Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Г.Чулуунсүхийг урилаа. Түүний хувьд Казахстан улсын Астана хотод энэ сарын 24-нд эхлэх жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
-Та 2015 оноос жүдогоор хичээллэсэн юм билээ. Энэ спорттой хэрхэн холбогдож байв?
-Би багаасаа барилдах дуртай байсан. Хөдөө нутагт өссөн болохоор морь, бөхтэй ойр өсөж, өөрийн сонирхолдоо хөтлөгдөж тамирчны замналыг сонгосон. Мөн бөхөөр хичээллэдэг найзууд бий. Тэднээсээ үлгэр дууриалал авч илүү хичээх урам зоригтой болдог. Бид барилдаж өссөн. Анх аймгийнхаа биеийн тамирын багш, дасгалжуулагч н.Очир багшид шавь орсон. Учир нь багш жүдо бөхийн дугуйлан хичээллүүлж байсан юм. Багшийнхаа заавар, зөвлөгөөг дагаж бэлтгэлдээ шамдсаар байна.
-Жүдогоор хичээллээд нэг сарын дараа тэмцээнд оролцож амжилт гаргасан гэж сонссон?
-Тийм ээ. Би хичээллэж эхлээд сарын дараа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 66 кг-д хүрэл медаль хүртэж байлаа. Анхны энэ шагналаасаа урам авч цааш хичээж эхэлсэн. Үүний дараа хүүхдийн спортын V их наадамд оролцож мөнгөн медаль хүртсэн. Харин 2017 онд улсын аваргаас хүрэл медаль, 2018, 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. Энэ үед би 73 кг-д барилдсан. 2019 оны долдугаар сард дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байлаа. Энэ тэмцээндээ 66 кг-д барилдаад шагналт долдугаар байр эзэлсэн. Өнгөрсөн онд спортын мастерын болзол хангасан.
-Найман жилийн хугацаанд амжилтаа ахиулжээ. Үүнээс сэтгэлд тод үлдсэн дурсамжтай тэмцээн гэвэл алийг нь онцлох вэ?
-Оролцсон тэмцээн бүр дурсамжтай, үнэ цэнтэй. Гэхдээ 2018 онд Улсын аваргадаа түрүүлээд Азийн наадамд оролцох эрхээ авсан ч тодорхой шалтгаанаас болж оролцож чадаагүй. Тухайн үед бэлтгэл сургуулилт сайн байсан. Тэр үеийн тэмцээн уралдаан их дурсамжтай санагддаг.
-Ямар үед өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ?
-Бөхийн спортын үе үеийн тамирчдыг хүндэлдэг. Мөн шигшээ багийн тамирчдаас суралцдаг. Жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатарын барилдааныг үзэх дуртай. Аливаа спорт хүнийг төлөвшүүлдэг гэж боддог. Жүдог сонгож хичээллэсэндээ үргэлж бахархах сэтгэл төрдөг. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа болохоор аз жаргалыг дэвжээнээсээ мэдрэх жишээтэй. Хувь хүн талдаа олон зан чанар чадварт суралцаж байна. Тухайлбал, аливаад тууштай, тэвчээр хатуужилтай болсон гэж боддог.
-Бөхийн спорт удам залгадаг гэдэг. Танайд барилддаг хүн бий юу?
-Манай аавын тал бөхийн удамтай. Өнгөрсөн оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмаар харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон ах бий. Ц.Бямба-Отгон ах аавын маань эгчийн хүүхэд. Удмаас маань улсын цолтон төрсөнд баяртай байгаа. Тиймээс барилдааныг нь үзэж, дэмжиж суудаг.
-Шантрах үе тохиолддог байх. Үүнийг хэрхэн даван туулдаг вэ?
-Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл. Үүнээс сэргийлэх хэрэгтэй. Бэртэл авсан тохиолдолд бүрэн эдгээж бэлтгэлдээ орох хэрэгтэй юм билээ. Бэртэлгүй байж бэлтгэлээ сайн хийхэд амжилт гаргах бүрэн боломжтой санагддаг. Хүн болсон хойно сэтгэлээр унах үе гардаг. Энэ үедээ тайвшрахыг л боддог. Бэлтгэлээ хийхээр сэтгэл сэргэж, эрч хүчтэй болдог. Тамирчин хүнд бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл зүй чухал. Энэ хоёр тэнцүү байж амжилт гаргана. Би дэвжээнд гарахдаа тайван байхыг хичээдэг.
-Удахгүй болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Бэлтгэл хэр хангагдаж байна?
-Жүдо бөх хөл мэхийг түлхүү хийдгээрээ онцлог. Бэлтгэл дээрээ тонгорох, мордох мэхийг их давтдаг. Өдөрт гурван цагийн бэлтгэл хийж байна. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор нутагтаа бэлтгэлээ базааж байна. Мөн замын зардал, байр, хоол, оролцох хураамж гээд есөн сая гаруй төгрөг шаардлагатай байгаа. Тиймээс элэг нэгт монгол түмнээсээ тусламж хүсэж хандивын аян эхлүүлсэн. Мэдээж тамирчин хүний зорилго амжилт гаргах. Тамирчин хүн амжилт гаргахад санхүү шаардана. Тиймээс дэмжлэг чухал санагддаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)