Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин”-оор “PRO” театрын найруулагч , жүжигчин Б.Даваасүрэнг урилаа. Тэрбээр Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласан юм.

 

-“Инээмтгий хүн” жүжгийн үзэгчдийн хувьд яван чангарсан байх шүү. Сүүлийн тоглолтууд ерөнхийдөө дүүрэн үзэгчтэй харагдсан?

-Бид жүжгээ бараг сарын хугацаанд РЦНК-ийн тайзан дээр амжилттай тоглож дууслаа. Мэдээж шинэ театр учраас нээлтийн үеэр тийм ч их хүн ирээгүй. Энэ удаагийн уран бүтээлд 40 гаруй хүн оролцсон юм. Тиймээс үзэгчдийн ихэнх хувийг бидний гэр бүл, ойр дотнынхон бүрдүүлж байлаа. Харин жүжиг дундаа орж, дуусах дөхөхөд хүмүүс яг өөрсдийн хүслээр зорьж үзэх нь ихэссэн.  Ингээд жүжиг завсарласны дараа их олон хүн дахиад тоглох санал тавьсан.

-Өнөөдрөөс дахин тоглож байгаа бил үү. Мөн эхний өдрүүдэд үзэгч бага ирэхэд эмээх, сандрах мэдрэмж өөрт тань төрж байв уу?

-Өнөөдөр оройноос жүжиг маань ээлжит үзэгчдээ хүлээж авна. “Инээмтгий хүн” бол манай театрын гурав дахь уран бүтээл. Өмнө нь хоёр жүжиг дээр ажиллачихсан болохоор үзэгч хэр ирэх бол гэсэн төсөөлөл, хана байсан.  Ер нь “Инээмтгий хүн” жүжиг тавина гэсэн зар болоод постер танилцуулгаа цацаж эхлэхэд тасалбар зарагдаад эхэлсэн. Театрын урлагт дуртай үзэгчид гэж бий. Тэдгээр хүмүүсийн дунд шинэ бүтээлийн хүлээлт үүсчихсэн байж. Тиймээс  жүжиг эхэлснээсээ хойш үзэгчгүй тоглосон удаагүй.

-Та “PRO” театрын гурав дахь жүжиг гэж онцоллоо. Өмнөх хоёр уран бүтээлийн талаар мэдэхгүй байна?

-Бид олон жил ОХУ-д сурч, амьдарсан. Эх орондоо ирээд буву өнгөрсөн онд театраа байгуулсан. Гэвч өөрийн тогтсон байргүй байсан учир фестивальд зориулсан жүжиг хийх хэрэгтэй юм байна гээд “Эрхий мэргэн” гээд хүүхдийн жүжиг хийсэн юм. Энэ бүтээлээрээ олон фестивальд оролцсон. Харин дараагийн уран бүтээл нь шинэ жилээр хүүхэд багачуудад зориулсан илбэтэй, шинэлэг шоу кронцерт байсан юм.

-Яагаад заавал “Инээмтгий хүн” гэж олон удаа асуумаар байна?

-“PRO” бол нэг ангийн зургаан найзын хүсэл мөрөөдөл дээр босч буй театр. Бид анх театраа байгуулаад хэн ямар бүтээл найруулахыг, ямар дүрд тоглохыг хүсдэг тухайгаа ярилцсан юм. Мөн манай театр ямар, ямар жүжиг тавьж болохоор тухай жагсаалт гаргасан. Үүн дотор “Инээмтгий хүн” багтсан байлаа. Ингээд өнөөдрийн нийгэмд энэ жүжгийг л тавьбал цаг үе нь тохирно гэсэн шийдэлд хүрээд хэн найруулах тухай ярилцсан юм. Бид зургаагийн хувьд бүгд давхар найруулагч, багш болохоор суралцсан. Тиймээс жүжиг дээрээ задаргаа хийж, их удаан ажилласны эцэст би найруулахаар болсон.

-Анх “Инээмтгий хүн” жүжгийн тухай сураг гарахад УДЭТ-т тавина гэж байсан. Гэтэл удаа ч үгүй танай театрынх болж хувирсан?

-УДЭТ-т “Инээмтгий хүн” жүжгийн тухай яриа гарахад манай театр бэлтгэлээ эхэлчихсэн, ОХУ руу хөгжмийн зохиолчтойгоо холбогдсон, зураач маань ч ажлаа хийж байсан үе. Гэхдээ УДЭТ энэ жүжгийг хийх гэж байна. Бид больё гэсэн бодол огтхон ч төрөөгүй. Хэрэв хоёр театрын жүжиг давхацсан бол үзэгчдийн хувьд илүү сонирхолтойгоос гадна уран бүтээлч бидний хувьд давуу тал болох байлаа.  Театр бүр мэдээж өөр өөрийн онцлогоос шалтгаалаад тавилт нь өөр байна шүү дээ. Тэгэхээр Виктор Хюгогийн ертөнцийн нэгэн цагт хоёр өөр өнцгөөс харна гэдэг өөрөө ховорхон боломж байх байсан болов уу.

-Залуухан, эмэгтэй найруулагчийн хувьд Виктор Хюгогийн тэр харанхуй ертөнцөд амьдрах амаргүй байсан байх даа?

-Виктор Хюгогийн романууд их хүнд. Үнэндээ залуу эмэгтэй миний хувьд энэ сэдэв харанхуй, бараан, хэцүү байсан. Би яг энэ жүжгээр амьдарч байхад сэтгэл дотор их хүнд чулуу тээж яваа юм шиг мэдрэмж төрсөөр байлаа. Тухайн цаг үед залуус талбай дээр жагсаад л. Мөн энэ жүжгийн ард гарахад зохиолчийн өөрийнх нь задаргаа их тусалсан. Жүжиг бичигдэхдээ л зураглал, дүрслэл ихтэй. Бид анх зохиолоо Орос хэл дээр нь уншсан юм. Дараа нь өөрсдөө монгол руу орчуулаад уншихад илүү мэдээлэл олж байлаа.

-Жүжиг нээлтээ хийснээс хойш олон хүн шүүмж болоод сэтгэгдлээ бичсэн. Ялангуяа гол дүрийн тухайд?

-Жүжигчин Билгүүн бол манай ангийн хүүхэд. Миний хувьд уран бүтээлээ тултал хийж, жүжигчдээ сонгон шалгаруулж, туршлагатай уран бүтээлч тоглуулахыг урьтал болгоогүй. Учир нь бид залуу байна. Театр маань ч одоо л оршин тогтнохоор хичээж байна. Тиймээс өөрсдөө л хичээж, алдаж, онож, түүнээсээ туршлагажих хэрэгтэй гэж үзсэн. Дараагийн таван жилийн уран бүтээлд Билгүүн ямар болчихсон байх вэ гэсэн өсөлт дэвшилтийг бид хармаар байна. Магадгүй зарим мундаг жүжигчид урын сандаа 50 гаруй гол дүртэй л гэдэг. Тэд ч ялгаагүй Билгүүн шиг л эхэлсэн байгаа. Бид ОХУ-аас мэдлэг өвөртлөөд ирсэн ч одоо бол цэвэр туршлага хуримтлуулж байна. Билгүүн өнөөдөр өөрийнхөө байгуулсан театрт л тоглох ёстой.  Найз маань тайзан дээр тоглоогүй зургаан жил болсон. Тайзан дээр тоглож байгаад олон жил завсарласан учир түүний хувьд “Инээмтгий хүн” заавал давах ёстой даваа нь л байсан. Манай Билгүүн 2014 онд төгсөж ирснээсээ хойш кинонд тоглохоос гадна өөрөө ч кино хийж байсан туршлага бий. Мөн одоогоор “Сити” их сургуульд багшилдаг. 

-Найруулагч Н.Наранбаатарын жүжгээс цэвэр сонгодог үнэртдэг. Харин Э.Ёндоншаравыг туульсын төрлөөр төсөөлдөг болсон. Гэтэл Б.Даваасүрэнгийн театр визуал. Бас л өөрийн гэсэн өнгө аястай?

-“Инээмтгий хүн” бол гурван боть ном. Түүнээс бид хоёр цаг 30 минутын жүжиг гаргасан. Энэ бол текст хамгийн бага түвшин. Визуал гэх жанрыг энгийнээр тайлбарлавал үгээр бус үйлдлээр илэрхийлэх гэж ойлгож болно. Энэ драм нь олон төрлийн жанрыг хамтатгаж харуулах боломжтой. Жишээлбэл, манай жүжигт хүүхэлдэй тоглогдож байна. Мөн пантанем, пост драм, хар инээдэм гээд төрөл бүрийн урсгалаас багтсан. Гэхдээ эдгээрийн аль нэгийг нь товойлголгүйгээр тунг нь тааруулах л хамгийн чухал.

-Жүжгийн утга санааг тайзаар илэрхийлж болдгийг “Сычуаны сайн хүн” жүжгээс харсан. Харин танай жүжгийг үзээд энэ бодол минь бүр бат болчих шиг боллоо?

-Манай жүжгийн зураачаар Г.Анхбаатар маань ажилласан. Хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжилтэй ч давхар найруулагчаар сурч төгссөн. Анх биднийг сургуульдаа очих үеэс л багш нар Г.Анхбаатарыг дүрслэх, зураачийн тал руу сэтгэн бодох чадвар сайтай гэж үнэлдэг байсан. Энэ сонирхол нь өргөжөөд мэргэжил болсон байна. Бид хоёрын хувьд нэг бүтээлд найруулагч, жүжигчнээр ажилласан бараг гурав дахь уран бүтээл нь энэ жүжиг. Мэдээж Г.Анхбаатарын  тайз, дүрслэлгүйгээр “Инээмтгий хүн”-ийг төсөөлөхийн аргагүй. “Сычуаны сайн хүн”-ийг найруулсан Э.Ёндоншарав ахын хувьд бид нэг цаг үеийн ОХУ-ын мундаг багш нарын шавь. Манай хоёр багш энэ цагийн ОХУ-ын театр урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй хүмүүс. Шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Тэгэхээр бидний тавьж буй уран бүтээл хоорондоо жаахан төстэй байхыг үгүйсгэхгүй.

-Өнөөдөр Монголын урлагт олон төрлийн театр бий болж, уран бүтээл хийж байгаа нь авууштай. Түүнийг нь ч бид алгаа ташаад л магтаж байна. Гэтэл өнөөдрийн энэ хөгжлийг олон улс, ялангуяа ОХУ-ын театруудтай харьцуулахад дутуу болоод давуу тал нь юу юм бол?

-Давуу талаас нь эхэлье. Манай монгол жүжигчид их харизмтай. Нэг текст хэлээгүй ч бай нүдний илэрхийлэмж, биеэс цацарч байгаа харизмаараа тэс өөр. Тийм ондоошил монгол хүний генд байдаг байх. Хамгийн ойрын жишээ нь манай жүжигт тоглосон Ц.Төмөрхуяг ах шүү дээ. Энэ мундаг жүжигчин бол манай бүтээлийн артерийн судас юм. Дүрээ шаглаж, урлаж, сэтгэлзүйгээ гайхалтай удирдсан. Харин ялгаатай сул тал гэхээс илүү манай уран бүтээлчид бусдаас өөр байж, хаана ч дахин давтагдахгүй ондоошлоо л гаргаж ирэх нь чухал гэж бодож байна. Мөн гадны уран бүтээл, театрын хөгжлийг сонирхож, хуулбарлах бус тэндээс суралцах нь зөв юм болов уу.

-Та Санкт-Петербургт суралцаж төгссөн. Ямар аз, од, тохиолоор тэнд суралцах боломж олдож байв?

-2010 онд БШУЯ-аас ОХУ руу жүжигчний мэргэжлээр хүүхдүүд явуулах зар тараасан. Би Эрдэнэт хотоос тэр шалгаруулалтад орох гээд ирсэн юм. Миний аав, ээж хоёулаа урлагийн хүмүүс бий. Ээж минь Эрдэнэтийн театрт 30 гаруй жил найруулагч хийж байна. Тиймээс бага нас минь театрт өнгөрч, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл минь тэндээс л ассан. Мөн ОХУ-ыг зориход том түлхэц болсон зүйл нь миний хэлний мэдлэг байсан. Учир нь би Орос хэлний сургуульд сурдаг байсан юм. Тухайн үед 400 гаруй хүүхэд шалгалт өгөхөд 17-г үлдээсэн. Харин эдгээр хүүхдээ сарын хугацаанд бэлдсэний эцэст Санкт-Петербург хотоос багш нар ирж шалгаад 10-ыг нь авсан. Санкт-Петербург хотын театр урлагийн сургууль нь ОХУ дотроо их том ялгаатай. Учир нь илүү баруунтай ойр гэдэг утгаараа аж амьдрал, хүмүүс нь европжсон байдаг байлаа. Театрын урлаг нь ч ялгаагүй илүү хөгжингүй байсан санагддаг юм.

ОХУ-ын театраас бид таван уран бүтээлчийг ирж ажиллаач гэж урьсан юм. Эргэж очоод тодорхой хугацаанд ажиллалаа. Цаашдаа ч үргэлжлүүлээд ажиллах боломж бүрэн байсан боловч ярилцаж байгаад эх орондоо ирэхээр шийдсэн. Учир нь анх явахдаа л төгсөж ирээд өөрсдийн театрыг байгуулж, Монголдоо ажиллана гэсэн зорилготой явсан болохоор тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр “PRO”  театраа байгуулсан.  Тиймээс бид чадахаасаа чадахгүй хүртлээ уран бүтээлээ хийх болно. Харин үзэгч олон минь бидний үргэлж дэмжиж, уран бүтээлийг минь үзээрэй гэж хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)