Ч.ГАНТУЛГА

 

ТЕАТРЫН АМИН СҮНС НЬ ЗУРААЧ 

 

Монголын драмын урлагийн үүсэл “Бөмбөгөр ногоон” театраас эхлэлтэй. 1926 онд Унгарын барилгын зураг төсөлч Иожефа Лелетагаар шинэ театрын зураг төслийг гаргуулжээ. Улмаар барилгын ажлыг удирдуулан хятад, монгол мужаануудыг дайчлан 1927 оны намар “Бөмбөгөр ногоон” театр нээлтээ хийж, Ардын цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэсэн түүхтэй. Ийнхүү 1931 оноос Ардын цэнгэлдэх хүрээлэн хэмээх Бөмбөгөр ногооныг Улсын төв театр болгон өргөтгөж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан нь өнөөдрийн Монголын драмын урлагийн суурь болсон юм. Энэхүү жүжгийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов ирж найруулсан байдаг. Тухайн жүжгийг тавихад найруулагчийн гол санаагаа чилээсэн асуудал нь тайзны зураач ажээ. 
Театрын амин сүнс нь зураач. Тайз болон дэлгэцийн ямар ч бүтээлийг зураачгүйгээр төсөөлөх аргагүй. Хэдэн зуун жилийн түүхтэй дэлхийн том театрууд үүсч, байгуулагдсан үеэс найруулагч, жүжигчдээс гадна зураач гэсэн мэргэжил театрын хамгийн чухал эд эс байсаар ирсэн, Монголд ч ялгаагүй.  Тэгвэл Монголын анхны тайзны мэргэжлийн зураач нь Л.Гаваа билээ. Тэрбээр анх “Үнэн” жүжгийг тавихад тайзны зураачаар нь ажиллажээ. 

Харин ерөнхий зураачаар нь Померанцев ажилласан байдаг. Үүний дараа 1933 онд С.Буяннэмэхийн зохиол “Харанхуй засаг” жүжиг Монголын театрт морилсон бол 1934 онд “Учиртай гурван толгой” жүжгийн зураач Бектеева нь тайзыг натуралист хандлагаас салгахыг оролдсон байдаг. Ийнхүү орос уран бүтээлчдийг ирж жүжиг тавьж, тайз хийх бүрт монгол зураачид туршлагажиж, суралцсаар байсан юм. 

 

 

ДАГАЛДАН ЗУРААЧИД ТОДОРЧ ЭХЛЭВ

 

1930-аад оны сүүлчээр нэгэн залуу зураач тодорсон нь Н. Чүлтэм байжээ. Тэрбээр “Хатанбаатар Магсаржав”, “Урлал” зэрэг жүжгийн тайз чимэглэлийг хийв. Энэ үед театрын зураачдын эгнээ Л.Гаваа, Н.Чүлтэм, Л.Магвал, уран барималч н.Жигжид, Б.Гүрдорж зэрэг урчуудаар бүл нэмээд байсан юм. Тэд Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, Карло Гольдонийн “Хоёр эзний ганц зарц”, Лопе Де Вегийн “Хонин булаг” зэрэг сонгодог жүжгүүдийн тайзыг реалист аргаар чимэглэж байв. Харин 1933 оноос улсын хэвлэх үйлдвэрт дагалдангаар ажиллаж байсан залуу зураач, хожмын Ардын зураач  Лувсангийн Гаваа  авьяас, ур чадварын хувьд манлайлах болжээ. Тэрбээр театрт тавигдаж буй шинэ бүтээл бүрийн тайзыг гардаж хийх болов. Л.Гаваагийн хамгийн анхны хийсэн том тайз нь  Померанцев багшийнхаа удирдлага дор хийсэн  Д. Намдагийн зохиол “Сүрэг чоно” жүжгийн тайз байсан юм. Үүнээс хойш тэрбээр А.Даргомыжский "Лусын дагина" 1964 онд Ж.Пуччинийн "Чио Чио Сан"  гээд дэлхийн олон сонгодог бүтээлийн тайзыг урлаж, Монголын театрын урлагт үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан байдаг. Энэ бол Монголын театрын урлаг, тайзны хөгжлийн өнгөрсөн үе буюу өчигдрийн зураглал билээ. Түүнээс хойш Монголын театрын урлаг, тайзны ажил өөрсдийн цаг хугацаанд хангалттай хөгжиж, дэвшсэнээр энэ цаг үед ирээд байна. Орчин үеийн үзэгчид кино, дэлгэц гэхээс илүү театр луу хошуурах болсон нь илүү бодит мэдрэмж, амьд харилцааг үгүйлж байгаагийн жишээ.  УДЭТ-ын хувьд хамгийн сүүлд туульсын жүжгийн хаан Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийг тавьсан билээ. Энэ жүжгийн найруулга, тавилтаас гадна тайзны ажлыг нь онцлох нь зүйтэй. Учир нь тус бүтээлийн ерөнхий зураачаар ОХУ-ын зураач Анна Гребенникова ирж ажилласан юм. 

 

 

БОДИТ МЭДРЭМЖИЙГ АВЧИРСАН “АДУУНЫ ТҮҮХ” 

Яагаад орос найруулагч урих болсон тухай УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг “Бид шинэ уран бүтээл тавихдаа найруулагчийн санал, байр суурийг онцгойлон авч үздэг. Тиймээс ямар зураачтай ажиллахаа найруулагч өөрөө шийдсэн. Түүний хувьд 2020 онд ОХУ-ын Театр урлагийн сургуулийг төгссөн. Багш нь энэ цаг үеийн шилдэг зураачдын нэг Дмитрий Крымов. Түүний гарын шавь нь Анна Гребенникова. Хэдийгээр бид залуухан зураачийн тухай сайн мэдэхгүй ч багшийнх нь ур чадварын тухай их сонссон” гэж онцолсон юм. Үнэхээр орос зураачийн урласан тайз Монголын театрын урлагт тэр дундаа тайзны шийдэлд нэгэн өвөрмөц өнгө төрх, содон шийдлийг авчирсан гэвэл жүжгийг үзсэн үзэгч бүр дуу нэгтэйгээр “тийм”  гэж хэлнэ. Үнэхээр сэтгэл баясгам мөртлөө зүггүй байсан. Гэхдээ Монголын театр, тайзны урлагт ч жинхэнэ тайз, тайзны зураачийн шандсыг шалгасан жүжиг олон тавигдаж байсан нь бий. Түүний хамгийн ойрын жишээ нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар агсны 2017 онд тавьсан “Адууны түүх” жүжиг юм. Энэ бол Монголын театрын тайзны урлагийн өнөөдрийн хөгжлийг тодорхойлж, жишиж болохуйц уран бүтээлч юм. Оросын алдарт зохиолч Лев Толстой амьдралынхаа 29 жилийг “Адууны түүх” жүжигт зориулсан байдаг. Хреновскийн адууны аж ахуйн Холстомер нэртэй морины түүхийг анх түүний дотны найз  Михайл Стахович түүнд ярьж өгчээ. Энэ үеэс сэдэл авсан зохиолч бүтээлээ эхлүүлэхийг хүссэн боловч найз нь энэ түүхээр зохиол бичээд эхэлчихсэн байв. Гэвч хэзээ нэгэн цагт зохиол бичнэ гэсэн бодол зохиолчийн сэтгэлээс гараагүй гэнэ. Харин 1858 онд Стахович 38 насандаа амиа алдсан юм. Энэ явдлаас хойш таван жилийн дараа  Лев Толстой бүтээлийг үргэлжлүүлэн бичжээ.

Ийнхүү 29 жилийн дараа бүтээлдээ цэг тавьж амжилгүй таалал төгссөн гэдэг. Хожим гэргий нь зохиолуудыг нь эмхэтгэж байгаад дуусгаж амжаагүй “Холстомер”-ийн нооргыг олж хэвлүүлснээр “Адууны түүх” мэндэлсэн  байдаг. Тэгвэл энэхүү жүжгийг Монголын тайзнаа тавихад  Ерөнхий зураачаар нь Монголын тайз, дэлгэцийн шилдэг зураачдын нэг О.Баярмагнай ажилласан юм. Түүнээс “Сычуаний сайн хүн жүжгийг үзэв үү. Тайзны шийдэл нь хэр сонирхол татав” гэж асуухад “Жүжгийн тайзыг хийхэд тухай жүжгийн зохиол, өөрийн стиль жанр, төрөл гэдэг их чухал. Жишээлбэл, эмгэнэлт жүжигт инээдмийн жүжгийн тайз хийгээд байж болохгүй.

 

 

Сычуаний сайн хүн жүжгийн тухайд энэ зохицол нь яг таарсан юм шиг санагдсан. Гэхдээ орос зураачийн тайзыг шинэ шийдэл гэж би огт хэлэхгүй.  Монголын театр Брехтийг тавьж л байсан шүү дээ. Харин авууштай чанар нь ГИТИС төгсөж ирсэн залуу найруулагч нар дэлхийн орчин үеийн театрын тайзны хөгжлийг эх орныхоо хөрсөнд буулгах гэж зорьж байгаад талархаж байна. Бусдаар бол энэ тайз Монголын тайзны зураачдын хийсээр ирсэн ажил. Бид хэтэрхий нэг зүйлд туйлшраалд байна уу даа гэж би боддог юм. Манай монгол зураачдад хангалттай ажиллах нөөц бололцоо бий. Өнөөдөр бүх зүйл энгийн болж байна. Театрын урлаг нүсэр тайзнаас зугтааж байна л гээд хүмүүс яриад байдаг. Гэхдээ тийм зүйл ерөөсөө байхгүй. Яг тухайн жүжиг хэлэх гэсэн санаанд нийцсэн, тохирсон тайз, агуулгыг шингээх нь л хийх нь чухал. Жишээлбэл Шекспирийн жүжгийн тайз яагаад заавал энгийн байх ёстой гэж. Тэр чинь сонгодог бүтээл биздээ. Мөн "Парисын дарь эхийн сүм" жүжигт заавал хонх байх учиртай шүү дээ. Үүнийг заавал энгийн болгоно гээд өөрчлөх ямар ч албагүй” гэсэн юм. Зураач О.Баярмагнайгийн хувьд театрт хамгийн сүүлд “Адууны түүх” жүжгийн ерөнхий зураачаар ажилласан билээ. Энэ бүтээлийн тайзны тухай тэрбээр “Адууны түүх жүжгийг дэлхийн их олон театр өөр өөрийн арга барилаар тавьсан байдаг. Миний хувьд уран бүтээл бүхэн шинэ лабортори, шалгалт байдаг. Энэ бүтээл ч ялгаагүй надаас их олон чадварыг шаардсан.

Биднийг дэлхий морьтон монгол, нүүдэлчин ард түмэн гэж хардаг. Гэтэл яг адуунд зориулсан гайхалтай бүтээл байгаагүй. Тиймээс найруулагч бид хоёр эхнээсээ л монгол морины соёл, ондоошлыг барьж авах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Энэ утга санааны дагуу тайзаа хийж байлаа. Тайзыг сарын дотор бэлэн болгосон” гэв. Манай үзэгчдийн хувьд театрт ороод жүжиг үзэхдээ ихэвчлэн найруулагчийн тавилт,  жүжигчний тоглолтыг л яриад байдаг. Гэвч тайзан дээр хичнээн сайн жүжиглэлээ ч тайз түүнийг нь тодотгож өгөхгүй бол ямар ч нэмэргүй. Театр, жүжиг гэдэг  хамтын бүтээл. Найруулагч жүжигчин, зураачид харилцан ойлголцож байж төгс бүтээл төрүүлдэг. Энэ тухай зураач О.Баярмагнай “Үзэгчид зураачийг зөвхөн тайз хийдэг, засдаг хүн гэсэн өнцгөөс харах нь бий. Гэвч энэ мэргэжлийн үнэ цэн өргөн цар хүрээтэй. Мэргэжлийн нарийн ажиллагаа, олон талын мэдлэг, мэдрэмж шаардсан ажил. Бид найруулга зүй мэддэг байхаас гадна хүн судлаач, матеариал судлаач, гүн ухаан судлаач гээд олон чадварыг эзэмшиж байж тайзны зураач болдог. Жишээлбэл дуурийн театрт бид тайз хийхийн тулд сонгодог урлагийн зайлшгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Циркийн тоглолтын тайзыг хийлээ гэж бодоход олсон дээгүүр явдаг үзүүлбэр үзүүлэх жүжигчинд хальтирдаг ултай гутал хийгээд өмсүүлж болохгүй биз дээ. Тэгэхээр их олон судалгаа хийж, байнга унших, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг” гэж онцолсон юм. 

 

 

“ОПАЛ” ЖҮЖГИЙН ЗУРААЧААР АЖИЛЛАЖЭЭ 

 Зураач О.Баярмагнайгийн хувьд хамгийн сүүлд “Орфей” театр, найруулагч М.Батболдын бүтээл “Опал” жүжгийн ерөнхий зураачаар ажиллажээ. Энэ жүжиг нь саркастик драм буюу ёгтлол хэлбэртэй уран бүтээл юм.  Жүжигчдийг илүү чөлөөтэй тавьсан гэж ойлгож болно. Жүжиг ерөнхийдөө сонин, сонирхолтой хэлбэрийн тоглолт ихтэй. Дээр нь хэрэглэгдэж байгаа жижиг хэрэглэлүүд болон тайзны хөдөлгөөн, тайз нь тун өвөрмөц болсон. Энэ тухайгаа “Би аливаа уран бүтээлд ажиллахдаа мэргэжлийн байхыг л эрхэмлэдэг. Бусад зураач нартаа ч энэ шаардлагыг тавьдаг. Гэхдээ өнөөдөр мэргэжлийн зураачдын хүрэлцээ, хүртээмж тааруу байгаа учир ерөнхий зураачийн нуруун дээр л бүх ачааг үүрүүлээд байна. Түүнээс уг нь Ерөнхий зураачаас гадна тайзны, хувцасны, жижиг хэрэглэлийн, гэрлийн гээд их олон төрлийн мэргэжлийн зураачид театрт байх ёстой. Зураачийн ажил зохиол задлахаас эхэлдэг. Дараа нь тайзны, гэрлийн скизээ хийнэ. Макетаа хийнэ, хувцасны зургаа гаргана. Үүний дараа технологи арга ажиллагааны бүтцийн зургаа хийнэ. Ингээд төсвөө гаргана, материалаа авна, үүнийгээ үйлдвэрлэл буюу бодитоор хийнэ” гээд их олон ажлын ард бид гардаг” гэв. Үнэхээр театрын урлагт хамгийн нарийн, чимхлүүр ажлыг зураачдын баг хийж, гүйцэтгэдэг билээ. Өнөөдөр манай театрын урлаг эрчимтэй хөгжиж буй салбарын нэг. Энэ хөгжлийг дагаад тайзны хамгийн чухал амин сүнс болсон зураачид маань хөгжиж, дэвшиж байгааг бид О.Баярмагнай зураачийн хийсэн тайзнуудаас харж болох юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)