Ч.ГАНТУЛГА
УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн нээлтээ энэ сарын 18-нд Германы сонгодог зохиолч, яруу найрагч, театрын онолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгээр нээхэд бэлэн болжээ. Тус бүтээлийн зарим онцлогийн тухай мэдээлэл хүргэе.
Брехт 34 жилийн дараа дахин Монголд
Бертольт Брехт бол дэлхийн театрын урлагт хувьсал хийсэн уран бүтээлч ажээ. Түүнийг дэлхийн урлаг судлаачид XX зууны Германы тайзны урлагийн ноён оргил хэмээн өргөмжилсөн байдаг. Энэ нь түүний эпос театрын онолтой салшгүй холбоотой ажээ. Брехтийн бүтээлүүд Европт илүү алдартай. Харин монгол үзэгчид түүнтэй анх 1972 онд “Эхийн сэтгэл” жүжгээр нь танилцсан байдаг. Харин үүний дараа 1988 онд найруулагч Б.Мөнхдорж “Галилейн амьдрал” жүжгийг нь тайзнаа тавьж байв. Харин Брехтийн алдарт эпос театрын хэв маягийг найруулгадаа ашигласан хүн гэвэл Б.Баатар агсны тавьсан “Амьгүй албат” жүжиг юм. Энэ бүтээлийг 2005 онд Н.В.Гоголийн “Амьгүй албат” найраглалаас сэдэвлэж Н.Пүрэвдагва зохиолыг нь бичсэн байдаг. Тэгвэл 34 жилийн дараа их онолч Бертольт Брехт дахин Монголын тайзыг эзэгнэх нь ээ. Харин энэ удаагийн “Сычуаний сайн хүн” жүжиг нь Брехтийн "Туульсын театр"-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжгийнх нь нэг юм.
Шинэ найруулагч, шинэ цагийн салхи
Сүүлийн жилүүдэд театрын тайзыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатрын ур ухаанаар бүтсэн жүжгүүд эзэгнэж байв. Харин “Сычуаний сайн хүн” жүжгийн найруулагчаар Э.Ёндоншарав ажиллаж байгаа билээ. Түүний хувьд ОХУ-ын ГИТИС буюу Театрын их сургуулийг театрын найруулагч мэргэжлээр төгссөн шинэхэн боловсон, театрын шинэ цагийн салхи юм. Тэрбээр сургууль төгсөж ирээд анхны уран бүтээлээ хүргэх гэж буй нь энэ. Э.Ёндоншарав сургууль төгсөөд Грекийн Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украйн улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгүүдийн ерөнхий найруулагчаар, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны туслах найруулагчаар тус тус ажиллаад байгаа юм. Тиймээс түүний оюун бодолд агуу Брехт хэрхэн буусан нь содон байх болов уу
Хэзээ ч гарч байгаагүй хоршил
Анх “Сычуаний сайн хүн” жүжгийг тавих яриа гарч эхлэхэд гол дүрүүдийн тухай таамаг олон янзаар хөвөрч байв. Тэгвэл энэ удаагийн хоршил тун сонирхолтой. Тэд хэзээ ч нэг тайзан дээр тоглож байгаагүй юм. Өнгөрсөн жил УДЭТ-ын хувьд нэг дор долоон жүжигчин театртаа урихад Т.Хулан, Н.Ялалт нар багтсан байв. Жүжигчин Т.Хулангийн хувьд өмнө нь театрт ажиллаж “Лусын хааны охид”, “Норовын намтар” зэрэг бүтээлд гол дүр бүтээж байсан ч нэг л өдөр театртаа орхих шийдвэр гаргасан. Гэвч дахин театртаа ирээд томоохон сонгодог жүжгийн гол дүрд сонгогджээ.
Харин жүжигчин Н.Ялалтыг бид ихэвчлэн дэлгэцийн бүтээлээс харж байв. Түүнийг театрын тайзан дээр Т.Хулантай хоршиж харна гэхээр үнэхээр содон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)