Баатарын Нямсүрэн
Бүжгийн спортыг сонгож эрүүлээр биеэ урлаж, бусдын амьдралын хэв маягийг өөрчлөхийн тулд хичээж буй эмэгтэй бол “Uuree’s Dance” клубыг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа юм. Нийгэмд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж буй хүчирхэг эмэгтэйг “Зууны мэдээ” сонин “Урлаг” булангийнхаа зочноор урьж, ярилцлаа.
-Та багын бүжиглэдэг байв уу. Бүжгийн урлаг юу нь таныг татсан юм бэ?
-Би багадаа өөрийгөө бүжиглэж чадахгүй гэж боддог байсан. Урлагийн үзлэгээр ангийн манлайлагч охид л бүжиглэдэг. Харин ажил дээр гараад байгууллагын урлагийн үзлэгт орох болоод бүжигчнээс сургалт авсан. Бүжиглэж байсан хүмүүс дундаас нэгийг нь сонгож байлаа. Тухайн үед намайг эвсэлтэй хэмээн монгол бүжиг заалгасан. Эндээс би өөрийгөө бүжигт дуртай гэдгээ мэдэж билээ. Тэгээд мэргэжлийн бүжигчин дээр очихоор гологдох байх гэж бодоод явсан. Нэг өдөр санаадгүй явж байгаад бүжгийн сургалт олоод жингээ хасахаар тус газар явж эхэлсэн. Хүн дуртай зүйлдээ илүү их дурладаг гэдгийг мэдэрч байлаа. Нэг мэдэхэд ажлынхаа хажуугаар бүжгээр хичээллээд гурван жил болсон байв. Тэр газар маань надад багшаар ажиллах санал тавьсан. Тэндээ нэг жил багшлаад дараа нь өөрийн бүжгийн клубээ нээж байлаа.
-Та 2021 онд “Uuree”s Dance” клубээ нээсэн. Зарим мэргэжлийн бүжигчин таныг шүүмжилдэг нь ажиглагдсан. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүмүүсээс өөрийн клубээ нээх санал их тавьсан. Тэгээд л зориг гаргаад “Uuree”s Dance”-ээ нээсэн. Анх жижиг талбайтай заалтай байлаа. Харин одоо гурван заалтай болсон. Энгийн хүмүүст бүжиглэх боломжийг нь нээж өгөхөөр хичээж байна. Би мэргэжлийн бүжигчин биш. Би мэргэжлийн бүжигчин бэлдээгүй. Бүжгийн урлагийг сурталчилж байгаа төдий. Ирээд суралцаж байгаа хүмүүс бүжгийг том урлаг гэдгийг ойлгодог. Намайг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байсан. Энэ нь зөв. Учир нь мэргэжлийн бүжигчин сургуульд нь багагүй хугацаанд суралцаж бэлтгэгдэж гардаг. Гэтэл мэргэжлийн бүжигчин биш эрхзүйч мэргэжилтэй хүн бүжиг заагаад байхаар шүүмжилж байгаа болов уу. Тиймээс өөрийн клубтээ мэргэжлийн багш нарыг ажиллуулах болсон. Манайх зургаан багштай. Бүгд СУИС-ийг төгссөн бүжигчид.
-Таны сургалтад ихэвчлэн ээжүүд хамрагддаг юм шиг санагдсан?
-Манайхыг бүх насныхан зорьж ирдэг. Бүжиг гэхээр хүмүүс залуучууд л хичээллэдэг гэж ойлгох нь бий. Ээжүүд маань өөртөө сэтгэл хангалуун байгаасай. Гэр бүл нь аз жаргалтай, хүүхдүүд нь үргэлж инээх хэрэгтэй гэж боддог. Би ашиг олохыг илүүд үздэггүй. Шавь нараасаа урам зориг авдаг. Мөн тэдэндээ боломж олгохыг хичээдэг. Шавь нарын хүүхдүүд ээж дандаа уурладаг байсан бүжигт явснаас хойш дандаа инээдэг болсон гэж хэлдэг гэсэн. Үүнээс би нэг гэр бүл ч гэсэн эерэг уур амьсгалтай болж буйг хараад талархдаг. Эмэгтэйчүүдийнхээ сэтгэл зүйг эмчлээд нийгэмдээ эерэг уур амьсгал бүрдүүлэхийг хүсэж байна.
-Та цар тахлын үеэр цахимаар бүжиг зааж байсан?
-Дөнгөж багш болсон үед цар тахлын хөл хорио гарсан. Гэртээ суухад бие маань хөдөлгөөн шаардаад байлаа. Мөн шавь нар маань цахимаар бүжиглэх санал тавьсан юм. Тухайн үед хаалттай онлайн анги нээсэн. Тэгээд би гэртээ байх хугацаандаа амархан бүжиг бүжиглээд бичлэгээ цахимд оруулсан. Хагас сая хүн үзэж байлаа. Ийм их хүн үзэж болдгийг олж харсан нь энэ. Мөн зарим бичлэг маань сая хүний үзэлттэй байсан. Чин сэтгэлээсээ бүжиглэсэн болохоор хүмүүст хүрсэн байх.
-Уянгалаг хөгжмийн аянд бүжиглэх нь эрүүл мэндээс гадна сэтгэл санаанд эерэг нөлөөтэй байх даа?
-Жин хасах нь эрүүл байхын үндэс. Сэтгэлийн баяр баясгалан гэдэг юутай ч зүйрлэмгүй амар амгалан. Бидний амьдарч буй нийгэмд уурлаж стрессдэх зүйл их. Тиймээс бүжгээр хичээллэхээр дараагийн хөдөлгөөнөө бодоод бухимдаж байсан зүйлээ мартах жишээтэй. Охид, эмэгтэйчүүд жин хасахдаа нэг спортыг сонгох нь бий. Бүжгээр жин хасна гэхээр хүмүүс бүжиглэж чадахгүй гэсэн бодлоор өөртөө хаалт тавьдаг. Амьдралд өнгө нэмдэг зүйлсийн нэг бол дуу хөгжим. Сэтгэлээр унасан хүн дуу хөгжим сонсоод тайвширна. Мөн бүжгийн нэг сайхан тал нь зүүн баруун тархийг хөгжүүлэх ач холбогдолтой.
Нэг хэвийн зүйлээ хийгээд л байхаар зүүн тархи хөгжихөө больсон байдаг. Бүжиг нь жин хасахаас гадна олон давуу талтай. Сэтгэл санааг эмчилж бухимдал тайлдаг. Эрүүл мэнд талаасаа олон ая тустай. Тухайлбал, би төрийн албанд ажилладаг байхдаа хөдөлгөөн багатай суугаа ажил хийдэг байсан. Үүнээс үүдэн нэг л мэдэхэд нуруу өвддөг болсон. Харин бүжгээр хичээллэснээр надад багагүй эерэг өөрчлөлт гарсан. Хоолой болон нуруу өвдөхөө больсон. Эрүүл амьдралын хэв маягтай болсон юм.
-Эмэгтэй хүн бүр төгс бие галбиртай байхыг хүсдэг. Гэсэн хэдий ч эрүүл байх нь чухал. Та шавь нартаа эрүүл байх талаар хэрхэн зөвлөдөг вэ?
-Хүн эрүүл жинтэй байхын тулд 80 хувь нь хооллолт, үлдсэн хувь нь хөдөлгөөн. Хөдөлгөөн хийхгүй байвал галбиргүй туранхай байна. Харин хөдөлгөөн хийснээр галбиртай, булчин шөрмөс нь хөгжил сайтай байх юм. Үр дүнг хүсэж байгаа бол дурлаж хий гэж хэлдэг. Хүмүүс надаас сарын дотор хэдэн кг турах талаар асуудаг. Харин би хичээл зүтгэл гаргаж тууштай байхыг л зөвлөдөг. Жин хасахдаа хүмүүс шантраад байдаг. Учир нь дургүй зүйлээрээ хичээллэсэнтэй холбоотой. Дуртай зүйлээ хийж байгаа хүн тууштай байж үр дүнг нь үзнэ. Хоёрдугаарт, хоолны их хатуу дэглэм бариад байдаг. Өөрийгөө ийм байдлаар зовоох хэрэггүй. Харин зөв зүйлээ сонгож идэх хэрэгтэй.
-Хүмүүс жин хасна гэхээр хоолны хатуу дэглэмд шилждэг. Мөн үр дүнд хурдан хүрэхийг хүсээд байдаг?
-Таргалалт нь олон жилийн буруу хооллолттой холбоотой. Би жин нэмсэн байх үедээ сэтгэл гутралд ороод хоолоо хасаад, жингээ хасаж байлаа. Энэ маш буруу юм билээ. Эргээд бодоход буруу арга барилаар жингээ хассан. Залуу байсан болохоор өвчинд өртөөгүй байх. Мөн хүн өөрийн дуртай зүйлээ олж хичээллэх хэрэгтэй. Дургүй зүйлдээ шалтаг гаргаад тасална. Хэвшил болоогүй зүйл гурван удаа таслахад л орхигддог. Тухайлбал, би их сэтгэл хөдлөл ихтэй хүн. Гэтэл иогт бүртгүүлээд орхисон. Тухайн дасгал, бясалгалыг нь хийхэд сэтгэл хөдлөлд тохироогүй. Тиймээс аливаа спортыг сонирхож өөрийн дуртай зүйлийг олох. Бусдыг дагахгүй, сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байх хэрэгтэй.
-Төрөөд удаагүй ээжүүд нэг хэсэгтээ сэтгэл гутралд орох нь бий. Гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх бол?
-Төрсний дараа жин нэмсэн ээжүүд нэг хэсэгтээ сэтгэл гутралд ордог. Бусад хүнтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй. Бүх зүйл цаг хугацаатай. Ээжүүд маань бүхэл бүтэн хүн бүтээсэн болохоор өөрийгөө өөрчлөх цаг хугацаа байгаа. Хоёр жилийн дараагаас хүүхэд нь том болно. Хэсэгхэн хугацаанд сэтгэлээ барих юм бол бүх зүйлийн ард гарсан байдаг. Мөн гэрээрээ дасгал хөдөлгөөн хийж болно. Мэдээж нялх хүүхэдтэй гэртээ суугаа ээжүүдэд амьдрал зогсох гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөгг. Миний зорилго бол бүжгээр дамжуулж эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг эмчлэхийг хүсдэг. Мөн нийгэмдээ эерэг зүйл бүтээхийг хичээж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 58 (7043)