Б.ДОЛЖИНЖАВ

 

БНХАУ-ын Коммунист намын XX их хурал энэ сарын 16-наас хойш үргэлжилж байна. Эрх баригч намын Ардын их энэ хурлаар дэлхийн хүчирхэг гүрний нэг болох Хятад улс цаашдын хөгжлийн төлвөө тодорхойлж, гадаад харилцааны бодлого болон бусад чухал асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг онцлогтой. Тиймээс олон улсын хэвлэлүүд Коммунист намын хурлын эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг цаг алдалгүй мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан бид энэ удаагийн тоймоо Коммунист намын XX их хурлаар бэлтгэлээ.

 

Ши Жиньпин 10 жилийн хугацаанд Хятадыг хэрхэн өөрчлөв?

 БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2012 онд Засгийн эрхийг авсныхаа дараа Хятад улсыг хөгжлийн дээд түвшинд хүргэж,  хүн амаа залуужуулж, дэлхийн хүчирхэг гүрэн болгоно гэсэн алсын хараатай ажиллахаа олон нийтэд мэдэгдэж байв. Тэгвэл үүнээс хойш 10 жилийн хугацаанд Хятад улс хэрхэн өөрчлөгдөв гэдэг нь Коммунист намын XX их хурлын хамгийн их анхаарал татсан сэдэв байв.

Яг өнөөдрийн Хятад улс дэлхийн зах зээл дэх эдийн засгийн нөлөөлөл, чадамжаа өргөжүүлж, цэрэг армиа шинэчилж, технологийн салбараа үсрэнгүй хөгжүүлснээрээ дэлхийн тавцанд эзлэх байр сууриа батжуулсан, олон улсын хэмжээнд хөгжлөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн улс болжээ. Ингэснээрээ Америк  ноёрхож байгаа дэлхийн чиг хандлагыг өөрчилсөн хэмээн шинжээчид тайлбарлав.

Гэхдээ иргэдийг хянах төрийн хатуу удирдлага зөөлөрсөнгүй. Харин эсрэгээрээ COVID-19 цар тахлын тархалтыг зогсоох “zero-Covid” бодлогын хүрээнд иргэдэд тавих хяналт улам чангарч, хатуу хөл хорио тогтоож, эрхийг нь хязгаарласан хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. Дэлхийн ихэнх орон хөл хориогоо цуцалсан ч Хятадын 70 гаруй хот өдгөө хүртэл бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон хэвээр байна. Үүний улмаас 10 гаруй сая хүн хөл хорионд орж, олон тооны бизнес их хэмжээний хохирол амсаад байна.

Ши Жиньпин ерөнхийлөгч болсноосоо хойш авлигын эсрэг тэмцлийг эрчимтэй хэрэгжүүлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн хугацаанд өндөр албан тушаалтай улстөрчид болох “барууд” / tigers/, доод түвшний албан хаагчид болох “ялаанууд” / flies/ гэсэн эрх мэдлийн хоёр өөр түвшний хүрээнд авлига авсан нь илчлэгдсэн тохиолдолд хатуу шийтгэх бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг нь бусад улс орон “төрийн их цэвэрлэгээ” хэмээн нэрийдэж байлаа.

Үүнээс гадна Ши Жиньпин алслагдсан хот, суурин бидний нэрлэж заншсанаар хөдөө орон нутагт ядуурлыг бүрэн устгаж,  хэт чинээлэг биш нийгмийг бүтээх санаачлагыг эхлүүлсэн билээ. Үүний үр дүнд дундаж давхаргын тоо өсөн нэмэгдэж, тэдний амьдралын чанар сайжирч, өндөр технологийн төвүүдийг байгуулж, техникийн дэвшлээр дамжуулан эдийн засгийн чадамжаа сайжруулсан юм.

 

Хүүхдийн тоог хязгаарласны сөрөг үр дүн....

Хятад улсын тухайд ганц хүүхэд бодлогыг хэдийнэ 2015 онд цуцалсан ч төрөлтийн тоо тогтмол буурснаар ахмад настны тоо залуу үеэсээ ихэссэн юм. Энэ нь ажиллах хүчний хомсдолд орох суурь шалтгаан болжээ. Тиймээс Хятад улс гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх шийдвэрийг 2021 онд гаргасан билээ. Гэсэн ч орон сууцны хүртээмж, хэт өндөр үнэ, олон цагийн ажлын дарамт, гэр бүл, хүүхдэдээ тавих цаг хомс зэрэг олон асуудал нь Хятадын хөдөлмөрийн зах зээлийн хүндхэн сорилтуудын нэг болоод байна.

Сүүлийн жилүүдээс өр, санхүүгийн эрсдэлийг бууруулахын тулд Коммунист нам хатуу зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, хөрөнгийн заагийг арилгаж бүх хүнийг ижил түвшинд амьдруулах алсын харааны хүрээнд монополь, томоохон компаниудын үйл ажиллагааг хязгаарласан юм. Энэ нь zero-“Covid” бодлоготой давхацсанаар ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхэд хүргэсэн байна.

 

“2049 он гэхэд Тайвань Хятадад нэгдсэн байх болно”

 

Ши Жиньпин барууны орнууд төдийгүй Тайваньтай харилцахдаа хатуу бодлого баримталж байгааг ажиглагчид шүүмжилж байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсан нь Хятадын талаас Тайванийн арлын ойролцоо хэд хэдэн удаа пуужингийн туршилт хийх, цэргийн сургуулилт явуулахад хүргэсэн юм.

Хятад Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг ч өөрийн орны хяналтад байлгахыг хүсдэг. Харин 24 сая хүн амтай, өөрсдийн гэсэн засаглалтай арлын Тайвань улс эх газрын Хятадаас тусгаар улс хэмээн үздэг билээ. Энэ эсрэг тэсрэг байр суурь сүүлийн жилүүдэд тус хоёр орны зөрчилдөх үндсэн шалтгаан болоод байгаа юм. Ши Жиньпин БНХАУ-ын 100 жилийн ой буюу 2049 он гэхэд Тайвань Хятадад нэгдсэн байх болно хэмээн мэдэгдээд байна. Ажиглагчдын үзэж байгаагаар хэрэв Тайвань Хятадын мэдэлд очвол Номхон далайн баруун хэсэг болон АНУ-ын хүч чадал олон хэсэг болон задрах урьдчилсан тооцоолол гарчээ. Америкийн олон жилийн найдвартай хамтрагч Тайвань бол тус улсын баруун бүсийн тухайд стратегийн маш чухал түнш юм.

Тайванийн асуудлаар их хурлын илтгэлээ тавихдаа Ши Жиньпин “Тайвантай холбоотой үүссэн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж хөндлөнгийн шинжээчид зөвлөсөн. Түүхийн хүрд Хятад улсыг нэгтгэх, илүү залуу шинэ гүрэн болох зааг дээр иржээ. Тиймээс БНХАУ бүрэн нэгдэх нь зүй ёсны хэрэг” хэмээн хэлсэнд танхимд цугларсан зочид удаан хугацааны турш чанга дуугаар алга ташсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

 

Цэргийн хүчээ илүү зузаатгана

Ирэх таван жилд Хятад тэнгис, агаар, Зэвсэгт хүчний цэргийн хүчээ илүү зузаатгахаар төлөвлөжээ. Үүнээс гадна хамтарсан командлалын системийг сайжруулах, Зэвсэгт хүчний чадамжийг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангах зэрэгт анхааран ажиллахаар болжээ. Энэ тухай “Эдгээр үйл ажиллагаа, шинэ удирдамж нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аюул учирсан үед өмч хөрөнгө, хүн амыг хамгаалах, үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой” гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

Мөн Ши Жиньпин Хятадыг өндөр технологийн шийдлүүдээрээ тэргүүлэгч гүрэн болгох зорилт тавьж, технологийн салбарынхаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлээд байна. Тэрбээр цаашид сансар огторгуй, хиймэл оюун ухааныг оргил хэмжээнд хүргэн хөгжүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтөө оргил хэмжээнд нь хүргэн, үндэсний бие даасан байдлаа бэхжүүлнэ гэдгээ Жиньпин илтгэлдээ дурдав. Тодруулбал, дэвшилтэт үйлдвэрлэл, өндөр чанартай үйлчилгээ, өндөр технологи, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчноо хамгаалах гэсэн салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөжээ.

 

Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдох уу?

 

Хуралд 2300 орчим төлөөлөгч оролцож байгаагаас 200 нь намын төв хорооны гишүүнээр, 170 нь орлогч гишүүнээр сонгогдоно. Төв хорооноос 25 хүнийг Улс төрийн товчоонд томилно. Улс төрийн товчоо нь Байнгын хорооны гишүүдээ сонгох юм. Ийм олон шат дарааллын дагуу намын дээд удирдлагыг сонгоно. Байнгын хороо одоогоор Ши Жиньпин тэргүүтэй долоон гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Долоон гишүүн бүгд эрэгтэй.

Хэрэв энэ хурлаар Ши Жиньпин дахин намын дарга бол Мао Зэдунаас хойшхи Хятадын түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагчдын нэг болох юм. Гэхдээ Ши гурав дахь удаагаа сонгогдсон эс сонгогдсон ч Коммунист намын “цөм” хэмээх тодорхойлолтод нийцэх хэмжээний эрх мэдлийг хэдийнэ өөртөө төвлөрүүлж чадсан гэж судлаачид ярьж байна. Хятадын төрийн мэдлийн хамгийн том “People's Daily” сонинд бичсэнээр Ши Жиньпин өөрийн эрх барих хугацаандаа “аугаа тэмцэл” гэсэн нэр томьёог хамгийн олон удаа ашиглажээ. “Энэ нь Хятадын гадаад болон дотоодод үүссэн зөрчил, цар тахал зэрэг сорилтын үед ашигладаг үг бөгөөд Ши Жиньпинийн удирдлагад байгаа Хятад улс эдгээр сорилтыг ялж чадна гэсэн итгэл, урам зоригийн илэрхийлэл” гэж Ланкастер их сургуулийн олон улс судлалын тэнхимийн профессор Томас ярив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)