Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор Т.Насанжаргалыг урьж, жимс, хүнсний ногооны тариалалт ба хүлэмжийн аж ахуйн хөгжлийн талаар ярилцлаа.
Зардал өндөр, ажиллах хүчний хомсдолтой хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нь
Олон улсын байгууллагууд, Засгийн газраас Солонгосын нийлэг хальсан хүлэмжийг 2004 оноос эхлэн тариаланч өрхүүдэд үнэгүй тарааж эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд хүлэмжийн аж ахуй эрхлэх, хүнсний нарийн ногоог тарьж ургуулах талаар чамгүй мэдлэгтэй болж өрхийн тариалангийн хэмжээнд хүнсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэж байна. Манай орны өвөл урт, хүйтэн учраас хүлэмжийн аж ахуй эрхлэхэд зардал өндөр гардаг. Ялангуяа өвөл хүлэмжинд ногоо тариалахаар халаалтын зардал их. Ажиллах хүчний хөлс, үйл ажиллагааны зардал дээр халаалтын зардал нэмэгдэхээр өөрийн өртөг нэмэгдэж байна. Оройн 10:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хүлэмжийн аж ахуйн цахилгааны төлбөрийг хөнгөлөх тухай тогтоол бий. Өдрийн турш хуримтлагдсан нарны гэрлийн дулааныг хүлэмжнээс алдагдуулалгүй халаалтыг залгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байдаг. Иймд 2018 оны Засгийн газрын тогтоолыг хэвээр хэрэгжүүлж 18:00 цагаас эхлээд халаалтаа хөнгөвчилдөг байвал хүлэмжийн аж ахуй эрхэлж буй тариаланчдыг дэмжинэ.
Мөн хүлэмжийн автоматжуулалт, техник тоног төхөөрөмжийн хангамж муугаас гар ажиллагаа ихтэй, ажиллах хүчний хомсдол их зэрэг шалтгааны улмаас эрчимтэй хөгжиж чадахгүй байна. Тухайлбал, ХААИС-ийн жимс жимсгэний агрономийн ангид сүүлийн таван жил нэг ч оюутан суралцаагүй. Тариалангийн бүс нутгаар 1-2 агрономичтой бол бусад газар зоотехникч, малын эмч нар нь хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнээр ажилладаг. Мэргэжлийн бус хүмүүс ажилласаар байвал төрийн бодлого хөрсөн дээр бууж хэрэгжиж чадахгүй. Тиймээс жимс, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болохын тулд мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж байж хурдацтай хөгжинө. Үүнд, төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Газар тариалангийн чиглэлээр суралцах ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад тэтгэлэг олгох, төлбөрийг нь хөнгөлөх, хос хөтөлбөрөөр сургахад төрөөс дэмжлэг үзүүлж манай сургуультай хамтран ажиллах боломжтой. Эхний хоёр жил нь Монголд, үлдсэн хоёр жилд нь гадаадад мэргэжил эзэмших хөтөлбөрийг хэрэгжүүлсэн арвин туршлага ХААИС-д бий.
Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхдээ хөдөө орон нутагт, нийслэлд ялгаагүй цогцолбор хэлбэрээр байгуулах нь зөв гаргалгаа гэж харж байна.
Хамгийн багадаа нэг га түүнээс дээш тав, 10 га талбайтай цогцолбороор шийдэж чадвал дэд бүтэц нэг цогц болно. Хөдөө орон нутагт олон жил ногоо тарьсан чадвартай тариаланчдыг хоршооны хэлбэрт нэгтгэн түрээсийн гэрээгээр эзэмшүүлж гарсан ургацыг нэгдсэн сав, баглаа боодолтой стандартын дагуу ангилан ялгаж дэлгүүр, ресторанд хүргэж өгдөг хоршоод гүйцэтгэдэг болох хэрэгтэй. Мөн даршилж нөөшилсөн, хатаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг цехүүд хүлэмжийн аж ахуйтайгаа зэрэгцэн хөгжиж байж цогц үйлдвэрлэл бий болно.
Нарийн ногооны хэрэгцээгээ говиос хангаж болно
Цогцолбор байдлаар хүлэмжийг байгуулахдаа бүс нутаг тус бүрийн онцлогт тохируулах шаардлагатай. Говь, хангай, хээр, төв, өндөр уулын бүсээс хамааран хүлэмжийн загварыг зөв сонгож байршуулах хэрэгтэй. ХААИС-ийн харьяа Ухаалаг хүлэмжийн аж ахуйн төв Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Энэхүү төв салхины хурд, нарны тусгалын хэмжээ, температур, хур тунадас зэрэг цаг уурын тоон мэдээллүүд дээр тооцоолол хийгээд төвийн бүсэд тохиромжтой хүлэмжийн загварыг тооцоолж гаргаж ирэхээр ажиллаж байна.
ХААИС-ийн Агроэкологийн сургууль Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтарсан хүлэмжийн аж ахуйн цогцолбор, агро аж ахуйг хөгжүүлэх судалгааны ажлыг 2017 онд эхлүүлсэн. Үр дүнд нь ус, бордооны хэрэглээг багасгаж хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэх боломж бүрэн байгаа нь тогтоосон. Тэгэхээр говьд хүлэмжийн аж ахуйн цогцолборыг байгуулаад “Оюу толгой”, “Таван толгой” гэсэн томоохон уурхайнуудад нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоог нийлүүлэх боломжтой. Өмнөговь, Дундговь аймгийн хүнсний ногооны хэрэгцээг хангаад зогсохгүй Улаанбаатарт худалдаалах боломжтой. Ялангуяа өвөл төвийн бүсийн тариалалт багассан үед говиосоо нарийн ногоогоо авах боломж дүүрэн бий. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй хөрш орон руугаа экспортлох боломжтой. Зөвхөн өөрсдийн хэрэгцээгээ хангана гэж зорьвол газар тариалангийн салбар хурдацтай хөгжиж чадахгүй.
“6-р аж үйлдвэрлэл”-ийг орон нутагт хөгжүүлэх нь чухал
Жимс, хүнсний ногоог тариалсны дараагаар хэрхэн борлуулах вэ гэдэг нэн чухал. Олон улсын NEAR байгууллагатай манай улсын 21 аймгиийн 330 сум холбогдсон байдаг. Өнгөрсөн жил болсон хуралд нь оролцож Өмнөговь аймагт хийсэн зургаан жилийн судалгааны ажлынхаа талаар илтгэл танилцуулсан. Тус хурлын үеэр “6th industry” буюу “зургадугаар аж үйлдвэрлэл” гэсэн нэр томьёоны талаар ярилцсан. Нэгдүгээр үйлдвэрлэл нь хүлэмж, ил талбайд ногоо тариалж буй анхан шатны үйлдвэрлэл орно. Хоёрдугаар үйлдвэрлэлд нь тариалсан ногоогоо дахин боловсруулах үйлдвэрүүд багтана. Тодруулбал, өргөст хэмхээ даршлах, улаан лоолио хатаах, нөөшлөх зэргийг хэлж байгаа юм. Гуравдугаар үйлдвэрлэл нь сав баглаа боодол, тээвэр, борлуулалтыг хариуцсан үйлдвэрлэл юм. Хятад, Солонгос, Япон улс “зургадугаар аж үйлдвэрлэл”-ийг эрчимтэй хөгжүүлж байна.
Солонгосын хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцахад хүнсний ногоо ургуулах кредит цуглуулдаг шаталсан сургалтуудад хамрагдаад амжилттай суралцсан залууст цогцолбороор байгуулсан хүлэмжийн талбайгаас хариуцуулаад хүнсний ногоог нь тариулж байна. Хүн бие даан нэг га-гийн хүлэмж барихад их төсөв шаарддаг. Харин дээрх зохицуулалтаар тухайн хүлэмжиндээ ногоо тариалаад дадал, чадвартай болсны дараа бага хувийн зээлд хамрагдаж өөрийн гэсэн аж ахуйгаа байгуулахыг Солонгосын Засгийн газар дэмждэг.Мөн Солонгост өөр мэргэжлийн хүмүүс ажлын хажуугаар эчнээгээр их сургуулиудын богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж байна. Үүнд онолын хичээл заахгүй. Тухайн ногоо, жимсийг хэрхэн тариалахыг практик дээр суурилан заана. Үүний дараа хөнгөлөлттэй зээлд ямар нэгэн өндөр шалгуургүйгээр хамруулдаг.
Тариаланч ногоогоо тариад давхар үйлдвэрлэл эрхлэх цаг гарахгүй. Иймд хоршоо болоод ажиллавал дундын хоршоонд нь улаан лоолийг шахдаг, өргөст хэмхийг даршилдаг үе шат үргэлжилнэ. Дараагийн хоршоо нь ногоог ангилж баглаад, шошго, бар код наагаад нийлүүлэгчид рүү хүргэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсад ногоо тариалдаг хүн энэ бүх үе шатыг өөрөө гардан хийдэг. Энэ нь газар тариалангийн хөгжилд саад болж байгаа нэг хүчин зүйл юм. Тиймээс цогцолбор хүлэмжийг хөгжүүлвэл нэг хүн зөвхөн улаан лоолио тарина. Борлуулалт, баглаа боодол, тээвэр гэсэн бусад асуудалд огт санаа зовох шаардлагагүй. Тиймээс орон нутгууд хөнгөлөлттэй зээлийг цогцолбор хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зарцуулах нь илүү үр дүнтэй. Хүн бүр тус тусдаа ажиллавал бодитой үр дүн гарахгүй.
Блиц:
Боловсролын зэрэг:
-2001 он:МУИС-ийн биологич, биологийн багш /бакалавр/
-2006 он:Сөүл хотын их сургуулийн агрономч /бакалавр/
-2008 он:Сөүл хотын их сургууль агрономи /магистр/
/Судалгааны сэдэв: “Effects of hydroponic system and root zone temperature on growth and allyl isothiocyanate content of Wasabia japonica Matsum”/
-2012 он:Сөүл хотын их сургуулийн агрономи /доктор/
/Судалгааны сэдэв: Effects of chitosan, sulphur and water management on allyl isothiacyanate content of Wasabia japonica grown in hysroponic system/
Ажлын туршлага:
2008 онд ХААИС-ийн багш
2012- 2014 онд ХААИС, АБС, ТСОУХ-ын тэнхимийн эрхлэгч
2014- 2017 онд ХААИС-ийн Агроэкологийн сургууль, ГТУХ-ын тэнхимийн багш
2017-2018 Сөүл хотын их сургуулийн зочин профессор
2018-2021 ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
2021 оноос ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ТСОЛА-ийн тэнхимийн багш
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)