Базарбямбын НЯМСҮРЭН
“Шинэ сэргэлт-Улаанбаатар” хөрөнгө оруулалт түншлэлийн форумын үеэр Нийслэлийн орон сууцны корпораци болон Монголын Ипотекийн корпораци холдинг хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлд шинэлэг арга барилаар ажиллаж, барилгажилтыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа талаар онцлон ярьж байсан. Тус корпорацийн захирал М.Говьсайхантай дахин төлөвлөлтийн шинэ хэрэгжих бодлого, зорилтын талаар ярилцлаа.
-НОСК-ийн хувьд нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах салбарт томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, түрээслээд өмчлөх, газраа орон сууцаар солих зэрэг иргэдийн дунд эрэлттэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан. Одоогийн байдлаар эдгээр хөтөлбөр ямар шатанд яваа болон үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
-Манай байгууллагын зүгээс 2023-2024 оныг хамтын ажиллагааны жил болгож зарласан. Энэ хүрээнд одоогоор эхний ээлжинд бэлэн байгаа газар чөлөөлөлт, НОСК-ийн хөрөнгөөр хийгдсэн барилгажилт явуулахад бэлэн, дэд бүтэц тавигдсан газруудаа хөрөнгө оруулагч нарт хөнгөлөлттэй нөхцлөөр санал болгож байгаа.
НОСК-оос өнгөрсөн хугацаанд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны хадгаламжийн нэгдсэн төвөөр дамжуулж Монгол банканд худалдаалж нийтдээ 150 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг зах зээлд нийлүүлж чадсан. Энэ ажлын хүрээнд 1700 орчим өрх айл түрээслээд өмчлөх хэлбэрийн хөнгөлөлттэй нөхцөлтэй, урьдчилгаа төлбөргүй, өөрсдөө байршил болон орон сууцны талбайн хэмжээгээ сонгох боломжтой, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамрагдаж чадсан байна. Энэ нь нэг талаас иргэдээ нөхцлөөр орон сууцанд оруулахаас гадна барилгын компани болон барилга барьж байгаа иргэдийг дэмжсэн бодлого юм. Дээр хэлсэн 150 тэрбумын хөрөнгө оруулалт үндсэндээ 200 орчим иргэд аж ахуйн нэгжийг дэмжсэн байна. Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хувьд сүүлийн жил гаруй хугацаанд иргэдээс хүсэлт авахыг зогсоосон ч гэлээ одоогоор бидэнд 35 мянган айлын орон сууцанд орох хүсэлт байна. Өөрөөр хэлбэл, НОСК-оос хэрэгжүүлдэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт маш их байна. Мэдээж бид энэ их хэмжээний эрэлтийг яг одоо ойрын хугацаанд өнөө маргаашгүй барилга бариад оруулах боломжгүй.
-Та ярианыхаа эхэнд зарим шинэлэг саналуудыг хөрөнгө оруулагчдад хөнгөлөлттэй нөхцлөөр санал болгож байгаа гэж онцолсон. Түүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж байгаа барилгын компаниудад бид газрыг нь санал болгоё, дэд бүтцийг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгье. Ингээд хамтраад барилгын компани байраа ашиглалтад оруулсаны дараа газрын төлбөрийг орон сууц хэлбэрээр барилгын компаниудаас авч сан бүрдүүлнэ. Ийм байдлаар тодорхой сан бүрдсэний дараа гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрт хамрагдах иргэдийг орон сууцжуулах, түр амьдрах байраар хангах зэргээр арай шинэлэг байдлаар ажиллахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн явагдаж байгаа газар зохион байгуулалтыг дахин төлөвлөлттэй маш сайн уялдуулж өгөх юм. Мөн Нийслэлийн орон сууцны корпораци дахин төлөвлөлтийн хувьд ерөнхий төлөвлөгөө батлуулж дан ганц орон сууц биш нийгмийн барилга байгууламжийг давхар шийдэн шинэчилсэн дахин төлөвлөлтийг хотын зургаан дэд төвд түшиглэн хийхээр зорьж байна.
-НОСК-д одоогоор хүсэлт ирүүлсэн 35 мянган өрх байна гэлээ. Тэдний асуудлыг шийдвэрлэх дараагийн алхам нь юу байх вэ. Ер нь ямар хугацаа шаардах бол. Мөн хэзээнээс хүсэлтээ үргэлжлүүлэн авч эхлэх вэ?
-Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулна гэдэг тодорхой хугацаа шаардсан ажил. Дээрээс нь өнөөдрийн нөхцөлд дулааны болон цахилгааны эх үүсвэрийн асуудал байна. Одоо байгаа цахилгаан дулааны эх үүсвэрийг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Багадаа 4-5 жилийн хугацаа шаардах болов уу. Тиймээс гэр хорооллын дунд байгаа дэд төвүүдийг байгуулж байгаа. Хотын төвлөрлийг сааруулъя, гэр хорооллуудын дунд хэсэгчилсэн байдлаар инженерийн дэд бүтэц байгуулъя, энийгээ түшиглээд тухайн орчмын гэр хорооллын орон сууцны асуудлыг шийдье гэсэн ерөнхий бодлого байгаа. Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг байгуулсан. Удахгүй ашиглалтад орох Толгойт, Дамбадаржаа, Шархад дэд төвүүдээ түшиглэсэн дахин төлөвлөлтийн хөтөлбөр хэрэгжинэ. Энэ маань орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл байх юм. Үүний зэрэгцээ мененжментийн болон санхүүжилттийн шинэ түвшний төслүүдийг давхар авч явахгүй бол дан ганц барилга бариад гэр хорооллын иргэдээ ойрын хугацаанд орон сууцжуулах боломжгүй. Тиймээс иргэдтэйгээ нийлээд зарим газарт дахин төлөвлөлтийн амины сууцны хэлбэрээр, заримыг нь нийтийн хэлбэрээр, өөр тохиолдолд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэлбэрээр зах зээлд байгаа иргэдийн барьсан орон сууцыг борлуулах санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Монголын Ипотекийн копорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар гэр хорооллыг барилгажуулах, шинэ суурьшлын бүсийг тэлэх шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд МИК санхүүжилтийг хариуцах юм.
Иргэдийн дунд орон сууцны эрэлт маш их байгаа учир бид тодорхой хэмжээнд 35 мянгад хүргээд хүсэлт авахыг түр зогсоосон. Юуны түрүүнд одоо байгаа боломж нөхцөлдөө тааруулан, эхний ээлжинд хүсэлт өгөөд хүлээж байгаа иргэдээ яаж орон сууцанд оруулах вэ гэдгээ ярьж байна. Ипотекийн зээлийн хувьд эх үүсвэр хязгаартай учраас тоондоо баригдахаас аргагүй. Мөн арилжааны банкны нөхцөл шаардлагыг амьдрал дээр бүрэн хангаж чадах хүн тийм их биш байна. Тиймээс иргэдэд дарамт учруулахгүй үүднээс урьдчилгаа багатай урт хугацаатай, барьцаа хөрөнгө шаардахгүй, бага хүүтэй байх зэрэг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг Нийслэлийн хувьд болон Засгийн газрын хэмжэээнд авч хэлэлцэх зайлшгүй шаардлага бий. Энэ дээр НОСК нөөц бололцоондоо тулгуурласан төрөл бүрийн хувилбарыг дэвшүүлж байна. Тухайлбал, өөрт байгаа газруудаа ашиглаж орон сууцны үнийг хямд байх нөхцлийг бүрдүүлж өгье. НОСК ашгийн төлөө бус учир дэд бүтэц бүрдүүлэх, газрыг чөлөөлөх асуудалд дэмжлэг үзүүлье. Хамгийн гол нь иргэдэд очих орон сууц хямд байх нөхцөл шаардлагыг барилгын компаниудад тавьж байна. Иргэдийн хувьд эргэн төлөгдөх нөхцөлтэй, түрээслээд өмчлөх эсвэл газраа өгсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангах гэх мэт түрээсийн олон талт хэлбэрийн орон сууцны хөтөлбөрийг маш их сонирхдог. Ер нь цаашид урт хугацаандаа түрээсийн орон сууцны зах зээлийг Монголд хөгжүүлье гэсэн бодлого барина. Хотод нэмж барилга барихаас илүү иргэд хоорондын түрээсийн орон сууцанд менежментийн зохицуулалт хийж нэг иргэнээс хямдаар аваад дараагийн хүнд хямдаар түрээслүүлэх гэх мэт орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-Та төрөөс газар, дэд бүтцээр дэмжье. Харин барилгын компаниудад үнээ багасгах гол шаардлага тавьж байгаа гэлээ. Нөгөө талаар барилгын компаниуд хямд байлгах гээд чанаргүй материал ашиглах, эргээд иргэд түүнээс болж хохирох вий гэсэн болгоомжлол бас бий. Тэгэхээр танай зүгээс барилгын чанарын асуудалд ямар хяналт тавьдаг вэ?
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Барилгуудын чанарт холбогдох мэргэжлийн байгууллагууд маш сайн хяналт тавих зайлшгүй шаардлагатай. Өртөг хямд байна гээд чанаргүй гэсэн ойлголт байж болохгүй. Хүн амьдарч л байгаа бол аюулгүй орчныг бүрдүүлсэн, тав тухтай орчныг хангасан байх ёстой.
-Дахин төлөвлөлтийн байдлыг эргээд харахад зарим нэг дутагдалтай зүйл бий. Тухайлбал, гэр хороолын газрыг барилгын компаниуд аваад нэг хоёр байр бариад, замбараагүй, зохион байгуулалтгүй барилгажилт явагдаж байна. Сүүлийн үед иргэдийн зүгээс нэг, хоёр байраар биш томхон газрыг чөлөөлөөд хотхон болгоод зохицуулж болдоггүй юм уу гэсэн санал шүүмжлэл ихээр гарч байгаа?
-Ер нь иргэд дан ганц байр худалдаж авахаа больсон. Ая тухтай амьдрах цогцолбор маягийн сургууль цэцэрлэгтэй, тав тухтай орчин нөхцлийг худалдаж авдаг жишигтэй болсон. Тиймээс одооноос барилгын төлөвлөлт дээр маш сайн анхаарах ёстой. Барилгын компаниудын хувьд одоогийн нөхцөлд нэг, хоёр барилгаар А даалгавар батлуулаад авчихдаг. Яагаад гэвэл 48 айлын орон сууц барилаа гэхэд сургууль цэцэрлэг шаардахгүй батладаг журамтай. Тэгэхээр 480 айлын орон сууцаа 10 өөр компаниар батлуулж авдаг тал байна. Харин үүний завсарт сургууль, цэцэрлэг баригдахгүй хаягдаж байна. Газар нь байхгүй, өнгө үзэмжгүй, нэгдсэн төлөвлөлтгүй орхигддог. Тиймээс НОСК-ийн зүгээс хорооллоор, нэгдсэн байдлаар төлөвлөхийг дэмжиж байгаа. Орон сууцны хотхон дундаа ажлын байр, сургууль, цэцэрлэг, зам харгуй, цэцэрлэгт хүрээлэн гээд цогц байдлаар дахин төлөвлөхөөр болсон. Тухайн төлөвлөгдсөн байршлуудыг нэг нэг блокоор нь компанийнх нь хүчин чадалд тааруулаад зөвхөн барилга угсралтын ажилд нь зориулж өгдөг байдлаар шийднэ. Дахин төлөвлөлтийн ийм шинэ жишиг загвараар явахгүй бол одоогийн энэ байдлаар цаашид үргэлжилвэл БЗД-ийн 26 дугаар хороо, СБД-ийн долдугаар хороо гэдэг шиг замбараагүй барилгажилт дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Шинээр барилгажуулж байгаа хэрнээ сургууль цэцэрлэгийн газаргүй, зам байгуулах боломжгүй ийм нөхцөл байдал руу ормооргүй байна.
-Халамжийн байрны чанар стандартад хэрхэн анхаарч байна вэ?
-Ер нь халамжийн орон сууцны бодлогыг төрөөс тодорхой бодлого, хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр дэмжихгүй л бол хямд орон сууц барих боломж тааруу. Барилгын салбар нь импортын бүтээгдэхүүнээс хамаарч байгаа нөхцөлд төрийн дэмжлэгтэйгээр халамжийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Зах зээл дээр материалын үнэ өсч байна, хямд байна гээд чанаргүй материал ашигламааргүй байна. НОСК-ийн байр гэхээр чанаргүй байх албагүй. Энд бүр онцолж бас нэг зүйлийг хэлэхэд зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс нэг дор бөөгнөрч амьдрах нь буруу юм. Халамжийн гэж ярьдаг хөнгөлөлттэй нөхцлөөр баригдаж байгаа барилгад зөвхөн зорилтот хүмүүс амьдрах ёстой гэсэн үг биш. Барилгын чанар нь ямар ч түвшний хүн амьдрах боломжтой. Олон улсын жишиг ч тийм. Европт гэхэд тухайн барилгын 30 хувь нь халамжаар орох оршин суугчдаа төлөвлөөд бусад нь зах зээлийн үнээрээ зарагддаг. Тэгж байж тухайн хотхон цаашдаа эрүүл, зөв зохистой орчин бүрдүүлнэ. Дан түрээсийн орон сууц гэхээр халамжийн бүлэг амьдарч байгаа юм шиг ялгаатай байдал бий болж болохгүй. Яагаад энэ асуудлыг ярьж байна гэхээр нэг жишээ хэлье. Бид “Буянт-Ухаа 972” гээд энгийн түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлсэн. Тэгэхэд түрээслээд өмчлөх хэлбэрээр орсон айлуудын СӨХ үйл ажиллагаа нь хэвийн явж байхад яг адилхан байранд зэрэг орсон мөртлөө дан түрээсийн айл амьдардаг орон сууцны СӨХ-ийн үйл ажиллагаа доголдоод ирдэг. Тиймээс иймэрхүү нөхцөл байдал үүсч байгаа учраас явуулж байгаа төсөл бүр хүний амьдрах нөхцлийг бүрэн хангасан, холимог орлоготой хүмүүс нэг дор амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)