Д.ДАРАМБАЗАР

 

Монголд Жюү-жицү бөх эрчимтэй хөгжиж байна.  Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон Жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд алтан медаль хүртсэн Э.Бат-Оргилтой ярилцлаа.

 

-Жюү-жицүгийн ДАШТ-нд анх удаа оролцоод аварга боллоо. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

-Миний хувьд анх удаа дэлхийн данстай тэмцээнд оролцож үзлээ. Би саарал бүсний ангилалд түрүүлсэн. Эхний барилдаанаа Бразилын тамирчинтай хийсэн. Дэвжээн дээр гараад хийх гэж байсан мэхээ мартаж, их сандарсан. Эхний хэдэн минутад эсрэг тамирчин маань намайг айдастай байгааг  мэдрээд илүү давшиж, олон мэх хийсэн. Харин барилдаан дундаа орж байхад багш бэлтгэл дээр барилддаг шигээ биеэ суллаад, тайван бай, өмнө юу хийж, яаж барилдаж байснаа сана гэж орилсон. Энэ үгийг сонсоод өөртөө илүү итгэж, барилдаан оновчтой болсноор сүүлийн минутад ялж чадсан. Харин хоёр дахь барилдаанаа Оросын бөхтэй хийсэн. Өмнөх барилдаандаа ялчихсан болохоор дэвжээ рүү зоригтой гарсан. Ингээд финалын шатанд шалгарч алтан медалийн төлөө барилдсан даа. Миний хувьд барилдаанууддаа илт давуу ялна гэж бодож байсан ч эсрэгээрээ 1-2 оноогоор л хожлоо. Өрсөлдөгчдийн барилдааны арга барил, ур чадвар өндөр түвшинд хүрчээ. Их хүнд барилдаанууд хийсний эцэст алтан медаль хүртсэн.

-ДАШТ-ий бэлтгэлээ хэрхэн,  хаана базаасан бэ?

-Би Жюү-жицү бөхөөр хичээллээд долоон сар болж байна. Сүүлийн жилүүдэд самбо бөхийн төрлөөр хичээллэж байсан юм. Гэтэл багш маань гадаад явчихсан учраас би Жюү-жицүгийн төрлөөр хичээллэх болсон. Хичээллэж эхэлсэн өдрөөсөө өглөөний 09:00 цагаас хичээлээ ортол “Ralph Gracie Mongolia” клубт Ө.Эрдэнэбаатар багшийнхаа удирдлагад бэлтгэлээ хийдэг. Одоогоор долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэлтэй байна.

-Тэмцээний үеэр багш, дасгалжуулагч нар юу гэж зөвлөж байв?

-Ө.Эрдэнэбаатар багш маань намайг хурдтай барилд гэж зөвлөдөг. Хожуу барилдаж эхэлсэн болоод ч тэр үү, би бусад тамирчдаас хурд муутай. Тиймээс хурдны бэлтгэл түлхүү хийж байгаа. Мөн ур чадвар шаардсан мэхүүд давтдаг. Энэ тэмцээний үеэр багшийн зүгээс “Энэ бүсэд чамаас илүү тамирчин байхгүй. Чи хянамгай, биеэ барихгүй, өмнөх бэлтгэлийн үеэр давтаж байсан мэхүүдээ хийхэд л аварга болно” гэж хэлсэн. Энэ үгэнд нь их урамшсан. Багшийн хэлсэн үг тамирчинд хамгийн ихээр нөлөөлдөг гэдгийг энэ тэмцээний үеэр мэдэрсэн.

-Барилдааны үеийн хамгийн зөв тактикаасаа онцолбол?

-Би энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө зургаан сар тасралтгүй бэлтгэл хийж, хөдөлмөрлөсөн. Эхний барилдаан хүч шавхсан учраас дараагийнх илүү чанга өрсөлдөгч таарна гэж бодсон. Гэвч дараагийн учраа өмнөх тамирчин шиг байсан учраас алтан медалийн төлөөх барилдаанд ямар нэгэн айдасгүй, сэтгэл зүйн хувьд тогтвортой байсан. Үүнээс гадна томоохон тэмцээнд оролцохдоо заавал түрүүлэх ёстой гэж бодож сэтгэл зүйгээ бэлддэг болсон.  Ялангуяа дэлхийн чансаатай тэмцээнээс медаль аваад төрийн дууллаа сонсох мөч хамгийн сайхан байдаг юм байна. Түүнээс гадна гэр бүлийнхэн найз нөхөд, багш гээд надад итгэл хүлээлгэсэн бүхий л хүний урмыг хугалах эрхгүй гэж өөрийгөө зоригжуулсан.

-ДАШТ-ий эрхээ хэрхэн авсан юм бэ?

-Жюү-жицүгийн клуб хоорондын тэмцээн байнга болдог. Үүнээс чамгүй амжилт үзүүлж, УАШТ орол­цох эрх авсан юм. УАШТ-нд ам­жилттай оролцож саарал бүсний энэ жиндээ аваргалсан. УАШТ-нд тү­рүүлсэн тамирчин дараагийн гадны тэмцээнд оролцох эрхтэй болдог. Энэ зарчмын дагуу Оросын Эрхүү хотод болсон тэмцээнд оролцож байж, ДАШТ-ийн эрхээ авсан.

-Та саарал бүсний ангилалд аваргалсан. Эхний бүсээ авсан тамирчин дараагийн бүсээ авахад нэлээд хугацааг шаарддаг. Та энэ бүсийг авахын тулд хэр хугацааг зарцуулсан бэ?

-Анхлан суралцаж байгаа хүн цагаан бүс авдаг. Ур чадвараа ахиулах бүртээ зураас ахидаг уламжлалтай. Цагаан бүсэндээ дөрвөн зураас авсаны дараа саарал бүс авах эрхтэй болно. Бүс солигдох бүрт тамирчдын ур чадвар, мэх техник өөрчлөгддөг. Нэг бүсийг солиход олон жилийн хугацаа хэрэгтэй. Жишээлбэл, цагаан бүсний ангилалд хөлд өчих хориотой. Саарал бүсний ангилалд барилддаг бөхчүүд хөл өчиж болно. Өнгө нь солигдох тусам өчилтүүд нь ихэсдэг. Миний хувьд энэ спортоор хичээллээд долоон сар болж байгаа ч бүсний шалгалтуудаа амжилттай өгч саарал бүсний эзэн болсон. Хоёр сар тутамд авдаг шалгалтуудад бүгдэд нь тэнцсэн гэсэн үг. Энэ спортыг яагаад илүү сонирхож, хурдан хугацаанд ахиц гаргасан гэвэл өөд өөдөөсөө хараад хүч бяраа үзэхээс илүү ухаанаа зардаг онцлогтой спортын төрөл. Бие хөгжихөөс гадна ухаан, тархи хөгждөг. Тиймээс долоон сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлж чадсан.

-Жюү-жицү бөхийг сонирхож байгаа олон хүүхэд бий. Энэ спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Жюү-жицү бөхийг зодооны төрлийн хэвтээ барилдаан гэж ойлгож болно. Энэ барилдаан спорт болон бразил гэсэн хоёр төрөл байдаг. Спорт жюү-жицү нь Японд үүссэн бол бразил нь 1900 оноос тус улсад үүссэн түүхтэй. Спорт жюү- жицү өшиглөж цохидог, барилддаг, барьц авах дүрэмтэй байдаг бол Бразил жюү-жицү нь хөл гарт өчдөг, боох мэхээр өрсөлдөгчөө ялдаг онцлогтой. Тиймээс нэг хичээллэсэн хүн гарахад хэцүү. Мөн бүсний хувьд ч ялгаатай байдаг. Анхнаас нь хичээллэвэл хүн бүрт боломж бий. Бусад төрлүүдтэй харьцуулахад бэртэл гэмтэл бага авдаг. Бүх насны хүмүүс хичээллэж болно. Хичээллэсэн хүмүүсийг ажиглаад байхад бие нь өв тэгш хөгждөг онцогтой. Мөн их сонирхолтой спорт. Энэхүү спортын гол дүрмээр боож өчих нь цэвэр ялалт болдог. Мэдээж боолгосон хүн амиа аврахын тулд бууж өгнө. Хөл гараа өчүүлсэн хүн хугартал гүрийнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Тиймээс бэртээд байдаггүй. Харин ширүүн тулаан дунд гар хөл нь мултрах тохиолдол цөөнгүй гарч харагддаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 227 (6959)