Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Жүдо бөхийн ОУХМ, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболдыг урилаа. Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм.

 

-Та анхны ДАШТ-дээ оролцож мөнгөн медаль хүртлээ. Шагналын тавцанд зогсох мэдрэмж ямар байв?

-Медаль авсандаа итгэхгүй инээд хүрээд байсан. Тухайн үед энэ мэдрэмжээ багийхандаа хошноор хэлж байлаа. Энэ медаль миний 13 жилийн хөдөлмөрийн үр шим учраас үгээр илэрхийлэмгүй сайхан мөч байсан.

-Алтан медалийн төлөө барилдахаар гарахад дасгалжуулагч Х.Болдбаатар танд ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Дасгалжуулагч маань барьцандаа түрүүлж хүр, аль болох эхлээд барьц алдахгүйгээр гарыг нь биеэсээ салгахыг хичээ гэж зөвлөсөн. Харин сэтгэлзүйн хувьд чаддаг зүйлээ хийх гэж байна гээд өөртөө итгэлтэй барилдаарай гэж захисан.

-Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы Н.Такатод та ялагдсан. Энэ бөхийг ялах боломж байсан уу. Мэдээж дахиад олон таарах байх. Тэр үед ямар арга техник ашиглая гэж төлөвлөж байна?

-Ялах боломж байсан. Гэхдээ туршлага, мэдрэмж жаахан дутлаа. Илүү хичээж, бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой юм байна гэдгийг энэ ялагдал надад ойлгуулсан. Дараагийн тэмцээнд дахин таарвал алдаагаа давтахгүйг хичээнэ. Миний хувьд цолтой нь биш биетэй нь барилдана гэсэн зарчмыг баримталдаг. Надад өрсөлдөгч бөхөөсөө дутах зүйл байхгүй. Адилхан эд эрхтэн, дархан мэхтэй. Тиймээс цаашид илүү хичээж барилдана.

-Энэ удаагийн ДАШТ-д хамгийн хэцүү, хүч барсан өрсөлдөгч тань хэн байв?

-Бүгд л улсаа төлөөлж ирсэн шилдэг тамирчид учир муу өрсөлдөгч гэж байхгүй. Учраа таарсан тамирчин бүхэн л хүч, бяр, арга ухаан шаардаж байлаа. 

-Таны барилдаж буй 60 кг-ийн жинд одоогоор ямар бөх чансаагаараа тэргүүлж байгаа вэ?

-Манай жинг өнгөрсөн олимпод мөнгөн медаль авсан Тайваны Ян Юу Вэй тэргүүлж байгаа. Харин би тав дээр бичигдэж  байна.

 -Дэвжээнд гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Янз бүрийн зүйл бодож өөрийгөө хайрцаглахгүй байхыг хичээдэг.  Барилдах нь миний чаддаг зүйл гэж өөртөө хэлж, сэтгэлзүйгээ хурцалдаг. Өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ хийж байгаа болохоор дэвжээн дээр гараад чөлөөтэй байх нь чухал. 

-Тамирчин байхын хамгийн жаргалтай мөч медалийн тавцанд зогсох л байх даа?

-Мэдээж тамирчин болсных амжилт гаргахыг хүснэ. Хөлс хүч бүх зүйлээ зориулсан энэ спортоор бахархах, омогших үе нь медалийн тавцанд зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэх мөч юм даа.

-Их спортод судалгаа хамгийн чухал. Та өрсөлдөгч бөхөө хэр судалдаг вэ?

-Жүдогийн спортод судалгаа мэргэжлийн түвшинд хөгжсөн. Тухайлбал, спортын албан ёсны сайтаас өрсөлдөгч тамирчны нэрийг бичээд хайхад бүх барилдаан, амжилт нь гараад ирдэг. Тиймээс өрсөлдөгчөө судлах бүрэн боломжтой болсон. Энэ удаагийн ДАШТ-ний судалгааг манай баг сайн хийсэн. Өдөр бүр бэлтгэл хангагч нартайгаа нэг тамирчныг сонгоод барилдааны бүх бичлэгийг нь үздэг байсан. Энэ нь бидэнд үр дүнгээ ч өгсөн.

-Спортод амжилт гаргахад зорилго их чухал. Ойрын ирээдүйгээ  хэрхэн төлөвлөж байна?

-Цаашдаа гаргасан амжилтаа бататгаж, ахиулахыг хүсэж байна. Мөн илүү хичээж олимпын аварга болно. Тамирчин хүнд урам авдаг зүйлийн нэг нь шагнал байдаг. Гаргасан амжилтыг минь үнэлсэн Засгийн газар, Биеийн тамир спортийн улсын хороонд баярлаж байна. Мөн амжилт бүрийн минь ард тусалж дэмждэг хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)