Базарбямбын НЯМСҮРЭН
20 шахам жилийн түүхтэй, 2022 оныг “Шилдэг продакшн" цомтой үдэж байсан “B продакшн” шинэ оныг томоохон дуулианаар угтаад байгаа. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын продакшнд харьяалдаг “NS” хамтлагийн дуучин Н.Энэрэлсайхан "Шинэ жилээр дуулаад олсон орлогын 10 хувийг авах гэрээтэй ч нэг ч төгрөг аваагүй" хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж, үүний ард хөдөлмөрийн мөлжлөг байна гэсэн шүүмжийг өрнүүлээд байна. Нөгөө талд залуу уран бүтээлч өөрийгөө хэт тоолоо, удаа дараа гэрээгээ зөрчсөн, энэ тохиолдолд цалин нэхэх нь хэр зөв бэ, продакшны гаргасан зардлыг хэн хариуцах вэ зэргээр урлагийнхан ч дотроо мэтгэлцсээр хэд хонов.
Өөрөөр хэлбэл, рок попынхон дундаа толгой цохихоор хөрөнгөлөг дуучин Д.Болд маань залуу уран бүтээлчийн 10-хан хувийн цалин дээр “луу унжсан уу” гэдэг асуудалд урлагийнхан хоёр хуваагдаад байгаа юм.
РОК ПОПЫНХОН ЭХНЭЭСЭЭ ГЭРЭЭГЭЭ ДЭЛГЭВ
Н.Энэрэлсайхны мэдээллийн дараа хамгийн түрүүнд продюсер Б.Ангирмаа өөрийн үзэл бодлоо сошиал орчинд хуваалцсан. Тэр "Би Киви хамтлагтай гэрээгээ маш нягт хийсэн. Дөнгөж байгуулагдахад 60:40 байлаа. Таван жилийн нүүр үзлээ. Тэнд 90:10 байсангүй. Таван жилийн дараа гэрээ сунгагдаад 50:50 болж гэрээ хийгдлээ. Тэнд 90:10 байсангүй. Гэрээ дууссан. Одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ. Ухаантай охид ..." гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн. Харин “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “Манай хамтлаг 1998 онд байгуулагдахдаа дөрвөн гишүүнтэй байсан. Сүртэй гэрээ хийгээгүй. Бүгд адил 25 хувь гэсэн зарчим баримталсан. 25 жилийн дараа ч энэ зарчим яг хэвээрээ” гэж твиттерт жиргэсэн. Харин дуучин Д.Болдын үеэл, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун арай өөр байр суурьтай байлаа. Тэрээр “Байгууллагын дотоод тооцоог би ч, та ч мэдэхгүй! Сүпер студи, чадалтай продакшн байдгийг бид мэдэж байгаа. Ер нь нэг тогооноос хооллодог юм бол нэгнийгээ алдаж оноход нь тусалдаггүй юм гэхэд жан жан гээд байлгүй хэлмээр юм байвал сошиалаар “хутгалаад” байлгүй өөрт нь хэлээд нуруутайхан байвал барав биш үү, рок попчингуудаа” хэмээн фэйсбүүкээр ширүүхэн шүүмжилсэн.
Мөн бид Монголдоо томоохонд тооцогддог “Нью Стар” студийн продюссер Л.Энхмандахаас энэ талаар утсаар холбогдож байр суурийг нь сонирхсон юм. Тэрээр “Бид нэг, нэгнийхээ гэрээний агуулгыг мэдэхгүй. Гэрээ хийсэн бол гэрээнийхээ дагуу л хөдлөх хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн шууд зохиочихдоггүй. Хэдий хугацааны хөдөлмөр, хэчнээн хөрөнгө мөнгө зарцуулсан, хэр удаан үргэлжлэх төсөл вэ гэдгээс их хамаарна” хэмээн онцолсон.
Харин дуучин Б.Сарантуяагийн хөгжмийн тохируулагчаар ажиллаж байсан Ө.Батаа гэх залуугийн пост олон хүний талархлыг хүлээж, тэр хэрээр постын эзний дагагчдын тоо нэмэгдэж харагдана лээ. Тэрээр “Рок попынхон цалингаа их, бага гээд ширүүхэн л байх шиг байна. Би 17 настай байхаасаа Сараа эгчийн хөгжим тохируулагчаар зургаан жил ажилласан. Намайг ажилд авахдаа “Би чамд тоглолт, СD, халтуур гээд бүх орлогынхоо тэдэн хувийг өгнө гэж гэрээ хийгээгүй ч амласан. Бүх цалингаа тохирсоноороо өгсөн. Ажиллаж байх үедээ би машиныг нь онхолдуулж фактласан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй ажлаа хийлгэсээр, цалингаа өгсөөр байсан. Таван жил хамт ажиллахад би хоёр өрөө байр авах хэмжээний цалин авсан байсан. Зарим тохиолдолд Сараа эгч Хүүхдийн хорих ч юмуу, буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг байсан. Тийм тохиолдолд үнэгүй дуулж байгаа болохоор чи цалингүй ажиллах боломжтой юу гэж надаас асууна. Зургаан жил ажиллуулаад нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд “Сургуульд сур” гээд ‘’хөөгөөд‘’ явуулсан юм даа” гэжээ.
Н.ЭНЭРЭЛСАЙХАН ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН УУ?
“Voice”-ын шалгаруулалттад тэнцэж, “Team Bold”-ын гишүүн болсондоо баярлан хөөрч байсан цээл хоолойт охин хийсэн сонголтондоо харамсан мэдэгдэл хийж сууна. Түүний хувьд рок попын хөшигний ард байдаг гэрээний талаар анх удаа “шүгэл үлээж” энэ асуудлыг гаргаж ирсэн. Мэдээж тэр чимээгүй, итгэж найдаад эсвэл ирээдүйд өөрийг нь угтах байсан ч, “тогоо руугаа нулимсан” гээд хаалгаа нээхээс татгалзах олон олон боломжуудыг бодвол ингэж зоригтойгоор гаргаж тавихгүй. 90:10 гэдэг тооны тухай ч олон нийт мэдэхгүй өнгөрөх байлаа. Харин олон жилийн туршлагатай том продакшнтай хийсэн гэрээгээ ил тод зарлаж, ирээдүйд учирч болох эрсдлээс илүү өнөөдрийн бодит байдлыг дэлгэсэн учир Н.Энэрэлсайханыг олон нийт өмгөөлөнгүй байгаа. Гэхдээ нөгөө талд гэрээний дагуу хүлээсэн үүрэг гэж бий. Удаа дараа гэрээний заалтыг зөрчиж, ажилдаа ирээгүй гэж “В” продакшны мэдэгдэлд онцолсон ч бөгөөд “Залуу хүн, шударга, хариуцлагатай байх ёстой” гэсэн шүүмжүүд түүнийг чиглэсээр байна.
Ямартай ч Н.Энэрэлсайхан “B” продакшнтай хийсэн гэрээний дагуу орлогын 10 хувийг авах эрхтэй байж. Гэрээ гэдэг эрх зүйн акт бөгөөд оролцогч талууд хүлээсэн үүрэг хариуцлагаа харилцан биелүүлэх шаардлагатай хуулийн бичиг баримт. Энэ тохиолдолд, ашиг орлого хуваах нөхцөл 90:10 уу, 50:50 байна уу, гол биш. Тэнд гэрээний үүрэг хангагдаж байх ёстой. Гэтэл гэрээнд орлогын 10 хувийг өгнө гэж заачихаад түүнийгээ өгөөгүй бол тэр нь олны шуугиад байгаа хөдөлмөрийн мөлжлөг гэсэн үг. Үнэхээр түмэнд танигдсан том уран бүтээлч хүн залуу дуучдын хоолойгоор олсон орлогоосоо өчүүхэн жаахныг ч өгч чадахгүй бол Төрийн соёрхолт байгаад ч хэрэг үгүй биз.
ЕЭВЭНГИЙН НӨГӨӨ ТАЛ БУЮУ ПРОДАКШНЫ ЗОВЛОН
Урлагийнхны ханш шинэ жилээр олон нийтэд ил байдаг ч, хөшигний ард ажиллаж байгаа хүмүүстээ хэр хаялгатай, хэр шударга хуваарилалт болдог нь нээлттэй байж чаддаггүй. Тэгвэл энэ удаагийн 90:10 харьцаа хэр шударга вэ гэдгээс илүү артистуудын амжилт болон тэдгээрийн ард байх продюсерүүдийн зовлон, жаргалын талаар бичихгүй өнгөрч болохгүй.
Продюсерийн үүрэг гэдэг дуучин ч бай, жүжигчин ч бай хэний ч мэдэхгүй залуу уран бүтээлчийг хүсэл мөрөөдөл болсон оргилд нь хүргэх гарц, чиглүүлэгч гэж хэлж болно. Салбарынхаа талаар “а” ч үгүй шинэковыг урлагийн тогоонд авчирч, бүх талаар нь зүлгэж тордож байж нэрд гаргана, уран бүтээлийг нь өөрийн гэсэн үзэгч, сонсогчтой болгоно гэдэг амар ажил биш. Тэнд бүх төрлийн маркетинг явж байгаа учир зардал тасралтгүй гарсаар л байна. Өөрөөр хэлбэл, оюуны бүтээлийг үнэ хүргэх “брэндинг” бүтээх үйл явц өрнөсөөр байна. Гэтэл нөгөө талд шинэ залуу дуучин, уран бүтээлч маань замын дундаас шантрах, эсвэл санасан хэмжээнд хүртэл нэрд гарч, олонд танигдаж чадахгүй бол яах вэ. Эсвэл бүр ганцаарчилсан тоглолт хийгээд гэрээгээ зөрчөөд байвал юу болох бол?
Энэ талаас нь харвал продакшны хатуу гэрээг буруутгах аргагүй. 90:10 гэдэг нь эхэнд хийж байгаа гэдэг утгаараа продакшнд илүү хувь оноосон нөхцөл байхыг үгүйсгэхгүй.
Бүтээл гарах үгүй нь тодорхойгүй дөнгөж урлагийн тогоонд хөл тавьж байгаа залуу хүүхдийг хаана хүрч, ямар амжилт үзүүлэхийг нь мэдэхгүй ч итгэл найдвар, цэвэр мэдрэмжиндээ тулгуурлан сонголт хийж хамтарч ажиллана гэдэг том эрсдэл байх нь ч ойлгомжтой. Тухайн хүний өмсөх хувцсыг ч продакшн хариуцаж, маркетингийн бүх зардлыг гаргах нь өндөр зардалтай.
Энэ тухайгаа “B” продакшн Н.Энэрэлсайханы мэдээллийн дараа гаргасан мэдэгдэлдээ тодорхой дурдсан байсан.
“NS” хамтлагийн уран бүтээлийг туурвихад бодитоор 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн байна. Мөн дээрх мэдэгдэлд “Анх тус гэрээний орлогоос “NS” хамтлаг 20 хувь, продюссер Б.Энхзориг 40 хувь, “В” продакшн 40 хувь авахаар тус тус тусгаж, 2022 оны дөрөвдүгээр сараас “NS” хамтлагийн хувийг 40 болгож нэмсэн” гэж дурджээ.
“В” продакшны албан ёсны цахим хуудсаараа зарласан дээрх мэдэгдлээс үзвэл продакшн тодорхой эрсдэл хүлээж, гэрээнд тусгасан ажлуудаа тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн байхаар. Еэвэнгийн нөгөө талыг ярьсаар байгаад “бачтай” ноёныхоо толгойг эргүүлэн, шийтгэлээс мултарч чаддаг сэргэлэн албатын дүртэй “Зэрэг нэмэхийн өмнө” киног уншигчид сайн мэднэ. Яг үүн шиг асуудал бүрт хоёр тал бий. Гэрээг нэг тал ганцаар хийдэггүй, аль аль нь эрх үүрэг хүлээдэг. Тэгэхээр энэ удаад “еэвэнгийн нөгөө тал” нь продакшны үүрч байгаа ачаа, учирч болох эрсдэл юм.
Гэхдээ асуудлыг сошиалаар шуурснаар шийдэхгүй. Бид эрх зүйт нийгэмд, хуулийн дор амьдарч байгаа. Тиймээс үнэхээр хууль, хяналтын байгууллага нь шалгаж эцэслээд “Хүнийг ажиллуулчихаад, тохирох хөлс мөнгийг нь өгөөгүй нь тогтоогдвол эрхэм “Төрийн соёрхолт” маань төрийн өөр нэг хамгаалалтад орох эсэхдээ тулж ч мэдэх юм. Эсвэл нөгөө талд өөрийг нь таниулсан продакшныхаа нэр төрд халдсан гэдэг хэрэгт залуу уран бүтээлч орж болзошгүй. Ямартай ч асуудлыг зоригтойгоор гарган ирж, “шүгэл үлээсэн” Н.Энэрэлсайханы мэдээллийн дараа рок, попынхон маань сайн, муугаа нэг сайн ярилцаад авах шиг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)