Д.ЦЭРЭННАДМИД

 

Спортын алив төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээн том нь байдаг. Уг тэмцээнд амжилттай оролцсон, аваргаар тодорсон тамирчид цаашид тив, дэлхий олон улсын тэмцээнд оролцох эрх нь нээлттэй болдог юм билээ. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөв. Энэ жилийн тэмцээнд 35 байгууллагын 217 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Гавьяат тамирчин дөрөв, олимпийн медальт, дэлхийн аварга тамирчин тус бүр нэг, ДАШТ-ий медальт бөх зургаа, залуучуудын дэлхийн аварга гурав, оюутны дэлхийн аварга дөрөв, өсвер үеийн дэлхийн аваргын медальт бөх тав, Азийн наадмын аварга нэг, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт 23 бөх энэ тэмцээний өрсөлдөөнийг өндөрсгөж ямар чансаатай болсныг харуулсан юм.

Эрэгтэй, эмэгтэй аль ч жинд хурц ширүүхэн өрсөлдсөн гэж болно. Даангүй эрэгтэй 55, 84, 120, эмэгтэй 48, 51, 59, 72 кг-ын жинд гал гарсан барилдаан олон гарсан. Б.Одончимэг, О.Бурмаа нар бол Монголдоо төдийгүй дэлхийд данстай тамирчид. Өнгөрсөн жил тэд “Mongolian Open” тэмцээний алтан медаль булаалдаж байсан бол энэ удаа мөн л тунаж үлдсэн нь 73 кг-ын жинд “Бид хоёр шүү дээ” гэсэнтэй адил байв. Сүүлийн хоёр тэмцээнд О.Бурмаа илүүрхсэн бол энэ удаа Б.Одончимэг ялагдалдаа дүгнэлж хийж чадснаар аваргын тавцанд зогссон юм. Бас нэг бахархахгүй байхын аргагүй нэг амжилт нь 48 кг-д гавьяат тамирчин Ц.Энхжаргал босоо бөх гэдгээ дахин харуулав. Тэр улсын аваргын тэмцээнд 12 дахиа түрүүлж ховорхон амжилтын эзэн болов.

Өмнө нь Т.Оюунболд агсан тийм амжилтын оргилд ганцаараа байсан бол хашир гавьяат Ц.Энх­жаргал түүний тогтоосон амжилтыг давтав. Энэ нь чөлөөтийн хамгийн хөнгөн жинд шинэ тамирчин гаргаж чадахгүй байгааг дасгалжуулагч нарт сануулсан хэрэг болов. Мөн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг, Азийн наадмын аварга Г.Мандахнаран нарын шилдгүүд жин өгсөж барилдсан ч аваргын алтан медалийг ёстой л “булааж” авсан даа.

Эрэгтэйчүүдийн 84 кг-д хэн аварга болохыг урьдчилан таах аргагүй байлаа гэж дасгалжуулагч нар нь ярьж байхыг сонссон. Тэгвэл “Аврагч” спорт хорооны тамирчин О.Үйтүмэн олимпийн хаялгатай бөх гэдгээ уран барилдаанаараа харуулж аваргалав. Уг нь түүнтэй финалдсан ОУХМ Г.Пүрэвдорж туршлагатай бол туршлагатай, бяртай бол бяртай өрсөлдөгч байсан л даа. Бас эмэгтэй 59 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд гарамгай амжилтын эзэн болов. Тэр ДАШТ-ий хүрэл медальт, оны шилдэг тамирчин болсон Т.Мөнхтуяаг толгой дэрэээ өргөн шийдэж цэвэр ялалт авсан нь энэ тэмцээний нэг оргил барилдаан болсон юм. С.Цэрэнчимэд одоо дөнгөж 18 настай. Сүү­лийн үед бөхийн мэргэ­жилт­нүүдийн анхаарлыг татам яваа бөх. Тиймээ ч сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж бас олж харсан юм биз. Шагнал гардуулах үеэрээ их аварга түүнийг Японд чөлөөтийн төрлөөр дөрвөн жил суралцах эрхийн бичгээр шагнасан юм. Эрэгтэй 96 кг-д улсын начин А.Батмөнх анх удаа улсын аварга болж бас сенсаац дэгдээв. Түүний жинд ОУХМ Ч.Ганзориг, Д.Хүдэрбулаг нарын ха­туухан учраа олон байсан ч тэр торолгүй түрүүлсэн. 120 кг-д Ж.Чулуунбатад Н.Золбоо гэдэг шинэ өрсөлдөгч жин өгсөж гарч ирснээ мэдрүүлэв. 60 кг-ын босоо бөх Г.Мандахнаран өнгөрсөн жилээс жин өгсөж 66-д барилдаж байгаа. Ер нь жин хасч барилдсанаас жин өгсөх амжилтад нөлөөтэй байдаг юм байна гэж тэр ярьж байналээ. Мөн 63-аас 67-д өгсөж барилдсан гавьяат тамирчин О.Насанбурмаа аваргын алтан медалиа нэмж чадлаа. Тэр 63 кг-даа оролцсон бол бас л дэлхийн аварга С.Батцэцэгтэй жиндээ үлдэх л байсан болов уу. О.Насанбурмаатай финалдсан Ш.Түмэнцэцэг ч мөн жин өгсөж барилдсан шилдэг бөх байлаа. Багийн нэгдсэн дүнгээр Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 82 оноогоор тэргүүлж Х.Амараа дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо /80 оноо/, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо /62 оноо/ удаалсан байна.

 

Тэмцээний аваргуудыг танилцуулбал:

Эрэгтэй 

55 кг- Э.Бэхбат “Хүч” спорт хороо 

60 кг- Б.Баянмөнх “Гацуурт-олимп” сургууль 

66 кг- Г.Мандахнаран “Алдар” спорт хороо 

74 кг- Б.Анхбаяр “Харгант цамхаг” клуб 

84 кг- О.Үйтүмэн “Аврагч” спорт хороо

96 кг- А.Батмөнх “Харгант цамхаг” клуб

120 кг- Ж.Чулуунбар “Сүлд” спорт хороо 

 

Эмэгтэй 

48 кг- Ц.Энхжаргал “Замчин” клуб 

51 кг- Э.Даваачимэг “Хилчин” спорт хороо 

55 кг- С.Бямбацэрэн “Аврагч” спорт хороо 

59 кг- С.Цэрэнчимэд “Алдар” спорт хороо 

63 кг- С.Батцэцэг “Хилчин” спорт хороо 

67 кг- О.Насанбурмаа “Хүч” спорт хороо 

72 кг- Б.Одончимэг “Алдар” спорт хороо