Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа дэлхийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарч, Монголын дуурийн урлаг, монгол дуучны хоолойн цар хүрээг дэлхийд гайхуулж яваа Ардын жүжигчийн Э.Амартүвшингийн өнгөрсөн болон энэ онд гоцлосон бүтээлүүдээс тоймлон хүргэж байна.

 

“ЛА СКАЛА” ТЕАТРТ 

Дуурийн дуучин Э.Амартүвшин өнгөрсөн жил Миланы алдарт “Ла Скала” театрт Ж.Вердийн “Риголетто” дуурьт дуулсан билээ. Тус театрыг 1776 онд Санта-Мария дахь “Скала” хэмээх сүмийн суурин дээр барьсан түүхтэй. Италичуудын бахархал болсон энэхүү театрын барилга том биш ч, үзэгчдийн танхим нь уламжлалт хэв загвартай, зургаан давхар ажээ. Неоклассик загварын засал, акустик, тав тухтай суудал, цуутай жүжигчдийн цугларалт, чинээлэг үзэгчид зэрэг нь энэ театрын нэр хүнд, имижийг бүрдүүлдэг юм байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй тус дуурь нь XVI зууны үеийн Италийн Мантуа хотын хааны ордны зугаа цэнгэлийг харуулахаас гадна түүний золиос болж байгаа Риголетто нэрт алиа салбадай, түүний охин Жильдагийн хайр сэтгэл, амьдралын түүхийг өгүүлдэг билээ.

 

“МЕТРОПОЛИТЕН” ТЕАТРТ

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүн эгнээнд бичигддэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрт дуулсан юм. Тодруулбал, 3900 үзэгчийн суудалтай тус театрын тайзнаа нэгдүгээр сарын 5-26 –ны хооронд Ж.Вердийн “Травиата” дуурьт таван удаа гоцлов. Ийнхүү тэрбээр дэлхийн хэмжээний энэ театрт дуулсан анхны монгол дуучин болж, дуурийн урлагийн түүхэнд нэгэн тод мөрийг бичиглэлээ.
 “Травиата” дуурийн эцэг Жермон бол манай дуучны нэрийн хуудас болсон бүтээлийн нэг бөгөөд дуучнаас хоолойн чадлаас гадна чамгүй жүжиглэлт шаарддаг билээ. Травиата буюу Виолетта гоо үзэсгэлэнтэй, дур булаам ч тун ухаалаг, эдгэшгүй өвчтэй бүсгүй. Түүнд дурласан хүүдээ эцэг Жермон Виолеттатай уулзахгүй байхыг сануулахад дурлалдаа шатсан залуу эцгийн үгийг хүлээж авдаггүй. Ингээд хашир өвгөн бүсгүйд учирлаж, сэтгэлээ татаж авахыг хүссэнээр дуурийн үйл явдал өрнөх ажээ. 

 

БЕРЛИНИЙН ТЕАТРТ 

Э.Амартүвшингийн уран бүтээлийн ээлжит нэг сенсааци нь Берлинийн театрт “Набуко” дуурьт дуулсан явдал байв. Тэрбээр Лондоны театрт мөн энэ дүрд дуулсан байдаг. Ж.Вердийн “Набукко” дуурь нь нь баатарлагийн тухай дуулалт жүжиг юм. Дуурийн хөгжим нь эрэлхэг эзэн хааны байлдан дагуулалт, сүр хүчийг илтгэх ажээ. Дуурийн үйл явдал ийн өрнөнө. Соломоны сүмүүдийн дотор Израильчууд Вавилоны хаан Набуккогоор удирдуулсан армийн эсрэг бурханд залбирч байв. Харин Набукко болон түүний дайчид Закахара Фененаыг булаан авчээ. Набукко сүмийг шатаахыг хүснэ. Хэрэв шатаахгүй бол тэрбээр үхэх аюулд ойртох ажээ. Исмаел түүний тусламжийг түргэсгэж, Затарияг зэвсэглэв. Тэрбээр аавдаа хэл хүргэж, Набуccко сүмийг нь устгахыг хүмүүстээ тушаана. Закариа болон бусад израильчууд Исмаеэлийн харгис хэрцгий заналхийллийг харааж байна. Набукко хаан ялалтад хүрэх болов уу. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)