Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
УДБЭТ-ын уран бүтээлчид А.Аданын “Жизель” балетыг өнгөрсөн оны шинэчилсэн хувилбараар нь хоёр өдөр амжилттай тоглолоо. Энэ удаад УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин болон М.Нандинцэцэг нар Жизельд бүжсэн юм.
О.Анужин
Есөн настайгаасаа балетын урлагаар хичээллэсэн О.Анужин өдгөө УДБЭТ-ын гоцлол бүжигчин болтлоо өсөн дэвжиж, театрын алтан тайзнаа авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтэж яваа билээ. Тэрбээр энэ удаа гэнэн цагаан хайрынхаа төлөө өөрийгөө золиосолж буй үзэсгэлэнт охины дүрээр үзэгчидтэй уулзсан юм. Тэрбээр 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож хүрэл цом, тусгай шагнал хүртсэн юм. Энэ амжилт нь 35 жил тасраад байсан балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлсэн томоохон шагнал байв. Энэхүү амжилтаараа О.Анужин 23 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин болж, төрдөө хөдөлмөрөө үнэлүүлсэн билээ. Тэрбээр жаахан байхдаа сайн найзынхаа ээжийг бүжиглэж байхыг хараад балетчин болохоор шийдсэн тухайгаа дурссан нь бий. Энэ хүслийг нь ээж нь дэмжиж, тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид шалгуулж тэнцсэнээр бүжигчин болох замнал нь эхэлжээ.
М.Нандинцэцэг
Үзэсгэлэнтэй мөртлөө өр эмтрэм хувь заяаны эзэн Жизелийн дүрээр тайзнаа амьдарсан дараагийн бүжигчин нь УДБЭТ-ын гоцлол бүжигчин М.Нандинцэцэг байсан юм. Театрт орсон цагаасаа “Хунт нуур”-т бүжиглэж өөрийгөө харуулсан тэрбээр энэ удаад илүү мэдрэмж, сэтгэл, дотор шаардсан дүрийг амжилттай амилуулж чадлаа. Түүний хувьд анх уран гулгалтаар хичээллэдэг байжээ. Гэрийнхэн нь ч Япон улс руу явуулж энэ спортоор хичээллүүлэх хүсэлтэй байсан гэнэ. Гэвч энэ үед балетын урлагаар хичээллээд таван жил өнгөрчихсөн байжээ. Тиймээс сонирхлынхоо дагуу Хөгжим бүжгийн коллежид элсэж, мэргэжлийн бүжигчин болохоор зорьжээ. М.Нандинцэцэг сургуулиа төгсөхөөс өмнө анх УДБЭТ-ын тайзан дээр “Цөмөөхэй” бүжгэн жижгээр гарч байв. Харин 2018 онд албан ёсны бүжигчнээр “Дэггүй лиз” балетын Лизийн дүрд тоглосон билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)