Б.НЯМСҮРЭН

 

Байлдааны самбо, холимог тулаан болон жюү жицүгээр хичээллэж амжилтын богц дүүрэн яваа тамирчдын нэг бол самбо бөхийн ОУХМ Г.Баяндүүрэн юм. Тэрбээр саяхан байлдааны самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ. Түүнтэй ярилцлаа. 

 

-Та байлдааны самбо бөхийн дэлхийн аварга боллоо.Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ? 


-Тэмцээнд оролцохдоо өөртөө итгэлтэй байсан. Тэмцээний өмнөх орой их догдолсон шүү. Энэ удаад бэлтгэл сайн хангагдсан учир ер нь түрүүлнэ л гэсэн зорилтыг өөртөө тавьж, санасандаа ч хүрсэн. Би одоогоос таван жилийн өмнө ДАШТ-д ОХУ-ын тамирчинд ялагдаж хүрэл медаль хүртэж байлаа. Харин энэ удаагийн “Бишкек-2022” байлдааны самбо бөхийн  ДАШТ-д тухайн тамирчин маань хүрэл медаль авч, би түрүүллээ. Энэ төрлийн спортоор ОХУ-ын тамирчид дэлхийд ноёлдог. Тиймээс ч тэмцээний долоон жинд дөрвөн алтан медалийг эзэн орны тамирчид хүртсэн. 


-Таны хувьд яагаад байлдааны самбо бөхөөр хичээллэх болов? 


-Анх энэ спортыг судалж байхад их сонирхолтой санагддаг байлаа. Харин өөрөө хичээллэж эхлээд улам дурлах болсон. Учир нь миний бие болоод сэтгэл зүйд яг тохирох юм шиг санагдсан. Тиймээс тууштай хичээллэх шийдвэр гаргаж байлаа.  Тухайн үедээ байлдааны самбо бөхөөр хичээллэх бодолтой байгаагаа багшдаа хэлсэн. Хэдийгээр багш маань энэ төрлийн дасгалжуулагч биш ч чаддаг, мэддэг бүхнээ надад харамгүй заасан. Мөн тухайн жилээ улсын аваргын тэмцээнд түрүүлсэн. Үүнээсээ их урам авч эргэлт буцалтгүй тамирчин болохоор шийдсэн. 
-Тамирчныг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Таны багш О.Нарангэрэл шавьдаа юу захидаг вэ? 
-Багш маань самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга. Одоог хүртэл багштайгаа бэлтгэлээ хийж байна. Мөн шигшээ багийн Үүрээ багшийн бэлтгэлд хамрагддаг. Багш нараасаа их үлгэр дуурайлал авна. Мөн тамирчин хүний ард олон хүн байдаг. Тухайлбал, гэр бүл, багш, найз нөхөд зэрэг. Тиймээс миний хувьд энэ цаг үед эдгээр хүний надад итгэсэн итгэлийг нь алдахгүйн төлөө бэлтгэлээ сайн хийж, илүү амжилт гаргах нь чухал байна. 


-Спорт хүнийг төлөвшүүлдэг. Тамирчны замналаас та ихийг сурсан байх даа? 


-Хамгийн эхэнд цаг баримталж сурсан. Мөн тэвчээр хатуужлаас эхлээд бусдыг хүндлэх, хайрлах зэрэг олон зан чанарыг энэ спорт надад сургасан байна. Миний хувьд энэ хугацаанд тив, дэлхийгээс найман медаль авсан. Мөн жюү жицү, холимог тулаанаар давхар хичээллэж байна. 


-Та дэлхийн найман медальтай гэлээ. Үүнээс хамгийн дурсамжтай, хэзээ ч мартагддаггүй тэмцээн аль нь байсан бэ?


-Миний анхны том тэмцээн 2017 онд Азийн тулааны наадам Туркменистан улсын Ашхабад хотод болсон. Энэ тэмцээн сэтгэлд хамгийн тод үлдсэн. Эхний учраа нь эзэн орны тамирчинтай таарсан. Оноо тэнцэж, сүүлийн оноогоор хожигдсон юм. Одоо бодоход тухайн үед туршлагагүй байж. Эхний тойрогтоо ялагдсан болохоор тэмцээн дуусчихлаа гэж бодоод сэтгэлээр их унасан. Гэтэл ялагдсан бүх тамирчин торгуулийн хэсэгт орж тулалдсан. Ингээд өөртөө хүрэл медалийн төлөө тулалдах боломж бий болгож чадсан. Сүүлийн найдвар тэр л байсан болохоор олдсон боломжийг алдахыг хүсээгүй. Тиймээс гаргасан алдаагаа давтахгүй, их хянуур, нягт, өөртөө итгэлтэй, зоригтой барилдаж хүрэл медаль хүртэж байлаа. Тухайн үед олонд танигдаагүй, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж явсан учир тэмцээний зардал олохоос эхлээд амаргүй байсан. Тиймээс энэ тэмцээн, дурсамж их үнэ цэнтэй санагддаг.   


-Амжилт гаргахад бэлтгэлээс гадна сэтгэл зүй чухал. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? 


-Бэлтгэлээ тогтмол хийж, тууштай хичээллэж байгаа үедээ сахилга баттай байх хэрэгтэй. Хөдөлмөрлөсөн хүн хэзээ ч хоосон хоцордоггүй. Тиймээс тамирчин хүн хөлс, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх цаг хэзээ нэгэн цагт заавал ирдэг. Тулаанд гарахдаа энэ миний дэвжээ, хөдөлмөрийнхөө үнэ цэнийг мэдрэх үе ирлээ гэж өөртөө байнга хэлдэг. Энэ нь л миний сэтгэл зүйгээ бэлдэх арга юмуу даа. 


-Гурван төрлийн спортоор зэрэг хичээллэх амаргүй байх. Мэдээж өөр, өөрийн  онцлогтой шүү дээ? 


-Мэдээж хоорондоо техникийн хувьд ялгаатай. Байлдааны самбо нь холимог тулаантай төстэй. Хамгаалалт өмсөөд таван минут тулалддаг. Тууштай, тэвчээртэй байх нь чухал санагддаг. Бэлтгэлээ хийхдээ өөрийгөө хуурахгүй хичээвэл амжилт ирнэ.  Зарим үед юуны төлөө хөлсөө урсгаад байна вэ гэж бодох үе гарна. Учир нь тамирчин хүн спортод цаг хугацаа, эрүүл мэнд, залуу нас зэрэг багагүй зүйлийг мөрийнд тавьдаг. Хэн хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй өрсөлдсөн нь мөрийгөө авна гэсэн үг. Миний хувьд сэтгэл санаа жаахан тогтворгүй үедээ бэлтгэлийн заал руугаа явдаг зуршилтай. Бэлгэлээ хийхээр сөрөг бодол замхардаг юм. 


-Тамирчин хүний алсын хараа, зорилго, мөрөөдөл нь амжилт руу мацах суурь болдог байх.  Таны хувьд цаашдын төлөвлөгөө, зорилго тань юу вэ? 


-Өөрийн зорилгодоо үнэнч байж, сайтар хөдөлмөрлөх ёстой. Цаашдаа бэлтгэлээ сайн хийж дэлхийн аваргаа батална. Мөн холимог тулаанаар  “UFC”  холбоонд орж дэлхийн аварга болох зорилго бий. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)