Д.ДАРАМБАЗАР

Харахад амархан ч нумыг нь татахад бяр шаардана. Тогтвортой барьж, сайн онилохын тулд тэвчээр харуулдаг спорт бол байт харваа. Мөн 700 метрийн цаанаас алимны хэмжээтэй дугуй байг онохын тулд тооцоолол, нарийн мэдрэмж шаарддаг ажээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа “Токио-2020” олимпод эх орныхоо далбаан дор авьяас билэг, хурц хараагаа сорьсон байт харвааны ОУХМ Б.Отгонболдыг урилаа. Түүний хувьд 2009 оноос эхлэн байт харваагаар хичээллэж, 2015 онд Азийн армийн ДАШТ-ийн алтан медаль, 2018 оны Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртсэнээс гадна улсын гурван удаагийн аварга юм.

-“Токио-2020” олимпын наадмын эрхийг Тайландад болсон тэмцээнээс хүртсэн. Энэ тэмцээнд тавдугаар байрт шалгарсан байхаа?

-2019 оны ААШТ-ээр эхний гурван байрт шалгарсан тамирчдад олимпын эрх олгох байсан. Гэтэл салхины тооцооллоос болж алдаа гаргаж тавдугаар байрт шалгарсан. Ингээд олимпын найдвар тасарлаа гэж бодтол нэг улсад нэг эрх олгоно гэж заасны дагуу онооны өндөр рейтингээр олимпын эрхээ авсан юм. Олимпод өрсөлдсөн өдөр их халуун байсан. Миний биеийн байдал тааруу байсан ч харвасаар байгаад тэмцээнээ өндөрлүүлсэн. Олимпод олон улсын туршлагатай тамирчидтай өрсөлдсөн болохоор их зүйлийг сурч мэдсэн.  

-Энэ үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж байсан бэ?

-Хөл хорионы дагуу гэртээ амарч, хажуугаар нь бэлтгэлээ хийж байсан. Мөн зарим үед клуб дээрээ ирж ганц хоёр сум тавьж үзнэ. Харин хөл хорио гайгүй болсны дараа шууд бэлтгэлдээ орсон. Олон жил мөрөөдсөн зорилго миний өмнө ирчихсэн байхад хичээхгүй бол болохгүй гэдэг бодол байнга төрдөг байлаа. Тиймээс л өвөл нь “360” клубдээ бэлтгэлээ базааж, олимпын наадамд мордсон доо.

-Харваж үзэхэд их хэцүү санагдлаа. Энэ спортоор хичээллэж, сурахын тулд ямар дасгалыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй вэ?

-Байт харвааны спорт их тэвчээр шаарддаг. Үүнийг манай н.Цэрэнмядаг, н.Гомбо, н.Ганзориг багш нар маань сайн мэддэг учраас намайг тууштай дасгалжуулсан. Яг алдарт Жеки Чан нэгэн хүүхдийг хэрхэн каратегийн аварга болгосон шиг. Тухайн кинон дээр нэг дасгалыг өдөр шөнөгүй олон удаа давтуулдаг. Хүүхэд залхдаг ч шантралгүй бэлтгэл хийсээр улсын аварга болдог. Үүнтэй адил багш нар маань шавь нараа резин татуулдаг байсан. Миний хувьд нэг сар зөвхөн резин татах дасгалыг тасралтгүй гүйцэтгэсэн. Гэхдээ би түүнээс нэг ч удаа залхаж байгаагүй нь энэ амжилтын үндэс гэж боддог. Анх намайг энэ спортоор хичээллэж эхлэхэд 100 гаруй хүүхэд ирдэг байсан бол сарын дараа хоёр хүүхэд л үлдсэн. Тиймээс амжилтын үндэс бол тууштай байх гэдгийг үргэлж бодож бэлтгэлээ базаадаг.

-Таны хувьд ирэх олимпод наадамд эх орныхоо тугыг мандуулах зорилготой байх даа?

-Токиогийн олимпод дээгүүр байр эзлэх боломж байсан. Гэхдээ боломжоо ашиглаж чадаагүй. Тэмцээнээ дуусгасны дараа заавал дахин олимпын наадамд оролцож шат ахих зорилгыг өөртөө тавьсан. Зорилгоо биелүүлэхийн төлөө өнөөдрөөс гэдэг зорилттойгоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Мөн Азийн аваргын тэмцээнүүдэд амжилтаа бататгаж, ахиулахыг зорьж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 69 (7054)