П.АМГАЛАНБАЯР
Хараа гол, Баян, Буурал хайрханы өвөрт орших байгалийн сайхан цогцолсон Монголын аялал жуулчлалын томоохон бүсийн нэг бол УБТЗ-ын Баянбуурал амралтын газар. 45 жилийн түүхтэй энэ газрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд үйлчлэх их үйлсэд мөр зэрэгцэн нийгмийн нэг түүчээ болон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн Аялал жуулчлал буландаа тус амралтын газрын дарга Д.Ганбатыг урьж, ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд 45 жилийн түүхтэй Баянбуурал амралтын газар хэрхэн байгуулагдсан тухай түүхийг сөхье?
-1976 оны үед УБТЗ-ын орлогч дарга Н.Цэрэнноров гэж хүн Хараа голын хөвөөнд загасчилж яваад том загас барьсан гэдэг. Бэлгэшээгээд хойшоо хартал сайхан товцог харагдсан байна. Тэгээд л энэ сайхан нутагт төмөр замынхаа ажилчдын амралтын газрыг барих санаа төрсөн гэдэг. Ингээд төмөр замын 300 дахь точка дээр Баянбуурал хэмээх том бүтээн байгуулалтын ажил сүндэрлэсэн түүхтэй. Мөн Хараа голынхоо урд, хойно дүнхийх Баян, Буурал уулсаа сүсэглэж Баянбуурал нэрийг хайрласан байдаг. Анх 1978 онд 30 гэр, 15 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Үүнээс хойш 10 жилийн дараа 1988 онд “Найрамдал” зуслангийн барилгын зургийг нэг масштабаар бууруулж, амралтын газрын байшингаа барьсан түүхтэй.
-Сонирхолтой түүх байна. Та энэ байгууллагын даргаар томилогдож, нэгэн үеийн түүхийг нь бичилцэж явна. Ажилдаа ямар зарчим барьж ажилладаг вэ?
-Замын дарга Д.Жигжиднямаа агсан намайг анх энэ ажилд томилохдоо “Та энэ амралтыг хүн бүр очиж амрахыг хүсдэг болгож өгөөрэй” гэж хэлж байсан. Манай байгууллагын хамгийн үнэт капитал бол ажилчид. Тиймээс ажилчдынхаа санал бодлыг сонсож, удирдах биш, удирдуулан чиглүүлж ажиллахыг зарчмаа болгож ажилладаг. Мөн манай байгууллагаас тогтмол сургалт зохион байгуулж ажилчдынхаа мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд анхаардгаараа онцлог. Төмөр замын байгууллага хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг. Мөн ажилчид маань хариуцлагатай, ажил хэрэгч, ажилдаа хандах хандлага нь өндөр байдаг. Манай ажилчдын 30 хувь нь гэр бүлээрээ ажилладаг. Мөн төмөр замын байгууллага сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төв, амралт сувилал, эмнэлэг гээд ажилчдынхаа нийгмийн асуудлыг цогц шийдсэн. Энэ ч утгаараа нийгэмд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөгжилд нөлөөлдөг гэж хардаг. Жишээлбэл, Баянбуурал амралтын газар Батсүмбэр сумын Цогт-Өндөр хоёрдугаар багийн иргэдийг 75 метрийн гүний цэвэр ундны усаар жилийн дөрвөн улирлын турш хангаж байна. Мөн манай амралтыг түшиглээд тосгоны иргэд цагаан идээгээ зах зээлд гаргах боломжтой.
-Баянбуурал амралтын газрын үйлчлүүлэгчдийг татах гол онцлог юу вэ?
-Хамгийн бага зардлаар байгалийн сайханд жилийн дөрвөн улиралд амарна. Манай амралт зуны улиралд гэр болон зуны байр 45-55 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин өвөл 75-120 мянган төгрөг болдог. Үүнд өдрийн гурван хоол багтсан. Манай амралтын газрын хоолны амт, чанар, үйлчилгээ үйлчлүүлэгчдийг татах нэг хөшүүрэг гэж хэлж болно. Олон жил ажилласан туршлагатай хамт олон үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг ханган ажиллаж байна. Манай амралтын газар 55 ажилтантай ажиллаж байна. Үүнээс зоогийн газарт хоёр ээлжээр 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай тогооч нар хоолны орцоо өөрсдөө санаачлан шинэчилж ажилладгаараа онцлог. 24 цаг үйлчлүүлэгчид хоолоо захиалах боломжтой.
Мөн үйлчлүүлэгчиддээ хүргэж буй бүтээгдэхүүн нь цэвэр эко. Бид хүнсний ногоо, мах, цагаан идээгээ өөрсдийн аж ахуйгаас жилийн дөрвөн улиралд хангадаг. Зун цагаан идээгээ нөөцөлж жилийн дөрвөн улирал тасралтгүй үйлчлүүлэгчдээ цагаан идээгээр ханган ажиллаж байна. УБТЗ-ын удирдлагаас сар бүр эрүүл ахуйн хяналт тавьдаг учраас манай амралтад ямар нэгэн зөрчил гарч байгаагүй. Мөн хувцас угаах үйлчилгээг нээж байна. Үүнээс гадна спортын задгай талбай, хүүхдийн тоглоомын талбай, мэргэжлийн стандартын хоккей, хөлбөмбөгийн талбайтай. Караоке, билльярд, саун, кофе шоп, хүүхдийн цэцэрлэг гээд үйлчилгээний байгууллагад тавих бүх шаардлагыг хангасан.
-Цаг үетэйгээ нийцэж үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан олон бүтээн байгуулалт хийжээ?
-Нийгмийн соёл, хүмүүсийн сэтгэхүй өдөр ирэх бүр өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад хүмүүс байгальд гарч эрүүл агаарт амрах соёл ч мөн өөр болсон. Тиймээс нийгмийн шаардлага, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангахын тулд манай байгууллагаас жил бүр үе шаттай, хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээний соёл материаллаг баазаа бэхжүүлэхэд анхаардаг. Сүүлийн 3-4 жилд үйлчлүүлэгчийн хэрэгцээ, сэтгэлд нийцсэн бүтээн байгуулалтыг хийж байна. Энэ нь үйлчлүүлэгчдийн манай амралтыг зорих урсгалыг татахад чухал нөлөө үзүүлж байгаа. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дөрвөн улирлын гэр бүлийн байшин, зуны байшингууд, шалны халаалттай канад хаус барьж үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг ханган ажиллаж байна. Мөн стандартын спорт заалтай болсон.
-Баянбуурал амралтын газраас тамирчдын амжилт улбаатай гэж хэлж болно. Стандарт хангасан спорт заалтай болсноор илүү давуу талтай болжээ?
-Баянбуурал амралтын газар Монголын үе үеийн тамирчдын бэлтгэлийн материаллаг бааз нь байсан. Тиймээс амралтынхаа тохижилтод анхаарч төмөр замын удирлага, ажилчид байгалийн сайхнаа түшиглээд материаллаг баазаа бэхжүүлэхийн тулд стандартын зориулалт бүхий спорт заал барьсан. Энэ зааланд манай шигшээ багийн тамирчид байнга бэлтгэлээ базааж байна. Цар тахлын үед таеквондогийн тамирчид бэлтгэлээ базаан дэлхийн аваргаас медаль хүртэж, олимпын хоёр эрх авсан. Мөн саяхан ДАШТ-д оролцсон боксын 30 гаруй тамирчин 45 хоногийн бэлтгэлээ базаагаад явсан.
-Баянбуурал амралтыг зорьж ирдэг байнгын үйлчлүүлэгч хэр их байдаг вэ?
-Манай амралтад жилд давхардсан тоогоор 13 мянган үйлчлүүлэгч ирж амардаг. Баянбуурал амралтын ажилчид нэг хүнд нэг үйлчилгээ гэсэн зарчим барьж ажилладаг. Үйлчлүүлэгч сэтгэл ханамжгүй бол дахин зорьж ирэхгүй шүү дээ. Өнгөрсөн онд хоёр удаа судалгаа хийхэд үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувь нь тогтмол амрагч болсон. Мөн өнгөрсөн жилээс Хятад, Солонгос, Европын орноос үйлчлүүлэгчид ирж амардаг болсон. Улсын хэмжээнд 173 амралт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2018, 2019 онд манай амралт улсын хэмжээнд хоёрдугаарт жагссан. Энэ бол нийгэмд тодорхой байр суурь эзэлж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа төмөр замчдын бахархал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)