Базарбямбын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор "Гүрэн" академийн багш, үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Б.Энхцэцэгийг урьж, ярилцлаа.
Амжилтад хүрэх дадлыг багаасаа эзэмших нь чухал
-Манай академи Англиийн "Global Growth Institute" -ийн хөтөлбөрөөр байгууллагын сургалт, Этон коллежийн хөтөлбөрөөр өсвөр насныханд сургалт ордог. Өөрийгөө хайрлах, нийгэмтэй зохицож амьдрах, EQ өндөртэй, бусадтай харилцах чадвар сайтай болох зэрэг амьдралд ойр, амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг ур чадваруудыг заадаг.
Тэдгээр байгууллагад голдуу 30-40 настай хүмүүс ажиллаж байна. Тэгвэл тэр хүмүүсийн хувьд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх цаг хугацаа боломжийн хувьд хязгаарлагдмал болчихдог. Гэтэл энэ чадварыг заавал 30-40 насанд хүрч байж сурах биш багаасаа дадал болгоод суралцаад явах боломж бий шүү гэдгийг олж хараад хүүхдүүдэд зориулсан хүртээмжтэй, чанартай боловсролын хөтөлбөр судалж, хэрэгжүүлье гэж шийдсэн. Энэ зорилгынхоо хүрээнд англи хэлийг хүүхдүүдэд хүртээмжтэй, сонирхолтой, чанартай сургах хөтөлбөр байж болох юм гээд төслөө эхлүүлсэн.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод боловсролыг чанартай, хүртээмжтэй болгох тухай тусгасан. Энэ зорилтод хүрэх нэг арга зам бол англи хэлийг хүүхдүүдэд чанартай зааж, цаашид сурах урам зоригийг нь сэргээх, сэдэлжүүлэх нь илүү хэрэгтэй юм байна гэж харсан. Одоо үеийн хүүхдүүд маш онцлогтой. Тэдэнд ердөө нэг хувийн сэдэлжүүлэлт өгөхөд 99 хувийг нь өөрсдөө хийх бүрэн чадамжтай үеийнхэн.
Энэ төслийнхөө өмнө бид 200 гаруй хүүхдийг хамруулж сургалт явуулж байхад надад ажиглагдсан зүйл гэвэл хүүхдүүд маш амархан өөрсдийгөө хөгжүүлээд урам зориг ордог. Жишээ нь дөнгөж зургаан сарын өмнө англи хэл сайн мэдэхгүй байсан хүүхэд одоо англи хэл дээр математикийн хичээл ойлгох чадвартай, шинжлэх ухааны салбарын хичээлийг бие дааж үзэх боломжтой болох жишээтэй. Тэгвэл Увс, Завхан, Хэнтийд байгаа хүүхдүүдийг ч ингэж сургаж, урам зориг өгөх бүрэн боломжтой.
Монгол хүүхдүүдэд зориулан 17 саядолларын буцалтгүй тусламж олгосон
-Манай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бэлтгэл ажил нэг жил үргэлжилсэн. Энэ төсөл маань “Астрид” гэж сургалтын платформоор дамжуулж англи хэлийг өгөөжтэй, сонирхолтой байдлаар сургах юм.
“Астрид” бол Швед Английн хамтарсан компани. Английн Оксфордын их сургуулийн хөтөлбөрийн агуулгыг ашигладаг, тэндэхийн багш судлаачдын контентийг хөгжүүлдэг. Google, Spotify, Duolingo, гэх мэт аппуудыг бий болгосон IT-ийн “мангас”-уудын босгосон платформ. Ийм нэр хүндтэй платформ учир сонгон шалгарууралтад нь оролцсон. Манай зүгээс Төв Азийн орнууд дундаас шалгарахын тулд өөрсдийн онцлог, нүүдлийн соёл, ахуйгаа хадгалсан өвөрмөц байдлаа давуу тал болгон тэдэнд тайлбарласан. Хүн амын 50 хувь нь нүүдлийн уламжлалаараа амьдарч байгаа. Хөдөө орон нутагт, уулан дээр амьдарч байгаа хүүхдүүдэд англи хэл сургана гэдэг та бүхний түүхэнд ч хэрэгтэй гэсэн байдлаар жил гаруй хэлэлцээр хийгээд Монголыг сонгуулж чадсан. Дараа нь наймдугаар сард Монголын талаас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар төлөөлөөд яриа хэлэлцээнд орсон. Шведийн энэ “Астрид” гэдэг аппликэйшний ард Оксфордын багш нар ажиллаж байгаа. Мөн AI буу хиймэл оюун ухаан ажиллаж байгаа. Энэ платформыг ашиглахад сард тодорхой хэмжээний төлбөр төлдөг бол Монголчуудад зориулаад 400 мянган хүүхдээр тооцоод зургаан сарын хэрэглээ буюу нийт 17 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эрх олгосон. “Астрид” нь Оксфордын хөтөлбөрөөс гадна хиймэл оюун ухаанд суурилсан байгаа учир 50 хүүхэд тутамд нэг робот багш ажилладаг.
Төсөл энэ оныг дуустал үргэлжлэх учир улсын хэмжээнд бүхий л хүүхдийг хамруулахад цаг хугацаа нэлээн тулчихсан.
Үүний дараа ямар санхүүжилтээр явахаа шийдээгүй байна. Улсаас тодорхой хэмжээгээр дэмжээд явбал хөнгөлттэй үнээр хэрэглээд явах боломжтой болох байх.
Англи хэлний 3000 багштай ч англиар цэвэр ярьдаг нь хэтэрхий цөөхөн байна
-Энэ хөтөлбөрийг улсын сургуулийн багш нараа сургахаас эхэлсэн. Багш өөрөө түрүүлж хэрэглээд ярианы хэсэгт өөрөө хэлж чаддаггүй үгнүүд байвал өөрөө хэлж сурах, аппликэйшн дээрээ хүүхдүүдийг удирдахад суралцах, дадлагажих боломжийг хоёр сарын хугацаа өгсөн. Дараа нь хүүхдүүдээ бүртгүүлж оруулна.
Манай багш нар үнэхээр сурах сонирхол идэвх ихтэй. Гэхдээ багш нарт хэрэгцээтэй сургалтыг өгч байна уу гэвэл учир дутагдалтай. Сайн сургалтын контент дутмаг байсаар байна.
“Астрид”-ын хамгийн гол давуу тал нь багшийн хөгжлийг, оролцоог дэмждэг. Багшийн ажлыг хөнгөвчилдөг. Багш хүүхдүүдээ бүртгээд энэ платформд өөрийн ангиа үүсгэнэ гэсэн үг. Тэндээ back office-оосоо хүүхэд бүрээ хянаад ямар түвшинд байгаа, ямар чадваруудад туслалцаа хэрэгтэй байгаа зэрэгт нь үнэлэлт өгдөг. Дараа нь хүүхэд бүрийн түвшин, ур чадварт тохирсон даалгаврыг “Астрид” дээр бие даалт болгоод өгчихдөг. Хүүхэд болгоны бэрхшээлийг харуулдаг. Датад суурилсан шийдвэр гаргалтыг бий болгодог.
Түвшний хувьд өөр өөр байгаа хүүхдүүд тухайн үе шатандаа таарсан хичээл үзэх боломжтой. Ярианы чиглэлийг илүү дэмждэг учраас ангиараа суугаад ярьж болно. Хичээлийнхээ 40 минутыг “Астрид” дээр ярианы давтлага болгож ашигладаг.
Ялангуяа ярианы ур чадварт маш их хэрэгтэй. Улсын хэмжээнд 3000 гаруй англи хэлний багш байгаа. Гэвч тэдний дунд байгаа нэг асуудал бол англиар ярьдаг багш маш цөөхөн. Олонх нь Монголдоо англи хэлний багш мэргэжлээр сурч төгссөн, орчин байхгүйгээс ярианы тал дээр хангалттай биш байдаг. Гэтэл үүний нэг сөрөг үр дагавар нь хүүхдэд нөлөөлөөд хүүхдүүд англиар ярихгүй болохоор сэдэлжихгүй байна. Би англиар ярьснаараа ямар үр дүнд хүрэх юм гэдгийг сайн мэдэрдэггүй. Хүн яриад хэлэхээрээ урам зориг авч, илүү өөртөө итгэлтэй мэдрэмжийг авна. “Би англи хэл дээр ярих юм байна. Ажил хийх юм байна. Гадаадад сурч болох юм байна” гэх мэтээр хүсэл мөрөөдөл нь цаашаа ахина. Англи хэлний ярианы хичээл хүүхдэд маш чухал. Гэтэл энэ хэсэг орхигдоод дүрэм үзээд байхаар залхана, хэлний утга учир үнэ цэнийг олж харахгүй, англи хэл сурахдаа дурлаж чадахгүй байна. Тэгээд цаашлаад сургуулиа төгсөхдөө англи хэлний хэрэглээний түвшинд хүрэхгүй уначихаад байгаа.
Энэ төслийн ачаар маш англи хэлний хичээлийн хувьд улсын хэмжээнд маш том дата мэдээлэлтэй бий болж байгаа. Ийм боломж үүсч байгаа учраас БШУЯ, БЕГ маш эерэгээр хүлээж авч, дэмжиж байгаа. Гэхдээ бодлого тодорхойлдог газрын хувьд англи хэлний боловсролыг хариуцсан хоёрхон хүн байгаа нь хангалтгүй санагдсан. Нөгөө талаар нэгэнт багшийн асуудал ярьж байгаагийнх удаан ажилласан жилийг шагнах уу, сайн ажилласан багшийг шагнах уу гэдгийг эргэж хармаар санагдсан. Удаан ажилласан багшийн тэтгэмж их байдаг. Гэтэл үүнээс илүүтэйгээр сайн ажилласан багшийг урамшуулах систем рүү орохгүй бол багш болгон харилцан адилгүй. Удаан ажилласан мөртлөө тэтгэвэрт гарахаа хүлээгээд нэг хэвийн байдлаар идэвхгүй ажиллах багш байна. Гэтэл төгсөөд удаагүй ч урам зориг дүүрэн, бүх боломж бололцоогоо хүүхдэд зориулдаг сайн багш байна.
Зөвхөн ном унш, хичээл хий гэдэг нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй
“Астрид” платформыг ашигласнаар ухаалаг утасны хэрэглээ ихсэх болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид одоо үеийн хүүхдүүдийг хуучны арга барилаар сургах боломжгүй.
Бид төслийн өмнө 200 шахам хүүхдийг сургаж үзсэн. Эхний таван минутад сонсч байгаад л анхаарал нь сарниад алга болчихдог. Гэтэл ингэж сарниж байгаа анхаарлыг тогтоон барихын тулд сонирхолтой, оролцоотой байдлаар л зааж сургах хэрэгтэй. Хэчнээн мундаг хүн байлаа гээд 40 минут ганцаараа ярьдаг цаг үе өнгөрсөн. Заах арга зүйн хувьд оролцоог илүү дэмжсэн байдлаар 15-20 минутад багш яриад, үлдсэн цагт хүүхдүүд оролцдог арга барил руу шилжих зайлшгүй шаардлагатай. Ашиглаж байгаа сурах бичгийн агуулга хүртэл хоцорчихсон. Уламжлалт байдлаар яваад л байна.
Хүссэн хүсээгүй эцэг эхчүүд хүүхдүүддээ утсаа хэрэглүүлдэг. Харин хичээл ормогц утсаа унтраа, зөвхөн номоо унш, хичээлээ хий гэдэг нь одоо үеийн хүүхдүүдэд асар сонирхолгүй байдлыг бий болгож байгаа. Тэгэхээр энэ асуудлыг hybrid буюу уламжлалт болон цахим байдлаар хослуулж, хавсрахаас өөр аргагүй. Ингэж байж орчин үеийн хүүхдүүдийг сэдэлжүүлж сургаж чадна. Мэдээж энэ хэрэглээний хэдэн хувийг цахим хэрэглээн дээр суурилах, хэдэн хувийг нь яг номтой ажиллаж, гар утас дэлгэцгүй уламжлалт байдлаар орох юм гэдгийг багш шийдэх ёстой.
Орчин үеийн заах арга барилын хувьд цахим платформ маш олон давуу талтай. Хиймэл оюун ухааны тулаан бидэнд чанартай сургалтыг хүртээмжтэй авах боломжийг өгч байна. Оксфордын их сургууль дөнгөж өчигдөр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн байна. Тэгвэл энэ нэр хүндтэй сургуулийн хичээлийг Увс, Завханд байгаа хүүхдүүд үзэж болно гэдэг өөрөө маш том ач холбогдолтой юм. Энэ боломжийг ашиглах уу, эсвэл тоглоом тоглох уу гэдгийг багш, эцэг эхчүүд шийдэх боломжтой. Бид тэртэй тэргүй утас ашигладаг. Тэгвэл тэр хугацааны ядаж 20 хувийг сурах хэвшилд зарцуулъя. Нэгэнт сурах хэвшил тогтсон хүүхэд сонирхож байгаа чиглэлээрээ өөрөө цааш гүнзгийрүүлээд судлах хил хязгааргүй орон зай нээлттэй. Би жишээ нь англи хэл сураагүй байхдаа Оксфордын их сургууль байдгийг ч мэддэггүй байсан. Дараа нь “Хэзээ нэгэн цагт сурвал гоё доо” гэж мөрөөдөж байсан бол өнөөдөр би Оксфордод тэнцээд мөрөөдлийнхөө нэг хэсгийг бодит болгочихсон сууж байна.
Блиц
2007-2011 онд: ХУИС, Олон улсын сэтгүүлч
2011-2017 онд: “Mongolian Economy” сэтгүүлч, орчуулагч, редактор
2013-2014 онд: Монгол HD телевиз, сэтгүүлч, редактор
2014-2016 онд: “Mongolian Economy” сэтгүүлч, редактор
2018-2020 онд: Economy Media Company-Ерөнхий редактор
2020 онд: Монголын банкны холбооны PR, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
2021 онд: Дэлхийн банкны Олон нийттэй харилцах зөвлөх
2019-оноос: “Гүрүн” академийн багш, үйл ажиллагаа хариуцсан захирал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 76 (7061)