Сүрнээгийн УЯНГА 

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөх хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанааг урилаа. 

 

-Ойн салбарыг хариуцсан агентлагтай болгон өргөжүүлсөн нь тэр хэрээр бодлого шийдвэрт өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл. Бүх салбар технологи, хөрөнгө оруулалт шаардсан эгзэгтэй цаг үед та Монгол орны байгаль орчны чухал салбарыг удирдаж, тамга атгах үүрэг хүлээлээ. Таны хувьд энэ онцлогтой салбарт хэр ойр хүн бэ, үндсэндээ мэргэжлийн ажиллах боломж бүрдсэн үү гэж асуумаар байна? 
-Би ой зүйч мэргэжилтэй. Бакалавр, магистраа МУИС-ийн Ой судлалын тэнхимд суралцаж Ойн үүсэл хөгжил, уур амьсгалын өөрчлөлт ойн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажил бичиж байлаа. Үргэлжлүүлээд 2007-2011 онд Герман улсад ойн чиглэлээр мэргэшсэн сургалт явуулдаг дэлхийн шилдэг сургуулиудын нэг Гөттингений их сургуульд Ойн түймэр, өсөлт хөгжлийн зүй тогтол сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Германдаа 2014 он хүртэл НҮБ-ын Гамшгийг бууруулах олон улсын хөтөлбөрийн дэргэдэх Дэлхийн түймрийн мониторингийн төвд докторын дараах судалгааны ажил хийсэн. Үндсэндээ найман жил Герман улсад ойн чиглэлээр суралцаж, судалгаа хийсэн. 
Ажлын гараагаа 2000 онд  МУИС-ийн Биологийн тэнхимд хичээлийн туслах ажилтнаар эхэлж дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор хүртэл ажилласан. Үүний дараа Германд найман жил суралцаад буцаж ирээд үндсэн ажилдаа буюу Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимд дэд профессор, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Багшлах хугацаандаа олон арван шавь нарыг түрүүлсэн. Мөн гадаад, дотоодын хүрээлэн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай экологи, уур амьсгалын өөрчлөлт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон хамтын ажиллагааг эхлүүлсэн.  Тэр дундаа түймрийн түүх, менежментийн чиглэлээр олон улсын судлаач эрдэмтэдтэй хамтарч ирсэн. Ингэж харвал өөрийн сонирхолтой бас багагүй мэдлэг туршлага хуримтлуулсан салбартаа ажиллаж байна гэж хэлж болно. 


-Таны Германд суралцсан судалгааны сэдэв их сонирхолтой санагдлаа. Ялангуяа, гал түймэртэй тэмцэхэд иргэдийн ухамсар, хариуцлага руу бодлогоо түлхүү чиглүүлэх нь зөв үү. Эсвэл байгалиас түймэр гарах тохиолдол хэр элбэг байдаг вэ? 
-Газар зүйн байршил, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд улс орон бүр онцлогтой. Тухайлбал, манай улс түймрийн улирал нь хавар, намар гэж хоёр хуваагддаг. Түймэр бол зөвхөн шатаж байгаа гал биш. Шатах материал, хэв шинж, давтамж, шалтгаан, нөхөн сэргээх үйл явц гээд олон зүйл ярьж болно. Ер нь Монгол орны ой экосистем түймрээс хамааралтай, эмзэг гэж үздэг. Хамгийн гол нь түймрийн талаар хийсэн судалгаа, судлаач цөөн. 
Онцлогоосоо хамаараад байгаль өөрийгөө цэвэрлэж 10-20 жилийн давтамжтай гадаргуугийн сул түймэр гарч байдаг. Өөрөөр хэлбэл, ургамал ногоо сэргэх хугацаа өгч байна гэсэн үг. Гэтэл түймэр хэт ойрхон гарч давтамж ойртох юм бол байгаль нөхөн сэргэж чадахгүй. Сэлбэгдэх тэнхээ өгөхгүй. Энэ байгалийн зүй тогтол алдагдсан эсэхийг нарийн судлах шаардлагатай. Түймэр гарах давтамж нэмэгдэж байгаа нь юунаас болоод байгааг тогтоох ёстой. Хэрэв хүнээс шалтгаалсан бол хүн рүү чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай. Бас түймэр гаргахгүй гээд техник, технологийн хүчээр ч юм уу, хэт хориод байх нь буруу. Байгаль тодорхой давтамжтайгаар цэвэрлэгдээд, нөхөн сэргэж байдаг. Энэ мэтээр зөвхөн гал түймэртэй тэмцэхэд маш нарийн үйл явцтай учраас судалгаа, менежмент шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаанд суурилсан бодлогыг нэвтрүүлэх, ажил хэрэг болгохыг зорьж ирсэн. Аль ч орон ялгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтуудыг бодлогодоо хэр тусгадаг вэ гэдгээс тухайн салбарын, тухайн улсын хөгжил хамаарч байна. Хөгжсөн орнуудын нууц нь ердөө л энэ шүү дээ.


-Тэгвэл та сүүлийн таван жил яаманд Ойн бодлого зохицуулалтын газрыг хариуцахдаа шинжлэх ухаанд суурилсан бодлогыг хэр хэрэгжүүлсэн бэ? 
 -Ойн агентлагтай байж байгаад 2012 онд татан буугдсан. Энэ удаад өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэй, нийгэм эдийн засаг, экологийн шилжилтийн сорилт тулгарсан үед дахин сэргэж байна. Салбарын сайд бид бүхнийг бүх талаар дэмжиж байна. Ойн салбарын бодлогыг харвал 1990 оноос өмнө ашиглалт руу чиглэж ирсэн. Өндөр бүтээмжтэй, өсөлт сайтай ой хаана байна түүнийг ашиглах бодлогыг баримталж байсан гэсэн үг. 1990 он гарахад тодорхой салбарууд уналтад орж ирсний нэг нь ой байсан. Эдийн засгийн шилжилтээс хамаарч ой болоод бусад байгалийн баялаг руу маш ихээр халдаж ирснээр түймэр, ашиглалтаас эхлээд эмх замбараагүй байдал бий болсон. Үүнээс үүдэлтэйгээр хатуу хамгааллын бодлого баримталлаа. Нэг бол хэт чөлөөтэй болгож, эсвэл хэт хатуу хамгааллын бодлого барьж туйлширч явсан үе бий. Дэлхий нийтийн ойн салбарын бодлогын жишгийг харвал хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчимтай. Манайх хуулиараа мод огтолсон бол буцаагаад нөхөн сэргээх, оронд нь тарих гэсэн зарчмаар алдаа оноотой явж ирлээ. Ойн салбарын менежментийг хэдэн арав, хэдэн зуун жилээр харах ёстой. Үр тариан дээр нэг жил, улирлын циклийг ярьдаг бол ой 70-80-аас 700-800 жилийн алсыг харах хэрэгтэй болдог. Ийм л онцлогтой. Байгалийн ойн горимыг алдагдуулахгүйгээр яаж зөв авч явах вэ гэдгээс бүх зүйл хамаарна.


-Мод бэлтгэл, хулгайн асуудал байнга шүүмжлэл дагуулдаг. Ойгоос жил бүр их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрөл олгодог хэрнээ эргээд таримал ойтой болъё гэж ярьдаг. Судалгаа шинжилгээ хэр бодитой хийгддэг бол? 
-Ой тасралтгүй ашиглагдах ёстой. Гэхдээ яаж, хэр хэмжээнд, аль хэсгээс гэдэг нь чухал. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгтэй. Бодлого байлаа гэхэд хэрэгжилт ямар байгаа билээ. Инженер, техникийн ажилтнуудаа мэргэшүүлэх, давтан сургах асуудал гарч ирнэ. Ойн салбарын ажил бол сэтгэлийн хөөрлөөр хийдэг биш мэргэжлийн байхыг шаарддаг. Тухайлбал, иргэдийн дунд ойн цэвэрлэгээтэй холбоотой буруу ойлголт бий. Ойг хүний үстэй зүйрлэж болно. Хэрэв үсээ засахгүй орхивол юу болох бол. Тиймээс удирдан залах, засаж сайжруулах хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Хорин настай шинэс мод 10 см диаметр байдаг бол 30-40 см болгохын тулд яаж зөв, зүй зохистой арчилж, өсөлтийг нь нэмэгдүүлэх вэ, ямар модыг хаана зөв тарих гэх зэргээр нарийн үйл явцтай. Хүн хүчээс гадна техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх  шаардлагатай.


Нээлттэй хэрнээ бүгдэд хүртээмжтэй, мэргэжлийн байх механизм руу орно. Эхний ээлжинд стандарт, хариуцлагыг өндөрсгөж илүү мэргэжлийн байх шаардлага тавина. Мод бэлтгэлээр жишээ авья л даа. Олон зуун компани хэрэггүй. Нөөцөд суурилсан тодорхой тооны мэргэжлийн аж ахуйн нэгж байх бодлого баримтална. Квот байх ёстой. Гол зүйл нь хэрэгжилт, механизм, хариуцлагыг сайжруулахад чиглэх учиртай. Энэ үүднээс технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд eForest гэсэн платформыг хөгжүүлж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Өөрөөр хэлбэл, мод бэлтгэлийн бүх процесс цаасан байсныг цахим болгосноор хяналт илүү тодорхой болно. Бичиг цаас үрэгдүүлэх, дахин ашиглах асуудал цэгцрээд ойлгомжтой, тодорхой болж зардал чирэгдэл багасаад явна гэж харж байгаа.


2015 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч ойн тооллого хийхэд жилдээ хоёр сая хүртэлх шоо метр модыг бэлтгэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Өнөөгийн хэрэгцээ шаардлагыг аваад үзвэл улсын хэмжээнд жилдээ 800 орчим мянган шоо метр модыг түлээний болон байшин барилга барих зэргээр хэрэглээний зориулалтаар ашиглаж байна. Үндсэндээ ойгоос бэлтгэж байгаа модоор хамгийн анхан шатны боловсруулалтыг хийж байна. Гэр орон, байшин барилгын ихэнх нь дулааны алдагдалтай учраас түлээг их хэмжээгээр хэрэглэж байгаа. Түлээнд хэрэглэхдээ ядаж хэмнэлттэй зуух ашиглахгүй байгаа. Ой модоо хамгаалья гэвэл эндээс эхлэх ёстой. Дулааны алдагдалгүй, түлшний хэмнэлттэй зуух хэрэглэдэг бол модны хэрэглээ багасна. Ой модыг хайрлах, зөв зохистой ашиглах олон хэлбэрийн зөвхөн нэг нь л энэ.


-Монгол орны ой газар зүй болоод хэв шинжийн хувьд ямар онцлогтой. Эрчимтэй явагдаж байгаа цөлжилтөөс эхлээд ойн нөөц, хамгаалалт хэр байгаа вэ? 
-Монголын газар нутгийн найман хувийг ой эзэлж байна. Монгол орны ой ихээхэн онцлогтой. Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаардаг. Төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа торгон заагт оршдог учраас гадны нөлөө болох хөнөөлт шавьж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд амархан өртдөг. Ийм эмзэг хэрнээ өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, энэ хэцүү нөхцлийг тэсвэрлээд ургаж байгаа гэдэг утгаараа хайрлах шаардлагатай. Манай орон гадаргын ус багатай. Тэгвэл ой усны хагалбар, голуудын урсацыг зохицуулж байдаг. Энгийнээр ярих юм бол усыг мөчир, эх биеэрээ дамжуулаад заримыг нь хадгалж авч үзээд үлдсэнийг нь удаанаар өвс ургамал, хөрс рүү шингээж өгдөг. Ой үгүй бол усыг шууд цемент дээр асгаж байгаа мэт юунд ч шингэхгүйгээр урсаад алга болно. Ус зохицуулалтын чухал үүрэгтэйгээс гадна хөрсийг тогтоон барьж байдаг. 


Ой маш олон амьтны амьдрах орчин болдог. Дэлхийн хуурай газрын биологийн олон янз байдлын гуравны нэг нь ой дотор амьдардаг гэхээр ямар чухал ач холбогдолтой нь харагдаж байгаа биз. Нэрлэж болох бүхий л амьтдаас гадна нүдэнд үл үзэгдэх бичил биет организмууд бий. Хэрэв ой үгүй бол дэлхийн бүх амьд амьтдын гуравны нэг нь байхгүй болно гэж ойлгож болно.


-Ойн салбарт хөрөнгө оруулалт, технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд энэ тал дээр төдийлөн ахиц дэвшил гарсангүй? 
-Технологийн дэвшлийг нэвтрүүлэх шаардлагатай. Зүгээр нэг банз, дүнз, палкаар зогсохгүй боловсруулалт хийж үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой. Нэмүү өртөг шингэсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал ойн үр өгөөж нэмэгдэнэ.
Европын холбоотой ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөлтүүдээ хийж байна. Европын ойн салбарын технологи, удирдлага зохион байгуулалтын дэвшлийг нэвтрүүлнэ. БНСУ-тай хамтран хэрэгжүүлж ирсэн “Ногоон хэрэм” төслийн гурав дахь үе шат үргэлжилнэ. Дөрвөн аймагт мод үржүүлгийн газар сургалтын төв бүхий дэд бүтцийн суурийг бий болгоно. Мөн шууд хөрөнгө оруулалтаас гадна тоног төхөөрөмжийн дэмжлэг, хүний нөөцийг бэлтгэх зэргээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
 Бодлогын түвшинд салбар хоорондын уялдаа чухал. Эдийн засгийн зардал, өгөөж ямар байх вэ гэдгээ тооцох учиртай. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг онцлогтой манайх шиг оронд мод тарих, хамгаалах концепцио судалгаатай гаргахгүй бол болохгүй. Дээр нь багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхий нийтэд хүний хүчээс гадна технологийг түлхүү ашиглаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн салбарыг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй гэж харж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, аргазүйг боловсруулсан. Эхний хоёр жилд бэлтгэл ажлыг хийхээс аргагүй юм байна. Зөв модыг зөв газар, зөв зорилгоор тарих төлөвлөлтөөс эхлээд зохион байгуулалтын ажлуудыг хийлээ. Хамгийн чухал нь тэрбум мод хөдөлгөөн олон нийтийн оролцоотойгоор үр дүнд хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ их хэмжээний модыг тарих хүний нөөц яригдана. Хүн бүр ойчин болох албагүй ч хүн болгон мод тарих боломжтой. Харин тарьсан модоо ургуулна гэдэг нь чухал хариуцлага. 


Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэй ажилчдаас гадна их дээд сургуульд бакалавр, магистрын түвшинд дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх  төлөвлөлтийг хийсэн. Үүн дээр одоогийн мэргэжилтнүүдээ давтан сургах асуудал бий. 
Ойн салбарт улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргах боломжгүй учраас хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр татаж байна. Байгалийн баялгийг ашиглаж байгаагийн хувьд уул уурхайн компаниуд цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхий нийтийн санаачлагад нэгдэж байна. Энэ бол шахалт биш. Сайн дурын санаачлагын хүрээнд хөрөнгө оруулна. Мөн эх орноо ногооруулах үйлсэд иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, ард иргэдийг оролцохыг уриалж байгаа. Ер нь Монгол орон сайн сайхан байх, байгаль орчныг сэргээх нь хэн нэг хүний хийх ёстой ажил эсвэл үүнд оролцохын тулд заавал мөнгө төгрөг өгөх ёстой гэсэн хандлага байж болохгүй. Бүх нийтийн үйлс байж, хүн бүр хувь нэмрээ оруулах учиртай. Хамтдаа хийж чадна гэсэн хандлага чухал байна. Мод тарих нь хэн нэгний ажил гээд харчих юм бол бүтэхээ больдог. Тарьсан модыг хэн харж баясаж, цэвэршүүлж байгаа агаараар нь хэн амьсгалж үр өгөөжийг нь хүртэх билээ гэдгээ бодох хэрэгтэй. 


Хүн болгоны боломж бололцоо, мэдлэг ойлголт харилцан адилгүй учраас зохион байгуулалт, эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Иргэн хашаандаа мод тарья гэхэд эхлээд хашааны хөрс, орчныг судалж мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвлөгөө аргазүйг бид өгөөд явж байгаа. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 10 гаруй сая мод тариад байна. Энэ жил болон ирэх жилд эрчимтэй нэмэгдүүлээд явна.


-Албан байгууллага, айл өрх мод тарьж байна. Гэхдээ эргээд усалж, тордож байна уу гэдгийг нь яаж хянах вэ. Мод тариад орхиод байвал тоо нэмэгдэхээс өөр үр дүн гарахгүй шүү дээ? 
-Хаана аль төрлийн модыг ямар зорилгоор тарих вэ гэдгээс хамаарна. Эхний 2-3 жил зайлшгүй арчилж хамгаалж байж орчиндоо дасан зохицож бие даана. Модны зүйлээсээ ч хамаарна. Арчилж засаж хэлбэржүүлэх ажил ч ордог. Ер нь арчилгаа, хамгаалалт, усжуулалт, үржүүлэг гээд чиглэлээрээ төрөлжих нь илүү үр дүнтэй.


Хяналт мониторингийн платформыг бий болгож байгаа. Мод тарьсан аж ахуйн нэгж, иргэд гар утасны аппликейшнээр дамжуулаад мэдээллээ оруулна. Terbummod.mn платформд байршил, төрөл, тоо хэмжээнээс эхлээд бүх мэдээллийг бүртгэж аваад явцыг хянана. Одоогийн байдлаар туршилтын шатандаа байгаа. Удахгүй бүрэн хэмжээнд ашиглаад эхэлнэ. Бүртгэл рүү ороод харахад байршлаараа ил тод харагдана. 


Ер нь мод тарьсан талбай эзэнтэй байх ёстой. Тухайн талбайг арчилж, тордох эзэнтэй болгож хариуцуулаад явна. Хүн болгон тус тусдаа худаг гаргаж, трактортай байх биш хамтын хоршоо хэлбэрээр оролцож болно. Нөхөрлөлүүд тодорхой талбайг авч хамтаараа хөдөлмөрлөх боломжтой. Хамгийн чухал нь мод тарих сонирхолтой байхаас гадна үр шимээ хүртэж байх хэрэгтэй. 


-Самрын бизнесийн ард ноцтой асуудал байна гэдгийг хэвлэлүүд бичдэг. Зөвшөөрөл, үнэ ханшаас эхлээд шинэчлэл хэрэгтэй байна гэдэг. Самрын бизнесийг салбар хариуцсан дарга хэрхэн харж байна вэ? 
-Ой бол нөхөн сэргээгддэг баялаг. Харин бидний ухамсар, чадамж, зөв зүйтэй ашиглалтын асуудал байна. Нэгнээсээ өрсөж дайрдаг байдал бий болсон. Хуш модны самар тодорхой 3-5 жилийн давтамжтай. Их үрийн жил болно зарим үед багасдаг байгалийн зүй тогтлоороо л явдаг. Самар экологи, эдийн засагт олон талын өндөр ач холбогдолтой. Энэ үүднээсээ хүмүүсийн анхаарлыг их татаж, дэлхийн зах зээл дээр үнэлгээ өндөр байна. Монголд болж байгаа процессыг харвал өмнө нь тухайн жилийн ургацын хэмжээг харж байгаад самрыг нь дуустал хураадаг байсан. Харин энэ жилээс эхлээд журамд өөрчлөлт оруулж тухайн жилийн түүх дээд хэмжээг тогтоож өгдөг болсон.Энэ бол нэг шат ахисан явдал. Нөгөө талаас хэдэн аж ахуйн нэгж хэчнээн аймаг, сумтай ямар гэрээ байгуулсан юм бэ гэсэн бүртгэлийн асуудал гарч ирнэ. Үйлдвэрлэл болон ахуйн зориулалт гэсэн хоёр хэлбэрээр түүдэг. Үйлдвэрлэлийн зориулалтаар авч байгаа самрын кг тутамд 1400 төгрөг төлдөг журамтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд самар бэлтгэл, боловсруулалт, экспортын хэмжээ тодорхойгүй, зөрүүтэй явж ирсэн. Одоо энэ бүх процессыг нээлттэй болгоно. БОАЖЯ, орон нутаг, Ойн газар, экологийн цагдаа, татвар, гааль гээд зөвшөөрөл олгодог, хянадаг, бүртгэдэг субьектүүд мэдээллээ солилцдог нээлттэй платформтой болохоор ажиллаж байна. Үүний тулд жил жилийн самрын нөөцийг зөв нарийвчлалтай тогтоох ёстой. Мөн бирж, олон улсын зах зээл дээр зарагдаж байгаа үнэтэй уялдуулан жишиг үнийг тогтооно. Тэгэхгүй бол зарим аж ахуйн нэгж хоёр ам.доллараар нөгөөх нь 15 ам.доллараар гэрээ байгуулж байна гэсэн үнийн зөрүүний асуудал яригддаг. Гол зүйл болох иргэдийн аюулгүй байдлыг ч бүрэн хангах асуудлыг тавьж журамлана. Ингэж бүртгэл, хяналт ил тод нээлттэй болгохоос гадна байгалийг хушин ойг нөхөн сэргээх, тарималжуулах асуудлыг үе шаттай хийнэ.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 50 (7035)