ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Чингис хааны музей хамтран "Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга" сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хааны үндэсний музейд зохион байгууллаа. Энэ хурлыг 2013 оноос эхлэн Улаанбаатар-Санкт-Петербург хотод хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалуудыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж танилцуулах, хамтран хэвлэн нийтэлж түгээн сурталчлах, судалгааны хүрээг өргөжүүлэн тэлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ ажээ.
Хурлын зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ, Унгар, ХБНГУ, Солонгос улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд, монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил, Монголын хэл, түүх, соёлын асуудлыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, судалгаа шинжилгээний өнөөгийн төлөв байдлын талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна.
Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Энхчимэг Алтан ордны улсын Крым дэх тамгын тухай илтгэл тавилаа.
Чингис хааны үндэсний музейн захирал, академич, доктр, профессор С.Чулуун:
-Энэ удаагийн хуралд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Чингис хааны үндэсний музей, МУИС, МУБИС, Үндэсний төв архив, Богд хааны ордон музей, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн /Санкт-Петербург/, Эдийн соёлын түүхийн хүрээлэн /Санкт-Петербург/, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, буддын судлалын хүрээлэн /Улаан-Үд/, ОХУ-ын Халимагийн улсын их сургууль, Улсын Эрмитаж музей, Оросын Угсаатны зүйн музей, ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын Казаны их сургууль, Казаны Түүх, соёлын өвийг дэмжих Палладий сан, Унгар улсын Төв Европын их сургууль, Өтвөш Лорандын их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль гэсэн Монголын түүх, соёл, хэл уран зохиол, Монгол судлалын салбарт судалгаа явуулдаг 21 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаач, 15 эрдэмтэн, судлаач цахимаар оролцож илтгэлээ хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжилнэ.
Эх сурвалж www.zms.mn