Баатарын Нямсүрэн
“Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа “Хүннү-2” хамтлагийн гишүүн, бүжигчин Т.Есүхэйг урилаа.
-Багаасаа бүжгээр хичээллэсэн гэж сонссон. Олон урлагаас онцолж сонгосны учир юу байв?
-Би одоогоос найман жилийн өмнө бүжгээр хичээллэж эхэлсэн. Анх өөрийгөө хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дугуйланд хамрагдаж байлаа. Гэтэл бүжгээр хичээллэснээр олон өөрчлөлт гарч эхэлсэн. Тухайлбал, өөртөө итгэлтэй, бусадтай харилцахдаа нээлттэй болсон. Мөн бие бялдрын хувьд ч зөв хөгжилтэй болж эхэлсэн нь таалагдсан шүү.
-Энэ хугацаанд олон тэмцээнд оролцсон байх. Амжилтаасаа онцлооч?
-Тайзан дээр гарах мэдрэмж үнэхээр гоё. Бүжиглэж эхэлсэн цагаасаа тэмцээн, уралдаанд оролцсоор ирсэн. Хамгийн сүүлд ОХУ-д болсон олон улсын фестивальд хамтлагаараа алтан медаль хүртсэн. Тэмцээнд оролцоод амжилт гаргах бүртээ урам авч, илүү хичээдэг.
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Багшийнхаа тухай танилцуулахгүй юу?
-Манай багшийг Л.Батцоож гэдэг. Багш маань биднээс гадна олон шавь төрүүлсэн, чадварлаг, туршлагатай хүн бий. Манай багшийн өмнөх шавь нар ихэнх нь мэргэжлийн бүжигчин болсон байдаг. “Хүннү-2” хамтлаг байгуулагдаад таван жил боллоо. Энэ хугацаанд бидний гаргаж буй амжилт бүхэн багштай минь салшгүй холбоотой.
-Өдрийн хэдэн цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг вэ?
-Өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Гэхдээ бүгд дунд сургуулийн сурагч болохоор хичээл, бүжгээ хослуулна гэдэг амаргүй. Тиймээс аль болох цагаа зөв төлөвлөхийг чухалчилдаг. Удахгүй Киргиз улсад болох олон улсын фиствальд оролцох учир улам шаргуу хөдөлмөрлөж байгаа. Энэхүү тэмцээнд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргахыг үнэхээр их хүсэж байна.
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон байх. Магадгүй сонголтын эхэнд бүжигчин мэргэжил байгаа гэж тааж байна?
-Би бүжиггүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. Мэргэжлийн, сайн бүжигчин болох мөрөөдөлтэй. Тиймээс зорилгоо биелүүлэхийн тулд ирэх намар Хөгжим бүжгийн консерваторид суралцах зорилго тавьсан. Намайг дэмждэг олон хүн бий. Тиймээс тэднийхээ урмыг хугалахгүйн төлөө улам хичээх болно.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)