Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Амар” спорт кемп, “Амар” катеринг, “Joinme.mn” аяллын платформыг хамтран үүсгэн байгуулагч, “Мөнх харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбатыг урьж, ярилцлаа.
Дотоодын аялагчид аяллын чанарт их анхаардаг болжээ
Энхбаатарын ЦЭРЭНБАТ
Боловсрол:
1991-2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын бүрэн дунд сургууль
2001-2005 онд МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийг аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн.
2006-2008 онд МУБИС-д Байгалийн аялал жуулчлалын магистр
2008-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын Боловсролын их сургуульд газарзүй, байгаль орчны магистрын зэрэг тус тус хамгаалсан.Ажлын туршлага
2006-2008 онд МУБИС-ийн аялал жуулчлалын багш
2013 оноос “Тэр Их Жуулчин” компанийн аяллын газрын захирал
2015 оноос Монгол Хятадын аялал жуулчлалын “Мөнх Харилцаа” ТББ тэргүүн 2011 оноос Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн
2019 оноос Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
-Би аялал жуулчлалын салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Дунд сургуулийн сурагч байхаас эхлээд аялал их сонирхдог байлаа. Тэгээд мэргэжлийг нь эзэмшиж, их сургуульд багшаар ажиллаж, гадаадаас эх орныг минь зорин ирсэн жуулчдыг дагуулж, Монгол орноо сурталчилан олон сайхан дурсамж бүтээжээ.
Мөн өөрийн гэсэн эвентийг санаачлан зохион байгуулж эхэлсэн нь “Талын түмэн адуу” юм. Нэг л мэдэхэд монголчууд бид морио унахаа больж, эмээл, хазаар, уурга гээд энэ соёлыг дагасан өв уламжлалаасаа холдсон байсан. Тиймээс энэ соёлоо хамгаалж үлдэх зорилгоор 2015 оноос “Талын түмэн адуу” эвентээ зохион байгууллаа. Улмаар 2023 онд Засгийн газар манай эвентийг олон улсын хүрээнд зохион байгуулах жагсаалтад багтаасан нь өв соёлоо хадгалж үлдэхээс гадна, түгээн дэлгэрүүлэх сурталчилах эвент болгосон чухал ач холбогдолтой алхам болсон. “Талын түмэн адуу” олон улсын эвент энэ жил ес дэх жилдээ болно.
Ер нь аливаа эвентийг гадаадын жуулчдад зориулан зохион байгуулах нь ач холбогдолтой гэж үзэх нь бий. Тэгвэл “Талын түмэн адуу” нэг талаараа дотоодын аялал жуулчлалтай салшгүй холбоотой. Тиймээс хамтран үүсгэн байгуулсан www.joinme.mn -ээр онлайн билет борлуулалт хийж, “Амар зочлол” компаниас асар майхан, зохион байгуулалтын дэмжлэг авч, монголдоо аялал жуулчлалын зохион байгуулалттай хөтөлбөрийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Манай дотоодын аялал жуулчлал ч нэг үеэ бодоход сайн хөгжиж байна. Аялагчид аялалдаа мөнгө зарахаас гадна тав тухтай үйлчилгээг худалдан авах сонирхолтой болжээ. Монгол аялагчид Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгуудын тохилог, нуур, ус дагасан амралтын газруудаар тойрон илүү давтамжтай аялаж байна. Ингэхдээ аяллын чанар нь таван жилийн өмнөхөөс илүү сайжирсан харагддаг. Аяллаа төлөвлөж, урьдчилсан захиалга өгч, аяллын багц үйлчилгээг сонгодог болсон.
Мөн үнэтэй машин худалдан авч аялахаас илүү түрээсийн машин, майхан, ширээ сандлыг сонгож, мэргэжлийн компаниудаас хээрийн аяллын катеринг, мөн мэргэжлийн хөтөчийг бүлгээрээ түрээслэж, аялдаг хандлага илүү нэмэгдэж байна.
Манай салбарт энэ чиглэлийн компаниуд ч сүүлийн үед нэмэгдэж, энэ хэрээр аялал жуулчлалын салбар тэлж хөгжих боломжтой болж байна. Дотоод аялал жуулчлал нь тухайн улсын иргэдэд өөрсдийн соёлын онцлог, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудынхаа үнэ цэнийг илүү ойлгуулдаг учраас ихэнхи улс орнууд бодлоготойгоор энэ төрлийн аялал жуулчлалаа хөгжүүлсээр ирсэн. Мөн мөнгөн урсгалаа дотооддоо авч үлдээх маш том бодлогыг улс орнууд хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд тус салбарын ашиг орлого нэмэгдэхэд дотоодын жуулчид голлох үүрэгтэй оролцож эхэллээ. Нөгөө талаар дотоодын аялагчдын аялах ухамсарыг дээшлүүлэх асуудал хамгийн чухал. Аялагчдын нөлөөгөөр байгалийн үзэсгэлэнт байдал алдагдах, хог хаягдал бий болох, олон салаа зам үүсэх, ан амьтан дайжих, хууль бус ан агнуур, түүх, соёлын дурсгал эвдэрч гэмтэх асуудлууд гарч байна. Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол хамгаас чухал гэдгийг анхаарах нь зүйтэй.
Жуулчдын тоо хамгийн их буурсан орнуудыг Монгол Улс тэргүүлсэн
-Өнгөрсөн хугацаанд дэлхийн нийтийг хамарсан цар тахал нь хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлэхээс гадна түүхэнд байгаагүй эдийн засгийн томоохон хүндрэлүүдийг улс орнуудад учруулж аялал жуулчлал, агаарын тээвэр, зочлох үйлчилгээний салбарт зогсонги байдал үүсгэлээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд цар тахлын өмнөх жил буюу 2019 он аялал жуулчлалын оргил үе байж, дэлхий даяар 1.4 тэрбум хүн аялж, 9.2 их наяд ам.долларын орлого олж, 2000 оныхоос хоёр дахин өндөр байснаас үзэхэд аялал жуулчлал бол нүсэр бөгөөд аугаа өсөлттэй зах зээл гэдгээ харуулсан. Гэвч 2020 онд цар тахлын улмаас дэлхий даяар олон улсын зорчигч нэг тэрбумаар буурсан бөгөөд аялал жуулчлалын түүхэнд байсан хамгийн муу үзүүлэлт гэж судалгаанд дурджээ. Мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2021 оны мэдээлснээр аялагчдын тоог 30 жилийн өмнөх түвшинд очиж, олон улсын аялал жуулчлалын орлого нь үйлчилгээний экспортын уналт 93 хувийг эзэлж, нийт экспортын үнийг дөрвөөс дээш хувиар бууруулсан гэжээ. Хөгжиж буй орнуудаас жуулчид хүлээн авах тоо нь хамгийн их буурсан орнуудыг Монгол Улс тэргүүлсэн ба нийт жуулчдын тоо 89 хувиар буурсан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хорио цээрийн улмаас 2020 оны турш 515 мянган зорчигчийн нислэг цуцлагдаж, Агаарын тээврийн салбар дангаараа 120 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Монгол Улсад нэвтэрсэн жуулчдын тоо 2021 онд 2019 онтой харьцуулахад 94.2 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 96.04 хувь буурсан. 2022 он Дэлхий дахины хувьд сорилт дүүрэн жил болсон. Цар тахлыг хараахан бүрэн ялаагүй байхад ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн гарч тодорхойгүй байсан олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй, эмх замбараагүй болж байгаа нь ч мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болоод байна.
Цар тахлын дараах уралдаанд Монгол Улс бэлэн үү
- Дэлхийн бүх орны Засгийн газар цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбараа сэргээх оролдлого хийж байна. Тэгэхээр энэ салбарт өмнөхөөс бүр илүү хүчтэй өрсөлдөөн бий болох нь. Тэд техник технологийн салбараа энэ чиглэлд илүү хөгжүүлж байна. Манай улсын Засгийн газраас ч аялал жуулчлалын салбарт их анхаарч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын Үндэсний хороог удирдаж, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлалаа. 2000 оноос хойш шинэчлээгүй байсан Аялал жуулчлалын хуулийн төслийг парламентад өргөн барьж, хэлэлцэж эхэллээ. Үүнээс гадна бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр олон санал санаачлагууд гарч байна. Өнгөрсөн долоо гэхэд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчний дутагдлыг арилгахаар энэ чиглэлийн мэргэжлийг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулсан. Ингэснээр элсэгчид төрийн дэмжлэг авч хөнгөлөлттэй зээлээр суралцах боломжтой болж байна. Энэ мэтчилэн төрийн зүгээс аялал жуулчлалыг дэмжиж байгаад талархдаг. Гэхдээ нөхцөл байдлыг дахин сайн судлахгүйгээр бодлогын шийдвэр гаргах нь бодлого, шийдвэрийн ач холбогдол, үр нөлөөг бууруулах, төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Цаашид дэлхий нийтээрээ цар тахлын үеийн нөхцөл байдлыг “шинэ энгийн байдал” хэмээн үзэж, дасан зохицож, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч байна. Улс орны засгийн газрууд аялал жуулчлалын салбараа хурдан сэргээхийн тулд, жуулчдыг татах, тэдний итгэлийг төрүүлж, итгэлцэл бий болгох, маркетинг, зар сурталчилгааны цогц төлөвлөгөөг нэгдсэн нэг гарцаар хийх, шууд нислэгтэй зах зээл бүхий бүс нутаг, хотуудад төвлөрүүлэх хандлагатай байна. Бид ч үүнээс хоцрох ёсгүй. Цар тахлын өмнөх үе шиг сэргэх хүртэл наанадаж 3-4 жил зарцуулна гэдгийг салбарынхан хэлж байна. Сэргэхдээ маш их зүйл өөрчлөгдсөн байх болно. Энэ өөрчлөлтийн өрсөлдөөнд бодлого чиглэлээ нэгтгэж, хамтдаа соргогоор мэдэрч, хариу арга хэмжээ хурдан авч, чадсан орнууд ялна. Тиймээс цар тахлын дараах уралдаанд Монгол Улс өөрийгөө бэлдэж, жуулчид зорчдог үйлчилгээний байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа нь тодорхой байх шаардлагатай.
“Аялал жуулчлалын холбоод эв түнжингүй байна”
-Сайны хажуугаар саар гэгчээр манай салбарт нэг асуудал бий. Энэ нь аялал жуулчлалын байгууллагууд хоорондоо эв дүнжингүй байгаа нь ажиглагддаг. Ялангуяа мэргэжлийн холбоод нь шинээр оруулж ирж байгаа хуулийн төсөлд өөрсдийн эрх ашгийг давуу байдлаар оруулах гэж улайрч байгаа нь увайгүй, ёс зүйгүй юм даа. Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд анх батлагдаж байснаас хойш хэд хэдэн удаа засвар хийгдэж байсан боловч хуульд нэмэлт өөрчлөлт хийх цаг хугацаа нэгэнт болсон. Энэ удаагийн өөрчлөлтийг хийхдээ олон талын оролцоотой хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Салбарт болохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх эрхзүйн зохицуулалтыг бүрэн тусгасан хууль байгаасай гэж хүсэж байна. Өргөн барьсанаас хойш маш олон буцаагдаж байсан. Цаашлаад аялал жуулчлалын салбар оршин тогтноход илүү их хамтын ажиллагаа, олон улсын зохицуулалт чухал юм. Амжилтад хүрэх гол түлхүүр нь төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагаа, шинэ нөхцөл дэх харилцаа холбооны ил тод байдал улам чухал болно. Ихэнх улс орнуудад аялал жуулчлалын салбар дотооддоо болон бүс нутгийн хэмжээнд сэргэж эхэлсэн ч салбарын сэргэлтийг бүхэлд нь хангахын тулд олон улсын аялал жуулчлалыг аль болох хурдан сэргээх шаардлагатай байна. Бидний өнгөрсөн хугацаанд нэг сая жуулчин авах том мөрөөдөл тээж, хүсэж ирсэн. Гэхдээ боломжгүй байж л дээ. Жишээ нь, нислэгийн тоо, байршуулах салбарын багтаамж, хилийн боомтын хүчин чадал, визний нөхцөл гэх мэт. Монгол шиг эко систем нь сэргэх чадвар муу оронд тооноос илүү нэг жуулчнаас орон нутагт, эдийн засагт үлдэх мөнгөн дүн чухал юм. Бидний зарж буй аяллын үнэ ханш тийм ч бага биш гэхдээ үүний ихэнхийг тээврийн зардал эзэлдэг. Тиймээс агаарын тээврийн либералчлал чухлаар тавигдаж байна. Мөн олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг таниулах чиглэлийг бүх дипломат газруудад хүргүүлж, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа нь салбарт эерэг өөрчлөлтийг авчрах болов уу гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)