Б.НЯМСҮРЭН

Буриад нутгийн ёс уламжлалын тухай өгүүлэв

Буриад улсын Хоц.Намсрайевийн нэрэмжит Драмын эрдмийн театрын уран бүтээлчид 44 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсад аялан тоглолтоо толилуулж байна. Тус театрын уран бүтээл  “Үлей нутгийн охид”  жүжиг Соёлын төв өргөөнд үзэгчдэд хүрлээ. Тус бүтээлийн  найруулагчаар нь Саян Жамбалов, Эржена Жамбалоба нар ажиллассан юм. Жүжиг орчин үеийн сүйт бүсгүйн хайрын золиосоор эхэлдэг ба энэ бүтээл нь Буриад нутгийн ёс уламжлалын талаар өгүүлнэ. Жүжгийн турш үзэгчдэд баяр баясал, инээд хөөр, сургамжийг энэ бүтээлээс мэдэрч байсан юм. Тайзнаа тавигдаж буй жүжиг нь үзэгчдэд айдас, инээд баясал  өгч байлаа. Хайраас болж хорвоог орхиж сүнс болон хувирсан Үлей бүсгүйн тухай хууч домог, аман яриа Буриадуудын дунд бий. Жүжгийг тухайн домгоос сэдэвлэжээ. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүйн харилцан уялдаа, сүнсний ертөнц ба хүмүүсийн ертөнц хоорондын харилцааны тухай хэсгүүд ч байв.  

“УДЭТ нь Буриад улсын театртай 80 жил хамтын ажиллагаатай байж ирсэн”

Жүжгийн нээлтэд Буриадын уран бүтээлчдийн төлөөлөл болон Соёлын дэд сайд, найруулагч, уран бүтээлчид оролцов. Энэ жил Буриад улсын 100 жил, Буриадын театрын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд эдгээр ойн хүрээнд энэхүү аялан тоглолтыг зохион байгуулж буй тухайгаа албаныхан онцоллоо.  Төрийн соёрхолт Буриад улсын ардын  жүжигчин Н.Сувд “1943 онд Буриад улсад Монголын жүжигчид очиж, Буриад жүжигчид Монголд ирж тоглож байсан. Тэрхүү тоглолтод ээж маань оролцож байлаа. Өнөөдрийн аялан тоглолтын нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Үүнээс гадна манайхаас олон жүжигчин Буриад улсад тоглолтоо хийж байсан”  гэлээ.  Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр “Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ нь Буриад улсын театртай 80 жилийн хугацаанд  хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ хугацаанд олон уран бүтээлд хамтран ажиллаж, уран бүтээлчийн солилцоо хийсэн байдаг. Олон улсын уралдаан тэмцээнд ч хамтран оролцож байсан түүх бий” гэв.

Эх сурвалж: www.polit.mn