Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи улс шинэ ерөнхий сайдтай болж, Ши Жиньпин Хятад улсыг үргэлжүүлэн удирдахаар болсон улс төрийн хүрээнд чухал үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрөв. Мөн Франц тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр болсон бол Австрали үерт өртсөн иргэддээ шинэ орон сууц өгөх багц хэрэгжүүлэхээ амлав. Эдгээр болон бусад олон улсын үйл явдлын мэдээнүүдийг тоймлон хүргэж байна.

Аравдугаар сарын 24-ний даваа гараг

Хятадын удирдагч асан Ху Жинтаотанхимаас хэрхэн гарсан бичлэг ил болов

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Ардын их хурал долоо хоногийн турш үргэлжилж, өнгөрөгч бямба гарагт дууссан. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс гадна XX их хурлын нэг дуулиан нь тус улсын экс удирдагч Ху Жинтаог чуулганы танхимаас албадан гаргасан явдал байв.

Бямба гарагт болсон энэ учир битүүлэг үйл явдлын талаар олон таамгийг дэвшүүлж байсан. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг 79 настай Ху Жинтаогийн бие муудсан тул амраах зорилгоор дагуулж явсан гэж мэдээлсэн.

Тэгвэл энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа буюу  энэ даваа гарагт “Channel News Asia” суваг Ху Жинтаог танхимаас гарахын өмнөх үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг нийтэд дэлгэв.

Бичлэгт харуулснаар Ху Жинтао хажуудаа суусан Ли Жаншутай хурлын бичиг баримтын талаар маргалдаж байсан байна. Тэдний маргааныг хөндлөнгөөс харж суусан Ши Жиньпин албаны хүнд ямар нэг заавар чиглэл өгсний дараа Ху Жинтаог танхимаас гаргажээ.

Ху Жинтао нь 2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байгаад Ши Жиньпинд эрх мэдлээ шилжүүлсэн хүн юм.

Хэдийгээр биеийн байдал сайнгүй байсан ч Ху Жинтао намын хурлын хаалтын чуулганд оролцох хүсэлт гаргасан тухай Синьхуаагентлаг мэдээлж байв.

Аравдугаар сарын 25-ны мягмар гараг

Их Британийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тодров

Их Британийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд Лиз Трасс 45 хоногийн дараа буюу энэ сарын 20-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. Огцорсон шалтгаанаа эдийн засгийн хамгийн хэцүү цаг үеийг амжилттай даван туулах амлалтдаа хүрч чадахгүй гэдгээ ухаарлаа хэмээн тайлбарласан юм. Түүнийг огцорсноос хэдхэн хоногийн дараа буюу энэ мягмар гарагт Их Британи шинэ Ерөнхий сайдаараа Энэтхэг гаралтай залууг сонгов. 

Өдгөө 42 настай Риши Сунак Их Британи улсын 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн залуу, анхны Ази гаралтай Ерөнхий сайд болсон нь дэлхийн улс төрийн төлөв хэрхэн өөрчлөгдсөний тод илрэл боллоо. Хинди шашинт Риши Сунак 1980 онд эмч Яшвир Сунак болон эм зүйч Уши Сунак нарын гэр бүлд мэндэлжээ. Сунакийн эцэг эх  Зүүн Африкаас Их Британид 1960-аад онд нүүж очсон бол түүний эмээ, өвөө Энэтхэгийн колончлолын үед Зүүн Африк руу шилжин суурьшсан байна.

Эдийн засгийн гүн хямралтай цаг үед ерөнхий сайд болох сонгуульд ялсныхаа дараа Риши Сунак “Их Британи болон Консерватив намаа нэгтгэх нь миний нэн тэргүүний зорилт гэдгийг тодотгоё. Бидэнд яг одоо тогтвортой байдал, эв нэгдэл хамгаас чухал байна.Манай нам зөв шийдвэр гаргаж, улсаа удирдах хамгийн тохиромжтой үе нь одоо юм. Өмнөх цаг үеүдээс хамгийн хэцүү нөхцөлд улсаа удирдаж ажилласан Лиз Трассд талархаж байна” гэв. Тэрбээр 2019 оны сонгуулиас хойшхи Консерватив намын гурав дахь ерөнхий сайд болсон нь энэ  юм.

 Риши Сунакын гэр бүл 730 сая фунтын хөрөнгөтэй.  Их Британид хөрөнгийн хэмжээгээрээ 222 дугаарт бичигддэг чинээлэг өрхийн тоонд ордог юм. Риши Сунакын эхнэр Акшата Мурти нь Энэтхэгийн тэрбумтан, олон улсын “Infosys” мэдээллийн технологийн компанийн үүсгэн байгуулагч Нараяана Муртигийн охин бөгөөд Их Британид бизнес эрхэлдэг аж.

Аравдугаар сарын 26-ны лхагва гараг

Франц тэтгэврийн насыг 65 болгож нэмэгдүүлнэ

Франц  улсын иргэд одоогоор 62 насандаа тэтгэвэрт гардаг. Тэгвэл үүнийг гурваар нэмэгдүүлж 65 болгохоо тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гарагт мэдэгдэв. Энэ нь Макроны тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа шийдвэр юм.

Энэ талаар Макрон “France 2” телевизэд өгсөн ярилцлагадаа “Урт удаан амьдарч байгаа хүмүүст олон жил ажиллах боломжийг олгох үүнээс өөр арга зам байхгүй. Тэтгэврийн шинэчлэлт ирэх жилээс эхлэн хэрэгжинэ. Тухайлбал, 2031 оноос ажилчид 65 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болж байгаа юм. Энэ талаар Үйлдвэрчний эвлэлүүдтэй саналаа солилцоход бэлэн” гэж ярьжээ.

Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд хүүхэд гаргах зэргээр карьераа завсарласан болон бүрэн тэтгэвэр тогтоолгох болзол хангаагүй хүмүүс 67 нас хүртэл ажиллах ёстой болж байна. Энэ тухай Макрон "Францын ажилчин бүр тэтгэвэр авах ёстой. Тиймээс эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол засгийн газар тэтгэврийн хэмжээг бууруулах шаардлагатай болно” гэв. 

Тэтгэврийн шинэчлэлт хийх саналыг анх 2019 оны сүүлээр гаргасан нь орон даяар эсэргүүцлийн жагсаал өдүүлж байв. Улмаар Францын засгийн газраас цар тахлыг дуусах хүртэл тэтгэврийн шинэчлэлтийг хойшлуулсан билээ. Одоо ч Сөрөг хүчний намууд болон Үйлдвэрчний эвлэлүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. 

Аравдугаар сарын 27-ны пүрэв гараг

COVID-19-ийн үеэр сүрьеэгийн халдвар эрс ихэсчээ

Сүрьеэгийн өвчтэй хүний тоо өнгөрсөн онд 10.6 саяд хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэж ДЭМБ-аас мэдээлэв. Тус байгууллагаас пүрэв гарагт гаргасан тайланд дурдсанаар өнгөрсөн онд 1.6 сая хүн сүрьеэгээр амиа алджээ. Энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд хамгийн их өссөн үзүүлэлт юм. COVID-19 цар тахлын үеэр эрүүл мэндийн үйлчилгээнүүд тасалдсан нь сүрьеэгийн халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээн ДЭМБ-ын шинжээчид тайлбарлаж байна. Европын зүүн хэсэг, Африк, Ойрхи Дорнодод үргэлжилж байгаа мөргөлдөөн нь эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн байдлыг ноцтой түвшинд хүргэж байгааг тэд тайландаа онцолжээ. 

Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Цар тахлаас юу сурсан бэ гэж асуувал эм, хэрэгслийн тэгш хүртээмж, шинэ технологи, эв нэгдэл, тууштай байдлын хүчээр аюултай өвчнийг ялж гардаг гэж хариулна. Үүнийг сүрьеэгийн эсрэг ашиглаж, нас баралтыг зосгоож, хамтдаа энэ өвчнийг даван туулъя” гэж ярьжээ.

Судалгаанд дурдсанаар 2019 онд дэлхий даяар сүрьеэ өвчнөөр  7.1 сая хүн өвдсөн бол, 2020 онд 5.8 сая болж буурч байжээ. Харин 2021 онд 6.4 сая  хүн сүрьеэгийн халдвар авч аажим аажмаар эдгэрч байсан боловч цар тахлын тархалт ихэсч, эмнэлгийн үйлчилгээ тасалдсантай холбоотой удаашраад байна.

 Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад шаардлагатай эмчилгээнд ДЭМБ өнгөрсөн онд 5.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь энэ жил зарцуулахаар төлөвлөж байгаа 13 тэрбум ам.доллараас бараг хоёр дахин бага байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд сүрьеэгийн эсрэг үйлчилгээний зардлын ихэнх хувийг дотоодын эх үүсвэрээс хангадаг байжээ. Тодруулбал, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Дэлхийн сангаас гадна АНУ-ын Засгийн газар тус сангийн хамгийн том хандивлагч юм. Тус сангийн олон улсын тусламж үйлчилгээний зардлын 50 орчим хувийг Америк дангаараа бүрдүүлдэг байна. 

Аравдугаар сарын 28-ны баасан гараг

Австрали үерт өртсөн иргэдээ орон сууцаар хангана

Австралийн баруун хойд зүгийн хамгийн том муж гурав дахь удаагаа үерийн аюулд өртөөд байгаа билээ. Тэгвэл тус мужийн эвдэрсэн барилга, орон сууцыг засварлах, иргэдийг орон сууцтай болгоход 800 сая австрали доллар зарцуулахаар болжээ.

Энэ талаар Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез “Шинэ Өмнөд Уэльсийн хойд мөрний ойролцоо үерт авсан 2000 орчим айл өрхөд туслах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үерийн аюултай тэмцэх шинэ арга бидэнд хэрэгтэй. Учир нь өмнөх аргуудаа хэрэгжүүлээд байхаар ижил үр дүн гараад байна. Тиймээс аргачлалаа илүү сайжруулах шаардлагатай” гэж баасан гарагт буюу өнөөдөр мэдэгдэв.

Хамгийн их эрсдэлтэй бүс нутгийн иргэд орон сууцны мөнгөө Засгийн газраас буцаан авна. Харин үлдсэн хэсэгт нь байшингаа сэргээн засварлах 100 мянган австрали доллар олгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж:Reuters. BBC. WHO.int, France24