П.АМГАЛАН

Гавьяат жүжигчин М.Бямбажавын агсны гарын шавь залуу дуучин Г.Даваадалай  хоёр дахь уран бүтээлийн бие даасан тоглолтын талаараа мэдээлэл хийлээ. “Даваадалай-2023” уран бүтээлийн тоглолт энэ сарын 24-нд “UB Palace” концертын танхимд болно. Дуучин, ятгачин Ө.Бохь-Шарга, дуучин Б.Дуулим зэрэг  залуу уран бүтээлчид тоглолтод оролцох аж. Тоглолт Г.Даваадалайн ганцаарчилсан дуунууд , хамтарсан уран бүтээл, Миний багшийн дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэх юм байна. Тэрбээр “Би 2016 онд СУИС-ийг Хөгжимт драмын театрыг мюзиклын жүжигчнээр төгссөн. Мөн морин хуур тоглох сонирхолтой. Тиймээс тоглолтын үеэрээ жүжиглэсэн үзүүлбэр болон ятгачин, дуучин Бохьшаргатай хамтарч  хөгжмийн сайхан ая аялгууг  үзэгчиддээ хүргэнэ.  Би эрхэм багштайгаа хамтарч анхныхаа уран бүтээлийн тоглолтоо өнгөрсөн жилийн дөрвөн сарын 28-нд хийсэн. Залуу уран бүтээлчийн хувьд  урам, илүү ихийг хийх хүсэл зорилго өгсөн цаг хугацаа байсан. Тоглолтыг маань үзэхээр зорин ирсэн тэр олон үзэгчдийг хараад үнэхээр их баярласан. Тиймээс хоёр дахь тоглолтоо хийхээр  олон сар төлөвлөж, бэлдэж  илүү сайн байхын төлөө хичээж байна. Даваадалай хэмээх залуу уран бүтээлчийн  дотоод ертөнцөөр аялж, үзэгчид мааань дүн тавих болов уу. Анхны тоглолтоосоо хойш хэсэг хугацаанд  нам гүм байж байгаад шинэ уран бүтээлүүдээ хийсэн.  Энэ дундаас хамтарсан гурван дуугаа үзэгчдэд хүргэсэн.  Үлдсэн дуунуудаа тоглолтдоо зориулж бэлтгэсэн “Даваадалай-2023” цомогтоо багтаасан. Мөн уран бүтээлийн цомгоо үзэгчиддээ үнэгүй дагалдуулж өгч байгаа. Тоглолтынхоо үеэр эрхэм багшдаа хүндэтгэл үзүүлж ард түмний  чихэнд хоногшсон сайхан  дуунуудыг нь дуулна. Дууг минь шимтэн сонсдог  үзэгчиддээ  талархаж байна” гэлээ.

Мөн тэрбээр гуравдугаар сарын 27-ноос Багануур, Хэнтий, Сүхбаатар гэсэн зүүн аймгуудаас  эхлээд бүх аймгуудаар аялан тоглолтоо хийх аж.