Х.МОНГОЛХАТАН

 

Өнгөрсөн долоо хоногт “Эмэгтэй хүний эрх хамгаалагч - Зоригтон” мультмедиа бүтээлийн уралдааны шагнал гардуулах ёслол болсон. Уг уралдааны шүүгчээр ажилласан Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондогтой ярилцлаа.     

 

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбарт мультмедиа төрөл хөгжиж эхэллээ. Таны шүүгчээр оролцсон “Хүний эрхийн хамгаалагч Зоригтон” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс харж байна. Энэ шинэ төрөл хөгжих болсон шалтгаан юу байв?

-Технологи маш хурдан хөгжиж байна. Үүнээс болоод хүмүүс мэдээллийг зөвхөн хүлээн авагч бус харин тухайн агуулгыг бүтээхэд оролцож, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх замаар платормтой харилцах харилцагчид болж байгаа. Ингэснээр хэвлэл мэдээлэл харилцагчиддаа үйлчлэхийн тулд мэдээлэл хүлээн авах бүхий л сувгыг нэгтгэсэн шинэ контент үйлдвэрлэх шаардлагатай болсон. Ингэж л мультмедиа хийх шаардлага амьдралаас бий болж байна. Нөгөө талаар контентын агуулга мэдээлэл өгөхийн хамт сэтгэл хөдлөлд тулгуурласан түүх бий болгох шинж рүү илүүтэй шилжсэн. Тэгж байж үндсэн мессэжээ харилцагчдад илүү ойртуулан хоногшуулж байна. Харилцагчид бидний өгөхийг хүссэнийг бус өөрсдөө авахыг хүссэнээ сонгон авч байна. Мультмедиа бүтээл бол шинэ цагийн харилцагчдын сонголтоор бий болсон төрөл юм.

Өмнө нь манай хэвлэл мэдээллийн салбарт энэ төрлийн бүтээлийн эхлэл байсан уу гэвэл байсан. Харин одоо бид хүнд бардам үзүүлж харуулах хэдэн сайхан мультмедиа бүтээлтэй боллоо. Залуу хүмүүсийн хийсэн эдгээр бүтээлээс манай сэтгүүлчид чиг баримжаа авч, суралцаж, ахиж дэвшээсэй, ур чадвараа сайжруулаасай гэж хүсч байна. Тэгвэл бидний зохион байгуулдаг уралдааны гол зорилго биелэх юм. Энэ удаа уралдаанд орлоцсон сэтгүүлчдийн дийлэнх нь шагналын төлөө бус шинэ бүтээлийн төрлөөс суралцсанаар боловсрол, чадварын хувьд хөгжиж дараагийн үедээ хүрч очсон гэж найдаж байна. “Хүний эрхийн хамгаалагч Зоригтон” уралдаан Монголын хүний эрхийн бөгөөд сэтгүүл зүйн үйлсэд шинэ төрлийн бүтээлийн сайн түүх, туршлагыг бий болгодог юм.

- Хэвлэл мэдээллийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ширүүн өрсөлдөх шиг боллоо. Уралдааны явцад та юу ажиглав?

- Нэг зүйл ажиглагдсан нь ахмад болон дунд насныхан оролцоогүй, дандаа залуу сэтгүүлчид өрсөлдсөн. Анх уралдаан зарлахад 150 орчим хүн бүртгүүлж, бид мультмедиа бүтээл гэж юу вэ, хэрхэн хийх вэ гэсэн сургалт заахад “Та нар хүүхэлдэйн киноны уралдаан зарлаж байгаа юм уу? гэж асуусан сэтгүүлч хүртэл бий. Зарим нь “Мультмедиа гэдэг чинь видео биз дээ” гэж асууж байсан. Эхний сургалтын дараа бүртгүүлсэн сэтгүүлчдээс нэлээд нь мультмедиа бүтээл хийж чадахгүй юм байна гээд орхисон бол зөвхөн залуучууд үлдсэн. Энэ юуг илтгэж байна гэхээр хэвлэл мэдээллийн салбарт яах аргагүй шинэ үе ирсэн байна, нэгэн үе солигдсон байна. Шинэ үе л зөвхөн техникийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, илүү ур чадвар шаардсан, илүү хүртээмжтэй бүтээл, контент руу ороход бэлэн байгааг олж харсан. Бас нэг ажигласан зүйл гэвэл бүтээл бий болох явцад хөшигний цаана яг юу болсон тухай хөргийн гол баатар болох Зоригтон бүсгүйчүүдийн өгүүлэмжийг бид шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр хуваалцсан. Энэ бол маш их сэтгэл хөдөлгөсөн, хамгийн чухал мөч байсан. Хөргийн баатрууд сэтгүүлчийнхээ нүүр рүү харж байгаад бүтээлтэй нь холбоотой гашуун бас амттай түүхийг зочидтой хуваалцсан. Улмаар уралдаанд оролцсон залуус болон хүний эрхийн зоригтон бүсгүйчүүд маань цаашдаа олон талт оролцоог хангасан хамтын ажиллагаа бий болголоо. Мөн хүний эрхийн нөлөөллийн ажлууд, агуулгыг түгээх, шинэ контентын хэлбэрүүд бий болгох урт удаан хугацааны хөгжлийн гараа эндээс эхэллээ дээ гэж харж байсан.

-Зөвхөн сэтгүүлчдийн дундах өрсөлдөөн бус багийн ажиллагаатай, хамтын бүтээл гэдгээрээ бас мультмедиа бүтээл онцлогтой юм. Мэргэжлийн уран бүтээлчид манайд хэр хүртээмжтэй байна вэ?

-Энэхүү мультмедиа бүтээлийн уралдаанд сэтгүүлчдээс гадна хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа дата аналист, дизайнер, эвлүүлэгч, найруулагч, зураглаачид хамтран оролцсон. Одоо үед сэтгүүл зүйн бүтээл гэдэг зөвхөн нэг хүний үзэгний үзүүрээр гардаг өмч биш. Харин олон талт тэгш оролцоо бүхий хамтын ажиллагааг хөгжүүлдэг багийн ажил, бүтээл гэдэг нь маш тод харагдаж байгаа юм. Сүүлийн үед гарч байгаа олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүд ихэвчлэн интерактив чиг хандлага руу ороод байна. Эрэн сурвалжилсан сэдвээр өгүүлэл, баримтат зохиол, ном бүтээдэг байсан бол одоо түүхчилсэн интерактив дата бүтээл, анимэшн,  видео тоглоом, мультмедиа хийгээд байна шүү дээ. Тэр видео тоглоомоор нь гэхэд тоглонгоо суралцаж, ойлгож, мэдээлэл авдаг боллоо. Энэ шинэ хандлагын эхлэлийг манай таван байгууллага хамтраад уралдаанаараа тавьж чадлаа. Нөгөө талд нь бас манай сэтгүүлчдэд шинэ сорилт бий болж байгаа юм. Интерактив харилцаа бүхий инфографикийг манай сэтгүүлчид бие даагаад хийхэд хүндрэлтэй. Тиймээс мэргэжлийн хүмүүс оролцуулсан багийн ажиллагаа хэрэгтэй. Тэгэхээр редакцууд шинэ цагийн шаардлага, хэрэгцээн дээрээ үндэслээд хүмүүсээ технологийн хөгжил рүү сайтар сургах эрэлт хэрэгцээ үүслээ.

-Цахим хэвлэл, технологийн эрин үед сэтгүүлчид ямар мэдлэг, чадвартай байх шаардлага тулгарч байна вэ?

- Хамгийн энгийн зүйлээс дурдая. Жишээлбэл, үнэн гэдэг үгийг их хэрэглэдэг байсан бол одоо бодит байдалд нийцсэн гэдэг ойлголт давамгайлах боллоо. “Бодит байдалд нийцсэн” гэх томъёоллыг хангах хэм хэмжээ, арга зүй нь сэтгүүлчдээс дээд зэргийн мэргэжлийн ур чадвар шаардаж байгаа. Нягталж, баталгаажуулах гэдэг хоёр үг ч өөр ойлголттой болчихлоо. Нягтална гэдэг чинь юу юм, хэдэн үе шаттай байх, хэдэн арга байдаг, яаж нягталдаг вэ гэдэг ур чадварын асуудал болоод байна. Сэтгүүлзүй цахим болсоноор хурдан шуурхай байх шалгуур нэгдүгээрт тавигдахаа больсон. Одоо эхлээд бодит бай тэгээд хурдан бай гэдэг боллоо. Бодит байдалд нийцсэн мэдээллийг нягталж баталгаажуулах ур чадварыг л сэтгүүлчдээс хамгийн их шаардаж байна. Жишээлбэл, онлайнд нягталгаа хийх арга, түүлсээ мэдэхгүйгээр сэтгүүл зүйн бүтээл боловсруулах аргагүй болж байна. Мөн цахим платформуудын хиймэл оюун ухааны ажиллах процесс, онцлогийг мэдэхгүйгээр бид сайн бүтээлийг, тэгш хүртээмжтэйгээр түгээх, сурталчлах хамгаалах аргагүй болчихсон. Нэмээд бичлэгийн зохиомж, бүтэц хүртэл өөрчлөгдөж байна. Цахим мэдээлэл бичихээс гадна дуу хоолой, дүрс бичлэг ашиглах талаар дахин дахин суралцах шаардлага бий болжээ.

-Сэтгүүлчдийн хувьд хамгийн чухал шаардлага ёс зүй байдаг. Сүүлийн үед цахим орчны мэдээллээс үүдэн хэвлэл мэдээллийн салбарыг харлуулах, муулах зүйл хэрээс хэтэрч байх шиг?

- Нийгмийн сүлжээний орчинд тархаж буй сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой буруу ташаа мэдээлэл бид нараас өөрсдөөс шалтгаалаад байгаа юм. Сэтгүүлчид хийсэн бүтээлээрээ дамжуулаад ёс зүйн алдаа гаргахаас илүүтэй биеэ авч яваа байдал, үйлдэл, пост, жиргээгээрээ хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлээд, түүгээр нь хэвлэл мэдээллийнхэн гэж салбараар нь хамруулж ойлгоод байх шиг.

Гэхдээ ёс зүйн хувьд яавч байж болохгүй жишээ бий. Хэвлэл мэдээллийн байгууллага сүүлийн үед олны сонирхлоос ангид мэдээлэл олж авахдаа гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, тагнадаг, чагнадаг болчихоод байгаа. Мөн хувийн нууцад халдах, гүтгэх, доромжлох, мэдээлэл болоод баримт гуйвуулах, бүлэглэлд үйлчлэх, үзэл бодол оруулах, эх сурвалжийн түвшин хангахгүйгээр мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, хүнлэг байдлыг зөрчих, цуурхалыг эх сурвалж болгох, ялгаварлан гадуурхах зэрэг түгээмэл алдаа ажиглагдах боллоо.

- Та бүхний зохион байгуулж буй уралдаан хэвлэл мэдээллийн салбарынхны хүсэн хүлээдэг том сорил болж байгаа. Дараа дараагийн уралдаан дээр таны дурдсан шинэ хандлага, арга барил, ёс зүйн зарчмыг тусгасан сонирхолтой хэлбэрээр үргэлжлэх байх гэж бодож байна?

- Ирэх жил уралдаан маань үргэлжлэх бөгөөд улам сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх болно. Энд нэг зүйлийг онцлоход Монголын Эмнести Интернэшнл байгууллага, түүний захирал хатагтай Б.Алтантуяа нарын хүчин чармайлтаар энэхүү уралдаан сүүлийн таван жил манай хэвлэл мэдээллийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгааг хэлье. Сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, шинэ төрлийн жишиг бүтээл болоод сайн туршлагыг бий болгосоор байна. Нөгөө талаар хүний эрх хамгаалагчдад урам зориг өгснөөр тэдний тэмцлийн агуулга, үр нөлөөг илүү томруулах, өөрсдийг нь хамгаалах гэх мэт үр өгөөжтэй юм. Мөн Оюутолгойн хяналт ТББ, Монголын эмэгтэйчүүдийн сан, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг хамтрагчиддаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 237 (6969)