Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа жүдо бөхөөр хичээллэдэг залуусын түүчээ Z үеийн төлөөлөл “Тэргүүн дэвжээ” клубын тамирчин Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Та VI ангиасаа спортоор хичээллэж эхэлсэн гэлээ. Хэрхэн бөхийн ертөнцөд хөл тавих болов?

-Би VI ангид байхдаа гар бөмбөгийн дугуйланд явдаг байсан. Тухайн үед биднээр хүчний дасгал их хийлгэдэг байсан. Анх бөхийн дэвжээнд гарснаа мартдаггүй, их сайхан санагдсан. Тэгээд л бөхөөр хичээллэхээр шийдэж Ш.Бямба-Өлзий багшийн шавь болсон. Анх чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Үүний дараа жил мөн хүрэл медаль авсан маань надад их урам өгсөн.

-Анх чөлөөт бөхөөр амжилт гаргаж байжээ. Гэтэл жүдо бөхийг онцолсон нь юутай холбоотой вэ?

-Хоёр жил чөлөөт бөхийн тэмцээнд орсон. Үүний дараа нь жүдогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Аймагтаа түрүүлснээр хангайн бүст оролцож улсын аваргад орох эрхээ авдаг. Миний хувьд аймгийн аваргад түрүүлээд жүдогоор хичээллэхээр шийдсэн.

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ямар амжилт үзүүлэв?

-Жүдо бөхийн өсвөр үеийн  улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Мөн дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн спортын их наадмаас мөнгөн медаль авсан. Би жүдогоос гадна жюү жицү бөхөөр давхар хичээллэдэг. Энэ спортоороо өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медальтай. Мөн Азийн аваргаас алтан медаль авсан. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн улсын аваргад  оролцож мөнгөн медаль хүртэж амжилтаа ахиуллаа.

-Амжилт гаргах нь багштай салшгүй холбоотой. Багш  нар нь ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?

-Ш.Бямба-Өлзий багш маань ялж ялагдах ямар ч цаг үед багш, гэр бүлийнхэн нь үргэлж чамайг дэмжинэ гэдэг. Энэ үг надад хичээх учир шалтгаан болдог юм.  Багшаасаа их үлгэр дуурайлал авдаг. Цаашид ч суралцсаар байна. Одоогоор хотод оюутан болоод ирсэн учир өөр багш дээр бэлтгэл хийж байгаа. Багш маань надад бэлтгэлээс гадна тамирчин хүний ёс суртахуун, цаг төлөвлөлтийн тал дээр зөвлөж, чиглүүлдэг. Ийм сайхан багш нараасаа суралцаж буйдаа баярлаж явна.

-Спортоор хичээллэж буй тамирчид ихэнх нь тухайн чиглэлийн сургуулиа сонгох нь бий. Харин та хуулийн мэргэжил сонгож ээ?

-Бүх насаараа спортоор хичээллэх боломжгүй. Ямар ч спорт залуу насных. Тиймээс мэргэжил эзэмших нь чухал. Тиймдээ ч энэ намар оюутан болохдоо хуулийн мэргэжлээр суралцаж эхэлсэн. Аав маань хууль уншиж судалдаг байлаа. Тиймээс аавынхаа сонирхдог байсан мэргэжлийг эзэмших хэрэгтэй гэж бодсон.

-Жүдо болон жюү жицү нь хоорондоо ямар ялгаатай вэ?

-Спорт бүр өөр өөрийн онцлогтой.  Жүдо бөх нь босоогоос барилддаг. Харин жюү жицү нь  хэвтээ барилдаан юм.

-Бөхийн замналыг сонгоод багагүй хугацаа өнгөрчээ. Спортыг сонгож хичээллэсэнээр ямар төлөвшилд суралцсан бэ?

-Тэмцээнд ороод ялж ялагдах чухал биш гэж багш маань зөвлөдөг. Мөн хүнд байх ёстой суурь хүмүүжилд суралцдаг. Тухайлбал, хүнээс үг сонсож сурна. Мөн тэвчээрт суралцсан гэж боддог. Ялж ялагдахын үнэ цэнийг мэдэрч ойлгодог болсон.

-Тамирчин хүнд тохиолддог хамгийн том бэрхшээл юу вэ?

-Хамгийн том бэрхшээл бол бэртэл гэмтэл. Хүнд гэмтэл авчихвал тухайн тамирчны зорилго, мөрөөдөл үгүй болно.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Бэлтгэлээ сайн хийж олимпод амжилт гаргах мөрөөдөлтэй. Үүний дараа өөрийн дурлаж сонгосон мэргэжлээрээ ажиллана. Миний ард үргэлж дэмждэг гэр бүл, багш, ах эгч, найз нөхөд, бэлтгэлийн хамт олон бий. Энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ.  Би барилдах л гэж төрсөн мэт санагддаг. Зааланд ороод дэвжээн дээр гарахад тэнд л байх ёстой мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)