран бүтээл төрөх боломжтой. Жишээлбэл, Буриадын барималч Даши Намдаковын уран барималуудад монгол домог зүйн дүр, дүрслэлүүд шингэсэн байдаг. Буриад угсаатны онцлогийг тусгасан учраас соёлынх нь онцлог гайхалтай уран баримал, урлагийн бүтээл болж чадсан.

Тэгэхээр уул уурхайгаас илүүтэй, монгол соёлын дотоод мөн чанарыг нээж,  монгол инновацаар дамжуулж ашиг олох, хүртэх ирээдүй байна гэж хардаг. Өнөөгийн нийгэмд үйлдвэрлэл, бизнес нь шинжлэх ухаан судалгаатай холбоотой байж хөгжинө гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байгаа. Нийгмийн ухааны судалгаа  бизнесийн санаанаас хол. Үүнийг олж харж чадвал домог зүй гэх ертөнцөд алмаазан шигтгээ шиг гялалзсан  зүйл их байна.

 

Домог зүйд  ёс зүй,  хандлагын асуудал тусгагдсан байдаг

 

-Домог бол эртний хүмүүсийн танин мэдэхүйн арга зам байсан.  Мөн өнөөдрийн үүднээс төсөөлж үзэхэд домог зүй  танин мэдэхүй гэхээс илүү айдсаа даван туулах, үйл ойлгогдох зүйлийн утгыг тайлах  боломжтой зүйл. Монгол домогт яаж нартай болсон юм бэ тухай гардаг. Нар байхгүй дэлхий ертөнц дээр хүн биенээсээ гэрэл цацруулж явдаг байсан.  Хүн  худал хэлээд, хулгай хийж, муу үйл хийхэд гэрэл нь багассаар дэлхий гэрэлгүй  болжээ. Тэгэхээр нь үлдсэн жаахан гэрлийг цуглуулж нарыг хийсэн юм  гэсэн домог бий.  Ингэхээр домог зүй энгийн юм шиг хэрнээ ёс зүй,  хандлагын асуудал тусгагдсан байгаа нь сонирхолтой. Мөн байгаль дэлхийгээ танин мэдэх процесстой домог холбогдож байгаа. Шинэ үед хуучин  зүйлийг хэрхэн залуу үеийн сонирхолд нийцэхүйцээр гаргаж тавих вэ гэдэг  чухал. Одоогийн хүүхдүүд цаасан хэвлэмэл, ямар ч зураггүй номыг уншина гэдэг эргэлзээтэй.  Тиймээс домгийг хүүхэд багачуудад танилцуулахын тулд зөвхөн ном бичих гэхээс илүү аудио, медиа, дижитал хэлбэрт оруулах хэрэгтэй байгааг бид маш сайн ойлгож байгаа бөгөөд үндэсний контент бүтээгчид анхааралдаа авч эхэлсэн нь сайн эхлэл. Уламжлалт мэдлэгийг шинэ үеийнхэнд яаж танилцуулах вэ,   яаж бизнес ажил болгох вэ гэдэг зүйлтэй холбогдсон шинэ санаачилга их өргөн дэлгэр болсон. Гэвч мэдээллийн эринд хаана ямар шинэ соргог зүйл болж байгааг онцолж, бодлогоор дэмжихгүй бол сонсогдохгүй, мэдэгдэхгүй өнгөрөх тал бас ажиглагддаг. “Домгийг домгоос өөр юу ч нөхөхгүй” гэсэн домог зүй судлаач  Жозеф Кампелийн үг улс үндэстнүүдэд уламжлалт соёлоо алдаж гээхгүй байхыг сануулж байна гэж ойлговол зохистой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 86 (7071)