Х.Хатан

Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуайн 75 насны ой, Монголын циркийн урлагт зүтгэсний 63 жилийн ойд зориулан түүний шавь нар энэ сарын 12-нд СТӨ-нд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.  Тоглолтын талаар Монголын мэргэжлийн уран нугаралтын холбооны дэд тэргүүн, “Хүн сарнай” уран нугаралтын студи, ТББ-ын тэргүүн, уран нугараач Э.Лхагва-Очиртой ярилцлаа.  Тэрээр олон авьяастай, хөрвөх чадвартай уран бүтээлч. Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга төдийгүй  жүжигчин хүн юм. Түүний сандалтай үзүүлбэр циркийн үнэнч үзэгчдийн цөсийг хөөргөж, айдсыг мэдрүүлдэг сонирхолтой номеруудын нэг билээ.

 

-Багшийнхаа ойд зориулан хийх гэж буй тоглолтын чинь талаар яриагаа эхлэе. Та өөрийгөө танилцуулаач, Б.Норовсамбуу гуайн хэд дэх  шавь бэ?
-Ардын жүжигчин төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн ууган шавь нь Б.Норовсамбуу гуай бол би отгон шавь нь юм. Бид хоёр хамтран уран нугараачдыг бэлтгэдэг “Хүн сарнай” уран нугаралтын студи ажиллуулдаг. Хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэ байгууллагынхаа тэргүүнээр би ажилладаг. Нөгөөтэйгүүр Б.Норовсамбуу гуай маань надад багшлах арга зүйг зааж өгдөг учраас бид 2 багш шавийн барилдлагатай болсон.
Б.Норовсамбуу багшийн маань 75 насны ой, Монголын циркийн урлагт зүтгэсний 63 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг ирэх ням гарагт зохион байгуулна. Монголын бүх циркчид багшдаа зориулан өөрсдийн шилдэг тайзны үзүүлбэрээ тоглох юм.


-Яагаад энэ тоглолтыг зохион байгуулах болов?
-Багш маань нас сүүдэр өндөр болж байна. Тиймээс шавь нар нь хүндэтгэл үзүүлэх ёстой. Мөн багшийнхаа тоглолтыг зохион байгуулах цаг нь иржээ гэж үзсэн. Туулсан бүх амьдралаа Монголын циркийн урлагт зориулсан, Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин зэрэг хамгийн нэр хүндтэй шагналуудын эзэн, Монголын нэрийг дэлхийд гаргаж, өндөрт өргөж явсан хүн учраас энэ хүний хийж бүтээсэнг харуулж, тайлан тоглолт тавих гэж байна. Багшийнхаа уран бүтээлийг, өнөөдрийг хүртэл хийсэн бүтээснийг нь тасалдуулахгүй юмсан гэсэндээ шавь нар нь нэгдэж хүндэтгэлийн тоглолт хийж байгаа юм. 


-Б.Норовсамбуу гуай өдий 75 настай хэр нь Монголын циркийн урлагт шавь нараа бэлдсээр байгаа. Барагцаагаар хэчнээн шавьтай болсон бэ. 
-Яг нарийн тоолж мэдэхгүй байна. Багш маань ойролцоогоор 500 гаруй шавь бэлдэж олон улсад гаргасан байна. Тэр шавь нар нь цаашлаад дэлхийн улс орнуудад суурьшин ажиллаж амьдраад, тэндээ салбар уран нугаралтын студи байгуулан гадна дотны маш олон шавь нарыг сурган бэлтгэж байна. Тэгэхээр 2-3 мянга болж байгаа байх. Анхны шавь нь 50 гаруй настай бол хамгийн отгон шавь нь зургаан настай байна. 
Одоо ч шавь нараа бэлдсээр, долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийлгэдэг. Циркийн уран нугараачийг бэлтгэхдээ 5-7 настай хүүхэд аваад 14-15 нас хүртэл нь бэлддэг. Нэг уран бүтээлийг 3-4 уран нугараачтай бэлддэг. Харин илүү авьяаслаг хүүхдийг гоцлол үзүүлбэрээр бэлдэнэ. Нугаралтын үзүүлбэр гэдэг маш олон жилийн дасгал сургуулилтын үр дүнд бий болдог зүйл. 
Олон улсын болоод Монголын тэмцээн уралдаануудаас Б.Норовсамбуу багшийн 30 гаруй уран бүтээл тэргүүн байр эзэлж, томоохон шагналуудыг авч байжээ. Нэг уран бүтээлд 3-4 нугараач, “21 дарь эх” алдартай үзүүлбэрт нь 21 нугараач оролцож байсан гэхээр уран нугараачдыг бэлтгэдэг ажил нь ямархуу өндөр түвшинд байсныг харуулдаг. 


-Гэхдээ циркийн урлаг зориулалтын бэлтгэлийн байртай байж үзүүлбэрээ мэргэжлийн түвшинд хүргэж бэлдэх ёстой. Одоо хаана байрлаж сургалтаа явуулж байна вэ?
-Багш маань одоо зориулалтын бус байранд буюу орон сууцны подволд 60 мкв байранд бэлтгэл хийж, шавь нараа сургаж байна. Тиймээс энэ тоглолтын орлогоор шаардлага хангасан бэлтгэлийн байртай болгох, ядаж урьдчилгаанд нь өгөх мөнгө олох зорилготой юм. Циркийн бэлтгэл хийх зориулалтын байр хамгийн багадаа 4-5 метр өндөр байх ёстой. Агаар болон шидэлттэй акробатын үзүүлбэрт дээшээ 14-15 метр байх шаардлага тавьдаг. Гэтэл одоо ийм байргүйн улмаас сургалтын үйл ажиллагаа учир дутагдалтай байна. Циркийн урлагаа хөгжүүлэе, шавь нараа тасралтгүй бэлдэе гэвэл бэлтгэл хийх зориулалтын байртай, студитэй л болох зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс энэ тоглолтыг зорьж үзэх хүмүүс циркийн шилдэг үзүүлбэрүүдийг нэг дор үзэхээс гадна, бэлтгэлийн байранд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Тоглолтын тасалбарын үнэ 30.000 төгрөг. Энэ тасалбарыг худалдан авч гэр бүлээрээ үзсэнээр Монголын циркийн урлагт хувь нэмэр оруулж байгаа гэдгээрээ утга учиртай байх болно.


-Уран нугаралтын үзүүлбэр бусад улс оронд ч байдаг. Гэхдээ Монголын уран нугаралт дэлхийд алдартай, онцлог байдгийн учир нь юу юм бол?
-Монгол школ буюу монгол нугарах арга барил дэлхийн бусад орноос өөр байдаг. Нугаралтын арга зүй, заах аргаас эхлээд нугарч байгаа байдал нь уран тансаг, гоё байдаг. Дэлхийд алдартай энэ нугаралтыг, монгол школыг өөрөөрөө дамжуулан шавь нараараа үргэлжлүүлж буй Б.Норовсамбуу, мөн Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Гавьяат жүжигчин уран нугараач Д.Ягаанцэцэг,  Л.Энхцэцэг зэрэг уран нугараачид тавьсан юм. 


-Хүндэтгэлийн тоглолтын онцлогоос сонирхуулбал?
-Монголын циркийн урлагт төдийгүй дэлхийд Б.Норовсамбуу гэж хүн ямар гавьяа байгуулсанг тайлагнана. Мөн багшийнхаа шилдэг үзүүлбэрүүдээс циркийн шилдэг уран бүтээлчид тоглох болно. Миний бие гэхэд “Нарны цирк”-т тоглож байсан Монголд шинэлэг сандлын үзүүлбэрээ үзүүлнэ. Тайзан дээр таван алиалагч зэрэг гарна. Уран нугаралтын шилдэг уран бүтээлчид хамтарч нугаралтын үзүүлбэр хийнэ. Ер нь л Монголын циркийн үе үеийн бүх уран бүтээлчид хамгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлнэ. Тиймээс гэр бүлээрээ ирж тухлан сууж таалан соёрхоорой гэж үзэгчдээ урьж байна. 


-Сүүлийн үед циркийн үзүүлбэр эрэлттэй болсон. Учир нь гэр бүлээрээ үзэх боломжийг олгодгоороо сайхан санагддаг?
-Гэр бүлээрээ үзэж болох хамгийн төгс урлаг бол цирк. Циркээс авдаг маш олон мэдрэмжийг бусад урлагаас авах боломжгүй. Алиалагчийг үзээд инээчихнэ, 10 метрийн өндөрт алхаж яваа хүнийг хараад айх мэдрэмж, уран нугараачдыг хараад бишрэх мэдрэмж гээд маш олон мэдрэмжийг зэрэг өгдгөөрөө гайхамшигтай. Циркийн үзүүлбэр нь хүний биеэр хийж болох хамгийн өндөр хэлэмж юм. Тийм учраас л циркийг хүн бүр гэр бүлийн гишүүн бүр өөрсдийнхөөрөө мэдэрч үздэг.
Одоо циркийн урлаг улам энгийн болж амьдрал дээр цирк байдаг гэдгийг харуулж байна. Цирк бусад урлагтай адил даяршлагдаж хөгжиж контенперари чиглэл рүү орж байна. Монголд ч энэ тал руугаа хөгжиж байна. 
Дахин хэлэхэд Энэ сарын 12-нд Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу багшийн маань 75 насны ой, Монголын циркийн урлагт зүтгэсний 63 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.    

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)