П.АМГАЛАНБАЯР

Хөшиг нээгдлээ. Хүмүүсийн догдлол, хүлээлт, аз жаргалтай агшин дор дохиурын хөнгөн хэмнэлээр сонгодог аялгуу танхимд эгшиглэв. Удирдаачийн гарын аясаар тайзан дээр буй хөгжимчид нэг хүний дүрийг бүтээж, мэдрэмжээ нэгтгэн хөгжмийн тансаг хөгөөр хүмүүний сэтгэлийн утсыг хөвөлзүүлэх нь ямар яруу вэ. Ийм гайхалтай агшинг бүтээгч урлагийн нэг эд эс бол яах аргагүй удирдаач. Тиймээс "Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Хөгжим хэмнэл" буландаа ҮУИТ-ын удирдаач Соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаярыг урьж, ярилцлаа. Тэрбээр морин хуурч, удирдаач гэсэн хос алдраар дөрөө харшуулж, холын замыг зорьж буй. Э.Мөнхбаяр олон улсын тайзан дээр дэлхийн сонгодгуудыг амилуулж, Монгол Улсаа дархалж буй нэгэн.

 

-“The Vienna classics festival” олон улсын хөгжмийн наадмыг монгол удирдаач нээлээ гэхийг сонсоод олон хүнд бахархал төрүүлсөн цаг хугацаа байлаа. Энэ тухай яриагаа эхлүүлье?
-Он гарахаас хэдхэн хоногийн өмнө Казахстаны Астана дуурийн театраас олон улсын " The Vienna classics festival” болно. Таныг оролцохыг урьж байна. Та замын зардлаа өөрөө гарга. Бусдыг нь бид хариуцна" гэсэн мэйл ирсэн. Тэр үед Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Д.Баярхүү намайг очих гэж байгааг мэдээд "Байр, хоолон дээр бүү санаа зовоорой. Астана дуурийн театрын байр, хоолыг цуцлуулчих. Элчиндээ байрлаарай" гээд аюулгүй байдал, бүх зүйлийг хариуцсан. Тухайн үед уран бүтээлчийн хувьд санаа зовох зүйлгүй  ажилдаа төвлөрөх аз жаргал байсан. Монгол удирдаач урилгаар ирсэн гэхэд хүмүүс ч бас хүлээлттэй байгаа шүү дээ. Тиймээс би өөртэйгөө ажиллаад бэлэн байхад л болох байсан. 
“The Vienna classics festival” хоёр хэсгээс бүрдсэн. Тус наадамд Монгол, Эстони, Казахстан, Израил, Японы таван удирдаачаас бүрдсэн баг таван долоо хоног  симфони бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн. Эхний долоо хоногийн нээлтийг монгол удирдаачаар эхлүүлсэн юм. 


-ОХУ-ын алдарт хөгжимчин Багдат Абилхановтай хамтран дэлхийн сонгодгийг тайзнаа эгшиглүүллээ?
-Симфони хөгжмийн олон улсын наадам хоёр хэсгээс бүрдсэн. Тоглолтын эхний хэсгийг суут хөгжийн зохиолч А.Моцартын “Фигарогийн хурим” дуурийн удиртгал хөгжим, Л.В.Бетховены дөрвөн ангитай, 20 гаруй минут үргэлжлэх I симфони бүтээлийг эгшиглүүлсэн. Мөн тоглолтод ОХУ-ын гавьяат жүжигчин Багдат Абилханов, Казахстаны гавьяат жүжигчин хийлч залуу оролцсон.
Тоглолтын хоёрдугаар хэсэгт Л.В.Бетховены хийлийн Ремажорын концерт гэж гайхалтай агуу бүтээлийг амилуулсан. Энэ бүтээл гурван ангитай, 50 минут эгшиглэдэг. Энэ гайхалтай бүтээлд  Багдат Абилханов, Астана операгийн симфони оркестртой хамтарсан. Энэ тоглолтын хоёрдугаар хэсэг. Орос школтой мундаг хөгжимчид учраас надад санаа зовох зүйл байгаагүй. Тэд өөрсдөө хөгжимдөж, зохиолыг амилуулж байсан.


-Цаашид “Астана Опера” дуурийн театртай хамтран уран бүтээлд ажиллах уу?
-Симфони хөгжмийн олон улсын наадмын тоглолтод тус улсын Элчин сайдын яамны бүх бүрэлдэхүүн, таван гэр бүл, хүүхдүүдтэйгээ ирж хүндэтгэл үзүүлсэн. Энэ олон улсын хөгжмийн наадмын цаана Казахстан улсыг удирдаачдаар нь дамжуулж сурталчлах бодлого явж байсан гэдгийг харсан. Мөн тоглолтын дараа намайг Астана операгийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, ерөнхий захирал нар хүлээн авалтын арга хэмжээнд урьсан. Энэ үеэр  Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны  30 жилийн ойн арга хэмжээний төгсгөлийг сайн хийж чадлаа гэж олзуурхаж байсан. Мөн олон ажлыг нэгтгэсэн том наадам боллоо гэдгийг хэлсэн. Энэ үеэр дөрөвдүгээр сард Астана опера театр хотынхоо ойролцоох хуучны гурван хотоор намайг явуулж филармонийн оркеструудтай ажиллах санал тавьсан. 


-Та өмнө нь “Астана опера” театрын ерөнхий удирдаач Абзал Мюхитдинийн  олон улсын залуу удирдаач нарт зориулсан сургалтад хамрагдсан. Энэ үед чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулсан нь олон улсын наадамд урилгаар оролцох хөшүүрэг болсон байх?
-Залуу уран бүтээлч хүний хувьд хөгжимчнөөс илүүтэй удирдаачаараа түлхүү ажиллахыг зорьж байна. Дэлхийн залуу удирдаачид ямар чиг хандлагатай байна. Юугаар илүү дагнаж, өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж байгааг судалдаг. Би шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэх дуртай. Аливаа зүйлийг өөрийн биеэр үзэх, хүмүүсээс сонсох, алсаас харж мэдрэх нь ялгаатай гэж боддог. Тухайн орчинд миний зүрх сэтгэл яаж мэдэрч байгааг ойлгох нь чухал. Энэ мэдрэмжээ өөртөө суулгаснаар цаашид олон ажлыг шинээр сэтгэж гаргах боломжтой. Тиймээс өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр Казахстаны Астанад өөрөө төлбөрөө төлөөд ерөнхий удирдаач Абзал Мюхитдинийн олон улсын залуу удирдаач нарт зориулсан сургалтад хоёр долоо хоног хамрагдсан. Энэ хугацаанд өдөр бүр хөтөлбөрийнхөө дагуу хичээллэж байсан. Сургалтад Япон, Австрийн Вени хотын дуурийн театрын туслах удирдаач, Слован, Словакийн филармонийн туслах удирдаачид гээд олон улсаас зорьж ирсэн. Тэдэнтэйгээ нөхөрлөж, шинийг суралцан, цаашид залуу удирдаачдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлөх боломжийг олгосон цаг хугацаа байсан. Энэ сургалтаас суралцсан эрдмээ амьдрал дээр хэрэгжүүлж өөртөө чадвар болгож шингээхийг зорьж байна. 


-Та олон улсын хөгжмийн наадамд оролцохоос өмнө дэлхийн алдарт тайзан дээр морин хуураа эгшиглүүлсэн. Догдлол дүүрэн цаг хугацаа байсан болов уу?
-Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн нэрэмжит филармонийн их тайзан дээр хуураа эгшиглүүлээд ирсэн. Энэ тайзан дээр намайг хөтөлсөн хүн бол Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн шавь хөгжмийн зохиолч Б.Энхбаяр ах. Б.Энхбаяр ах маань ОХУ-ын Москва хотод Чайковскийн нэрэмжит консерваторийн тавдугаар курсийн оюутан. Орос болон бусад улсад хөгжмийн зохиолчдын уралдаан их болдог. Санкт-Петербург хотын дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн нэрэмжит уралдаанд Б.Энхбаяр ах морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан анхны концертоо явуулсан юм билээ. Тэгээд хагас жилийн дараа "Хөгжимчнөө аваад ир, бид оркестор, тайз бүх зүйлийг бэлдэнэ. Чайковскийн филармонийн их тайзан дээр тоглоно" гэсэн хариу ирсэн гэсэн. Тэгээд Б.Энхбаяр ах Монголд ирснийхээ дараа надтай уулзаад “Хуураа тоглож байна уу” хөгжмийн формтой байгаа эсэхийг асуусан.  
Өөрийнхөө бүтээлийг Частаковичийн филармонийн их тайзан дээр тоглох санал тавьсан юм. Тухайн үед би ажил ихтэй байсан ч саналыг нь зөвшөөрч, өөртөө нэгэн шинэ хуудас нээсэндээ баярладаг. Удирдаач ажил ихтэй учраас үүний хажуугаар хөгжмийн формтой байх нь бага зэрэг орхигддог л доо. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд концертоо амжилттай тоглож дуусгасан. Тоглолтын дараа хөгжмийн зохиолч Б.Энхбаяр ах бид хоёрт гурван филармониос 2023-2024 онд уран бүтээл хийх санал ирсэн. Мөн тоглолтод ОХУ-ын алдартай жүжигчид ирсэн байсан. Тэр алдартай хүмүүс Б.Энхбаяр ах бид хоёртой зурагаа даруулах гээд дугаарлаад зогсож байсан нь их хүндэтгэлтэй, сайхан цаг хугацаа байсан. 


-Таны амьдралаас хөгжмийг салгахын аргагүй бололтой. Хөгжмийн замналтай хэрхэн холбогдов?
-Морин хуураар хичээллэж, ирээдүйн зорилго мэргэжил болгох хүртэл тууштай явах замнал минь миний өвөөгөөс эхлэлтэй. Би эхийн хэвлийд байхаасаа морин хуурын хөг эгшигтэй холбогдсон байх гэж боддог. Миний аавын аав П.Гомбодорж гэж Боржигоны нэрт морин хуурч байлаа. Өвөө маань Богдын хүрээнд хэд хэдэн удаа залагдаж найр, цэнгээнд нь морин хуур эгшиглүүлж явсан удаатай. Тухайн үеийн чадварлаг уран бүтээлчидтэй нийлж, тоглосон баримт хадгалагдан үлдсэн байдаг. Харин миний аав Төв аймгийн Монгол туургатан теарт 40-өөд жил гоцлол хөгжимчин, ардын язгуур ерөөл магтаал, тууль, хөөмий гэсэн төрлөөр хичээллэж, олон улсад Монгол Улсынхаа урлаг, соёлыг сурталчилж байсан. Мөн олон шавьтай. Миний морин хуур хөгжмийн анхны багш бол аав минь. Ээж маань мөн Монгол туургатан теарт драмын жүжигчнээр ажилладаг байсан. Би эхээс хоёулаа. Эгч маань аав ээжийнхээ авьяасыг өвлөж, буурийг сахиж урлагийн хүн болсон. Эгч Э.Мөнхчимэг морин хуур тоглодог, хөгжмийн багш мэргэжилтэй. Ховд аймгийн хөгжимт драмын театр мөн бусад урлагийн сургуульд багшилдаг. 
Би хэдэн настайдаа морин хуур тоглож сурснаа санадаггүй юм. Нэг л мэдэхэд энэ хөгжимд дуртай болсон байсан. Цэцэрлэгт байхдаа морин хуур тоглож байсан зураг байдаг. Хөгжим, бүжгийн коллежи буюу Монгол Улсын консерварторид 2007 оны намар шалгалт өгсөн. Шалгалт урт хугацаанд үргэлжилж, зуны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Миний уран бүтээлийн замыг чиглүүлж өгсөн хүн бол миний мэргэжлийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн, Н.Буянбаатар. Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар олон жил ажиллаж байгаа уран бүтээлч. Энэ чадварлаг хүнээс суралцсандаа олзуурхаж, баяртай байдаг. Одоо ч би суралцсаар л явна.


-Утсан хөгжимчид илүү  мэдрэмжтэй удирдаач болдог гэдэг. Морин хуур таны өмнө удирдаач хэмээх нэгэн шинэ хуудсыг нээжээ?
 -Удирдаач хүнд нөлөөлдөг гол зүйл  өмнөх боловсрол нь байдаг  гэж судлаачид үздэг. Нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат багш миний удирдаачийн замналыг тавьсан. Монгол Улсын консерварт симфони аркистр удирдаач мэргэжлээр магистр зэрэг хамгаалсан. Би хөгжим бүжгийн коллежид суралцаж байх үедээ буюу 2016 оноос Үндэсний урлагийн их театрт аркесторын хөгжимчнөөр ажиллаж эхлэсэн юм. Энэ хугацаанд олон тэмцээнд амжилттай оролцсон. Улан-Үдэд болсон олон ардын хөгжимчдийн уралдаанд хэд хэдэн оролцож гранпри, хоёрдугаар байрт орж байлаа. Мөн байгууллага, сургуулиас олон газар руу найрамдалт харилцааны ойгоор явна. Одоогоор 30–аад орноор явж тоглосон байна. Дэлхийн чансаатай олон тайзан гарчээ. Цаашаа урлагийн замнал хол учраас дахиад хичээнэ.


-Таны аав морин хуур урладаг гэсэн. Аавынхаа урласан морин хуурыг эгшиглүүлж байв уу?
-2007 онд Хөгжим бүжгийн коллежид морин хуурч мэргэжлээр сурч эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл аавынхаа гурав дахь хуурыг эгшиглүүлж байна.  Дэлхийн олон алдартай тайзан дээр аавынхаа хуурыг эгшиглүүлсэндээ баяртай байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)