П.АМГАЛАНБАЯР

 

Будран хаялах цас, гацуур мод, өнгө өнгийн гэрлэн чимэглэл, намуухан эгшиглэх аялгуу  шинэ жилийн  аз жаргалтай агшинг  бүтээнэ. Шинэ жилийн гоёл чимэглэлээ зүүсэн  нийслэл хот нам гүм агаад амар амгалан орших аж. Энэ цаг хугацаанд  хүмүүсийн амьдралд нэг өнгө, шинэ  дурсамж хөглөхөөр  сонгодог урлагийн авьяастанууд нэгэн гайхалтай уран бүтээлээрээ  үзэгчтэйгээ уулзаж буй. П.И.Чайковский "Цөмөөхэй" бүжгэн жүжиггүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй.  Шинэ оныг хүлээсэн хүмүүсийн сэтгэлд илүү их догдлол, аз жаргалыг бэлэглэж, олон орны театрын тайзнаа амилдаг "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг   “Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа онцолж байна.

 

Маша охины ер бусын адалт явдалт үлгэрийн ертөнцөөр аялаарай 

 

Догдлол  дүүрэн хүмүүсийн хүлээлт танхимд нам гүм орчинг бүрдүүлнэ. Театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд XVIII зууныг илтгэх  тавилга, эд хэрэглэл, хувцаслалт бүхий ер бусын  орчин  угтлаа. Энэ бол Германы нэгэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлийн халуун дотно,  дахин давтагдашгүй дурсамжийг хөглөх  цаг хугацаа. Ийнхүү "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн адал явдалтай, сонирхолтой  агшин хөвөрнө. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөх аж. Үлгэрийн баатар Цөмөөхэй буюу "Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөх аж. 

 

Д.Дашлхагва анх удаа  "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг шинээр дэглэн найруулав

 

УДБЭТ-ын уран бүтээлч нь жил бүрийн арванхоёрдугаар сард шинэ жилийн баярыг угтаж П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгодог уламжлалтай. Бүжгэн жүжгийн эхний тоглолт энэ сарын 16-17-нд боллоо. Эхний өдрийн тоглолтын гол дүрүүдэд жижиг Машад Д.Бөртжин, том Машад  Э.Уянга, Принцэд  Соёлын тэргүүний ажилтан Д.Нацагдорж, хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмайерд Э.Эрдэнэжаргал нар тоглолоо. Энэ удаа дэлхийн олон гайхалтай сонгодог урлагийн бүтээлд ажилласан УДБЭТ-ын  ерөнхий балетмейстер Соёлын тэргүүний ажилтан Д.Дашлхагва "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг шинээр дэглэн найруулсан юм.
Харин Монгол Улсын Соёлын Элч, гавьяат жүжигчин, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн Д.Алтанхуягийн найруулсан "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг энэ сарын 25, 26, 27-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглоно. Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус бүжгэн жүжиг найм дахь жилдээ шинэ жилийн баяраар Монголын үзэгчдэд хүрнэ. Түүнчлэн Монголын балетын хөгжил сангаас "Цөмөөхэй" бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгон шалгаруулж, бэлтгэл сургалтад хамруулан тус балетад тоглуулдаг билээ.  

 

Монголын сонгодог урлагийн хөрсөнд цэцэглэн буй “Цөмөөхэй"

 

“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнийн 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд багтдаг. Уг үлгэрээс  сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Цөмөөхэй” балетыг бичжээ. Ийнхүү олон орны театрын тайзнаа  амилж, шинэ жилийг хүлээсэн хүүхэд бүрийн сэтгэлд илүү их догдлол нэмдэг сонгодог урлагийн бүтээл мэндэлсэн байдаг. 
Анх 1982 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Марийнский теарт  анх дэглэж байжээ. Харин Монголын сонгодог урлагийн хөрсөнд 1982 онд  онд П.И.Чайковскийн "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг буулгасан байдаг.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 245 (6977)