Б.НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Урлаг" буландаа найруулагч Д.Золбаярыг урилаа. Түүнтэй гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн уран бүтээлийн тухай ярилцсан юм. Учир нь энэ жил эрхэм жүжигчний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа билээ.
-Монголын алтан үеийн жүжигчдийн нэг А.Цэрэндэндэв дэлгэцийн уран бүтээлд их цөөхөн тоглосон?
-А.Цэрэндэндэв гуай анх 1941 онд “Улсын 20 жил” хэмээх баримтат кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн байдаг. Харин 1942 онд "Монгол кино үйлдвэр"-ийн бүтээл “Хил дээр гарсан хэрэг“ кинонд байлдагч Болд, ЗХУ-ын кино студийн бүтээл “Сүхбаатар” кинонд орлон тоглогчоор нь ажилласан байдаг. Үүнээс гурван жилийн дараа буюу 1945 онд “Цогт тайж” кинонд Арслан тайжийн дүр дээр ажилласан. Ингээд нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлээс хөндийрсөн юм билээ. Кино бүтээл гаргахгүй 20 жил болсон нь манай улс дайны жилүүдэд том бүтээл хийсэн учраас дахин кинонд хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй байсан болов уу. Дайны дараа бүтээн байгуулалт дээрээ илүү их анхаарсан байж мэднэ. Ингээд 1965 онд “Хүний мөр” кинонд офицерын дүр бүтээсэн. Харин хамгийн сүүлд 1983 онд Б.Жамсран найруулагчийн “Ингэх гээд байсан юм” кинонд ойн цагдаагийн дүр дээр ажилласан түүхтэй.
-“Түмний нэг” киноны хоёрдугаар анги нь “Хүний мөр” кино мөн биз дээ?
-“Тийм ээ. Энэхүү киноны эхний хувилбар нь тухайн үед үзэл суртлаас болоод нээлтээ хийж чадаагүй. Ингээд дахин зураг авалт хийсний эцэст үзэгчдэд хүрсэн. А.Цэрэндэндэв гуайн ажилласан дүр их том биш. Гэхдээ тухайн дүрээс нь А.Цэрэндэндэв гэж ямар хүн байсныг харж болохоор санагддаг. Мөн тэрбээр дэлгэцийн уран бүтээлээс гадна Хүүхэд залуучуудын театрт олон жил ажилласан. Үйлдвэр хоршооллын клубт найруулагч ч хийж байсан зузаан намтартай уран бүтээлч билээ.
-Үзэгчдийн сэтгэлд А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн дүрээр илүү хоногшсон байдаг. Энэ киноноос жүжигчний уран чадварыг нь тод харж болмоор ч юм шиг?
-“Цогт тайж” кино нь улсын хэмжээнд хийсэн том төсөл. Энэхүү бүтээлд А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн дүрийг бүтээж үзэгчдэд илүү танигдсан. Дүр нь залуу насны зоригтой, ойворгон байдлыг тод харуулдаг. Мөн эх орноосоо урвасан хэмээн толгойгоо авахуулж буй нь сүрдмээр. Энэ дүрээрээ сайхан монгол эр хүний үг, үйлдлийг илэрхийлсэн хэмээн үзэгчид А.Цэрэндэндэв гуайг Арслан тайж хэмээн одоог хүртэл хайрлаж, хүндэлж, дурсаж явдаг.
-“Сүхбаатар” кинонд орлон тоглогчоор ажилласан гэдэг. Моринд их эрэмгий хүн байжээ?
-Жүжигчин А.Цэрэндэндэв нь алтан үеийн уран бүтээлч. Тэрбээр “Бөмбөгөр ногоон” театрт ажиллаж байсан. Тухайн үеийн алдартнуудтай мөр зэрэгцэж явсан түүхтэй. Хэдийгээр “Сүхбаатар” кинонд жанжны дүрд ОХУ-ын жүжигчин Л. Свердлиний тоглосон ч моринд сайн биш байжээ. Тиймээс А.Цэрэндэндэв гуай орлон тоглогчоор нь ажилласан гэдэг. Тухайн кинонд Сүхбаатар морьтой давхиж буудалцдаг. Мөн хашаан дээгүүр давхидаг хэсгүүдэд нь А.Цэрэндэндэв тоглосон. Моринд гарамгай сайн байсныг нь тус дүрээс харж болно. Үүнээс гадна тэрбээр их сайхан дуулдаг байсан.
-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд анх дуулсан гэдэг байх аа?
-Дуулж, жүжиглэнэ гэдэг төрмөл авьяастай нь салшгүй холбоотой. “Учиртай гурван толгой” дуурийг олон удаа эгшиглүүлж байсан гэдэг. Өөрөө ч дүр төрхийн хувьд үнэхээр сайхан залуу байсан юм билээ. Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг илүү харуулсан байдаг. Тиймдээ ч дахин давтагдашгүй учир үзэгчдээс “Халхын сайхан Юндэн” хэмээх алдрыг хүртсэн. А.Цэрэндэндэв 1947 онд Прага хотод болсон Дэлхийн залуучуудын анхдугаар их наадамд оролцохдоо ардын дуу болон “Учиртай гурван толгой” жүжгийн хэсгээс дуулж байжээ. Мөн “Цэнд комиссар”, “Хэрмэл”, “Ардын зориг” зэрэг 20 гаруй жүжиг болон баярын концертод оролцсон нь бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 226 (6958)