Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР 

 

Театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд тийм гэхийн аргагүй содон ертөнц угтлаа. Тайзан дээр бүтсэн тэр нэгэн ертөнцөөс хөнгөн гуниг, гэгээн  хайр мэдрэгдэнэ.  Нил мөрний эрэг дээрх хүмүүсийн нам гүм амьдрал,  дайны улмаас  боолчлогдсон Этиопын гүнж Аида. Тийм ээ. Энэ бол дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг Ж.Вердийн “Аида” дуурь Монголын хөрсөнд, үзэгчдийн мэлмийд бууж буй нь.  Сонгодог урлагийн тансаг орон зайд, Аидагийн ертөнцөөр биднийг аялуулж, догдлуулж, уярааж чадсан уран бүтээлч бол УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг юм. Саяхан олон жилийн хүч хөдөлмөрийн үр шимээ хүртсэн дуурийн театрын отгон гавьяатыг “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа урьж, ярилцлаа. 

 

-Та Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо туулай жилийн босгон дээр хүртлээ. Шагналаа гардах мөч амьдралд тань сайхан мэдрэмж төрүүлсэн агшин байсан болов уу?
-Хамгийн  түрүүнд энэ баярт мэдээгээ  ээж болон хань, гэрийнхэн, хамт олонтойгоо хуваалцсан. Төрийнхөө хайр хишгийг хүртэж, шагналаа гардах нь мартагдашгүй сайхан цаг хугацаа байлаа. Дуурь олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг, үнэ цэнтэй урлаг. Тэгэхээр энэ шагналын  ард миний хамт олон, аав ээж, хайртай дотны хүмүүсийн минь хөдөлмөр, намайг ойлгосон, хайрласан сэтгэл оршиж байгаа. Манай театрын хамт олон 200 гаруй хүний хөдөлмөрийн үрээр дэлхийн болон Монголынхоо сонгодог дуурийг үзэгчиддээ хүргэснээс хойш 60 жилийн түүхэн ойгоо угтах нь. Үүний 20 жилд нь тайзнаа дуулж, нэгэн эд эс нь болж яваадаа баярладаг. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж сар шинийн босгон дээр хүндтэй шагнал хүртээд, хайртай хүмүүсээ баярлуулах мэдрэмж үнэхээр гайхалтай байлаа. Анх гавьяат хэмээх хүндтэй цол хүртэх болсон мэдээг сонсоод баярлах, догдлох олон мэдрэмж  төрдөг юм билээ. Цаашид илүү сайн хичээх ёстой, сонгодог тоглолт хийе, нутаг ус, аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж явъя гэсэн  бодлууд хөвөрсөн. 


-Ээж нь охиныхоо баярт мэдээг хэрхэн хүлээж авав. Мэдээж таны хамгийн үнэнч үзэгч байх?
-“Охин минь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ, баяр хүргэе. Одоо шагналаа авахдаа өмсөх дээл, хувцсаа  бэлдэх үү” гээд миний өмнөөс их баярласан.  Би 2003 оноос УДБЭТ-т ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ээж минь хөдөөнөөс  зорьж ирээд миний тоглолтыг үздэг байлаа.  Ингээд 2007 оноос Улаанбаатарт шилжиж ирсэн. Тэр үеэс охиныхоо тоглолт бүрийг алгасахгүй үздэг болсон доо. Таны хэлснээр миний үнэнч үзэгч. Ер нь гэр бүлийнхэн минь  миний оролцсон тоглолт, жүжиг, дуурийг үзэх дуртай.


-УДБЭТ хэмээх  том театрын  үзэгчдийн суудалд хайртай хүмүүсээ  суулгаад,  тайзан дээр  дүрээрээ амьдрах тэр мэдрэмж гайхалтай байх даа?
-Нэг удаа ээж, ээжийн дүү нарыг танхимын хамгийн урд талын  суудалд тоглолт үзүүлэхээр суулгалаа. Тэгсэн намайг тайзан дээр дуулахыг сонсоод бүгд нулимсаа арчаад л, уйлаад байна. Дараагийн  тоглолтоос тэд маань  хол сууж үздэг болсон.  Учир нь тайзан дээр би  тухайн дүрийнхээ  сэтгэл хөдлөлийг л  гаргах ёстой.  Ээж, эгч  нарыгаа уйлахыг хараад миний сэтгэл хувирч мэднэ шүү дээ.


-Таны удамд урлагийн авьяастай хүн бий  юу. Хэрхэн энэ замналтай холбогдов?
-Би Баянхонгор аймгийн Богд суманд төрж, өссөн.  Нутагт маань сайхан дуулдаг хүмүүс байдаг ч манай удамд урлагийн авьяастан байхгүй. Би 1995 онд Хөгжим бүжгийн коллежид орсон. Сонгодог урлагийн гоцлол дууны ангид хөл тавиад дуучин болтол багш минь хөтөлсөн дөө. 


-Таны багш Ардын жүжигчин А.Бүтэд “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны  Сувдаагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон. Багш нь ямар арга барилаар зааж, сургадаг байв?
-Багш минь зөөлөн араншинтай сайхан эмэгтэй. Орон нутгаас ирсэн хүүхдүүдэд их сэтгэлийн дэм өгнө. Эмэгтэй хүний амьдралын ухаан, тэр тусмаа  сонгодог дуучин ямар байх ёстойг өөрөөрөө үлгэрлэдэг, ээжийн оронд ээж болсон гайхалтай эмэгтэй. Дуурийн  дуучин болоход багшийн арга ухаан том орон зайг эзэлдэг. Багш маань сонгодог урлагийн сайхныг ярьж өгдөг байлаа. “Хэрэв миний охин сайхан дуулвал УДЭТ хэмээх том айлын чадварлаг дуучин болно” гэдэг байв.  Намайг дагуулж театрт  жүжиг, дуурь, концерт үздэг  байсан.  Тэгж л 16 настай жаахан охины хүсэл мөрөөдлийн очийг асааж өгсөн дөө. Би багшийнхаа  чиглүүлсэн, гэрэлтүүлсэн замаар явсаар зорилгодоо хүрсэн. Одоо ч бид багшаасаа “Миний дуулахыг сонсоод  өгөөч, танд юу бодогдож байна. Энэ үед амьсгаагаа авах уу” гээд л асуудаг. Бид чинь багшийнхаа  урлагийн ертөнцөд  бий болгосон бүтээл, тусгал шүү дээ.


-Та багшийгаа ямар үед хамгийн их  баярлуулсан гэж боддог вэ?
-Намайг Гавьяат жүжигчин шагналаа гардаад гарч ирэхэд  багш хамгийн түрүүнд ирж үнсээд “Багш нь хөл газар хүрэхгүй баярлаж байна. Урлагийн замд хөтөлсөн шавь нар минь чадварлаг уран бүтээлчид болж, ард түмэндээ хайрлагдаж, төрийнхөө цолыг хүртээсэй гэж боддог байлаа. Энэ  мөрөөдлийг  миний  шавь биелүүллээ” гэж  хэлсэн. Би чинь багшийнхаа удирдлага доор есөн жил сурч төгссөн анхны гарынх нь шавь шүү дээ. 


-Тэгэхээр та СУИС-д орохдоо л УДБЭТ-ын гоцлол дуучин болно гэсэн мөрөөдөлтэй байсан байх нь ээ?
-Тийм ээ. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд  СУИС-д орохдоо л би  дуурийн дуучин болно гээд сонголтоо хийчихсэн байсан. Дотроо сургуулиа төгсөөд УДБЭТ-т орно гэсэн тэмүүлэлтэй охин байв. Гэхдээ театрт ороод л шууд гоцлол дуулах боломжгүй. Алхам тутамдаа суралцаж, хөгжиж, тэмүүлж өөрийгөө бүтээдэг. Би  “Чингис хаан” дуурийн Хадаан, “Дон Жуан” дуурийн Донна Эльвира, “Богема” дуурийн Мюзетта  гэсэн хоолойндоо  тохирсон гурван сайхан дуурийн дүрийг бүтээж байж театрынхаа гоцлол дууны ангид хөл тавьсан түүхтэй.


-Таны хүүхэд насны мөрөөдөл биелжээ. Мөрөөдлөөрөө, түүнийгээ гүйцэлдүүлж амьдрахад сэтгэл дүүрэн сайхан байдаг уу? 
-Анх тайзан дээр дуулна гэхээс эмээж, яана даа гэж бодогддог үе байсан. Харин анх дуулаад тайзнаас буухдаа “Би чадчихлаа” гэж өөртөө хэлж байлаа. Дөнгөж урлагийн замд хөл тавьж байсан учир цав цагаанаараа  л байгаа шүү дээ. Тэр үед найруулагч, удирдаачид маань магтаж, урамшуулахад илүү хичээх итгэл төрж байсан. Би гоцлол дууны ангид орохдоо л ингээд дуурийн дуучин боллоо гэж бодсон. Гоцлол дуучин болсон эхний 10 жил бүх дуурийг шинээр сурч, өрөлтөд орно, найруулагч, удирдаачтай ажиллана, оркестр хоортойгоо нийлнэ гээд завгүй цаг үе байдаг. Дараагийн 10 жилд нь дууриудаа бататгаж, Монголын дуурийн урлаг дэлхийн түвшинд хаана явж байна гэдгийг судална. Үзэгчдэд хүрч дуулахыг хичээдэг он жилүүд. Ер нь маш их хөдөлмөрлөсөн хүн л дуурийн театрын гоцлол дуучин болдог. Байнгын бэлтгэлтэй байж, үргэлж суралцдаг мэргэжил. Бид сонгодог урлагийн чадварлаг уран бүтээлчдийн залгамж халаа учраас хичээх ёстой гэж боддог. Би өөрийгөө дуурийн дуучин хэмээх өндөр оргил руу мацсаар бэлээс жаахан дээш өгсөж яваа гэж боддог юм. Сонгодог урлаг бол эцэс төгсгөлгүй том орон зай. Тиймээс энэ оргилын хаана ч очсон бай театр “Та ажлаа чөлөөлж өгнө үү. Залуу үе гарч ирж байна” гэх хүртэл дуулна гэж боддог.


-Таны амьдралаас сонгодог урлагийг салгаж ойлгох аргагүй юм байна. Ямар үед  мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү их мэдэрдэг вэ? 
-Дуурьт дуулаад, том концертны ард гарахад үзэгчдийн чин сэтгэлийн алга ташилт, урмын сайхан үгийг сонсох л сайхан мэдрэмж. Тайзан дээр тухайн дүрээрээ амьдарч буй цаг хугацаа бүр үнэхээр амттай, жаргалтай. УДБЭТ-ын гоцлол дуучин гэж  зарлуулж тайзан дээр гарах нь надад  эрч хүч өгдөг. Ирэх тавдугаар сард УДБЭТ-ын маань түүхт  60 жилийн ой болно. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гоцлол дууны ангийн 70 жилийн ой сайхан болж өндөрлөлөө. Энэ сайхан тэгш ой тохиож байгаа түүхэн мөчүүдэд театртаа дуулж байгаадаа баяртай байдаг. Манай театр 2007, 2008 оноос хойш олон сайхан дуурийг Итали, Франц, Герман гээд эх хэл дээр нь тавьж байна. Энэ нь Монголын сонгодог урлагийн хөгжлийн  онцлох үйл явдал юм. 


-Та УДБЭТ хэмээх том айлын гишүүн болоод 20 жилийг үджээ. Энэ хугацаанд дуртай ажилдаа цаг зав, зүрх сэтгэлээ зориулж ажиллахад гэр бүлийнхний тус дэм чухал байсан болов уу?
-Дуурийн дуучин цаг зав хомс байдаг учраас ажил амьдралаа төлөвлөж зохицуулдаг.  Ингэж л том дуурь, концертын ард гарна шүү дээ. Сонгодог урлагийн салбарт  ар гэр нь дэмждэг, ажлын онцлогийг нь ойлгодог байж л тухайн дуучин амжилт үзүүлнэ. Намайг тоглолттой оройтоход  хань минь “Орой  хэдэн цагт ирэх вэ.  Юу идмээр байна. Ядарч байна уу” гэж  үргэлж дэмждэгт нь баярладаг. Бид ингэж хайрлуулж, хүндлүүлж байж хамгийн сайхан хоолойгоор тайзан дээр тухайн дүрээрээ амилж, үзэгчдэд хүргэдэг онцгой мэргэжилтэй хүмүүс шүү дээ. 


-Таныг тайзнаа олон удаа хөтөлсөн дүр бол яах аргагүй “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа. Хүмүүс таныг монгол төрхтэй, хамгийн сайхан Нансалмаа гэж ярьдаг?
-Би Монголын сор бүтээлүүдийн нэг  “Учиртай гурван толгой” дуурийн 25 дахь Нансалмаа болж, театрынхаа тайзан дээр гарч байлаа. Монголынхоо нэрийн хуудас болсон энэ сайхан дүрийг 20 гаруй жил тайзнаа амилуулж байгаадаа баяртай байдаг. Үзэгчдийн чихэнд хоногштол сайхан дуулдаг Нансалмаа шүү гэж хэлүүлэх сайхан. Уран бүтээлчийн баярлаж  явдаг зүйл нь  ажилласан дүрдээ эзэн болж  “Чиний л дүр” гэдэг үгийг сонсох . Намайг 2003 онд театрт орж ирэхэд Ардын жүжигчин Б.Жавзандулам эгч Нансалмаад дуулдаг байсан. Том амьсгаагаар  сайхан дуулна. Дуулахыг нь сонсоод энэ дүрийг бүтээхсэн, намайг хэзээ дуулаарай гэж хэлэх бол гэж  боддог байлаа. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Оюунбилэг, Соёлын тэргүүний ажилтан том Д.Туяа эгч маань ч дуулдаг байлаа.  Сайхан сапронуудаас үлгэр жишээ авч, харж, сонсож,  үргэлжлэл нь болж явна.


-Дараа, дараагийн Нансалмаагийн түүчээ уртаас урт үргэлжилнэ. Тэгэхээр энэ дүрийг энэ цаг үед өөрийн онцлогоор бүтээж байгаа таниар бахархах сэтгэл төрж байна?
-Тэгэлгүй яахав. Миний араас шинэ Нансалмаа төрнө. Бид чинь нэгэндээ хамгийн сүүлд бүжиглэдэг бүжгээ хүртэл зааж өгдөг. Энэ үед үгээ ингэж хэлээрэй гэж захина. Энэ бол өв уламжлагдан өвлөгддөг хөөрөг шиг үнэ цэнтэй зүйл. Өмнө нь ажиллаж байсан дуучид маань ч дандаа  ардын, гавьяат жүжигчин мундаг хүмүүс. Миний хувьд тэднээс үлгэр жишээ авч,  чинээнд нь очих гэж хөдөлмөрлөдөг юм.


-Дэлхийн сонгодог бүтээлийн сор болсон “Аида”-г та олон жил тайзнаа амилуулсан. “Аида”-гийн дүрээр амьдрах нь эмэгтэй дуучдын хувьд хоолойн цар хүрээ, авьяас чадварынх нь илэрхийлэл гэдэг?  
-“Аида”  дуурийг 2011 онд УДБЭТ тавихад Аидад дуулж өнөөдрийг хүртэл 10 гаруй жил үзэгчдэд хүргэж байна. Үнэхээр том дуурь учраас дуучнаас хоолой, амьсгаа гээд олон ур чадвар шаарддаг. “Аида” дуурь эхлэл, өрнөл, төгсгөл хүртлээ үнэхээр сайхан аялгуутай. Би энэ дуурьт дуулаад, тайзан дээр  танхим дүүрэн үзэгчийн өмнө зогсож байхдаа өөрөөрөө бахархах  мэдрэмж төрдөг.  


-Та дэлхийн олон театрын тайзнаа сонгодог бүтээлүүдэд дуулсан. Хүмүүсийн  сонгодог урлагийг хүлээж авч сонсох  мэдрэмж нь хэр ялгаатай вэ?
-Дуучин бүхэнд бусад улсын театрт дуулах хүсэл байдаг.  Би Улаан-Үдэ, Америк, Солонгос, Хятад, Орос зэрэг олон улсын театрт очиж дуулж байсан. Хамгийн сүүлд 2019 онд Хөх хотод “Учиртай гурван толгой” дуурьт дуулсан. Мэдээж сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөн учраас дээд түвшинд хүлээж авч үздэг. Манай улсад ч сонгодог урлагийг зорьж үздэг үзэгч олон бий.  Сонгодог урлагийг шимтэн  үзэж,  тэр дуучны, бүжигчний тоглолтыг үзэхсэн гэж ярьдаг. Энэ чинь л уран бүтээлч болсны жаргал шүү дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)