П.АМГАЛАН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа энэ сард болсон барилдаануудыг тоймлон хүргэж байна. Монгол бөхийн замналд шинэ түүх бичсэн, уран мэх, хурц барилдаан, бөхийн жудаг, хүндлэлээр дүүрэн дөрөвдүгээр сар байв.
“Алтан цом”-ын төлөөх гурван тойрог
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанаар шинэ сарын салхиа хагаллаа. Дөрөвдүгээр тойргийн барилдааны хоёр дахь өдөр Завхан,Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Төв аймгийн баг 15:10-аар ялалт байгуулав.
Харин гурав дахь өдөр Баян-Өлгий, Увс аймгийн багууд хүч үзэж Увс аймгийн баг есөн даваагаар илүүрхсэн юм. Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин О.Түмэн барилдаж 17 даваа авсан. Барилдааны дөрөв дэх өдөр Булган, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, дөрөв дэх ялалтаа авсан юм. “Алтан цом”-ын дөрөв өдрийн барилдаан хүртэл Архангай, Булган аймгийн багууд нэг ч ялагдалгүй тэргүүлж тэмцээнийг илүү сонирхолтой болгосон билээ. Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл тэргүүтэй бөхчүүд барилдаж нийт 19 даваа авсан юм.
“Алтан цом”-ын тавдугаар тойргийн барилдааны эхний өдөр Өвөрхангай, Увс аймгийн багууд учраа тааран, эн тэнцүү өрсөлдөж Өвөрхангай аймгийн баг даваа авч 14:11-ээр ялсан. Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Д.Батбаяр, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажилласан юм. Дараагийн өдрийн барилдаанд Архангай, Төв аймгийн багууд хүч үзэж, Архангай аймгийн баг 14:11-аар ялалт байгуулж, таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалтаа авч чадсан юм. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч нар ажилласан. Тавдугаар тойргийн барилдааны гурав дахь өдөр Завхан, Булган аймгийн багууд барилдсанаас Булган аймгийн баг 14:11-ээр-оор ялсан. Ингэснээр мөн таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалт авсан багаар тодорсон билээ.
“Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны салхийг Баян-Өлгий, Завхан аймгийн багууд хагалсан юм. Барилдаанд Завхан аймгийн баг 14 даваатайгаар 14:11-ээр илүүрхлээ. Зургаадугаар тойргийн барилдааны хоёр дахь өдөр Булган, Төв аймгийн багууд барилдсанаас Булган аймгийн баг 15:10-аар ялж, зургаан тойргийн дараах байдлаар зургаа дахь ялалтаа авсан юм. Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, улсын начин Б.Түмэндэмбэрэл тэргүүтэй бөхчүүд барилдаж нийт 10 даваа авч чадсан. Харин гурав дахь өдрийн барилдаанд Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр ээлжит ялалтаа авсан юм. Орой нь Архангай, Увс аймгийн багууд хүч үзэж Архангай аймгийн баг 11 даваатайгаар 14:11-ээр ялж зургаан тойргийн дараах байдлаар зургаа дахь ялалтаа авлаа. Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан С.Сүхбат, цэргийн арслан Л.Отгонбаатар хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд зодоглосон. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням нар ажиллав.
Алтан цомын төлөөх шигшээ барилдаан ийнхүү өндөрлөж, найман багаас нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгуудын баг зургаадугаар сард хүчийг үзэн барилдах юм. Ялсан баг нь хамгийн өндөр шагналын сантай “АЛТАН ЦОМ”-ын эзнээр тодорно.
Улсын заан Б.Пүрэвсайхан түрүү бөхөөр тодров
Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаанд Улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж, уран барилдаан, хурц мэхийг уралдуулав. Барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Хемон констракшн" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь үзүүрлэв. Дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Ажнай корпораци”, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш, Э.Энх-Амгалан, аймгийн арслан Г.Дармаажанцан нар үлдэв. Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Арын сайхан хангай нутгаас төрөн гарсан “Таван аварга”-д хүндэтгэл үзүүлэв
Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Арын сайхан хангай нутгаас төрөн гарсан “ТАВАН АВАРГА”-д хүндэтгэл үзүүлэх барилдаан болж монгол түмнээ баясгав. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож, үзүүр түрүүнд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, даян аварга Н.Батсуурь тунаж үлдэв. Ийнхүү түрүү бөхөөр Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Вайт лайк" ХХК, "Молор трейд" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ тодров. О.Мөнх-Эрдэнэ харцагын хувьд МҮБХ-ноос зохион байгуулдаг албан ёсны Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн юм. Дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “УСУГ”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, МУГТ, цэргийн арслан Л.Отгонбаатар, Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Сод Монгол" групп, "Повер Пласт" ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарлаа. Наймд улсын гарди М.Бадарч, улсын начин Э.Батмагнай, аймгийн заан Б.Бадрал, аймгийн харцага О.Үйтүмэн нар үлдэв.
Сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ё.Гантулга
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, сумынхаа баяр наадамд 13 удаа түрүү бөхөөр тодорсон манлай сумын заан Б.Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Ё.Гантулга арав даван түрүүлэв. Харин Увс аймгийн Хяргас сумын заан Х.Бумбаяр үзүүрлэв. Шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй манлай заан Б.Бат-Эрдэнэ шалгарсан бол шөвгийн тавд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилсайханы хүү, сумын заан Доржсамбуу нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд уламжлал болгон олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын заан Д.Гантулга, "Уран барилдааны шагнал"-ын эзнээр Архангай аймгийн Батцэнгэл сумын заан О.Доржсамбуу, "Өсөх ирээдүйтэй бөх"-өөр Архангай аймгийн Өлзийт сумын заан Батбаатарын Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Б.Доржсамбуу нар тодорлоо.
Улсын начин Э.Сумъяабат, улсын аварга О.Хангай тунаж үлдэв
Дөрөвдүгээр сарын 23-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Барилдааны үзүүр түрүүнд улсын начин Э. Сумъяабат, улсын аварга О.Хангай тунаж үлдэв. Ийнхүү түрүү бөхөөр Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Ваян Эвэнт Холл" ХХК, "Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан", "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат тодорлоо. Шинэ начны хувьд улсын цол авснаасаа хойш МҮБХ-ны албан ёсны барилдаанаас анхны түрүүгээ хүртсэн юм. Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Блю Драгон" ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “МИАТ”, “Увснуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Кровун Броверс" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарлаа. Наймд улсын арслан О.Пүрэвдагва, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нар үлдэв.
Мөн улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон Мөнххаан сумын харьяат, улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Ж.Чулуунжав, аймгийн заан Т.Дорж нарт тус сумаас хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Мөнххаан сумаас төрөн гарсан улсын заан Н.Думаа, Л.Нямбуу нарын нэрэмжит шагналыг аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нарт, өсөх идэр начин С.Жамбын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүүд гардууллаа. Энэ барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)