Д.ДАРАМБАЗАР
Хурц хараа, нарийн мэдрэмжийг шаардаж өрсөлддөг спорт бол буудлага билээ. "Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2020 онд олимпын эрхээ хамгийн түрүүнд хүртэж байсан ОУХМ Ц.Анударийг урилаа. Тэрбээр 2014 онд Б.Алтанцэцэг багшийн удирдлага дор бэлтгэл хийснээр тус ондоо улсын аваргад түрүүлж байсан шилдэг тамирчдын нэг юм.
-Та анх Бээжинд болсон Дэлхийн цомын тэмцээнд VI байрт орж олимпын эрх авсан. Тухайн үед ямар орны тамирчидтай өрсөлдөв?
-Тэмцээний үеэр миний эсрэг талд дэлхийн чансаагаар хоёрт бичигддэг Сербийн тамирчин Зорана Арунович буудаж байлаа. Дэлгэцээ өөр рүүгээ харуулчихсан болохоор би хэд онож байгааг нь харах боломжгүй. Би ч “За өнгөрсөн надаас илүү буудаж байна даа” гэж бодоод айдас төрөөд болдоггүй. Тэр үед багш минь “Чамтай адилхан л буудаж байгаа” гэж тайвшруулж, зоригжуулсан. Харин финалд үлдэх үед миний урд өмнөх дэлхийн цомд хоёр алтан медаль авсан Унгарын тамирчин Вероника Мажор, харин ард дэлхийн чансааны нэгдүгээрт бичигддэг Грекийн тамирчин Анна Коракаки, ес дэх олимпдоо орох гэж буй Гүржийн тамирчин Нино Салуквадзе нар зогсож байсан. Энэ мундаг тамирчидтай зэрэгцээд зогсож байсан гэж бодохоор одоо хүртэл бахархмаар санагддаг.
-Өөрийг тань туршлага гэхээс илүү мэдрэмжтэй гэж дуулсан. Тэмцээний үед мэдрэмж хэрэгтэй юу, туршлага чухал байдаг уу?
-Буудлагын спортын нэг давуу тал нь хэдэн настай ч хүн буудаж болно. Гэхдээ буутай харьцаж байгаа болохоор доод тал нь 12 наснаас эхэлнэ. Би анх буудлагын спортод хөл тавихдаа жижигхэн, махлаг, булчин гэхээр зүйлгүй хүүхэд байсан. Буудлагаар хичээллэхийн тулд эхлээд маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Жишээлбэл, би хөлийн хуруунаасаа гарын хуруу хүртэлх бүх биеэ мэдэрч, зүрхний цохилтоо сонсдог. Яг энэ мэдрэмжээр амьсгаагаа гаргаж, өөрийгөө мэдрээд гохоо дарах үед “так” гэж дуугараад 10 дээр оносон байх л хамгийн сайхан мэдрэмж.
-Буудлагын спортоор дэлхийд Ази, Европын тамирчид тэргүүлдэг. Өөрийн тань хувьд аль орны тамирчид хамгийн чанга өрсөлдөгчид вэ?
-Нэг улсаас 1-3 тамирчин тэмцээнд оролцдог. Гэхдээ Хятадын тамирчид сайн. Ямар ч төрөлд байр эзэлдэг. Би Гүржийн тамирчин Нина Салуквадзегаас эхлээд олон тамирчныг шүтэж биширдэг. Өмнө нь хэн нэгэн тамирчин шиг болохыг хүсдэг байсан бол одоо тэднээс илүү гарч чадна гэдгээ мэдэрдэг болсон.
-Өмнөх олимпын амжилтаа дараа жил ахиулах зорилго байгаа байх?
-2020 оны олимпын зорилго бол амжилттай финалдах байсан. Харин ирэх оны олимпод оролцвол алтан медаль авахыг зорьж байгаа. Би туршлага сууж яваа тамирчин учраас өмнөх олимпоос их сургамж авсан. Ямартай ч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэхийг хүсэж байна. Тиймээс өөрийнхөө түвшинд хичээж юу чадахаа харуулна гэсэн бодол бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)