П.АМГАЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа МУЭ-ийн гишүүн зураач, урлаг судлалын докторант Ц.Хандмаагийн  “Найрамдал” зээгт наамлын бүтээлийн дүрслэлийн тухайн онцолсныг хүргэж байна.

 

Ц.Хандмаа “Найрамдал” зээгт наамлын тухай хүүрнэхийн өмнө  уг урлаг ямар онцлогтой вэ гэдгийг дурдсан юм. Тэрбээр “Зээгт наамал хэмээх нэрийг монголчууд өөрсдөө хийж буй арга ажиллагаагаар нь оноон өгсөн нэр юм. Өнгө бүрийн торго, торгомсог эдийг дүрсийн дагуу хайчлан нааж хөвөө ирмэгээр нь эрчилсэн зээг утсаар даруулан оёж байгаа байдлаар нь ийн нэрлэжээ. Судлаачдын үзэж байгаагаар зээгт наамал эртний нүүдэлчдээс үүсэлтэй болохыг тэмдэглэсэн нь олонтой. Уламжлалт монгол зургийн зураас, өнгө зохицол, дүрслэлийн дэг суурин дээр тулгуурлан, XVIII зууны үеэс ХХ зууны эхэн үеийг хөгжлийн “оргил үе” хэмээн үздэг. Гэвч 1980-аад оны үед зээгт наамал сэргэж хөгжиж, дахин сэргэн мандалтын шатанд хүрсэн хэмээн үзэх үндэслэлтэй. Манай зураач, урчууд амьдралыг олон талын хэв шинжит дүрээр илэрхийлэх, ард түмний ололт, амжилт, нийгмийн анги давхарга зэрэг тухайн нийгмийн үзэл санааг тусгасан бүтээлүүд туурвиж байсан билээ” хэмээв.

 

“Найрамдал” зээгт наамал нь босоо, тэгш хэмийн зохион байгуулалттай

 

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Даваахүү, Д.Уранчимэг нар“Найрамдал” зээгт наамлын бүтээлээ 1986 онд бүтээжээ. Уг наамлыг хийхдээ торго, даавуу, торгон утас ашигласан бөгөөд өдгөө Монголын Урчуудын Эвлэлийн сан хөмрөгт хадгалдагдаж байна. Зураач, урлаг судлалын докторант Ц.Хандмаа уг бүтээлийн тухай “Уг зээгт наамал нь зохиомжийн хувьд босоо, тэгш хэмийн зохион байгуулалттай. Энэ бүтээлийн сэдэв нь 1980-аад онд торгон зээгт наамлын урлагт хөрөг, түүх, аж байдлын сэдэв зонхилж байсны нэгэн тод жишээ юм. “Найрамдал” зээгт наамлын бүтээлийн гол санаа өгүүлэмж ажилчин, малчин түмэн хөдөлмөрийн үр шимээр эх орныхоо эзэн болж буйг гурван хүний дүрээр илэрхийлсэн нь тухайн цагийн үзэл санааг илэрхийлжээ. Гэвч  сэдэв агуулгын хувьд монументаль чимэглэлийн урлагийн хэмжээний томоохон бүтээлүүдийн нэг гэж үзэж болно” хэмээн онцолжээ.

 

“Монгол зургийн үндсэн өнгө, дүрийг  ашиглажээ”

 

Мөн “Найрамдал” зээгт наамалд ажилчин анги, малч түмний хөдөлмөр бүтээлийг илэрхийлэхдээ бэлгэдэлт дүрслэлийг хэрэглэсэн нь ажиглагддаг.  Жишээ нь, Монгол улсын үндсэн хуулиар батлагдсан төрийн сүлдийг оройд нь залж, баруун, зүүн дээд буланд нар сарыг дүрслэхдээ уламжлалт бурхан зургийн тигийг баримтлан бүтээсэн байна. Монгол зургийн үндсэн өнгө, дүр, дүрслэлийн тиг харьцаагаар бүтээсэн нь бурхан зургийн үүл, нар, сар, цэцэг, навч, байгалийн дүрслэлийг бэлгэдэлийн утга агуулгаар баяжуулж урлажээ хэмээн зураач, урлаг судлалын докторант Ц.Хандмаа онцоллоо.

Энэ жил бол Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ажлын хүрээнд Монгол Шуудан компанийн 100 жилийн ойг тохиолдуулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Аглаг” бүтээлийн хийдтэй хамтран “Зээгт наамал” сэдэвт шинэ маркны анхны өдрийн дугтуйны нээлтийн ажиллагаа болсон. "Монгол шуудан" ХК-аас МУЭ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй МУЭ-ийн нэрэмжит шагналт, уран бүтээлч Д.Уранчимэгийн “Таван Эрдэнэ”, “Найрамдал” зэрэг бүтээл анх удаа зээгт наамал төрлөөр марк болон гарч байгаа нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл  болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 209 (6941)