Д.ДАРАМБАЗАР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа шанз хөгжмийн сайхныг мэдрүүлж, уянгалаг аялгуугаар сэтгэлийг хөглөж буй “Уран эгшиг” улсын уралдааны хоёр удаагийн аварга Б.Наранцацралыг урилаа.
-“Уран эгшиг” уралдааны хошой аварга боллоо. Шагналаа гардах үед омогших мэдрэмж төрж байв уу?
-Би тавдугаар ангиасаа буюу зургаа дахь жилдээ шанз хөгжмөөр хичээллэж байна. Анх энэ хөгжмөөр хичээллэхдээ л олон уралдаанд оролцож өөрийгөө сорино гэж боддог байсан. Түүнийхээ эхлэлийг дунд сургуулийнхаа урлагийн наадмаас эхлүүлсэн бол “Уран эгшиг” улсын уралдаанд хоёр удаа түрүүлж, нэг удаа гуравдугаар байранд шалгарсан байна. Анх энэ уралдаанд ороход айж байсан. Тиймээс багахан алдаа гаргаснаар гуравдугаар байрт орж байсан юм. Харин сүүлийн хоёр жилд илүү сайн бэлтгэлээ хийж, туршлагатай боллоо.
-Зургаан жил гэдэг багагүй хугацаа. Одоо өөрийгөө болон хөгжмөө илүү мэдэрдэг болсон байх?
-Хөгжимчин хүн байнга өсөж, чадвараа ахиулах ёстой гэж багш маань байнга захидаг. Тиймээс нэг цэгт очоод зогсож болохгүй шүү гэж өөртөө хэлсээр ирсэн. Бидний хувьд өдөр бүр хөгжмөө барьж, давтсан тохиолдолд ур чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлч хүнд нэг өдрийн бэлтгэл гэдэг ч их чухал.
-Хөгжим болгонд өөрийн араншин байдаг байх. Шанз хөгжмийн гол онцлог нь юу вэ?
-Шанзыг гаднаас нь харахад их сайхан биетэй, донжтой бүсгүй хүн шиг санагддаг. Могойн арьсаар хийсэн учир хэтэрхий хүйтэн эсвэл халуунд байлгавал дуугарах өнгө нь өөрчлөгддөгийг нь бодохоор эмзэг, тунимхай ч юм шиг. Тэгсэн хэрнээ маш гоёмсог, дуугаралттай. Мөн яг миний хүссэнээр дуугардаг нь гайхалтай. Ингээд бодохоор дуулгавартай ч юм шиг. Тиймээс хөгжмөө аальгүй, хээнцэр хэрнээ донжтой, эрхэмсэг "бүсгүй"-тэй зүйрлүүлж боддог.
-Хөгжмийн хувьд үнэхээр уран, тансаг юм. Харин тоглож байгаа хүнд ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?
-Шанз хөгжмөөс би урлагийн гайхамшгийг мэдэрдэг. Багш минь “Шанз хөгжмийг суудлаас нь эхлээд бодоод үз. Цээж төвгөр, нуруу хотгор, эрүүгээ хүртэл цэх байлгаж тоглодог учир ямар донжтой харагддаг гээч. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн цогц гэсэн үг. Хөгжмийн дуугаралт, маяг нь хүртэл зохицсон” гэж билээ. Тэгэхээр энэ хөгжим их баялаг дуугаралттай. Хааяа бусад хөгжмийн зэмсгүүдийн хөг аялгуу эгшиглэж, сонсогдох нь ч бий.
-Шанз хөгжмийн аялгуунаас сонсогчид ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?
-Хөгжимчин хүний хамгийн гол зүйл бол өнгө тембэр буюу хөгжмөөс гаргаж буй аялгуу юм. Тэр нь хүний сэтгэлд хэрхэн хүрч байна вэ гэдгээс их зүйл шалтгаална. Мөн тухайн хөгжимчин хөгжмөө илүү мэдэрч, чин сэтгэлээсээ эгшиглүүлбэл шанз хөгжим амар амгаланг танд бэлэглэдэг юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)