Ч.ГАНТУЛГА
ДБЭТ-ын гоцлол дуучин, О.Хүрэлбаатар дуурийн театрын авьяаслаг уран бүтээлчдийн нэг. Энэ жил Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Б.Шаравын нэрэмжит уралдааны дэд байрын шагналыг хүртсэн амжилттай. Тэрээр алдарт дуучин Ф.И.Шаляпины нэрэмжит олон улсын наадамд оролцох урилга хүлээн авчээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн хэмжээний наадамд эх орноо төлөөлж, анх удаа оролцох гэж байна. Сандарч байна уу?
-Би олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай. Харин дэлхийн хэмжээний энэ наадамд анх удаа оролцох гэж байна. Анхны бүх зүйл сайхан байдаг шүү дээ. Тэр утгаараа багахан хэмжээний догдлол байлгүй яахав.
-Та хилийн дээс хэзээ алхах вэ. Уралдаанд ямар улсын дуучид оролцох бол?
-Красноярск хотноо ирэх сарын 7-нд болох юм. Би хоёрдугаар сарын 2-нд “Богема” дуурьт дуулчихаад явна. Арваад жил болж байж зохион байгуулж байгаа дэлхийн хэмжээний хамгийн том наадам гэдгээрээ онцлог. Дэлхийн нэр хүндтэй театрын басс хоолойтой дуучид оролцоно. Басс хоолойтнуудын цугларалт гэж хэлж болно.
-Басс хоолойг манайхан бүдүүн хоолой л гэж ойлгодог. Гол онцлог нь юу вэ?
-Хар ухаанаар тэгж ойлгож болно. Хамгийн цар хүрээтэй хоолой. Манайд басс хоолойгоор дуулдаг дуучин олон бий. Монголчуудын амьдрал ахуй, тал нутагтай холбоотой байх л даа. Уудам талдаа уртын дуугаа аялж, цэлийсэн талаар салхи исгэрүүлэн давхидаг болохоор хоолойны цар хүрээ өргөжиж, дууч хөвгүүд төрдөг байх. Ер нь манай монголчуудын дунд дуулдаггүй хүн гэж байхгүй. Дуу хуурын өлгий нутаг шүү дээ.
-Та нэлээд эх оронч юм шиг санагдлаа ?
-Хүн бүрийн сэтгэлд байх ёстой чанар. Хүн бүр Монголд төрсөндөө, монгол хүн болж төрсөндөө баярлаасай гэж хүсдэг. Манай орон шиг түүхэн уламжлалтай улс цөөхөн шүү дээ. Уран бүтээлч, монгол хүнийхээ хувьд олон улсын тэмцээнд оролцоод, эх орноороо овоглож, явахдаа бахархах сэтгэл төрдөг.
-Та яриандаа дурьдсан. Өссөн нутаг ус, байгаль орчноос хамаарч хоолойны цар хүрээ тэлдэг гэж. Та аль нутгийн хүн бэ. Багадаа дуулдаг байв уу?
-Би Сүхбаатар аймгийнх. Гэхдээ хотод өссөн. Зун амралтаараа өвөө эмээгийндээ очиж амардаг байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй дуулж хуурдан, монгол хүүхэд яаж өсдөг тэр зарчмаар л өссөн. Багаасаа урлагт сонирхолтой байсан. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд дуучин болохоор шийдсэн.
-Дуурийн театрт ороод нэг жилийн хугацаанд гоцлол дуучин болжээ. Том амжилт шүү?
-Би Цэргийн дуу бүжгийн чуулгад есөн жил ажилласан. Дуурийн театраас надад гоцлол дуучнаар ажиллаач гэсэн санал ирсэн юм. Нэгэнт л эзэмшсэн мэргэжил болохоор зөвшөөрсөн. Энэ хугацаанд багагүй дүр дээр ажиллажээ.
-Цэргийн байгууллага, урлагийн байгууллага хоёрын хооронд ялгаа их байна уу?
-Ажил амьдралын гараагаа энэ байгууллагаас эхэлсэн болохоор хамт олноороо бахархаж явдаг. Цэрэг, албаны байгууллага үргэлж дэглэм шаарддаг. Өглөө найм гэж цуглах ёстой бол цагтаа бэлэн байх ёстой. Орой найм гэж тарах бол тэр цагтаа л яв гэдэг. Нэг талаараа цаг барихыг, хийсэн бүтээсэн зүйлдээ эзэн нь байж, хариуцлагатай ажиллахыг сургасан гэж боддог. Харин дуурийн театрт ороод уран бүтээлийн тал дээр илүү нээлттэй болсон.
-Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуул хийдэг. Дуулсан дүрүүдээсээ ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Дүр бүхэн шинэ мэдрэмжийг өгдөг. Нэг дүр аваад бэлдэх хугацаандаа олон эрэл хайгуулыг хийдэг. Авсан дүрдээ дурлаж, тэр дүрээрээ амьдарч, бодож, сэтгэж, төсөөлж явна гэдэг сайхан. Дүрээ аль талаас нь гаргавал зүгээр бол, ямар хэсэгт яаж дуулвал үзэгчдэд илүү хүрэх бол гээд хоолойноос эхлээд сэтгэл зүй, биеэ бэлдэнэ. Уран бүтээлч хүн цаг минут бүрт хөдөлмөрлөдөг. Дуу хоолой, оюун ухаанаа урлагт зориулна гэдэг уран бүтээлчдийн хувьд нэг насных нь амьдрал шүү дээ. Энэ урлагаар амьдарч, урлагаас өөрийгөө мэдэрч явна.
-Урлагийн хүмүүсийг ажаад байхад их уяхан болчихдог юм шиг. Дуулсан дуугаа мэдэрч, хөглөгддөг болохоор аргагүй юм болов уу?
-Урлаг, ялангуяа дуурийн урлаг уран бүтээлчээс цэвэр мэдрэмж шаарддаг. Мэдэрч, сэтгэлээ хөглөж чадахгүй бол хоосон хөндий, хөнгөн уран бүтээл төрөх байх. Нээрээ л одоо бодоход насаараа урлагт зүтгэсэн буурлууд маань их уяхан сэтгэлтэй болчихдог юм шиг. Оюутан байхад багш нар минь загнадаг ч гэлээ бидний төлөө үнэн үг хэлдэг байсан. Нөгөө хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг л тэр байх. Урлагийнхныгаа харахад нулимс нь их ойрхон, мэдрэмтгий хүмүүс байдаг шүү дээ. Аргагүй урлаг, дуунд хөглөгдөж яваа хүмүүс чанга, хатуу, харгис, хүйтэн байх гээд ч чадахгүй байх л даа. Би ч ялгаагүй уяхан шүү дээ. /инээв/
-Дуурийн урлаг хөгжиж байна. Нэг үеийн залуусаар сэлбэгдэж байна гэж ярихыг олон удаа сонссон. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Хөгжиж байна гэж үнэлдэг. Таны хэлснээр нэгэн үеийнхэн энэ театрт ажиллаж байна. Залуу, авьяаслаг уран бүтээлч олонтой болсон. Манай дуурийн дуучид эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж чадаж байна. Энэ том амжилт шүү дээ. Улам илүү хөгжинө гэдэгт ч итгэдэг. Үүний төлөө бид хөдөлмөрлөж байна.
-Манай үзэгчид нэг үеэ бодвол дуурь гэдгийг ойлгодог болсон цаг. Сонгодог гэдэг үгийн мөн чанарыг ганцхан үгээр тодорхойлооч?
-Ганцхан үгээр “Оргил” гэж тайлбарлах байна. Энэ бүтээлээс илүү нь дахиж төрөхгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
-Дуурийн дуучин хэмээх мэргэжил асар их тэвчээр шаарддаг байх. Шантрах үе гарч байв уу?
-Оюутан байхдаа хааяа хичээлдээ дарагдахаараа “Яах гэж ийм хэцүү мэргэжил сонгов оо” гэж бодох үе гардаг л байсан. Гэхдээ бэрхшээлийг даваад, амжилтад хүрхээрээ энэ мэргэжлээрээ бахархаж, хайрлах сэтгэл төрдөг. Буцах зам гэж байхгүй. Дуурийн урлагийн оргилд нь хүрч, дэлхийн хамгийн том бүхий л дуурийн гол дүрд дуулмаар байна.
-Урлаг таны хувь хүний төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би дуурийн урлагаас уран бүтээлчээс гадна хувь хүнийхээ талд олон ололттой зүйлүүдийг авсан. Урлаг надад хүн байхын утга учир, тэсвэр тэвчээрийг сургасан. Урлагийнхаа охин тэнгэрт мөргөж амьдаръя даа.