ӨГҮҮЛЛЭГ
Намрын сүүл сард ховор үзэгдэх жихүүн хүйтэн болж, тэнгэр муудлаа. Байшингийн нимгэн банзан дээврүүд бороонд улам харлаж, цэцэрлэгийн сахлаг өвс ногоо нэлдээ ургац нь гүйцэж, налж ороолцолдоод, гагцхүү хашааны ёроолын ганц хэнз наранцэцэг л хараахан боловсорч гүйцээгүй тул үр нь унаагүй байв.
Голын тэртээх нуга намгийн дээгүүр хөвсгөр үүлс залгалдан нүүж, нүцгэн уд бургасны оройг дайран өнгөрөхөд, бургаснаас борооны ус доош зогсолтгүй шивэрнэ. Зам харгуй явгаар ч, унаагаар ч нааш цааш зорчихын аргагүй боогоод, малчид мал сүргээ бэлчээрт нь гаргахаа болилоо. Малчны эвэр бүрээн дуу ирэх хавар болтол чимээ алдрах нь тэр.
Катерина Петровнагийн тухайд өглөө бүр орноосоо дээшлэн босох, галлаагүй зуухнаас ханхлах гашуун утааны үнэр, тоосонд дарагдсан “Европын мэдээ” сэтгүүл, ширээн дээрх өнгө алдаж шарласан хэдэн аяга, удтал угаагаагүй халуун тогоо, хананд өлгөөтэй зурагнууд гээд өрөө тасалгаан дахь дасал болсон бүхнээ нүдээр үзэх тамир тэнхэл нь улам л доройтсоор байлаа. Өрөө тасалгаа улам бүүдийн харанхуйлж, Катерина Петровна нулимс нь гоожимтгой, улцан болсноос ч тэр үү, эсвэл тэдгээр зураг цагийн эрхэнд өнгөө алдан бүдгэрээд, дотор нь юу байгаа нь ялгарч танигдахын эцэсгүй болжээ. Катерина Петровна энэ зураг эцгийнх нь хөрөг, харин энэ шармал хүрээтэй жижигхэн нь эцэгт нь Крамскийн бэлэглэсэн “Хилэн хүрэмтэй үл таних бүсгүй” нэртэй зурагны эх загвар гэж ой тойнд нь хоногшсоноор л санаж байлаа.
Катерина Петровна, алдартай зураач эцгийнхээ босгосон эл хуучин байшинд насаа элээжээ. Насны нь нар хэвийсэн хойно зураач Петрбургээс гэдрэг буцаж, төрсөн тосгондоо харьж ирээд амар тайван суун, цэцэрлэгч болжээ. Гар нь салга болж, хараа нь муудан, нүд нь байн байн өвдөөд цаашдаа зурж чадахаа ч больсон байна.
Зураачийн байшинг мужийн музей “Ховор нандин дурсгал”-д тооцон хамгаалалтдаа авсныг Катерина Петровна ярина. Гэтэл өөрийг нь, сүүлчийн эзнийг нь насан эцэслэхээр энэ байшин чухам хэрхэхийг Катерина Петровна үл мэднэ. Уран зургийн талаар, нийслэл хот Петрбургийн аж төрлийн тухай, эцэгтэйгээ Парист зусах үедээ Виктор Хьюгoг оршуулах ёслолыг үзсэнээ Катерина Петровнагийн хөөрөх хуучийг яриулж авах сөхөөтэй хүн Заборье хэмээх энэ тосгонд нэг ч байсангүй.
Өдөр болгон гүйн орж ирж, худгаас ус дөхүүлж, шалыг нь шүүрдэж, халуун тогоог нь тавьж өгдөг, хамтралын гуталчин хөршийнхөө жаал охин Манюшкад энэ бүхнийг ярьж суултай биш дээ. Катерина Петровнад мөнгө алга, Манюшкагийн тус дэмийн хариуд өнгөө алдсан үрчгэр бээлий, тэмээн хяруулын өд, өнгөт шилэн шигтгээтэй хар бүрх малгай мэтхэнийг өгч, гарыг нь цайлгажээ.
“Хуучин хувцас дэлгэчихсэн суудаг авгай биш дээ, наадахаар чинь би яах юм?” гээд Манюшка хоолой нь сөөнгөтөн, нусаа шорхийтэл татжээ. “Хонгор минь, наадуулаа зар даа, зарж л орхи” хэмээн Катерина Петровна хариу шивнэв. “Аваачаад хаягдалд тушаачихаас даа” хэмээн бодоод, Манюшка бүгдийг нь хамаад гарчээ.
Эмгэний тамир тэнхээ доройтож, дуу нь цааш ороод жил тойрч байв.
Гал унтраах машины хашааны сахиул, эцэнхий хорчгор, хонгор үст Тихон тэднийхээр хааяахан нэг үзэгдэнэ. Катерина Петровнагийн эцэг Петрбургээс ирж, байшингаа барьж, цэцэрлэг, эдлэнгээ босгон төвхнүүлж байсныг нь Тихон өнөөг хүртэл мартаагүй байлаа. Тихон тэр үед балчирхан хүү байсан хэрнээ л өвгөн зураачид биширсэн хүндэтгэлээ насан турш хадгалж яваа ажээ. Уран зургуудыг нь гярхай ажиглаж байснаа “Энэ ч ёстой жинхэнэ урлаг даа” гэж ирээд л, хэнгэнэтэл шүүрс алдана.
Эмгэнд тал өгч сэтгэлийг нь засах гавьтай юм Тихонд олдохгүй, дэмий л өрөвдөхдөө гэр орных нь ойр зуур ажилд нэмэр болж, цэцэрлэгийн хатаж хувхайрсан модноос унагаж, хөрөөдөн галын түлээ болгон жиргэж өгнө. Явах тоолондоо л үүдэнд зогсоод:
-Катерина Петровна, Настягаас сураг чимээ дуулдана уу, захидал занаа байна уу, алга уу? гэж ёс юм шиг асууна.
Атийж хорчийсон эмгэн Катерина Петровна юу ч дуугарахгүй, буйдандаа шигдээд, элэнхий арьсан гар цүнхээ онгичин, цаасны өөдсөөр оролдоно. Тихон нусаа сар хийтэл нийчихээд, үүдэнд хөлөө ээлжлэн товшиж удтал зогсоно. Нэгэнт хариу дуугарахыг хүлээгээд нэмэргүйгээс хойш “За даа, би ч одоо явъя даа, Катерина Петровна” гэнэ. “Яв даа, яв, Тиша минь. Намайг амраа. Бурхан чамайг ивээх болтугай” хэмээн Катерина Петровна шивнэнэ.
Тихон хаалгыг зөөлөн хамхиад гарч одно, Катерина Петровна чимээгүйхэн мэгшиж гарна. Цонхны цаана нүцгэн мөчирт салхи хүүгэн үлээж, сүүлчийн навчсыг гүвнэ. Ширээн дээрх шөнийн тосон дэнгийн дөл чичигнэнэ. Энэ эзгүйрсэн байшинд амьтай голтой цорын ганц юм энэ дэн л гэлтэй, дэнгийн сүүмгэр дөлгүйсэн бол Катерина Петровна өглөө болохыг яаж хүлээж тэвчихээ мэдэхгүй билээ. Шөнө улам уртассаар, нойр хулжсан хүнд өнгөрч өгөхгүй зовооно. Үүр удаж удаж, бүр ч орой цайх болж, жаазны нь завсарт зулсан хөвөн дээр унасан түрүү намрын өнжмөл шар навчис хэвтсээр одоо хорчийж харлаад, угаагаагүй халтартсан цонхоор үүрийн туяа сая арайхийж тусна.
Цор ганц элгэн садан, охин Настя нь алс тэртээ Ленинградад сууна. Охин нь хамгийн сүүлд гурван жилийн өмнө ирээд буцжээ. Настя одоо өөр шиг нь эмгэнийг гэж сатаарах сөхөөгүй явааг Катерина Петровна мэдэж байлаа. Залуу улсад дор дорын ажил төрөл, оройгүй хүсэл тэмүүлэл, өөр өөрсдийнх нь аз жаргал бий. Тэдэнд тээр болохгүй л байвал барж.
Иймээс Катерина Петровна охин Настядаа захидал бичих нь ч тун ховор. Гэлээ ч охиноо өдөржин үгүйлэн санана. Цөмөрхий муу буйдангийнхаа ирмэг дээр сандайлан дув дуугүй сууж охиноо бодсон үед нь, сэрэмж алдсан хулгана зуухны араас гүйн гарч ирээд, хойд хөл дээрээ өцийн сууж, зүг зүгт хамраа шонтос шонтос хийлгэн өрөөний нэвширмэл бам чийгийг удтал шинжилнэ.
Настягаас ч ялгаагүй захидал ирэхгүй. Харин хоёр-гурван сард нэг удаа хоёр зуун рубль гуйвуулсныг нь шуудан хүргэгч хөгжөөнтэй залуу Василий, Катерина Петровнад хүргэж ирнэ. Тэрбээр мөнгөний баримт дээр буруу газар зурчих вий гэж Катерина Петровнагийн гарыг барьж байж гарын үсгийг нь зуруулна. Василий яваад өгнө, мөнгө гартаа атгасан Катерина Петровна барьц алдан сандарч сууна. Тэгснээ шилээ зүүж аваад мөнгөний гуйвуулга дээрх тоотой хэдэн үгийг дахин дахин уншина. Ажилд дарагдаад, очиж үзэгдэх нь бүү хэл, дэлгэрэнгүй захидал биччих цаг зав гарахгүй юм гэсэн улигт үгээ л давтсан байна. Катерина Петровна мөнгөн дэвсгэртийн иржгэрийг хурууныхаа өндгөөр эвтэйхэн тэмтрэв. Зөнөж буйдраад тэдгээр нь Настягийн гарт байсан дэвсгэрт бишийг мартан будилж, тэр мөнгөнөөс Настягийн сүрчигний үнэр ханхлах юм шиг өөрт нь санагджээ.
Намрын адаг сарын хуучдаар, нэгэн шөнө цэцэрлэгийнх нь бүр гүнд хэдэн жилийн өмнө битүүлээд хадчихсан хаалгыг хүн удтал балбажээ. Катерина Петровнагийн сэтгэл ихэд түгшив. Дулаан ороолтоор толгойгоо битүү ороож, элэнхий нөмрөгөө хэдрэх гэж удаж удаж, өнөө жил анх удаа гадагш цухуйлаа. Өмнөх замаа тэмтэчсээр газар хороохгүй байв. Хүйтэн жавар тархийг нь хага ташна. Өөрт нь ор тас мартагдсан одод газар дэлхийг цоо ширтэн жирвэлзэнэ. Хөглөрсөн навчис хөл тушна.
Хашааныхаа хаалганд тулж очоод, Катерина Петровна “Хэн хаалга цохиод байна аа?” хэмээн намуухан дуугаар асуув. Гэтэл хашааны цаанаас хэн ч хариу дуугарсангүй. “Санаа дагасан байж таарах нь дээ” гэснээ, буцаад гэлдэрлээ. Амьсгаа нь давхцаад, нэгэн хөгшин модны дэргэд зогсож, чийг хайрсан хүйтэн мөчрөөс нь атгахдаа агч мод гэж танилаа. Энэ агч модыг аль дээр цагт, инээд хөөр халгисан охин хонгор насандаа өөрөө суулгажээ. Харин одоо тэр агч мод хаацайлах мөчиргүй нүцгэрч, хүйтэн жавартай шөнөөс зайлах газаргүй, тэндээ бээрч дагжин зогсох ажээ. Катерина Петровна агч модоо хайрлан харамсахдаа, арзгар холтостой тураг биед нь гараа хүргэчихээд, сажилсаар гэртээ орж, тэр шөнөдөө Настяд захидал бичжээ.
“Энхрийхэн охин минь ээ, ээж нь энэ өвөл онд орохгүй нь бололтой. Ганц өдрөөр ч болов ирж уулз даа. Ээждээ царайгаа харуулж, гараа атгуулна уу. Ээж нь насны туйл болж, алхаж гишгэх нь бүү хэл, суух, хэвтэхдээ ч хэцүүдэж түүртэх боллоо. Үхэл намайг авах замаа мартаж төөрснөөс зайлахгүй. Цэцэрлэг маань хатаж мөхөөд хуучны юм огт үгүй болжээ. Би ч цэцэрлэгээ олж үзэх мэлмийгүй болсон. Нэг л ёозгүй намар юм. Би үүнд гутарч эмзэглээд байна, хамаг амьдрал минь энэ намар шиг ийм урт байгаагүй л санагдах юм”. Манушка нусаа шор хийтэл татсаар, захиaг шуудан руу авч очоод, захидлын хайрцагт хийхийн өмнө, тэнд чухам юу байгааг олж харах гэж, дотогш нь удаан гэгч шагайж үзэв. Гэвч хөндий хоосон төмрөөс өөр харагдах юу ч алга.
Настя Урчуудын Эвлэлд нарийн бичгийн дарга, эх, адаггүй их ажилтай. Үзэсгэлэн гаргах, уралдаан зохион байгуулах гээд, энэ бүхий л ажил Настягийн гараар дамжина. Катерина Петровнагийн захидлыг Настя албан ажил дээрээ хүлээж авав. Ажлаас хойш уншина гээд, задлалгүй гар цүнхэндээ далд хийчихжээ. Настягийн хувьд Катерина Петровнагаас захидал ирэхэд дотор нь уужирч, ээж захидал бичиж байгаа нь амьд мэнд суугаагийн тэмдэг байв. Үүний хамтаар ээжийнх нь захидал болгон битүүхэн зэмлэх шиг санагдаж, далдуур түгшүүр төрүүлнэ.
Ажлын дараа Настя залуу барималч Тимофеевын урлангаар орж үзээд, ажил төрөл нь ямар байгааг Урчуудын эвлэлийн удирдлагад илтгэх үүрэг авчээ. Тимофеев урлан нь гэж мөсний хөндий, угаасаа өөрийг нь шахаж хавчаад, юу чаддагаа олонд харуулах боломж олгохгүй байна хэмээн урьд нь гомдол мэдүүлсэн байжээ.
Настя шатны тавцан дээр зогсосхийн толио гаргаж, нүүрэндээ энгэсэг түрхсэнээ царай зүс нь сая л нэг санаанд нь таарав бололтой инээвхийлэв. Цайвар шаргал үс, жаварласан дүрлэгэр нүдээр нь зураачид хүүхнийг Сольвэйг (Нарны илч. Героиня пьесы Генрика Ибсена “Пер Гюнт” зохиолын гол баатар. Орч.) хэмээнэ.
Тимофеев өөрөө хаалга нээв. Шазруун байрын, хурц зан төрхтэй шавилхан эр байв. Гадуур хувцастайгаа зогсоно. Хүзүүгээ нэлмэгэр зузаан ороолтоор битүү ороож, хөлдөө эмэгтэй хүний эсгий бойтог угласныг Настя ажив. “Гадуур хувцастайгаа л бай, үстэй дээлтэй ч осгоно. Ор ор” хэмээн Тимофеев хамар дороо гөвтнөв. Настяг харанхуй хонгилоор дагуулсаар, дээш хэдэн гишгүүр өгсөөд, урландаа ордог давч хаалгыг нээв.
Урланд тортог хиншүү ханхална. Нойтон шавартай торхны хажууд шалан дээр керосин зуух галлажээ. Эргэдэг суурин дээгүүр чийгтэй даавуугаар бүтээсэн баримал өрөөстэй. Цэлгэр цонхны цаана цас бужигнаж, Нева мөрнийг манан буданд умбуулан, харлан бараантах усанд нь хайлна. Цонхны хүрээгээр салхи сийгэж, шалан дээрх хуучин сониныг хөвхөлзүүлнэ.
“Ээ, Тэнгэр минь яасан хүйтэн газар гээч вэ!” хэмээн Настя уулга алдав. Өрөөний ханаар нэг хайш яйш өлгөсөн цагаан гантиг товгор хээ чимэглэл урланд улам ч хүйт даалгаж байх шиг санагджээ.
Настяд шавар наалдаж цоохортсон явган сандал дөхүүлэнгээ Тимофеев “За сонирхон болгооно уу, энэ ичээнд өдий болтол мажийчихгүй тэсэж буйдаа гайхах юм. Тэгтэл, Пeршиний урланд болохоор эгээтэй л Сахарын цөлийнх шиг халуун агаар халаагуураас нь үлээж байдаг” хэмээлээ.
“Та Пeршинд нэг л дурамжхан юм аа даа?” хэмээн Настя хашир лавлав.
-Сохор азаар нэрд гарагч! Бүдүүн тоймын дархан! Баримал нь гэж шувтан мөртэй, гадуур хувцасны мөрөвч өлгүүр адил. Хамтралчин эмэгтэй нь чулуун эмгэнд хормогч зүүчихсэн мэт. За тэр ажилчны дүр гэдэг нь балар эртний хүний л галбир. Модон нялуураар дүрс бүтээнэ. Гэхдээ, хонгор минь, үүндээ бүр нүд дасчихсан, эгээ л сүмийн ширээт шиг зальжин амьтан” хэмээн уурсав.
Настя яриагаа займруулах санаатай: Та надад Гоголь-оо нэг харуулаадах нь уу! хэмээн гуйлаа. “Ийшээ яв! биш ээ, биш, ийшээ гээд байхад!. Тэр булан тийш, уухайс даа!” хэмээн барималч царай барайлган захирав.
Тэр нэгэн баримлаас нойтон бүтээлгийг нь дээш сөхөж аваад, хотгор гүдгэр болгоноос нь өө сэв хай мэт ажсанаа керосин зуухны дэргэд явган сууж гараа ээнгээ:
-За, Николай Васильевич энэ байна! Таалан соёрх доо” гэлээ.
Настя давхийн цочив. Шовх хамартай, бөгтөр сэрвээтэй хүн дотор руу нь өнгийж, нэвт шувт мэдээд байх шиг, өөдөөс нь дооглосон харцаар цоо ширтэнэ. Чамархайны нь хялгасан судас ч лугшив уу гэлтэй Настяд санагдав.
“Ээ зайлуул, шагшаа шаазгай минь, цүнхэнд чинь задалж уншаагүй захиа байгаа шүү” хэмээн Гоголийн өрөмдөн цоргисон хоёр нүд өөрийг нь чамлах шиг санагдав. Настя “Гайхалтай сайхан! Жинхэнэ төгс төгөлдөр урлагийн бүтээл ч мөн дөө” хэмээн балмагдсандаа арай ядан өчив. Тимофеев зэвүүн муухай инээлээ. Тимофеев “Гайхамшигтай” хэмээн давтаад, “Бүгд л гайхамшигтай гэцгээдэг. Пeршин ч, Матьяш ч тэр, элдэв зөвлөл хороодын мэддэг чаддаг болгон нэгэн адил ингэнэ. Ямар утгаар тэгж хэлж байна вэ? Энд ч гайхамшигтай л байдаг юм биз, барималчных нь хувьд миний хувь заяаг тэнд шийдэж байна. Тэнд мөнөөх Першин яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, хамартаа “хмм” дуугараад л гүйцэх нь тэр. Першиний хамар шуухитнаад л дуусгавар болдог ... Олон шөнө нойр хулжлаа. Нойтон шавартай зууралдсанаас гар хуруу янгинадаг өвчин оллоо. Гурван жилийн турш Гоголийн тухай хүний амнаас унасан үг болгоныг олж унших гээд үз дээ. Гахай хоншоороо дуугаргах нь хүртэл зүүдэнд чинь орох бий вий!” гээд, урлан дотроо эсгий бойтгоороо тамгалан харайлгаж, уурсан хашгирав.
Орос хэлнээс орчуулсан
Цэдэндоржийн ХИШИГБАТ
Ц.Хишигбат 1988 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дүүргэжээ. Аюулт өвчнийг сөрөн тэмцсэн энхрий хайрт охиндоо эмчилгээ хөөцөлдсөөр хилийн чанадад сорилт бүхнийг туулан олон жил болж, одоо Английн Лондон хотод сууж байна. Тэрбээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуульд алдарт “Тайлбартай дасгал”-ын арга ухаанаар монгол хэл, уран зохиолын хичээл заалгасан сурагч.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 42 (7027)