Ү.ХҮРЭЛБААТАР
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч

 

-Намайг Догоо эгч гэдэг гэж тэр тоглолтынхоо дундуур хэлээд авна билээ. Тиймээ түүнийг их багагүй Догоо хэмээн аванхайлан авгайлан дуудна. Энэ эрхэм бол эдүгээ “Эгшиглэнт 50 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийж буй Монголын сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин Аюурзанын Долгор билээ.
Соёлын төв өргөөний алтан тайзнаа эгшиглэсэн “Эгшиглэнт 50 жил” концертыг А.Долгор өөрийн шавь Б.Энхнарангийн хамт “Бодлын цагаан хун” шүтээн дуугаараа дуулан нээсний дараа Урлаг судлалын шинжлэх ухааны шинэхэн доктор (ScD) Н.Жанцанноров үг хэлэв. Тэрбээр “Долгорын хамгийн анх дуулсан дуу нь “Үүдийг минь чанга битгий тогшоорой” гэдэг дуу байсан. Манай хөгжмийн урлагт хамгийн хүчтэй чанга үүд цохиж орж ирсэн дуучний нэг нь Долгор байгаа юм. 1984 онд Уралын Хөгжмийн их сургуулийг төгсч ирээд Дуурийн театрт орсон. Тэр онд Халх голын ялалтын концертыг миний бие найруулж дөнгөж төгсч ирсэн Долгорыг төрийн концертод анх удаа дуулуулж байсан. Түүнээс хойш Долгор 28 жил Дуурийн театрт дуулж Ж.Бизегийн “Кармен” дуурийн Кармен, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Цурхай зэрэг гучин хэдэн дуурийн гол дүрүүдийг бүтээсэн Монголын дуучдын оргил нь болсон дуучин байгаа юм. Бид 50 жил үерхжээ. Миний хувьд би ээждээ хэлдэг үгийг ганцхан Долгорт л хэлнэ. Тийм учраас миний итгэлт анд юм” гэж хэлэв. Түүнийг хөшигний цаагуур орох агшинд А.Долгор “Энэ агуу хүн шүү” гэж бахархана билээ. Ер Н.Жанцанноровын үг концертын “онол түүх”-ийн хэсэг болдог тэр жаягаар л үйл явдал өрнөж алдарт “Аргалд явсан ижий” дууг А.Долгор шавь Г.Цэрэнсугирын хамт дуулсан билээ.


Тоглолтын туршид гуч гаруй дуу дуулагдахад Д.Баттөмөр Д.Амгалангийн “Бодлын цагаан хун” (Б.Энхнаран), Р.Энхбазар Л.Дагвадоржийн “Эр хүн” (Л.Солонго), Н.Жанцанноров Ж.Бадраагийн “Аргалд явсан ижий” (М.Цэрэнсугир), Б.Шарав З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг”, Н.Жанцанноров Д.Маамын “Магнаг цэнхэр дэлхий” (Л.Нарангэрэл), Х.Билэгжаргал Т.Очирхүүгийн “Зүүдний хайртай нутаг” зэрэг эхэн дунд үеийн дуунууд яахын аргаггүй жин дарж байлаа. Нэрийн хуудас болсон эдгээр дуунуудын ихэнхийг шавь нартайгаа хамтран дуулж өвлүүлж байгаа нь гайхалтай санагдав. Дууны дуулах ур чадварыг шавилж өвлүүлнэ гэдэг өөрийн сургалтыг үүсгэж буй үнэ цэнтэй үйл явц юм. Тэр СУИС-д хорь гаруй жил багшилсан хүндэт профессор, сонгодог урлагийн нэрт зүтгэлтний тухайтад энэ алхмаа улам чамбайруулж өөрийн дэг сургуулийг үүсгэн төлөвшүүлэхийг эрхэмлэх нь зүйтэй. Тэрбээр төрөлхийн өгөгдөлт дуучин төдийгүй төрмөл багш хүн болох нь тайзнаа үе үе цухалзана. Тэр үзэгчдэд хандаж “Шавь нарыг минь дэмжээрэй. Айгаад сүрдээд байх бий” гэж шулуухан хэлэх төдийгүй гараас нь хөтлөн дээдлэх, өхөөрдөн бас эмээнгүй харах харц зэрэг биеийн хэлэмж нь багш хүний догдлолыг мэдрүүлнэ. 


А.Долгор төрөл бүрийн дуучидтай хамтран дуулж өөрийгөө сорьж, өрөөлийг хурцалж байсан нь концертын нэгэн гэгээн дулаан өнгө болж байв. Тэрбээр "Зууны манлай" поп дива Б.Сарантуяатай хамтран Л.Балхжав бид хоёрын “Миний ижий эх дэлхий” дууг нэлээд зүтгэж дууллаа. Цараа их, цадиггүй бяр шаардсан том дуу л даа. Энэ дууг тээр жил бичлэг хийж байхад А.Долгор “Хэрэв Сараа дуурийн дуучин болсон бол над шиг, би поп дуучин болсон бол Сараа шиг болох байж” хэмээн хэлж байсан нь санаанд бууж байв.Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригтой дуулсан дуу улс амьтныг алмайруулж орхив. Самъяагийн Ганзоригийн ган хоолой ёстой нэг лимбэдэж, огторгуй өөд цойлон алсрах шиг болж байв. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан "Сэтгэлд мөнхөрсөн ижий" дуу угаасаа олны талархлыг хүлээж ардын дуу мэт алдаршсан тул үзэгчид уухайлан хүлээн авч байлаа. Тэрээр “Өвөрмонголоос 3000 км газрыг машинаар туулж ямар ч байсан амжаад ирлээ” хэмээсэн нь яльгүй сөөнгөтсөн хоолойны тайлбар болж байв. 


А.Долгорын багшлах ур чадварын хувьд ярилтгүй. Учир нь бүтээгдэхүүн буюу шавь нар нь эдүгээ Монголын мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж ид бүтээн туурвиж явна. Тухайлбал 1000 км-ийн алсаас ирсэн, гарын шавь Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын гоцлол дуучин Г.Энхцэцэгийг дуулахад “гоё хоолойтой сайхан дуучин байна” гэж хижээл насны хоёр ярьж байхыг сонслоо. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнарангийн алтан гургалдайн хоолой, “Сүлд” чуулгын дуучин Ж.Санжаагийн нуригласан дуугаралт, Э.Сүнжидмаагийн “Орь залуу нас”-ны оргилолт, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ш.Лхагвасүрэнгийн цоглог хэм хэмнэл, шавь Л.Солонгын “Эр хүн” дууны донж маяг, Л.Нарангэрэлийн “Кармен”-ны сонгодог хэв маяг, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин М.Цэрэнсугирын “Аргалд явсан ижий”-н дуурьсал бүхэн багшийнхаа өмнө тайлагнаж буй оюутны төрхийг санагдуулж байв. 


А.Долгор багш төдийгүй өөрөө шавь юм байна. Халтарын Билэгжаргал, Тоомойн Очирхүүгийн “Зүүдний хайртай нутаг” дууг концертмейстр Б.Солонгын төгөлдөр хуурын дэргэд очиж дуулахдаа “90 онд төгсч ирээд миний уран бүтээлийн хамтран зүтгэгчдийн оргил нь болсон хүн бол концертместр Баттөмөрийн Солонго. Би чинь багштай хүн шүү” хэмээн бахархаж байв. 1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Хөгжмийн их сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцан төгссөн, Италид мэргэжил дээшүүлсэн түүнд дэлхийн түвшний олон багш байгаа нь мэдээж. Тэр бүхнээс өрнө дахины дуун соёлын дэг ёсыг дорно дахин тухайлбал Монголын хөрсөнд буулгаж нутагшуулж, өөрийн хэв маягийг буй болгоно гэдэг их хувь заяа.


1973 оноос Төв аймгийн Соёлын ордноос эхэлсэн А.Долгорын уран бүтээлийн замнал Дуурь бүжгийн эрдмийн театрт гуч шахам жил дуулахдаа оргилдоо хүрсэн билээ. Түүний Монголын сонгодог урлагийн өлгий их театрт Ж.Бизе “Кармен”(1984), Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”, Дж.Верди “Риголетто” (1986), Т.Хренников “Шуурганаар” (1987), П.И.Чайковский “Евгений Онегин”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” (1988), Дж.Верди “Отелло” (1989), Дж.Пуччини “Чио Чио Сан” (1991), В.А.Моцарт “Увидаст лимбэ” (1993), Д.Жанчив “Хөх торгон дээл” (1994), Дж.Верди “Трубадур” (1994), Ц.Нацагдорж “Гэсэр” (1995), Ж.Россини “Севилийн үсчин” (1998), Л.Мөрдорж “Хөхөө Намжил” (1999), Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” (2002), Д. Лувсаншарав “Хар Хорум” (2002), Отто Николай “Виндзорын овжин авхай нар” (2002), Б.Шарав “Чингис хаан”, Дж.Верди “Аида” (2012) зэрэг дуурьт тоглосноос үзэхэд үнэхээр бишрэл төрнө. Энэ бол яалт ч үгүй Хөдөлмөрийн баатрын цараатай баатарлаг хөдөлмөр, сонгодог урлагийн төлөөх их тэмцэл, эрчис догист их үйл хэрэг мөн.


... “Эгшиглэнт 50 жил” тоглолт сайхан болж байна. Энэ бол түүний тайлан бус, зодог тайлах ёслол бус ерөөсөө ээждээ зориулсан хүндэтгэлийн концерт, өөрийгөө бахархсан бахархал байсан юм. Тэрбээр микрофон олдсон дээр нь гэж байгаад “Миний амьдралын гоё сайхан өдрүүдийн нэлээд оргил хэсгүүдийн нэгэн өнөөдөр болж байна. Та бүхэн ямар сайхан юм бэ” хэмээн дуу алдаж байсан. Үнэхээр дуу алдмаар байсан даа. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Доржсүрэн, Наранцэцэг хэмээх гэр бүлийн хоёр чухам энэ тоглолтыг үзэхээр тухайлан ирсэн гэж ярьж байна. Хөдөө орон нутгаас хүртэл зорин ирсэн хүмүүс нэлээд байгаа бололтой. Түүний төрсөн нутаг Төв аймгийнхан тоглолтын дундуур хүндэтгэл үзүүлж байсан. Ер нь Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга, Симфони оркестр жинхэнэ утгаараа эгшиглэсэн хүндэтгэлийн тоглолт болсон билээ.


Тайзны голд хунгийн дэвж буй хос далавчийг байршуулж баруун зүүнтэй ягаан туяат цагаан зурвас хөшиг буулгасан байсан нь энгийн атлаа уянгын орчинг бүрдүүлэх мэт. Тэрбээр тоглолтын эхэнд тэрхүү хос далавч дундуур гарч ирэхдээ тэрхэн агшинд зогсосхийсэн нь дүүлэн нисэх цагаан хун шиг харагдаж байв. Аюурзанын Долгор хэмээх агуу дуучин “Миний ижий эх дэлхий” (Л.Балхжав), “Засагт ханы хөх харчуул” (Г.Жаргалсайхан), “Утасны цаанаас хүүгийнхээ дууг сонсоход” (С.Алтаннар) зэрэг дуунуудыг минь дуулсанд талархаад баршгүй. 
Догоогийн эгшиглэнгийн дараагийн он жилүүд эхлэв ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 48 (7033)